2025 оны үед шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ажиллах хүчний хомсдолтой нүүр тулгархыг анхааруулж байна
23-Mar-2016 460 5.0 0

WASHINGTON, USA: Шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд АНУ-ын хувьд үндэсний хэмжээнд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь голлон хүн ам зүйн бүтцийн өөрчилөлтөөс хамаарч байгаа нь харагдаж байна. Тэгвэл саяхан АНУ-ын 50 мужийг хамарсан тандалт судалгааны тайланд ойрын хугацаанд шүдний мэргэжилтнүүдийн дутагдалд орж болзошгүй таамаглалыг дэвшүүлэн тавьжээ. Энэхүү судалгаа нь 2012 оны шүдний салбарын ажиллах хүчний мэдээлэлд үндэслэсэн бөгөөд шүдний тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ болон шүдний мэргэжилтнүүүдийн нийлүүлэлтийн харьцааг тандаж үзээд 2025 оны үед нийт нэгдсэн улсын хэмжээнд 15600 шүдний эмч дутагдах болохыг тооцоолон гаргасан байна.

АНУ-ын  Department of Health and Human Services-ын агентлаг болох Health Resources and Services Administration (HRSA) байгууллагын 2-р сард гаргасан тайлангаас харвал 2012 оны байдлаар нийт улсын хэмжээгээр 190 800 шүдний эмч нар идэвхтэй ажиллаж байсан байна. Шүдний эмч нарын ханган нийлүүлэлт хийгдсэнээр 2025 оны үед эмч нарын тоо хэмжээ 202 600 болох гэнэ. Тэгвэл шүдний эмч нарын эрэл хэрэгцээ 2012 онд 197 800 байсан бол 2025 онд 218 200 болох бөгөөд Калифорни, Флорида, Нью-Йорк мужуудад 2025 оны үед ихээхэн хэмжээний ажиллах хүчний хомсдол үүсэх юм байна.

Агентлагийн тооцоолж байгаагаар ийнхүү ажиллах хүчний хомсдол үүсэх нь шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээг эмзэг бүлгийн хүн амд хүргэх үйл ажиллагаа улам их хүндрэл бэрхшээлтэй тулгарах гэнэ. 2013 оны байдлаар АНУ-ын 46 сая хүн ам шүдний тусламж үйлчилгээний хүрэлцээ муу хэсгүүдэд амьдарч байгаа бөгөөд эдгээр хүн амд шүдний эрүүл мэндийн анхан шатны тусламжийн хүртээмж маш доогуур түвшинд байна. Энэ байдал даамжирсаар 2025 оны үед нийтдээ 15600 орчим шүдний эмч дутагдах төлөв байдал ажиглагдаж байна.

Тэгвэл шүдний эрүүл ахуйч нарын хувьд санаа зовоосон асуудал байхгүй байгаа нь өнөөгийн байдлаар энэ мэргэжилтнүүдийн нийлүүлэлт илүүдэлтэй байгаатай холбоотой гэнэ. 2012 оны байдлаар нийтдээ 153600 шүдний эрүүл ахуйч ажиллаж байсан бол 2025 оны үед 197200 болж өсөх бөгөөд тухайн үед шүдний эрүүл ахуйчийн эрэлт хэрэгцээ зөвхөн 169100 байх юм байна.

Энэхүү тайланг бэлтгэсэн судлаачид шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарт шүдний эрүүл ахуйчдын үүргийг тэлж өгсөнөөр энэхүү шүдний эмч нарын дутагдлын асуудлыг шийдэж чадна гэж үзэж байна.

Тус судалгааны тайлан нь  “National and state-level projections of dentists and dental hygienists in the U.S., 2012–2025,” гарчигтайгаар Health Resources and Services Administration (HRSA) байгууллагын веб хуудсанд нийтлэгдсэн байна.

 


Tag:менежемент, хүний нөөц, human resource, АНУ

Бусад мэдээлэл:






avatar