Нууцлагдмал аюул: Шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвсэл ба зүрхний титэм судасны үрэвсэлт өвчний хоорондын хамаарлыг илрүүллээ
04-Aug-2016 0.0 0

HELSINKI, Finland: Хельсинкийн Их Сургуулийн судлаачдын саяхан хийсэн нэгэн судалгаагаар шүдний сурвалжийн оройн нууцлаг хэлбэрийн холбоосын үрэвсэл нь зүрхний титэм судасны үрэвсэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдлоо. Судлаачдын мэдэгдэж байгаагаар шүдний сурвалжийн оройн холбоосын үрэвсэл зүрхний эмгэг бүхий өвчтөнүүд дунд  маш элбэг буюу 4 хүний нэгд тохиолдож байсан бөгөөд харамсалтай нь ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг үгүйн улмаас тухайн хүмүүс ч өөртөө шүдний үрэвсэл байгааг мэдээгүй байсан байна.

Хэдийгээр шүдний холбоосын үрэвсэл болон эрхтэн тогтолцооны архаг үрэвсэлт өвчинүүд буюу зүрх судасны өвчин, чихрийн шижин зэргийн хамаарлын талаар маш олон судалгаа хийгдсэн байгаа ч сурвалжийн оройн холбоосын үрэвсэлийн нөлөөллийн талаарх  судалгаа тийм ч их бус байгаа юм. Энэ удаагийн судалгаагаар ангиограммын үзүүлэлтээр титэм судасны үрэвслийн шинж тэмдэг бүхий нийт өвчтөнүүдийн 58% нь нэг болон түнээс олон тооны холбоосын үрэвсэлийн голомттой болохыг тогтоогоод байна.

“Холбоосын үрэвслиийн эмчилгээ хийлгэж байгаагүй өвчтөнүүдэд холбоосын үрэвслийн асуудал байхгүй өвчтөнүүдээс титэм судасны хурц үрэвслийн шинж тэмдэг 2,7 дахин их байлаа” гэж судалгааны багийн ахлагч Dr John Liljestrand хэлж байна. Түүнчилэн сурвалжийн оройн холбоосын үрэвсэл нь цусны ийлдсэн дэх эсрэгбиетийн өндөр тунтай холбоотой байгааг илрүүлсэн байна.

Энэхүү судалгааг Хельсинкийн Их Сургуулийн Зүрх Судасны төв ба Нүүр Амны Мэс Заслын тэнхмийн судлаачид хамтран гүйцэтгэсэн бөгөөд дундаж нас нь 62 бүхий нийт 508 өвчтөн судалгаанд хамруулсаны 36% нь тогтвортой үе шатандаа байгаа титэм судасны үрэвсэл оноштой, 33% нь титэм судасны хурц үрэвслийн шинж тэмдэгтэй, 31% нь хурц титэм судасны үрэвсэл төст шинж тэмдэг гэсэн оноштой байсан ба титэм судасны үрэвсэлийн ноцтой хүндрэл бүхий өвчтөн байхгүй байсан байна.

Сурвалжийн оройн холбоосын үрэвсэл нь шүдний зөөлцөд нян бактерийн халдварын улмаас дархлааны хариу урвал үүсгэдэг ба голлох шалтгаан нь шүд цоорох өвчин юм. Энэ үрэвсэл нь ихэнхдээ ямар нэгэн шинж тэмдэг үзүүлдэггүй бөгөөд бусад шүдний рентген зураг авах явцдаа олж илрүүлэх боломжтой гэж судлаачид хэлж байна. Судлаачдын үзэж байгаагаар холбоосын үрэвсэлтэй шүдэнд сувгийн эмчилгээ хийх нь зүрхний өвчин үүсэх эрсдлийг бууруулж өгнө гэж таамаглаж байгаа боловч өнөөгийн байдлаар энэ хоёр нөхцөл байдлын хоорондын хамаарлыг батлах шаардлагатай байна гэж хэллээ.

ДЭМБ-ын мэдээллээр зүрх судасны өвчлөл нь дэлхий даяар үхлийн хамгийн гол шалтгаан болж байна. 2012 оны байдлаар зүрх судасны өвчнөөр нийтдээ 17,5 сая хүн үхсэн нь нийт үхлийн 31%-ыг эзлэж байна. Эдгээр үхлийн 7,4 сая нь зүрхний титэм судасны үрэвсэлийн шалтгаантай бол 6,7% нь инфаркт босон байна.

Энэхүү судалгаа нь “Association of endodontic lesions with coronary artery disease” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 7-р сарын 27-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, холбоосын үрэвсэл, зүрхний эмгэг

Бусад мэдээлэл:






avatar