Хоршихуйн талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн онолын суурь ойлголтууд
14-Aug-2016 0.0 0

Хоршихуйн тухай ойлголтыг багтаагаад шүдний салбарт ойлгоход бэрхшээлтэй, нууцлагдмал хэд хэдэн сэдвүүд өнөөг хүртэл байсаар байна. Гэхдээ эдгээр дотроо хоршихуй нь илүү олон хүний анхаарлыг татдаг ч тэр хэрээрээ маргааны гол бай болдог. Хоршихуйн асуудал дээр яагаад ийнхүү маргалддагийн шалтгаан нь хоршихуйн талаар мэдлэг мэдээлэл, хоршихуйн философийн агуулга өөрөө маш олон янз байдагт оршино. Хоршихуйн чиглэлээр маш олон таамаглал, төрөл бүрийн онол байдаг ч шүдний салбар даяараа нэг үзэл бодолд хараахан зангидагдаж амжаагүй байна.

Гэвч  хоршихуйн  талаар хэн ч маргахын аргагүй нийтээр хүлээн зөвшөөрсөн зарим нэг суурь зарчимууд бий. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхөд энэхүү өгүүлэлийн зорилго оршино.

Spee, Wilson ба Monson-ы муруй

Хэрэв гавлыг хажуу талаас саггиталь хавтгай дээр харвал үүдэн шүдний тасдах ирмэгээс араа шүднүүдийн төвгөрийг дайран эрүүний толгойн чиглэлд үүссэн муруй шугам буюу  curve of Spee-г харж болно. Spee-ийн муруйгийн радиус нь 2,5 инч байдаг.

Яг үүнтэй ижил гавлын ясыг эгц урд талаас харвал араа шүднүүдийн хооронд үүссэн муруй  curve of Wilson харагдана. Тэгвэл Monson муруй хэмээх ойлголт нь Spee ба Wilson-ы муруйг хамтатган дүрсэлсэн 3 хэмжээст орон зайн дүрслэл юм. Энэхүү визуаль муруйн  радиус нь 4 инч байх бөгөөд үүдэн шүдний тасдах ирмэгээс араа шүдний төвгөр хүртэл хоншоор ба эрүүний шүдний эгнээний бүх гадаргууг хамарна. Энэхүү муруйнуудын эмнэлзүйн ач холбогдол нь эрүүний урагш түрэх ба хажуугийн даялах хөдөлгөөнийг чөлөөтэй хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөхөд оршино.

Гэсэн хэдий ч эдгээр муруйгууд нь шүдний элэгдэл, шүд шилжиж хөдлөх ба шүд авхуулах зэргийн улмаас хэвийн байдлаа алдаж үүний улмаас хоршихуйн тэнцвэрт байдал алдагдах нь түүнийг зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай нөхцөл байдал үүсгэнэ.

Centric occlusion буюу голлосон хоршихуй

Centric occlusion (CO) гэдэг нь шүдний эгнээ хоорондоо хамгийн их хоршихуйн цэгээр шүргэлцэн байрлах maximum intercuspation position (MIP) юм. Centric occlusion нь шүдний гадаргуугийн хэлбэр тэр тусмаа булчин мэдрэлийн “ой санамж” зэргээс хамаардаг. Голлосон хоршихуйн үед хоршихуйн хүч идеаль босоо чиглэлд байх ба шүдний тууш тэнхлэгээр дамжин шүдний холбоос эд ба түүшин ясруу тархана. Ихэнх эмнэлзүйн нөхцөл байдалд, ихэнх шүд нөхөн сэргээх ажилбаруудыг хоршихуйн энэ төлөв байдлын “бүрэн эрхт байдал”-д захируулан бэлтгэдэг. 

Centric relation буюу төвийн харьцаа

Centric relation (CR) гэдэг нь эрүүний үений толгой эрүүний үений хонхорт хамгийн гүн сууж өгсөн hinge axis position байрлал юм. Энэ нь шүдний эгнээ ба шүднээс хамааралгүйгээр  анатомын байрлалаар тодорхойлох боломжтой харьцаа юм. Яг энэ байрлалт шүдний эгнээ хооронд анхдагч шүргэлцэл initial tooth contact үүсэх бөгөөд энэ нь аажимдаа Centric occlusion-руу шилжих шилжилт болно. Хүн амын маш цөөн хувь (10%)-д Centric occlusion ба Centric relation-ы хооронд ямар нэгэн шилжилтгүйгээр давхцал ажиглагддаг.

Centric relation (CR) байрлалаас Centric occlusion-руу ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэггүй шилжилт хийх нь эрүүл гэсэн утгыг илэрхийлэхгүй. Түүний нэгэн адил хоршхуйд тулж садаа болж буй хэсгүүдийг дураар өөлж засаж тохируулах нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зохимжит аргачилал биш.

Дараах тохиолдлуудад  Centric relation (CR) харьцаа нь ач холбогдолтой. Үүнд:

  • Шүдийг Centric relation (CR) харьцаагаар initial contact нөхцөл байдалд сэргээж байгаа бол
  • Үүдэн шүдэнд хийгдэж буй шүдэлбэр нь эсрэг шүдтэй хоршилт үүсгэхдээ заавал CR харьцааг шаардаж байгаа бол
  • Шинээр  occlusal vertical dimension (OVD) үүсгэхэд хоршихуйг өөрчилөх шаардлагатай бол

 

Эрүүний хөдөлгөөний зам

Эрүүний хөдөлгөөн нь шүдээр баримжаа авдаг буюу удирдан чиглүүлэгддэг хөдөлгөөн юм. Онолын хувьд ямар ч шүд эрүүний хөдөлгөөнийг удирдан чиглүүлэх боломжтой. Эрүүний хөдөлгөөнийг үүсгэж буй хүч нь шүдэнд босоо тэнхлэгийн дагуу биш хөндлөн ба ташуу чиглэлд үйлчилнэ. Үүний үр дүнд CO нөхцөл байдалд хажуугийн хүч нь босоо тэнхлэгийн дагуу үйлчилэх хүчнээс илүү их мэдрэгдэнэ. CO байрлалд араа бүлгийн шүднүүд нь үүдэн бүлгийн шүднүүдээ хамгаалдаг бол үүдэн ба соёоо шүднүүд нь эрүүг урагш түрэх хөдөлгөөн ба хажуугийн даялах хөдөлгөөний явцад араа шүднүүдийг мөн хамгаалдаг болохыг илрүүлсэн байна.

Эрүүг урагш түрэх  хөдөлгөөнд үүдэн шүд нь хөтчийн үүрэг бүхий баримжаалах үүрэгтэй. Үүдэн бүлэг шүдний хөдөлгөөний зам (аnterior guidance) нь үүдэн шүдний зөрлөгийн хэмжээнээс шалтгаалж гүехэн ба гүнзгий гэсэн төрөлд хуваагдна. Үүнийг мэдэх нь үүдэн бүлгийн шүдийг нөхөн сэргээхэд  материалын сонголтонд чухал ач холбогдолтой бөгөөд гүнзгий хэлбэрийн anterior guidance нь материалд их хэмжээний ачаалал учруулах тул илүү уян харимхай шинж чанар өндөртэй материал сонгох хэрэгтэй. Эрүүний араа бүлэг шүдний хөдөлгөөний зам (posterior guidance) нь эрүү чамархайн үе (temporomandibular joints) -ний хэлбэрээс шалтгаалан хязгаарлагддаг.

Эрүүний хажуугийн даялах хөдөлгөөн (lateral excursions) нь соёоо шүдээр хөтөч хийх ба соёо дангаараа эсвэл бусад шүдтэй хавсран нэгдмэл үйл ажилгаан дор гүйцэтгэдэг. Нэгдмэл үйл ажиллагаа нь хажуугийн хүчийг олон шүдэнд тархаж хувиарлагдах боломж олгох тул шүд нөхөн сэргээх материалд заавал тусгай шалгуур тавих шаардлагагүй болно.

Хоршихуйн саад тотгор

Эрүүний чөлөөтэй хөдөлгөөн хийх ба голлосон хоршихуйд шүдний эгнээ байрлахад садаа болж буй бүх төрлийн шүргэлцэх төлөв байдлыг хоршихуйн саад тотгор (interference) гэж авч үзнэ. Ажлын талын саад тотгор (working side interference) гэж эрүүний хөдөлгөөн хийж буй талын саадыг хэлэх бол non-working side interference түүний эсрэг талын саадыг хэлнэ.

Гэхдээ ихэнх хоршихуйн саад тотгор нь эмнэлзүйн хувьд тийм ч чухал ач холбогдолтой биш. Учир нь эрүү нүүрний эрхтэн тогтолцоо түүнтэй дасан зохицдог төдийгүй үйл гүйцэтгэх явцдаа түүнээс санаатайгаар зайлсхийж байдаг. Харин эрүү нүүрний иж бүрэн нөхөн сэргээлт ба шүдэлбэр хийх шаардлагатай бол хоршихуйн саад тотгорыг чухалчилан авч үзэхээс зайлшгүй болно. Тухайлбал ажлын бус талын хоршилт нь шүдний эгнээ хоорондын тулах төв үүсгэж ажлын талын шүдийг хөшиж өргөх шалтгаан болно. Иймд энэ тохиолдолд шүдэлбэр эмчилгээг эхлэхээс өмнө ажлын бус талын хоршилтуудыг арилгаж өгөхөөс гадна шүдэлбэр эмчилгээний явцад хоршихуйн нэмэлт саад тотгор үүсгэхээс сэргийлж байх хэрэгтэй.

 


Tag:төвийн харьцаа, centric relation, хоршихуй, centric occlusion, голлосон хоршихуй, эмнэлзүйн практик

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar