Шүдний тулгуур бүтцүүдийг хамгаалах үүрэг бүхий биологийн өргөрөгийн бүтэц, үйл ажиллагаа, норматив хэмжээсүүдийн тухай
21-Aug-2016 0.0 0

Нүүр Амны Согог заслын эмчилгээ амжилттай, үр дүнтэй болох эсэх нь шүдний тулгуур эдийн эрүүл мэндийн нөхцөл байдлаас бүрэн хамааралтай зүйл юм. Энэ талаар энэ бага зэрэг мэдээлэл өгөх зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэв.

Шүдийг эгц урдаас ба хажуугийн проекцоор харсан байрлалд түүнийг хүрээлэн орших зөөлөн эдийг буйл (gingiva) ба түүшин сэртэнгийн салст бүрхэвч (alveolar mucosa) гэж хоёр  ангилна.

Буйлыг шүдтэй шүргэлцэж буй хэсгээс нь авхуулаад буйлны чөлөөт ирмэг (free gingival margin-FGM) ба орой хэсгээрээ түүшин сэртэнгийн салст бүрхэвчтэй  mucogingival холбоо үүсгэн төгсөх  буйлны хөдөлгөөнгүй хэсэг буюу attached gingiva гэж хоёр ангилна. Тэгвэл буйлны хөдөлгөөнгүй хэсэг attached gingiva нь эвэршдэг бөгөөд хөдөлгөөнгүй, зажлуурын булчингийн үйл ажиллагааны эсрэг уян харимхай үйлчилэлтэй бол түүшин сэртэнгийн салст бүрхэвч нь салстын доорх давхрагатайгаа холбогдоогүй, хөдөлгөөнтэй, эвэршдэггүй гэдгээрээ  ялгаатай байдаг.

Буйлны attached gingiva хэсгийн хэмжээ ба гадаргуугийн хэлбэр дүрс нь хэвийн үед ч өөр хоорондоо харилцан ялгаатай байх ба энэ ялгаатай байдал нь хувь хүн төдийгүй шүд тус бүрт адилгүй байна.

Attached gingiva хэсгийн өргөн шүдний цөгц ба сурвалжийн чиглэлд хэмжилтээр 0,5-8 мм байх бөгөөд дундаж зузаан нь (хацар хэлэн талын чиглэлд) 1,4 мм байна. Буйлны attached gingiva-ын үүрэг нь амны хөндийн эрхтнүүдийн үйл ажиллагааны явцад зөөлөн эдийг хамгаалах бөгөөд хэрэв энэ байхгүй бол нэн ялангуяа имплант суулгацын эргэн тойронд үрэвсэлд өртөх нь амархан болдог.

Шүдийг хүрээлэн байрлах эдүүдийн нийлбэр тогтцыг  dentogingival apparatus гэж нэрлэдэг. Dentogingival apparatus-ыг хөндлөн зүслэг хийж харвал тэр нь гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь: хучуур эд (epithelium), холбогч эд (connective tissue), яс (bone) юм. Эрүүл шүдний хувьд буйлны ховил нь буйлны чөлөөт ирмэг (FGM)-ээс эхлэж хучуур эдийн холбоос (epithelial attachment-EA) дээр төгсөнө. Буйлны ховилын гүн нь шүдний байршил болон бусад олон хүчин зүйлсээс шалтгаалан 0,3-6 мм байна. Хучуур эдийн холбоо нь ёроол хэсгээрээ паалан цементийн холбоосын (cemento-enamel junction-CEJ) завсар болон үргэлжилэх бөгөөд энэ нь 0,3-3,3 мм хэмжээтэй байна.

Хучуур эдийн холбоосооос цааш холбогч эдийн холбоос (connective tissue attachment-CTA) эхлэх бөгөөд түүшин сэртэнгийн ясан ирмэг (alveolar bone crest-ABC) дээр төгсөнө. Холбогч эдийн холбоос (CTA) хэсэг нь dentogingival apparatus-ын хамгийн бага хэлбэлзэл бүхий хэсэг бөгөөд дунджаар 0,3-1,8 мм хэмжээтэй байна.

Хучуур эдийн холбоос (EA) ба холбогч эдийн холбоос (CTA) -ын нийлбэр шугаман хэмжигдэхүүнийг biologic width (BW) (биологийн өргөрөг) гэсэн нэр томьёогоор илэрхийлэх бөгөөд дундаж хэмжээ нь 2.04 mm байдаг.

 

 

Biologic width (Биологийн өргөрөг)

Ихэнхдээ dentogingival apparatus-ын биологийн өргөрөгийн дундаж хэмжээг 2,04 мм гэж тооцдог нь дараах зүйлсийн нийлбэр юм.

  • Буйлны ховил 0,69 мм
  • Хучуур эдийн холбоос EA = 0,97 мм
  • Холбогч эдийн холбоос CTA = 1,07 мм
  • EA + CTA (Biologic width) = 2.04 мм

Биологийн өргөрөгийн эмнэлзүйн ач холбогдол нь шүдийг ормонд нь бэхлэх үүрэг бүхий шүдний хамгийн гол тулгуурын бүтэц болох шүдний холбоос (periodontal ligament) ба түүшин сэртэнгийн ясан ирмэг (CTA) -ийг хамгаалах үүрэгтэй төрөлхийн заяагдмал шинж чанар юм.  Энэхүү зөөлөн эд нь механикийн ба нягийн эсрэг хамгаалах бамбайн үүрэг гүйцэтгэнэ.

Биологийн өргөрөгийн онцлог шинжүүдийг товчлон дурдвал:

  • Энэ нь бүх шүдний эргэн тойронд оршдог
  • Шүдийг ормондоо эрүүл оршиход шаардлагатай зөөлөн эдийн төрөлхийн хамгаалалт бамбайн үүрэгтэй
  • 2.04 mm нь түүний дундаж хэмжээ боловч бүх өвчтөнд бүх шүдэнд ийм байна гэсэн үг биш юм.
  • Бүх төрлийн шүдэлбэр, шүд нөхөн сэргээх ажилбар гүйцэтгэх явцдаа биологийн өргөрөгийг гэмтээхгүй, гэмтэхээс урьдчилан сэргийлэх нь шүдэлбэр амжилттай байх хамгийн гол нөхцөл юм

 

Биологийн өргөрөгийн хувилбарууд

Биологийн өргөрөг нь физиологийн заяагдмал 3 хэмжээст орон зайн бүтэцтэй тул зарим үед биологийн орон зай гэсэн ухагдахуун хэрэглэдэг.

Өнөөг хүртэл шүдийг эрүүл байлгахад шаардлагатай биологийн өргөрөгийн хамгийн бага хэмжээ тодорхой бус байсаар байна. Одоогоор тодорхой байгаа хамгийн бага хэмжээ нь 0,6 мм юм. Биологийн өргөрөгийн хэмжээ нь шүдний бүлэг, байршилаас хамааран янз бүр байна. Эдгээр ялгааг дор үзүүлэв.

Шүдний бүлэг

Үүдэн ба соёо шүд 1,75 мм

Бага араа шүд 1,97 мм

Аараа шүд 2,08 мм

Хүн ам зүй угсаатны ялгаа

Хүн амын 85% д нь ABC ба EA, CEJ хэвийн харьцаатай

13%-д нь ABC ба EA нь шүдний сурвалжийн оройн чиглэлд сунасан байрлалтай буюу Биологийн өргөрөгийн өргөн хэлбэр

2%-д нь ABC ба EA нь шүдний цөгцний чиглэлд агшсан байрлалтай буюу Биологийн өргөрөг нарийн хэлбэр

Хучуур эдийн холбоос (EA) шүдний сурвалжийн чиглэлд сунасан тогтоц нь холбоосын үрэвсэл ба буйлны механик ба мэс заслын гэмтлийн дараа өөрөө эдгэрэх үйл явц нь бусад төрлөөс илүү байна.

Биологийн өргөрөгийн хэмжээг тодорхойлох аргачлалууд

Биологийн өргөрөгийг эрүүлээр хадгалж авч үлдэхэд түүний хэмжээ ба байршилыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой юм. Өнөөг хүртэл биологийн өргөрөгийг визуаль орчинд программ хангамжаар тодорхойлох аргачилал бий болоогүй байгаа бөгөөд дараах аргачилалуудыг л ашиглаж байна.

  • Хүрэлцэж мэдрэх -Энэ нь хамгийн их ашиглагддаг арга бөгөөд ясны гүнийг шүдний босоо тэнхлэгийн дагуу зондоор хэмжих sounding bone ба шүдний босоо тэнхлэгтэй препендикуляр чиглэлд хэмжих transgingival probing аргачлалыг илүү их ашиглаж байна.
  • Parallel profile radiography аргачлал – Энэ аргачлалын үр дүн нь нэлээд эргэлзээтэй
  • Хэт авианы аргачлал – эдэд гэмтэл учруулдаггүй боловч үр дүн нь хэлбэлзэлтэй, сонгож авсан шүдэнд үр дүнг дундаж утгаар тооцдог
  • Зөөлөн эдийн cone beam computed tomography ((ST-CBCT) – Энэ аргачлалаар CBCT scan хийхдээ фото зураг авахад ашигладаг  ам тэлэгч ашиглан уруул ба хацрыг тэлэх ба хэлийг тагнайн адарт байрлуулаад зураг авна. Энэ аргачлал нь эдэд гэмтэл учруулдаггүй нарийвчлал сайтай аргад тооцогдох ба шүдний босоо ба хөндөн тэнхлэгийн чиглэлээр яс ба зөөлөн эдийг хамгийн өндөр нарийвчлалтайгаар хэмжилт хийх боломж олгоно. Энэ аргачлалын сул тал нь рентген цацраг, EA ба CTA болон эрүүл ба үрэвссэн эдийг хооронд нь ялгаж чаддаггүй явдал юм.

 


Tag:тулгуур эдийн өвчин, шүдний бүтэц, biologic width, эмнэлзүйн практик, биологийн өргөрөг

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar