In office treatment for dentin hypersensitivity: a systemic review and network meta-analysis
16-Jun-2016 0.0 0

Хэт мэдрэгшлийн эсрэг оффист хэрэглэх эмчилгээний аргууд: systemic review and network meta-analysis

Lin P-Y, Cheng Y-W, Chu C-Y, Chien K-L, Lin C-P, Tu Y-K.


Шүдний хэт мэдрэгшил (ХМ) гэдэг нь “дулаан, агаар, хүрэлцэхүй, осмос буюу химийн шалтгаанаар үүсдэг, бусад ямар нэг шүдний патологи өөрчлөлтөд хамаарахгүй хурц, богино өвдөлт” юм. Хэт мэдрэгшлийн тархалт нь судлагдсан хүн ам, судалгааны загвараас хамааран 2,8%-74% тархалттай байгаа ба ихэвчлэн 40-50 насны хүн амыг хамарч байна. Дентин хэт мэдрэгшлийн механизмыг одоогоор бүрэн тайлбарлаагүй ч хамгийн түгээмэл зөвшөөрөгдсөн нь Brannstrom (1963)-ын гидродинамик онол юм. Түүний дагуу, өвдөлт үүсгэгч хүчин зүйл нь дентиний сувганцар дахь шингэний урсгалыг нэмэгдүүлсэнээр нийт дентин дэх даралтыг ихэсгэдэг ба хэт мэдрэгшил бий болоход хоёр хүчин зүйл зайлшгүй тохиох шаардлагатай нь 1т, дентин ил гарах 2т, дентиний сувганцар нээгдэх юм. Иймээс хэт мэдрэгшлийн эмчилгээ нь, дентин дэх шингэний урсгалыг бууруулах эсвэл зөөлцийн мэдрэх хариу урвалыг блок хийх эсвэл эдгээр 2 аргын хослол байх юм. ХМ-ийн эмчилгээг гэрийн нөхцөлд, хэт мэдрэгшлийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхийг санал болгодог ба энэ нь дангаар өвдөлтийг бууруулж чадаагүй нөхцөлд шүдний оффис дах эмчилгээг санал болгоно. Хэрэв ХМ нь нэгээс хоёр шүдэнд хэсэгчилсэн байвал оффисын эмчилгээ нь нэгдүгээр сонголт байж болно. ХМ-ийн оффис эмчилгээ нь дентин адгезив (dentin adhesives), резин эмульс (resin emulsions), глутаральдегид суурьтай адгезивууд, оксалатууд, фтор, калийн нитратууд, лазер эмчилгээнүүд зэрэг маш өргөн сонголттой ба эмчилгээ бүрийн үр дүн харилцан адилгүй учир өвчтөнд хамгийн тохирсон эмчилгээг сонгох нь ярвигтай байж мэдэх юм. Иймээс энэхүү судалгааны зорилго нь оффист хэрэглэх ХМ-ийн эмчилгээнүүдийн үр дүнг харьцуулан systemic review ба network meta-analysis аргаар судлах юм.

Энэ судалгаанд агаараар үлээлгэх цочруулыг ашигласан эмнэл зүйн судалгаануудыг сонгож, мета-анализ хийсэн байна. Эдгээр клиник судалгаануудад ашигласан эмчилгээнүүдийг 6 группт хувааж анализ хийсэн нь 1. пласебо (эмчилгээ хийгээгүй /ус /ХМ-ийн эсрэг оо), 2. дентиний сувганцруудыг физик аргаар хаах (пумис паст /натрийн бикарбонат /гидроксиапатит /биогласс /глассиономер /дентин бондууд /резинүүд) 3. химийн аргаар хаах (фторт материалууд /оксалатууд /глутаральдегид суурьтай материалууд /кальцийн нэгдлүүд) 4. мэдрэлийн мэдрэг чанарыг бууруулах (калийн нитратууд /гуанетидин) 5. лазер эмчилгээ 6. хосолсон эмчилгээ (2-4-р бүлгүүдийн аль ч хослол) юм. Электроникийн аргаар сэдэвт хамааралтай 290 судалгааны ажил олдсоноос эцэст нь 1979-2011 онуудад хийгдсэн 40 клиник туршилт-судалгааны ажлыг мета-анализ аргаар харьцуулжээ. Эдгээр 40 ажлаас 22 нь split-mouth загвар, бусад нь паралель загвараар хийгдсэн, хяналтын хугацаа тэр даруй болон 6-9 сарын хугацаатай байсан байна.

Мета-анализын үр дүнгээс харахад хамгийн үр дүнтэй эмчилгээ нь пласеботой харьцуулахад физик, химийн хаалт, лазер эмчилгээ болон хосолсон эмчилгээний группууд байна. Пласебог физик эмчилгээний групптэй харьцуулсан дунджийн ялгаа нь -2.57 [95% CI; -4.24, -0.94], пласебог хими эмчилгээний групптэй харьцуулсан дунджийн ялгаа нь -2.33 [95% CI; -3.65, -1.04], пласебог мэдрэлийн эмчилгээний групптэй харьцуулсан дунджийн ялгаа нь -1.72 [95% CI; -4.00, 0.52], пласебог лазер эмчилгээний групптэй харьцуулсан дунджийн ялгаа нь -2.81 [95% CI; -4.41, -1.24], пласебог хосолсон эмчилгээний групптэй харьцуулсан дунджийн ялгаа нь -3.47 [95% CI; -5.99, 0.96] байв. Гэвч таван төрлийн эмчилгээг хооронд нь харьцуулахад статистик ач холбогдолгүй байжээ. Хосолмол эмчилгээний групп бусад эмчилгээний группээс сайн үр дүнтэй байсан боловч статистик ач холбогдол үзүүлээгүй байна.

Энэ мета-анализ судалгааны үр дүнгээс харахад оффист хэрэглэдэг материалууд ХМ-г бууруулахад пласебогоос илүү үр дүнтэй байв. Хэдийгээр энэ судалгаа нь эдгээр 5 бүлэг эмчилгээний аль нэгийг давуу гэж мэдээлээгүй ч эдгээр идэвхит эмчилгээнүүд нь өвчтөнүүдийн ХМ-ийн шинж тэмдгийг бууруулахад үр дүнтэй байсан байна.

Grossman-ы санал болгосноор хэт мэдрэгшлийн эсрэг материал нь зөөлцийг цочроохгүй, түрхэхэд болон түрхсэний дараа өвдөлтгүй, түрхэхэд хялбар, хурдан үйлчилдэг, үйлчилгээ нь байнгын, шүдний өнгийг хувиргадаггүй гэсэн шинж чанаруудыг агуулсан байх ёстой гэжээ (1935). Одоогийн байдлаар эдгээр бүх шаардлагыг хангасан эмчилгээ байхгүй байгаа ч энэ судалгаанд ашиглагдсан клиник туршилт-судалгаануудаас аль нь ч зөөлцийн гэмтэл, сөрөг нөлөө мэдээлээгүйгээс үзэхэд ХМ-ийн эсрэг оффисын эмчилгээнүүд нь харьцангуй аюулгүй байна. ХМ үүсгэдэг хамгийн түгээмэл шалтгаан нь элэгдэл (erosion)-ийн улмаас дентиний сувганцрууд нээгдэх учир хүнсээр хэрэглэх хүчлийг бууруулах болон шүд угаалтын зааварчилгаа өгөх нь ХМ-ийн эмчилгээний менежментийн нэг хэсэг юм. Энэ судалгаанд ашиглагдсан клиник туршилтуудаас зөвхөн гурав нь эдгээр зааварчилгааг өвчтөнд өгсөн байв. Тиймээс эдгээр хүчин зүйлүүдийг арилгаагүйн улмаас эмчилгээний үр дүн хязгаарлагдмал болон богино хугацааны үйлдэлтэй байсан байж болзошгүй юм. Эцэст нь энэ мета-анализ судалгааны дутагдалтай талуудаас дурдвал, зөвхөн агаараар үлээлгэх цочруулыг ашигласан судалгаануудыг сонгосноор бусад ач холбогдолтой мэдээлэл алдагдсан байхыг үгүйсгэх аргагүй ба хэдийгээр эмчилгээний аргуудыг 6 бүлэгт хуваасан ч бүлэг тус бүр дэх материалуудын үр дүнг хооронд нь харьцуулсан үр дүнг нийтлээгүй байна.


Tag:a systemic review, судалгааны тойм, Research, dentin hypersensitivity

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar