Эрүүний үений үйл ажиллагааны анатоми болон биомеханик
25-May-2016 0.0 0

Бид өмнө нь тус сайтад эрүүний үе болон үений эмгэгийн талаар ерөнхий ойлголтын талаар нийтэлж байсан бол одоо нүүр ам судлаач эмч нартаа эрүүний үений үйл ажиллагааны анатоми болон биомеханикийн тухай ойлголтын талаар товч мэдээлэл бэлтгэлээ.

Эрүүний үений үйл ажиллагааны анатоми болон биомеханикийн үндсэн нэгжид дараах хэсгүүд орно. Үүнд:

Шүд болон туслах бүтцүүд – 32 байнгын шүд, түүшийн яс, холбоос эд, буйл зэрэг багтана.

Ясны бүтцүүд – temporal, frontal, parietal, sphenoid, occipital, zygomatic, nasal, maxilla зэрэг олон яснууд үйл ажиллагааны анатомийн хэсэгт орно.

Эрүүний үе ба диск – хүний биеийн хамгийн нарийн бүтэцтэй үе бөгөөд үений диск нь үений толгой болон чамархайн ясны хонхорыг тусгаарлана. Үений диск нягт ширхэглэг холбогч эдээс тогтоно. Цусны болон мэдрэлийн ширхэг огт байхгүй, хөдөлгөөний туршид уян хатан, дасан зохицох байдалтай оролцож үений гадаргууг хөдөлгөх жийрэг болно. Бүтцийн адлагдалд орсон тохиолдолд эрүүний үений биомеханикийн өөрчлөлтийг шууд бий болгоно.

Үений шингэн – Дискийн арын хэсэгт retrodiscal tissue байна. Энэ нь том венийн сүлжээ бүхий хэсэг ба үений толгойг цусаар хангаж, үений шингэн ялгаруулах эндотел эсийг агуулна. Үений шингэн нь хөдөлгөөний үед үрэлт багасгах, үений гадаргуунд бодисын солилцооны бага зэргийн нөлөө үзүүлнэ.

Холбоос эдүүд – коллаген холбогч эдээс бүрдсэн үений холбоосууд маш чухал үүрэгтэй. Хөдөлгөөний үед сунахгүй боловч, эрүүний үеийг хамгаалах шаардлагаар маш их хүч эрүүний үенд ирэхэд бага зэрэг сунана. Холбоосууд үений үйл ажилагаанд идэвхтэй оролцохгүй боловч амны ангайлтыг хязгаарлах мэтийн идэвхгүй үйлд оролцоно. Эрүүний үений үйл ажиллагаанд дэмжлэг маягаар оролцох collateral (distal), capsular, temporomandibular холбоос, туслах sphenomandibular, stylomandibular зэрэг холбоос эдүүд байна.

Эрүү нүүрний булчингууд – булчингуудын хувьд хэдий хэмжээний миоглобин буюу пигмент агуулсанаар нь хурдан удаан, амархан сульдах эсвэл тэсвэртэй байхыг тодорхойлно. Зажлах үйл ажиллагаанд masseter, temporalis, medial pterygoid, lateral pterygoid гэсэн 4 хос булчингууд орно. Masseter булчингийн хувьд тэгш өнцөгт хэлбэртэй, маш хүчтэй, эрүүг өргөх болон зажлах тохиромжтой хүчийг хангана. Temporalis булчин нь дэвүүр хэлбэрийн, эрүүг өргөж шүдийг хоршуулах үүрэгтэй. Medial pterygoid булчин нь masseter булчинг дэмжиж оролцоно. Харин lateral pterygoid булчин дээд доод гэсэн 2 хэсэгт хуваагдах ба үений дискийг ам ангайх үед урагш татах үүрэгтэй. Энэ нь эрүүний үений биомеханикийн хэвийн үйлдэлд маш чухал нөөлөөтэй юм.

Эдгээр эрүүний үйл ажиллагаанд оролцож байгаа анатоми болон биомеханикийн нэгжүүд бүгд өөр хоорондоо харилцан холбоотой ажиллаж, өөр өөрийн биеээ даасан үүрэг бүхий анатомын хэсэг юм. 3 болон түүнээс дээш яс оролцсон үеийг нийлмэл үе гэх бөгөөд эрүүний үений хувьд нийлмэл үед хамаарагдана. Учир нь эрүүний үений толгой, эрүүний үений хонхор, ясжаагүй буюу nonossified bone /диск/ үеийг үүсгэхэд оролцдог байна. Энэ нийлмэл үений талаар олон судлаач эрдэмтэд одоог болтол судалгаа шинжилгээ хийсээр байгаа ба тодорхойгүй багагүй асуудал бидэнд байсаар байна.

Нүүр ам судлаач эмч нартаа эрүүний үений үйл ажиллагааны анатоми болон биомеханикийн тухай ойлголтыг маш товчоор хүргэлээ. Удахгүй бид илүү сонирхолтой мэдээлэл оруулах болно. Цаг гарган уншсан та бүхэнд баярлалаа.

 

Бэлтгэсэн: Taipei Medical University, докторант Т.Учрал


Tag:TMD, эмнэлзүйн практик, эрүүний үений эмгэг, TMJ

Бусад мэдээлэл:






avatar