Infiltrating/Sealing Proximal Caries Lesions: A 3-year randomized clinical trial
23-Jun-2016 568 0.0 0

Түшилцэх гадаргын цоорлыг инфильтраци болон сийлингийн аргаар эмчлэх нь: 3 жилийн тохиолдол хяналтын судалгаа

S. Martignon*, K.R. Ekstrand, J. Gomez, J.S. Lara, and A. Cortes

 

Нэр томъёоны тайлбар:

*Инфильтраци (infiltration): өнөө үед цоорлын эхэн үе буюу толбын үед эргэн эрдэсжилтийг дэмжих, шүд угаалтыг эрчимжүүлэх, хоол хүнсийг хянах, фторжуулах аргуудыг хэрэглэж байгаа ч өвчтөний дагаж мөрдөхөөс хамааран үр дүн хязгаарлагдмал байгаа учир эмнэл-зүйд түшилцэх гадаргад цоорлын толбо буюу эхэн үеийн цоорлын үед гэрлээр хатуурдаг, наалдамхай буюу нунжгай шинж багатай хуванцар хэрэглэж цоорлыг зогсоох шинэ эмчилгээний аргыг хөгжүүлж байна. Учир нь түшилцэх цооролд 2-р ангиллаар бүтцийг сэргээхэд шүдний эрүүл эдээс авах шаардлага их тул цоорлыг гүнзгийрэхээс сэргийлэх нь чухал юм. Уг аргыг урьдчилан сэргийлэх арга болон өрөмдлөг эмчилгээний завсрын зайг нөхөх эмчилгээ гэж судлаачид үзэж байна.

*Пласебо: клиник-туршилт судалгаануудад аливаа эм, материалын үйлчилгээг харьцуулахын тулд сонгон авсан эмчилгээний материал хэрэглээгүй бүлэг

Орчин үеийн шүдний шинжлэх ухаанд шүдний бүтцийг хадгалж, мэс заслын эмчилгээнээс зайлсхийх нь эмчилгээний гол зорилго болоод байна. Улмаар өрөмдөлтийн бус эмчилгээнүүд улам хөгжиж, түшилцэх гадаргын эхэн үеийн цоорлыг сийлинг (sealing) хийх болон түшилцэх цоорол руу нэвчих чадвартай резин (infiltration) материалуудыг хөгжүүлээд байна. Энэ судалгааны зорилго нь түшилцэх гадаргын эхэн үеийн цооролд инфильтраци ба сийлинг эмчилгээнүүдийн үр дүнг 1,2,3 жилийн хугацаанд пласеботой харьцуулах юм.

Энэ судалгаа нь амны хөндийн хэсэгчилсэн (split-mouth), тохиолдол хяналтын клиник судалгаа бөгөөд 16-35 насны оролцогчдыг хамруулжээ. Судалгаанд оролцогчдод тавигдсан шаардлага нь араа шүдэндээ рентгенд оношлогдсон хамгийн багадаа түшилцэх гадаргын гурван цооролтой байх, тэдгээр нь рентгенд 3-4 онооны үзүүлэлттэй байх юм. Судалгаанд ашигласан онооны систем (код) нь: 0-рентгенд өөрчлөлтгүй, 1-паалангийн гадна хагас, 2-паалангийн доторх хагас, 3-паалан тугалмайн заагт, 4-дентиний гадна гуравны нэг, 5-дентиний дунд гуравны нэг, 6-дентиний дотор гуравны нэг, 7-тодорхойлох боломжгүй. Судалгаанд нийт 39 оролцогч хамрагдаж, 2 удаагийн ирэлт төлөвлөгдсөнөөс эхний ирэлтэнд хазалттай рентген зураг авч, нэг оролцогчид гурван түшилцэх цоорлыг сонгон авч орто-гийн уян резин банд араа шүдний завсарт суулгажээ. Хоёр дахь ирэлтээр уг түшилцэх цоорлуудын идэвхийг 4 үзүүлэлтээр шалгасан нь, өнгөр тогтсон эсэх /1-үгүй, 2-тийм/, гадна байдал /1-бор өнгийн толбо, 3-цагаан өнгийн толбо, 4-гадаргын гэмтэл буюу хөндий үүссэн/, гадаргуугийн шинж /2-гөлгөр, 4-барзгар/, буйлны хөхлөгөөс цус алдах /0-үгүй, 1-тийм/. Цоорол нь хэрэв 8-с дээш оноотой бол түүнийг идэвхитэй гэж авч үзжээ.

Гурван цоорлыг тохиолдлын аргаар 3 бүлэгт хувааж эмчилсэн бөгөөд тэдгээр нь 1. Инфильтраци 2. Сийлинг 3. Пласебо эмчилгээнүүд юм. 1) Инфильтрацийн аргаар ажилбарыг хийхдээ ICON (DMG компани, Герман) бүтээгдэхүүнийг ашиглаж дараах протоколын дагуу ажилбарыг гүйцэтгэжээ: хажуугийн шүднээс пластик стрип-ээр тусгаарлах, эмчлэх гэж буй гадаргыг 15% гидрохлорын хүчлээр сийрэгжүүлэх (120 сек), усаар угааж хуурайшуулах, 95% этанол, усаар угааж хуурайшуулах, инфильтраци резинийг шахах, полимеризаци, дахин инфильтраци түрхэж полимеризаци явуулах. 2) Сийлинг эмчилгээг Dentsply компанийн Prime bond NT-ийн адгезивийг ашиглаж хийсэн 3) Пласебо групп буюу эмчилгээний материал хэрэглээгүй. Бүх оролцогчдод шүдний утас хэрэглэх зааврыг өгч эмчилгээнээс хойш 1, 2, 3 жилийн дараа рентген зураг авч анхны зурагтай харьцуулан анализ хийжээ.

Үр дүн

Эхний рентгенд нийт цоорлын 61,5% нь 4 онооны өөрчлөлттэй байв. Инфильтраци эмчилгээг пласеботой харьцуулсан үр дүн нь 1 жил (χ2= 8.643; P =

0.0033), 2 жил (χ2= 10.563; P = 0.0012), 3 жилийн (χ2= 10.563; P = 0.0012) дараа ялгаатай буюу статистик ач холбогдолтой, сийлинг эмчилгээг пласеботой харьцуулахад 3 жилийн дараа статистик ач холбогдолтой байсан байна. Эмчилгээний үр дүн нь инфильтрацийг пласеботой харьцуулахад 1 жилийн дараа 31.6% (95%CI:15.1-48.1%), 2 жилийн дараа 37.8% (95%CI:20.5-55.2%), 3 жилийн дараа 37.8% (95%CI: 20.5-55.2%) байв. Сийлинг эмчилгээг пласеботой харьцуулахад эмчилгээний үр дүн 3 жилийн дараа 29.7% (95%CI: 20.2- 35.0%) байв. 3 жилийн дараах цоорлын гүнзгийрлийн үр дүнг харахад пласебо группын 74% (код 4) болон 64% (код 3) нь цааш гүнзгийрсэн байсан бол инфильтраци хийсэн цоорлуудаас 7%, сийлинг хийсэн цоорлуудаас 38% нь гүнзгийрсэн байжээ.

Figure 2. Radiographic pair -wise reading progression of proximal lesions after 1, 2, and 3 yrs.

Уг судалгааны үр дүнгээс харахад инфильтраци эмчилгээ нь түшилцэх гадаргын цоорлыг гүнзгийрэхээс сэргийлэхэд 1, 2, 3 жилийн хугацаанд пласебогоос үр дүнтэй байна. Инфильтраци болон сийлинг эмчилгээний үр дүнгүүдийг харьцуулахад статистик ач холбогдолгүй байгаа ч инфильтраци эмчилгээ нь илүү өндөр үр дүн харуулсан байна. Энэ судалгааны загвар нь split-mouth буюу нэг өвчтөний хэд хэдэн шүдийг сонгож, өөр өөр эмчилгээний аргыг туршин цоорлын гүнзгийрлийг судалсан учир цоорлын гадарга бүрт нөлөөлөх орчны нөлөөлөл бага юм. Өмнөх инфильтрацийн судалгаануудын үр дүн нь 18 сарын дараа 93% буюу өндөр байсан нь тэдгээр судалгаа паалангийн цоорлыг сонгон авсанд орших магадлалтай ба энэ судалгаанд инфильтрацийн үр дүн 74% байгаа нь ихэнх цоорол дентиний түвшинд байсанд орших магадлалтай. Судалгаанд сонгогдсон цоорлын дийлэнх нь “идэвхитэй” цоорол байсан нь уг төрлийн цоорлыг өрөмдөхгүйгээр эмчлэх буюу зогсоох менежментэд нийцэж байгаа юм. Кариес менежментийн нэг хэсэг нь зөв тохиолдол/ кэйсүүдийг сонгож, зөв цаг хугацаанд хянаж, эхэн үеийн цоорлыг өрөмдөхгүйгээр зогсооход оршино. Бусад эмчилгээний арга болох 2-р ангиллаар шүдний бүтцийг сэргээх нь шүдний бүтцийг золиослохоос гадна тухайн шүд дахин цоорох, улмаар дахин ломбодох магадлалуудыг нэмэгдүүлж эмчилгээний амжилт 100% байдаггүйг өмнөх судалгаанууд дурджээ. Түүнчлэн, хэдийгээр шүдний утас хэрэглэсэн, ундны ус фтортой, өнгөрийг хянах зааварчилгаа өгсөн ч пласебо бүлгийн цоорлуудын 70% нь цааш гүнзгийрсэнээс үзэхэд бусад урьдчилан сэргийлэх аргуудыг (уг судалгаанд дурдсантай адил) эрчимжүүлэх шаардлагатай нь харагдаж байгаа юм.


Tag:Research, randomized clinical trial

Бусад мэдээлэл:






avatar