Ирээдүйн имплант суулгацуудад ашиглагдах шинэ төрлийн металлын хайлш хөгжүүлж гарган авлаа
01-Aug-2016 243 5.0 0

АНУ-ын Техас мужийн Rice University-ын судлаачид анагаах ухааны салбарын имплант суулгацуудад зориулсан дээд зэргийн бат бөх металл хөгжүүлээд байгаагаа зарлалаа.

“Энэ метал нь ердийн гангийн хайлшнаас 3-4 дахин хатуу бөгөөд орчин үеийн имплант суулгацын гол түүхий эд  болсон цэвэр титаны хайлшаас 4 дахин хатуу” гэж шинэ металлын хайлш гарган авах судалгааны багийг удирдан ажилласан Техасын Rice University-ын био анагаах материал судлалын салбарын физикч  Emilia Morosan энэ долоо хоногт Science Advances сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Emilia Morosan болон судалгааны багийн гишүүд уг металлыг хэдийгээр маш  хатуулаг боловч өмнө нь хэзээ ч байгаагүй бионийцэл сайтай гэж тодорхойлсон байна.

Энэхүү шинэ төрлийн металлыг 4 нэгж цэвэршүүлсэн титан ба нэг нэгж алтны хайлшны холимогийг өөр хооронд нь нэгтгэн  arc melting технологийн аргаар гарган авсан байна. Судлаачид шинээр гарган авсан металлын молекул бүтцийг электрон микроскопын аргаар судлаад уг металлын гайхамшигтай хатуулаг чанар нь түүний шоо хэлбэрийн талст торын бүтэцтэй холбоотой болохыг илрүүлсэн гэнэ.

Алт болон титаны хайлш нь хоёулаа анагаах ухааны салбарт ашиглаж буй хамгийн бионийцэл сайтай металл учир шинээр гарган авсан металлын шинж чанар нь эдгээр нэгдлүүдийнхээ шинж чанарыг агуулж байна. Зэс болон гангийн хайлшаас ялгаатай нь алт ба титаны хайлшууд нь хэзээ ч амьд биеийн эсийг устгадаггүй тул хүний дархлалын систем хүлээн авч уг металлуудыг эд эрхтнээс шахан зайлуулж сорви хэлбэртэй эд үүсгэдэггүй. Emilia Morosan-ы судалгааны баг уг металлыг олон удаагийн эсийн өсгөвөрийн сорилд  оруулсаны дүнд шинж чанарын хувьд титаны хайлшаас илүү бионийцэл сайтай болохыг олж илрүүлсэн байна.

“Энэ материал нь яг одоогийн байдлаар титаны хайлш ашиглаж буй бүх төрлийн имплант суулгацуудад ашиглах боломжтой бөгөөд тун удахгүй үе, түнх, шүдний имплант суулгацуудад ашиглагдах болно” гэж тэмдэглэсэн байна.


Tag:технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar