Шүдний салбарын удирдах албан тушаалтнуудын ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх судалгааны дүн
20-Apr-2016 779 0.0 0

KUOPIO, Finland: Чиглэсэн зорилготой ажиллах хүчин дундаас чадварлаг удирдагч сонгох нь маш чухал зүйл бөгөөд ялангуяа эрүүл мэндийн салбарын хувьд энэ нь нэн тэргүүний асуудал юм. Яагаад зарим шүдний эмч нар удирдах албан тушаалд очсоноороо урам нь хугарч буудаг, зарим нь болохоор улам мандан бадраад байдаг шалтгааныг тодруулах зорилгоор  University of Eastern Finland-ын судлаачид шүдний салбарын лидерүүдийн карьер болон ажлаас авах сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн талаар судалж үзсэн байна.

Судлаачид шүдний эмч нарын удирдах албан тушаалд үлдэх эсвэл зайлсхийх шалтгаан, хүчин зүйлсийг тодруулах зорилгоор empathy-based буюу тухайн хүний бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадварт тулгуурласан эссэ бичүүлэх аргачлалыг ашиглаж ойрын 5 жилийнх нь талаарх төсөөллийг тодруулсан байна. Судалгаанд оролцогчдыг эссэний утгаас шалтгаалан хоёр бүлэг болгон хуваасан ба 1-р бүлэгт хамаарах хүмүүс удирдах албан тушаалаас зайлсхийх шалтгаан нөхцөл байдлаа голлон бичсэн бол 2-р бүлэгт хамаарах хүмүүс удирдах албан тушаалаа хэрхэн үр дүнтэйгээр үргэлжлүүлэх талаар бичсэн байсан байна.

Судлаачдын тайлбарлаж байгаагаар хоёр бүлгийн хүмүүс хоёулаа удирдах албан тушаалд ажиллахад өөрийгөө эерэгээр сориж үзэх, нэмэлт боломжууд, эмнэлзүйн ажилбарын нөхөн төлбөр зэрэг сайн талууд байдгийг дурдсан байсан гэнэ. Түүнчилэн боловсролын түвшин нь удирдах албан тушаалд очих хүсэл эрмэлзэл төрүүлэх маш чухал хүчин зүйл болдгийг дурдсан байна.

Удирдах албан тушаалаа орхих сэдэл төрүүлдэг хүчин зүйлсээр ажлын стресс, хэт их үүрэг хариуцлага, удирдах албан тушаал дээрх ганцаардал, тусламж дэмжлэгийн дутмаг байдал, ажилтан ажиллагсадаас шалтгаалах хүндрэл бэрхшээлүүдийг дурдсан байна. Тэгвэл удирдах албан тушаалд үлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлсэд хувь хүний боловсролд тулгуурласан манлайллаас авах урам зориг, ажлын үр дүн, ажлын хамт олны эерэг нөлөөлөл болон төр засгаас амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг хэсэг гэж авч үзэж дэмжлэг үзүүлэх байдал зэргийг дурдсан байна.  

Хоёр бүлгийн хүмүүс бүгдээрээ тухайн байгууллагад байгаа эдгээр асуудлууд ойрын ирээдүйд сайжирна гэж найдаж явдагаа дурдсан бол судалгаанд оролцогчдын хамгийн их сэтгэл зовоосон асуудлууд нь өнөө үеийн нөхцөл байдал буюу эрүүл мэндийн салбарын тодорхойгүй, тогтворгүй байдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тус салбарт эзлэх байр суурь зэрэг байлаа.

Дээрх судалгаанд үндэслэн судлаачид дүгнэлтэндээ эрүүл мэндийн удирдах албан тушаалд тухайн хүнийг ажиллуулах гол хүчин зүйлс нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжоор хангах, ажлын байран дээр нь тусламж дэмжлэг үзүүлэх асуудал болохыг дурдаад ингэснээр тухайн хүний сэтгэл ханамж өндөр болж ажлын гүйцэтгэл нь дээшилэх болохыг зөвлөсөн байна.

Судалгаа “Factors associated with staying or leaving a dentist leader’s position—A qualitative study” гарчигтайгаар BMC Oral Health journal-ын 4-р сарын 16 өдрийн дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.

 


Tag:ажлын байрны сэтгэл ханамж, менежемент, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar