Ridge expansion with immediate implant placement сэдэвт сургалт боллоо
14-Mar-2016 0.0 0

2016 оны 3-р сарын 1 өдөр АШУҮИС-ийн хичээлийн төв байр, эрдмийн зөвлөлийн өргөө 220 тоотод АНУ-ын Калифорни, Лос Анжелесийн  Их Сургуулийн багш, АНУ-ын Эрүү нүүрний мэс заслчдын холбооны албан ёсны дипломат төлөөлөгч Jone Kim эмчийн Ridge expansion with immediate implant placement сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтын явцад Ridge expansion-ы орчин үеийн техникүүд болон socket preservation bone grafting техникийн тухай илүү дэлгэрэнгүй тайлбарлалаа. Имплант суулгах өвчтөний шүдийг хэрхэн гэмтээлгүйгээр авах болон шүдний ормыг имплант суулгахад зориулж хэрхэн бэлтгэх тухай эмнэлзүйн бодит тохиолдлууд дээр тулгуурлан бэлтгэсэн сонирхолтой лекц байлаа. Jone Kim эмчийн хувьд имплант эмчилгээний алдаанаас сэргийлэх хамгийн чухал зүйл нь тус эмчилгээний талаарх онолын суурь мэдлэгийг эзэмших нь чухал юм гэдгийг олон дахин анхааруулж байлаа. Онолын суурь мэдлэг муутай, гардан ажилбарын чадвар сул ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч нар имплант суулгах ажилбарыг гүйцэтгэх болсон нь өнөөдөр Америкийн хэмжээнд имплантын алдаа хүндрэлийн тоо өсөн нэмэгдэх томоохон шалтгаан болж байгааг бодит баримтаар дэлгэн үзүүллээ. Лекц өглөөний 10:00 цагаас цайны завсарлагатайгаар 17:00 цаг хүртэл боллоо.

Сургалтын эхэнд Jone Kim эмч өөрийн төгссөн болон одоо ажиллаж буй UCLA буюу Калифорни Лос Анжелесийн их сургуулийн талаар танилцуулга хийсэн нь хэн бүхэнд ойлгомжтой сонирхолтой байлаа. UCLA их сургууль нь өнөөгийн байдлаар АНУ-ын хэмжээнд шүдний салбарын №1 их сургууль бөгөөд судалгааны төслийн санхүүжилт нь 1 тэрбум долларт эргэлддэг нь салбарын хэмжээнд томоохонд тооцогддог юм байна.

Jone Kim эмч АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулийн хамт олон болон Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны удирдлагууд гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсанд маш ихээр талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид Монгол улсын шүдний салбар тэр тусмаа имплантын салбартай удаан хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дурдаж байлаа.

Jone Kim эмчийн хувьд Shud.mn сайтаар дамжуулан Монголын АШУҮИС-тэй холбоо тогтоон хамтран ажиллах болохоо илэрхийлж буй анхны зочин бөгөөд АШУҮИС-ийн НАСС-ийн захирал АУ доктор Г.Ариунтуул энэхүү үйл ажиллагааг дэмжин хэлсэн үгэндээ “Америкийн нэр хүндтэй их сургуулийн багш, имплантын салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн монголын мэдээллийн сайтаар дамжуулан бид бүхэнтэй холбогдож тэр тусмаа нүүр нүүрээ хараагүй байж зочилон ирж удаан хугацаанд хамтын ажиллагаа өрнүүлэхээ илэрхийлж байгаа нь гадаад улс орнуудад Монголын нүүр ам судлалын салбарын нэр хүнд тэр хэмжээнд өндөр байгаа төдийгүй салбарын хамт олон олон улсын түвшинд идэвхтэй ажиллаж байгаагийн гэрч болж байна” гэж цохон тэмдэглэлээ.

Жич: Jone Kim эмчийн лекцийн явцад АНУ-ын өвчтөний нууцлалын хуулийн дагуу зураг болон видео бичлэг авахыг зөвшөөрөхгүй байсан болно. Иймд лекторын зөвшөөрөлтэй авсан цөөн зургийг зөвшөөрлийн дагуу нийтлэж байна.

 


Tag:Сургалт, Jone Kim, ridge expansion technique

Бусад мэдээлэл:






avatar