Шүдний сувгийн эмчилгээний дараа өвчтөн амь насаа алдсан харамсалтай үйл явдал тохиолдлоо
02-Jun-2016 2170 2.0 0

HAMBURG, Germany: Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Герман улсын Ханбург хотын нэгэн эмнэлэгт 18 настай эрэгтэй өвчтөн ерөнхий мэдээ алдуулалтын дор сувгийн эмчилгээ хийсний дараа нас барсан харамсалтай үйл явдал болсон байна. Германы мэдээллийн портал сайт Spiegel Online-ы мэдээнд тухайн хүнд эмчилгээ хийсэн эмчийн мэдүүлгээр ерөнхий мэдээ алдуулалтын дор ердийн ажилбар гүйцэтгэж байсныг дурдсан байна. Ерөнхий мэдээ алдуулалтыг тухайн өвчтөний өөрийн хүсэлтийн улмаас хийсэн гэжээ. Гамбург хотын шүүх эмнэлгийн улсын алба одоо энэ хэрэг дээр үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдлөг хийж байна.

Шүдний эмчийн мэдэгдэж байгаагаар өвчтөний ерөнхий мэдээ алдуулалтыг туршлагатай наркозын эмчийн хяналтан дор гүйцэтгэсэн бөгөөд 8 цагийн турш үргэлжилсэн сувгийн эмчилгээ болон хэд хэдэн шүдний ломбо тавих эмчилгээний турш мэдээ алдуулагч эмч хянаж байсан байна. Шүүх эмнэлгийн анхдагч шинжилгээгээр өвчтөн зүрхний асуудлын улмаас амь насаа алдсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Шүдний эмчийн сонинд өгсөн ярилцлагаас харвал шүдний сувгийн эмчилгээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр үргэлжилж байсан байна.

Гэсэн хэдий ч энэ асуудал одоо дуулиан болж олон нийтийн анхаарлын төвд ороод байна гэж сонины мэдээнд дурдсан байна.  Ерөнхий мэдээ алдуулалтын дор эмчилгээ гүйцэтгэхдээ эмчилгээний өмнө ч эмчилгээний явцад ч огт ЭКГ хийгээгүй болох нь тодорхой болоод байна. Мэдээ алдуулагч эмчийн мэдээллээр өвчтөний цусны даралт гэнэт унасныг ажигласан даруйдаа түргэн тусламж дуудсан хэдий ч түргэн тусламж ирэх үед өвчтөн хэдийнээ нас барсан байсан гэжээ.


Tag:гадаад үйл явдал, мэдээ алдуулалт, Ерөнхий мэдээ алдуулалт, Герман

Бусад мэдээлэл:






avatar