Зарим төрлийн оо нь хүний биед ноцтой хортой бүтээгдэхүүн агуулдаг болохыг анхааруулж байна
24-May-2016 3.0 0

COPENHAGEN, Denmark: Дани улсын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг (Danish Consumer Council) 32 төрлийн шүдний оог сонгон авч найрлаганд агуулагдах бодисуудыг судалж үзсэний үр дүнд триклозан болон бусад төрлийн дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулдаг (endocrine-disrupting chemicals) бодис төдийгүй зарим төрлийн парабен нэгдлүүдийг агуулсан 5 төрлийн оонд улаан өнгөөр тэмлэглэсэн анхааруулах үнэлгээ өглөө. Хэдийгээр эдгээр оонуудыг хэрэглэснээр хүний биед шууд хор хөнөөл учруулахгүй боловч тодорхой тунгаас хэтрүүлэн хэрэглэвэл түүнд агуулагдах триклозан зэрэг бодисууд нь хүний дотоод шүүрлийн системд нөлөөлж эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй.

“Зах зээл дээр хэрэглэгчидэд зориулсан төрөл бүрийн шүдний оонууд худалдаалагдсаар байна. Гэвч тэдгээр оонууд нь бид бүхний хэрэглэгчдийг зайлсхийхийг зөвлөдөг зарим төрлийн бодисуудыг агуулсаар байна. Жишээлбэл хэрэглэгчдийн маш их таашаан авч хэрэглэдэг Colgate Total оо нь дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулах үйлчилгээтэй триклозан хэмээх бодис агуулдаг. Хэдийгээр тус бодис нь хүний биед шууд нөлөө учруулахгүй ч триклозан нь дотоод шүүрлийн үйл ажиллагаанд хор хөнөөлтэй учир хэрэглэгчидэд уг бодисоос хордохгүйн тулд ийм төрлийн ооны хэрэглээг хязгаарлах хэрэгтэйг бид зөвлөдөг” гэж Данийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн  THINK Chemicals төслийн менежер Stine Müller хэлж байна. THINK Chemicals төсөл нь toxin-free life уриалгын дор хэрэглэгчдийг эрүүл мэндэд хортой төрөл бүрийн химийн бодисоос зайлсхийхэд туслах зохилгоор байгуулагдсан юм байна.

Нийт 32 төрлийн оог шинжилгээнд хамруулсанаас 14 оо нь харшил үүсгэгч болон дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулагч, байгаль орчинд хортой ургамлын гаралтай нэгдэл агуулаагүй болох нь батлагдаж ногоон үнэлгээ авсан байна. Үлдсэн 13 оо нь шар үнэлгээ авсан бол 5 оо нь онцгойлон анхааруулах улаан өнгийн үнэлгээ авсан байна.

Энэхүү улаан өнгийн үнэлгээ авсан хүний биед ноцтой хөнөөл учруулахуйц бодисууд агуулсан шүдний оонуудад Colgate Total (Colgate-Palmolive), Denivit Anti-Stain Expert Anti-Stain Intense (Henkel), FluoCalcin Classic (Orkla Health), Sensodyne Rapid (GlaxoSmithKline) ба Vademecum Anti-Cavity (Henkel) нар багтсан байна.

Шинжилгээний үр дүнтэй холбоотойгоор Colgate-Palmolive компаний хэвлэл мэдээллийн албаны дарга Rita Skånstrøm “Дани улсын эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагууд Colgate Total оог буйлны үрэвсэлтэй идэвхтэй тэмцдэг болохыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Түүнчилэн Европын холбооны хараат бус бие даасан шинжлэх ухааны хороо триклозаны үйл ажиллагааг олон удаа судлаж үзээд шүдний оонд байхад аюулгүй бөгөөд үр дүнтэй гэж баталсан байгаа ” гэж тайлбар өглөө.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулагч бодисууд нь маш олон эрүүл мэндийн ноцтой асуудлуудтай холбогддог бөгөөд эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн нөхөн үржлийн үйл ажиллагаа алдагдаж үргүйдэл үүсгэх, хөхний хорт хавдар үүсгэх, ургийн гаж хөгжил болон хүүхдийн мэдрэлийн эрхтэн тогтолцооны саатал болон дархлалын үйл ажиллагааг алдагдуулдаг гэж үздэг. Тэр байтугай Европын Холбооны ангиллаар триклозан бодис нь алсын үр дүнгээрээ хүний биед маш хор хөнөөлтэй бодисын ангилалд хамаардаг. Иймд Дани улсын Байгаль орчиныг хамгаалах хороо энэ төрлийн бодисыг агуулсан шүдний оо болон сүрчиг зэргийг хэрэглэхээс аль болох зайлсхийхийг хэрэглэгчидэд зөвлөж байна.


Tag:менежемент, triclosan, colgate-palmolive

Бусад мэдээлэл:






avatar