Эрүүний үений эмгэг ба гажиг заслын эмчилгээ
21-Jun-2016 5.0 0

Эрүүний үений эмгэг (TMD) нь зажлуурын булчингийн өвдөлт болон нүүр амны архаг өвдөлтөөр илэрдэг. Шалтгаан нь маш олон зүйл байдаг боловч түүх сөхвөл тохиромжгүй зуулт гол шалтгаан гэж үзэж байлаа. 1980-аад оны үеэр orthodontic treatment буюу гажиг заслын эмчилгээ нь TMD үүсгэх шалтгаан болохыг АНУ-ын гажиг заслын эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн дунд хийсэн судалгаагаар гаргалаа. Хожим 1988 онд Pollack нар энэ судалгааг нотолгоонд суурьлаагүй хангалтгүй хэмээн үзсэн байдаг. Мөн оны эхээр American Association of Orthodontists (AAO) гажиг заслын эмчилгээ болон TMD хоорондын хамаарлыг шинжлэх ухааны үндэстэй танин мэдэх зорилгоор 1 prosthodontist, 1 oral pathologist, 1 general practitioner, 2 orthodontist эмч нарын бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний баг ажилласны үр дүнд тэд orthodontic treatment буюу гажиг заслын эмчилгээ нь TMD үүсгэх ШУУД хүчин зүйл болохгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ нь эрүүний үенд шууд биш боловч урт хугацаанд нөлөөлнө гэсэн санааг нүүр ам судлаач эмч бид анхаарах хэрэгтэй!

Гажиг заслын салбар хөгжихийн хэрээр өсвөр насныхнаас гадна насанд хүрэгчид гажиг заслын эмчилгээ хийлгэх болсон нь TMD үүсэх боломжыг нэмэгдүүлж байна. Өсвөр насанд (10-19 нас) гажиг заслын эмчилгээ хийлгэхэд TMD үүсгэх болон цаашдын эрүүний үенд үүсэх хүндрэл маш бага. Гэвч 20 болон түүнээс дээш насанд гажиг заслын эмчилгээ хийлгэж эхэлсэн бол TMD-н шинж тэмдэг гарч эхлэнэ. Наснаас хамааран TMD үүсэх магадлал харилцан адилгүй гэж ойлгож болох юм.

Манай orthodontist эмч нар үзлэг болгонд эрүүний үений ямар нэгэн асуудалтай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ ЭХЛЭХИЙН ӨМНӨ: эрүүний үеэр дуугарч байгаа эсэх, ам ангайх хаах хөдөлгөөн хэвийн ба өвдөлт байгаа эсэх зэрэг энгийн үзлэгийг хийж хэвших нь эмчилгээний явцад эрүүний үений асуудал гарсан үгүйг хянах боломжтой болно.

ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЯВЦАД: эмчилгээ эхлэхийн өмнөх үзлэгээс эрүүний үенд ямар нэгэн өөрчлөлт орсон, эрүүний үеэр өвдөлт үүсэх зэрэг асуудал гарвал эмчилгээг түр зогсоох хүртэл арга хэмжээ авах нь үений хүндрэлээс сэргийлэх нэг чухал хэсэг юм.

ГАЖИГ ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ДАРАА: эмчилгээ эхлэхийн өмнөх болон явцын үзлэгтэй харьцуулан үенд өөрчлөлт гарсаныг гажиг заслын эмч дүгнэх боломжтой болно. 20-30 насны өвчтөн гажиг заслын эмчилгээний дараа эрүүний үений эмгэгийн шинж тэмдэг гарах нь элбэг байдгыг эмч нар анхаарах нь чухал.

Шаардлагатай буюу эрүүний үений ямар нэг өөрчлөлт болон зовиур илэрсэн тохиолдолд эрүүний үений нарийн мэргэжлийн эмчид хандах нь аливаа хүндрэлээс бүрэн сэргийлэх ач тустай юм.

 

Бэлтгэсэн: Taipei Medical University, Taipei, Taiwan.

Докторант Т.Учрал


Tag:эрүүний үений эмгэг, эмнэлзүйн практик, TMD

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar