Сувгийн халдваргүйжүүлэлтэнд ашиглагдаж буй орчин үеийн технологиуд
21-Sep-2016 1344 1.0 0

Өмнөтгөл

Бичил биетэн буюу микроорганизмууд нь зөөлц болон сурвалжийн орой орчмын үрэвслийн эмгэг жамыг бүрдүүлэх хамгийн том шалтгаан болдог нь удаа дараагийн судалгаагаар тодорхой болсон. 1 Иймд орчин үеийн сувгийн эмчилгээний гол зорилго нь сурвалжийн сувгийг иж бүрнээр нь халдваргүйжүүлэх, сувагт байгаа бичил биетнүүдийг устгах, бичил биетний тэнцвэрт орчин үүсгэх, эмчилгээний дараа бичил  биетнүүд дахин халдварлахаас сэргийлэх асуудал юм.  Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд chemomechanical debridement аргачлалыг ашиглах бөгөөд энэ нь химийн гаралтай халдваргүйжүүлэх бодисуудыг механик цэвэрлэгээний аргачлалтай хавсран ашиглах арга зам юм.

Суваг угаах стандарт аргачилалууд

Sodium hypochlorite

Sodium hypochlorite (NaOCl) нь сувгийн эмчилгээний үед суваг угаах үндсэн бодис бөгөөд нянгийн эсрэг antibacterial шинж чанартай ба эдийн органик гаралтай нэгдлүүдийг уусгаж задлах чадвартай.2 NaOCl-ыг сувагт багажаар ажиллаж байх явцад хэрэглэх бөгөөд энэ нь тухайн бодисын сувагт байх хугацааг уртасгаж өгсөнөөр нян бактерт үйлчилэх хугацааг нэмж бусад төрлийн химийн бодис хавсран хэрэглэх шаардлаггүй болгоно. 3 Энэхүү суваг угаах бодисын үйлчлэлийн хүч нь тухайн бодисын концентраци, температур, орчины Ph ба хадгалалтын горимоос шалтгаална. 3 Халаасан (45–60 °C) өндөр концентрацитай (5–6 %) уусмал нь эдийг уусгах чанар өндөртэй байдаг. Гэвч хэт өндөр концентрацитай уусмал нь хэдийгээр үйлчлэл сайтай байх боловч анхаарал болгоомжгүйгээр хэрэглэвэл сурвалжийн сувгийн орой орчимын эдүүдийг цочроох үйлчлэл үзүүлнэ. Ийм эрсдлийг багасгах зорилгоор тусгай зориулалтын зохиомж бүхий эндодонтын зүү ашиглан ямар нэгэн даралтгүйгээр шингэнийг нэвчүүлэх injection technique ашиглахыг зөвлөдөг. 5

EDTA

NaOCl-ын хамгийн гол дутагдалтай тал нь наалдамхай хучуур smear layer давхаргыг арилгаж чаддаггүй явдал юм. Иймд smear layer арилгах зорилгоор NaOCl-ыг EDTA (ethylenediaminetetraacetic)-тай хавсран хэрэглэхийг зөвлөдөг. EDTA нь сувгийн доторх үйрмэг бичил хог хаягдалд агуулагдах органик бус нэгдлүүдийг уусгах чадвартай бөгөөд ихэнхдээ 17%-ийн уусмалыг түлхүү ашигладаг. Гэвч  EDTA нь NaOCl-ын antibacterial ба уусгах чадварыг бууруулдаг. Иймд энэ хоёр төрлийн уусмалыг хэзээ ч нэгэн зэрэг сувагт оруулж болохгүй. Ингэхдээ сувагт багажаар ажиллаж байх явцдаа NaOCl-р зайлж байгаад суваг хэлбэржүүлэх ажилбар дуусахаас хоёр минутын өмнө EDTA-г сувагт оруулж органик бус гаралтай үйрмэг хог хаягдал наалдамхай smear layer давхаргыг бүрэн арилгаж цэвэрлэнэ.

NaOCl-ыг хэт авиагаар идэвхжүүлэх

Сурвалжийн сувгийг хэлбэржүүлэх ажилбарын төгсгөлд хэт авиа ашиглах нь сувгийн эмчилгээний халдваргүйжүүлэлтийн чанарыг сайжруулах зайлшгүй хэрэгцээтэй чухал үе шат юм. Хэт авианы давтамжийг 25-40 kHz дээр тохируулан хэрэглэнэ.7 Хэт авианы суваг угаах үеийн үйлчилэлийн үр дүнг cavitation буюу хоосон орон зай үүсгэлт ба акустик урсгалын байдлаар үнэлнэ. Cavitation үүсэлт нь ашиглаж буй багажны үзүүрээс шалтгаалан багасах юмуу хязгаарлагдмал болдог бол акустик урсгалын үр нөлөө нь ажилбарын явцад маш чухал байдаг. 7

Хэт авиа нь шингэний молекулд эерэг болон сөрөг даралт учруулсаны улмаас хөөсөн бөмбөлөг үүснэ. Хөөсөн бөмбөлөг нь тогтворгүй бөгөөд хагарах үедээ вакуум соролт адил дотогшоо татсан хүч үүсгэдэг. Хөөсний ийнхүү томрох, жижигрэх, хагарах үйл явц нь цэвэрлэгээний үйлчилэл бүхий өндөр нөлөөтэй энергийг бүрдүүлдэг. Энэ нь NaOCl-ыг хэт авиагаар идэвхжүүлэх үед түүний сувгийг цэвэрлэх үйлчилэл гайхалтайгаар өсөн нэмэгдэх боломжийг олгох бөгөөд хэт авианы улмаас мөн шингэний урсгал түргэссэнээр суваг угаах шингэний  antibacterial шинж чанар, органик ба органик бус хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний үйлчилгээ аль аль нь өсөн нэмэгдэх нөхцөл боломжийг нээж өгдөг. 7

 NaOCl-ыг хэт авиагаар идэвжүүлэх ажилбарыг суваг тус бүрт нийтдээ 30-60 секундын турш хийх бөгөөд 10-20 сек хугацаатай 3 удаагийн (тус бүрт нь шинэ уусмал ашиглана) угаалт нь сурвалжийн сувгийг цэвэрлэх хангалттай хугацаа юм. (Зураг 1,2)

Хэт авиа нь EDTA-ын үйл ажиллагааг сайжруулахад тийм ч чухал нөлөө үзүүлж чаддаггүй. Энэ нь магадгүй EDTA-ын smear layer арилгахад нөлөө үзүүлж болзошгүй. 7 Механик ажилбарын үед үүсэх үйрмэг хог хаягдалын хуримтлал бөөгнөрөл нь хэт авиагаар идэвхжүүлсэн NaOCl-ын хүрч чаддаггүй хэсэг бөгөөд энэ нь сувгийг хэлбэржүүлэх үе шатанд ч мөн адил үр дүн муутай.8 Энэ тохиолдолд үргэлжилсэн хэт авиа үүсгэх систем ашиглах нь давуу тал болно. Энэ систем нь хэт авиагаар идэвхждэг зүү агуулна. Энэ аргачлалын тусламжтайгаар хэт авиагаар идэвхжсэн зүү нь сувгийн дотор шаардлагатай цэгт шууд хүрч цаг алдалгүй үйлчилнэ.9

 Chlorhexidine

Сувгийн халдваргүйжүүлэлтийн төгсгөлд NaOCl (органик нэгдлүүдийг уусгах) ба EDTA (smear layer-ыг арилгах) хэрэглэсний дараа 2%-ийн chlorhexidine (CHX) хэрэглэх нь илүү өргөн хүрээнд сувгийн дотоот орчны халдваргүйжүүлэлтэнд сайн нөлөө үзүүлдэг. 5,10 Гэсэн хэдий ч chlorhexidine-ы хэрэглээ нь chlorhexidine ба NaOCl нь хоорондоо урвалд орсоноор шүдний өнгийг өөрчилдөг болон эдгээрийн химийн урвалын дүнд  үүссэн  тундас нь мутац үүсгэх шинж чанартай  гэж үздэг зэргээс болж хязгаарлагдмал байдаг. Иймд chlorhexidine (CHX) хэрэглэж байгаа тохиолдолд түүнийг NaOCl-той химийн урвал үүсгэхээр байдлаар NaOCl хэрэглэсний дараа шууд үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй. 11 Энэ хоёр уусмалын харилцан үйлчилэлийг багасгах зорилгоор завсар нь спирт, физиологийн уусмал, нэрмэл ус зэргийн аль нэгээр сувгийг угааж өгөх хэрэгтэй.

 

Суваг угаалтын идэвхжүүлэлтийн системүүд

Багаж зэмсгийн  тусламжтайгаар механик аргаар цэвэрлэгээ хийх нь суваг угаах уусмал ашиглалгүйгээр сурвалжийн сувгийн доторх бичил биетнүүүдийн тоо  хэмжээг багасгах боловч  дангаар нь ашиглахад төдийлөн хангалтгүй аргачилал юм. 14 Үүнтэй нэгэн адил суваг угаах уусмалуудыг механик аргачилал ашиглалгүй дангаар нь хэрэглэх нь сувгийн дотоод нянгийн халдварыг хангалттай хэмжээнд бууруулж чаддаггүй болох нь бас судалгаагаар тогтоогдсон. 15 Иймд сүүлийн үеийн судалгаанууд нь суваг угаах зориулалттай уусмалуудыг хэрхэн механик аргаар идэвхжүүлэх боломж олгох тал дээр шинэ арга замыг олж илрүүлэхэд чиглэгдэж байна. Өнөөг хүртэл олон жилийн хугацаанд суваг угаах чиглэлээр олон аргачлалууд ба уусмалуудыг ашигласаар ирсэн бөгөөд тэдгээрийн дотор эерэг үр дүн үзүүлэх нь  бий ч бас ямарч хэрэгцээгүй зүйл ч бас бий.

Сувгийг гар аргаар зайлах аргачилал

Суваг угаах уусмалыг механик аргаар идэвхжүүлэх хамгийн энгийн аргачилал нь manual agitation technique юм. Үүнийг өөр хоорондоо ялгаатай системүүдийг ашиглан гүйцэтгэж болно. Цэвэрлэгээг хийхдээ хамгийн энгийн арга замаар зорьсон үр дүндээ хүрэх нь ердөө сувагт эндодонтын багажийг босоо чиглэлд холхиулан хөдөлгөх юм. Ийнхүү багажийг холхиулан хөдөлгөхөд суваг угаах уусмалын нэвтрэлт сайжирах бөгөөд сувгийн хананы хүрэхэд хэцүү хэсгүүдрүү багажийн дэмжлэгтэйгээр нэвтрэн орж цэвэрлэх ба сувгийн орон зайд хөөсөн бөмбөлөг үүсэх нь багасна. Гэсэн хэдий ч энэ аргачилал нь цэвэрлэгээний эцсийн үр дүнг сайжруулж чадахгүй. 17 Үүнтэй ижил төстэй аргачилал нь gutta-percha ломбоны  материалыг сувгийн дагуу оруулж суваг угаах уусмалтай хамт ломбодох аргачилал юм. Гэсэн хэдий ч энэхүү аргачилал нь сувгийн дотоод цэвэрлэгээний үр дүнг сайжруулдаг талаар баримт нотолгоо алга байна. 9,17 Харин standard taper (0.02) gutta-percha cones-ын оронд энэ зорилгоор wellfitting gutta-percha cones (increased taper) ашиглах нь илүү үр дүнтэй болох нь тогтоогдсон. Сувгийн дотоод шингэний урсгал шилжилтийг сайжруулах зорилгоор бусад төрлийн аргачлалууд буюу эндодонтын сойз, суваг угаах зориулалтын гадуураа арзгартай зүү зэргийг ашиглахыг зөвлөдөг. Эдгээр системүүд нь сувгийн хананаас smear layer-ыг арилгаж чаддаг тул EDTA-г суваг угаах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эдгээр  системүүдтэй хавсран хэрэглэх нь зүйтэй.

Машины тусламжтайгаар суваг зайлах аргачилал

Гар аргаар ажиллах системийг хувьсал болгож суваг дотор handpieces-ын тусламжтайгаар бага хурдаар эргэлдэх боломжтой зэмсэгүүд практикт нэвтэрсэн. Энэхүү машины тусламжтайгаар цэвэрлэх зэмсэгүүдэд сувгийн сойз хамаарах бөгөөд энэ нь сувгийн ажилбарын урттай тэнцэхүйц урт хэмжээтэй тул шүдний цөгцний хэсэг ба сурвалжийн дунд гуравны нэг хэсэгт ашиглахад үр дүнтэй байдаг. Үүнтэй төстэй бас нэг зэмсэг нь барзгар гадаргуутай шовх, хуванцар файлууд юм. Зарим тохиолдолд уг файл нь гадаргуу дээрээ нэмэлт хуванцар хажуугийн далбангуудтай байна. Судалгаагаар эдгээр зэмсгүүдийн ажилбарын үр дүн нь нэлээд эргэлзээтэй болох нь тогтоогдсон байдаг. Ерөнхийдөө энэ төрлийн зэмсэгүүд нь гар аргаар суваг цэвэрлэхээс дээр боловч бусад төрлийн үр ашигтай системүүдтэй харьцуулахад муу үр дүн үзүүлдэг.

 

Сувагт багажаар ажиллаж байх үедээ үргэлжилсэн байдлаар сувгийг угаах continuous irrigation аргачилал

Саявтархан шүдний сувгийн эмчилгээний салбарт нэгэн шинэ төрлийн суваг хэлбэржүүлэх систем ашиглаж байсан. Энэхүү систем нь барзгар зүлгүүр мэт гадаргуутай зэмсгүүдийг ашиглах бөгөөд сурвалжийн сувгийг үрэлт ба доргилтын хүчээр өргөсгөх явцдаа гадаргуу дээгүүр нь суваг угаагч уусмал урсах боломжийг олгодог. Энэхүү систем нь анатомын бүтцийн хувьд нэвтрэхэд түвэгтэй нарийссан хүзүүвч хэсэг, зууван хэлбэрийн суваг болон С хэлбэрийн сувагт гайхамшигтай үр дүн үзүүлж чаддаг болох нь тогтоогдсон. 19 Хэдийгээр энэ систем нь сувгийн ханыг өрөмдөх, зорох үйлчилэл нь сайн биш тул энэ нь түүний сул тал болж хэрэглээг хязгаарлах нэг шалтгаан болдог хэдий ч энэ систем  дээр нэмэлт техникүүдийг ашигласнаар сувгийг цэвэрлэх халдваргүйжүүлэх үйлчилгээг дээд зэргийн сайн болгох боломжтой. 20 Үргэлжилсэн байдлаар сувгийг угаах continuous irrigation концепцийг сурвалжийн сувгийн хэлбэржүүлэлтэнд механик зэмсгүүдийг хэт авианы хамт ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор хөгжүүлж эхэлсэн байна.  Энэ нь сувгийн хөндийг суваг хэлбэржүүлэх явцад суваг угаах уусмалаар тасралтгүй хангасны улмаас суваг маш  сайн цэвэрлэгдэж, халдваргүйжүүлэгдэх боломжийг олгодог. Гэвч энэ  аргачилал нь удалгүй сурвалжийн сувгийг маш муу хэлбэржүүлдэг болон бусад сул талуудынхаа улмаас ашиглагдахаа больсон юм.

Суваг угаах уусмалыг дуу авиагаар идэвхжүүлэх (Sonic activation)

Уусмалыг дуу авиагаар идэвхжүүлэх аргачилал нь өнөөг хүртэл сувгийг халдваргүйжүүлэхэд ашиглагддаг үр дүн сайтай аргачилалд тооцогдсоор байна. Сүүлийн үеийн ситемүүүд нь handpiece-ын зүгээс ирэх дууны давтамжийн улмаас идэвхжидэг төрөл бүрийн хэмжээ бүхий мөлгөр үзүүртэй хуванцар хошуунуудыг ашигладаг. Энэ систем нь үндсэн сувгийг маш сайн цэвэрлэх чадвартай бөгөөд smear layer-уудыг идэвхтэй арилгаснаар хажуугийн нэмэлт сувгийн ломбодох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. 17 Сүүлийн үед нэвтрээд байгаа бас нэг өөр систем нь дуу авианы давтамжаар идэвхждэг  syringe ашиглах явдал ба суваг угаах уусмалыг сувагт хүссэн газраа хүргэхийн зэрэгцээ шууд идэвхжүүлэх боломж олгоно. Дуу авианы идэвхжүүлэлт нь хэт авианы идэвхжүүлэлтээс бага давтамжийн (1–6 kHz) дуу авиа  ашигладгаараа ялгаатай. Иймд энэ системийг хэт авианы системтэй харьцуулахад үр дүн  муутай болох нь тогтоогдсон. 17,21,22

Сурвалжийн оройн negative-pressure system ашиглан суваг угаах аргачлал

Суваг угаах уусмал нь бичил биетнүүд болон сувгийн ханатай шууд харьцах нь суваг угаах үр дүнг сайжруулна. Энэ нь нэн ялангуяа сурвалжийн оройн гуравны нэг хэсгийн хувьд маш чухал хүчин зүйл юм. Суваг угаах уусмалыг сувгийн нийт уртын дагуу хангалттай түгээх, шингэний урсгалыг сайжруулах зорилгоор сурвалжийн оройн apical negative-pressure system-ийг ашигладаг бөгөөд үүний тусламжтайгаар яг тухайн газар ба мөчид суваг угаах шингэнийг шахах, соруулах боломжтой.

Энэхүү ситем нь сувгийн цөгцний ба дунд гуравны нэгт зориулсан microcannula ба сурвалжийн орой хэсэг зориулсан microcannula-гаас бүрдэх ба microcannula-ууд нь суваг угаах уусмал бүхий syringe-д холбогдож системийн aspiration system нь үзлэгийн машинтай холбогдож иж бүрдэл үүсгэнэ. (Зураг 3) Суваг угаах үед суваг угаах уусмалыг syringe-тэй холбогдсон хошуугаар зөөлцийн хөндийд оруулах бол сувагт байралсан microcannula-гууд нь шингэнийг aspiration system-ын удирдлаган дор соруулж suction hole-руу илгээнэ. Энэхүү систем нь сурвалжийн орой хэсгийг суваг угаах шингэний сэлбэгдсэн шинэ урсгалаар тасралтгүй хангаж өгнө. 23 Энэ аргачлалын талаар хийсэн олон судалгаагаар энэ аргачлал нь сувгийн оройн гуравны нэг хэсгийг суваг угаах шигэнээр маш сайн хангаж өгсөнөөр сувгийн орой хэсэг болон нэвтрэхэд хэцүү нэмэлт хэсгүүдээс шүдний үйрмэг хог хаягдлыг маш сайн цэвэрлэх бөгөөд ихэнх тохиолдлуудад суваг цэвэрлэх үр дүн нь хэт авиагаар идэвхжүүлэх  ultrasonic activation technique-тэй ижил үр дүн үзүүлдэг болохыг тогтоогдсон байдаг. 27,29 Эмнэлзүйн үйл ажиллагааны хэтийн төлвийг харахад apical negative-pressure system-ийг ultrasonic activation technique-тэй хавсран үр дүнтэй ашиглах боломжтой бөгөөд учир нь эдгээр аргачлалууд нь шингэнийг нэвтрүүлэх механизм нь өөр хоорондоо ялгаатай юм. Эдгээр аргачлалуудыг сурвалжийн оройн гуравны нэг болон бусад нэвтрэхэд хэцүү хэсгүүдийг цэвэрлэхэд өөр хоорондынх нь үйл ажиллагааг дэмжих замаар ашиглах нь зүйтэй.

Лазераар идэвхжүүлэх аргачилал

Лазерийн технологийг ашиглан суваг угаах  уусмалыг идэвхжүүлэх аргачлал нь сувгийн эмчилгээний халдваргүйжүүлэлтийн салбарт шинэ тутам хөгжиж байгаа салбар юм. Шинээр хөгжиж байгаа энэхүү аргачилал нь   laser-activated irrigation (LAI) ба photon-initiated photoacoustic streaming (PIPS) technology гэсэн хоёр үндсэн технологи дээр тулгуурлан хөгжиж байна. 30 Энэхүү харилцан үйлчилэлийн гол механизм нь лазерийн гэрлийг NaOCl-д хэрхэн үр дүнтэй шингээх асуудал юм. Энэ нь суваг угаах уусмалыг ууршуулж уурын бөмбөлөг үүсгэх ба бөмбөлөг нь хоёрдогч cavitation effects-ын улмаас томорох, хагарах үйлчилгээ үзүүлнэ. PIPS technique-н хувьд Er:YAG laser-ын хүчин дээр тулгуурлан суваг доторх уусмалд photoacoustic shock үйлчилэл үзүүлнэ. Хязгаарлагдмал хэмжээний шингэнд лазерийн гэрлээр үйлчилэхэд NaOCl-ын лазерийн гэрлийг дээд зэргээр шингээх үйлчилэлтэй хавсран богино пульс (50 μs) хугацаанд дээд зэргийн хүч гаргах явдлыг photomechanical phenomenon гэсэн ойлголтонд хамааруулдаг.30 Судалгаагаар лазер идэвхжүүлэлт бүхий  NaOCl ба NaOCl-ыг дангаар нь хэрэглэх хоёрыг харьцуулан үзэхэд бичил биетэнд нөлөөлөх хүч нь өөр хоорондоо зарчимын ялгаагүй болох нь тогтоогдсон. Бас нэг өөр судалгаагаар laser-activated irrigation (LAI) аргачилал нь in vitro орчинд сувгийн хананд үүсгэсэн нянгийн биофильмыг устгаж байгааг тогтоосон байдаг. 32 Гэвч тус судалгаан дээр LAI нь сурвалжийн сувгийн оройн гуравны нэг хэсгийн нянгийн биофильм болон халдварлагдсан тугалмайн сувагт байх бичил биетнүүдийг бүрэн цэвэрлэж чадахгүй байгааг илрүүлсэн байна. Гэсэн хэдий ч хамгийн сүүлд хийгдсэн нэгэн судалгаагаар лазерийн технологи нь сурвалжийн оройн гуравны нэг хэсгийн ихээхэн хэмжээний нянгийн агууламжид маш сайн нөлөөлж байгааг олж илрүүлсэн таатай мэдээ байна. 33

 

Суваг халдваргүйжүүлэх зориулалттай бусад нэмэлт системүүд

Дээр дурдагдсан системүүд дээр нэмэлт болгож суваг угаах уусмалыг идэвхжүүлэх, цэвэрлэгээний чадварыг нь сайжруулах чиглэлээр эндодонтын салбарт эмнэлзүйн туршилт судалгаанууд тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд сүүлийн үед судалгааны чиглэл нь суваг угаах нийтлэг аргачилалуудын альтернатив хувилбаруудыг эрж хайх  чиглэлд илүү анхаарлаа хандуулж байна. Энэ зорилгоор төрөл бүрийн бодисуудыг өөр хоорондоо ялгаатай янз бүрийн технологиудтай хавсран туршиж байгаа бөгөөд үр дүн нь ч  өөр хоорондоо харилцан адилгүй байна.

 

Photoactivated disinfection

Эндодонтын салбарт тун саяхан таницуулагдсан шинэ төрлийн аргачилал нь энэхүү photoactivated disinfection аргачилал юм. Энэ технологийн үндэс нь photosensitizing molecules буюу photosensitizer ба PS-үүдийг нянгийн гадна бүрхүүлд холбох асуудал юм. Photosensitizer-ууд нь тусгай урттай долгионоор идэвхжүүлэгдсэн байх бөгөөд чөлөөт хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэхүү ялгарсан хүчилтөрөгч нь нянгийн эсийн ханыг цоолж PS-ыг холбож өгсөнөөр PS-үүд нь бактериоцид үйлчилэл үзүүлэх боломжтой болдог. Лабораторийн эрчимтэй судалгаагаар энэхүү хоёр төрлийн бодисыг өөр хооронд нь салангид байдлаар тус тусд нь нянгийн хана болон ердийн эд дээр туршихад ямар ч үйлчилэл үзүүлэхгүй байгаа нь тогтоогдсон. Зөвхөн эдгээрийг өөр хооронд нь хавсарсан байдлаар мөн гэрлийн дор үйлчлүүлэхэд л нянгийн эсрэг үйлчилэл үзүүлдэг байна. 34

Тэгвэл   light-activated disinfection (LAD) аргачилал нь PS-ыг тусгай зориулалтын гэрлийн эх үүсвэртэй хослуулан ашиглахад тулгуурлан хөгжүүлсэн сувгийн эмчилгээний нэгэн төрлийн систем юм. PS-үүд нь бичил биетний бүрхүүлрүү довтлон холбоос үүсгээд гэрлийн эх үүсвэрээс ирэх энергийг өөртөө шингээн цэнэглэгдээд өөрөөсөө хүчилтөрөгч хэлбэрээр энерги ялгаруулах бөгөөд уг хүчилтөрөгч нь эсийн ханыг цоолж нянгийн эсэд нэвтрэн түүнийг устгадаг.  LAD аргачилал нь зөвхөн нян бактерийн эсрэг сайн үйлчилэхээс гадна бусад төрлийн бичил биетүүд болох вирус, мөөгөнцөр зэрэгт мөн сайн үйлчилдэг.  PS молекул нь хүний биеийн эсээс эрс ялгаатай төдийгүй өнөөг хүртэл энэ эмчилгээний сөрөг нөлөөний талаарх хоруу чанарын судалгааны мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна. Эмнэлзүйн хувьд суралжийн сувгийг засаж хэлбэржүүлсэний дараа PS-ыг эндодонтын зүүний тусламжтайгаар сувагт нэвтрүүлж нян бактери болон биофильм зэрэг бусад бүтэцтэй харилцан үйлчилэхийг хүлээж 60 секундын хугацаанд байлгана. Тусгай зориулалтын эндодонтын хошуу сувгийн гүнд хүртэл шургуулаад суваг бүрийг 30 сек хугацаагаар гэрлээр шарна. (Зураг 4) Энэ аргачилал нь хиймэл байдлаар халдварлуулсан сурвалжийн сувагт байгаа их хэмжээний нян бактерийн хуримтлалд үр дүнтэй үйлчилдэг болох нь лабораторийн туршилтаар батлагдсан. 35 Энэхүү аргачлалыг ашиглах үед PS-ыг сувагт дээд зэргээр нэвтрэх нөхцөл боломжийг хангаж өгөх хэрэгтэй. PS нь нян бактеритай шууд харьцах боломж бүрдүүлэх нь энэ аргачлалын үр дүнтэй байх хамгийн гол нөхцөл бөгөөд ингэж чадаагүй тохиолдолд photosensitivity үйлчилгээ огт бий болохгүй. Нэмж хэлэхэд LAD аргачилал нь зөвхөн нян бактерид бус биофильмын эсрэг мөн сайн үйлчилнэ.5 Энэ асуудалд зориулан сүүлийн үед  LAD аргачилалын биофильмийн эсрэг үйлчилэлийн чиглэлээр судалгаа хийгдэж байгаа бөгөөд photodynamic therapy-г bioactive glasses ба nanoparticles-уудтай хавсран ашиглахын ашиг тусын талаар сүүлд тайлбарлах болно. Яг одоогийн байдлаар LAD аргачилал нь суваг халдваргүйжүүлэх аргачилалуудын альтернатив хувилбар гэж хүлээн зөвшөөрөгдөх хараахан болоогүй байгаа ч өнөө үед ашиглагдаж байгаа суваг халдваргүйжүүлэх стандарт аргачилалд нэмэлт болох илүү ирээдүйтэй аргачилал болох нь тогтоогдоод байна.

Laser

Орчин үеийн суваг угаах уусмалуудын нэг томоохон дутагдал нь түүний нянгийн эсрэг үйлчилэл нь зөвхөн үндсэн гол сурвалжийн сувгаар л хязгаарлагддаг явдал юм.

Эндодонтын салбарт сурвалжийн сувгийн халдваргүйжүүлэлтийг дэмжих үүднээс хэд хэдэн төрлийн лазеруудыг ашиглаж байна. Үүнд:  diode laser, carbon dioxide laser, Er:YAG laser ба Nd:YAG laser-ууд хамаарна. Нянгийн эсрэг үйлчилэх хүч нь лазер болгоны долгионы урт ба энерги, ихэнх тохиолдлуудад дулааны харилцан үйлчилэлээс хамаарна. Лазерийн улмаас үүсэх дулааны харилцан үйлчилэл нь нянгийн эсийн ханыг гэмтээж эсийн дотоод осмос даралтыг өөрчилсөнөөр эсийг үхэлд хүргэнэ. Зарим нэг судалгаануудад лазерийн туяаны үйлчилэлийг сувгийг халдваргүйжүүүлэх аргачилалын альтернатив хувилбар биш бөгөөд зөвхөн орчин үед ашиглагдаж байгаа суваг цэвэрлэх аргачилалын нэмэлт зүйл гэж дүгнэсэн байх нь бий. 36 Шилэн кабелиар дамжин ирэх лазерийн гэрэл нь сурвалжийн сувгийн тууш дагуу үйлчилэх бөгөөд ханын зүг хажуу чиглэлээс тусгах боломжгүй. Энэ хязгаарлагдмал байдлыг арилгах үүднээс сүүлийн үед лазерийн технологийн илүү сайжруулсан хэлбэрийг хөгжүүлж байна. Энэхүү шинэ төрлийн систем нь жижиг хоолой агуулах бөгөөд тэр нь  тууш чиглэлд туссан гэрлийг ханаруу тусгаж өгөх боломжийг олгоно. Лазерийн гэрлийн тусгалд ийнхүү модификаци хийж өгсөн нь лазерийн гэрэл сувгийн хананд буй нян бактерид илүү сайн үйлчилэхийн зэрэгцээ тугалмайн сувгуудруу нэвтрэн орох боломж олгож байна. Хэдийгээр лазерийн гэрэл нь дангаараа биофильм ба бичил биетнүүдийг бүрэн устгаж чадахгүй ч үр дүн нь уламжилалт NaOCl аргачилалаас байнгын хамааралгүй байх боломжийг олгож байна. 37 Эцэст нь дүгнэж хэлэхэд өнөөг хүртэл өндөр хүчин чадалтай лазер ашигласан төхөөрөмжүүд нь сурвалжийн сувгийн халдваргүйжүүлэлтэнд үр дүнтэй талаарх шинжлэх ухааны хангалттай хэмжээний баттай нотолгоо байхгүй байна.

 

Ozone

Озон нь хүчилтөрөгчийн тогтворгүй ч хүчтэй энергитэй төлөв байдал бөгөөд усанд  маш хурдан задарч хүчилтөрөгчийн химийн идэвхтэй хэлбэрийг үүсгэдэг бөгөөд тэр нь амьд  эсийг исэлдүүлсэнээр үхэлд хүргэдэг. Иймд озоныг шүдний сувгийн эмчилгээний салбарт нянгийн эсрэг зориулалтаар ашигладаг. Гэвч энэ чиглэлээр хийгдсэн судалгаануудад озоны сурвалжийн сувагт байрлах нянгийн эсрэг үйлчилэл нь тогтвортой бус төдийгүй биофильмийн эсрэг хангалттай үйлчилж чаддаггүй болох нь тогтоогдсоныг дурдсан байдаг. Озоны нянгийн эсрэг үйлчилэл нь NaOCl-тай харьцуулахын аргагүй сул.

 

Нянгийн эсрэг үйлчилэлтэй альтернатив системүүд

Нанобичил биетүүд (Nanoparticles)

Nanoparticles гэдэг нь 1-100 нм хэмжээтэй бактерийн эсрэг шинж чанар бүхий бичил жижиг хэсгүүд  бөгөөд уламжилалт антибиотиктой харьцуулахад эмийн бодист тэсвэрлэх чанарыг бага өдөөдөг. Тухайлбал magnesium oxide, calcium oxide, zinc oxide-ын нано бичил хэсгүүд нь бактериоцид ба бактериостатик үйлчилгээтэй. Эдгээр бичил хэсгүүд нь идэвхжүүлсэн хүчилтөрөгч ялгаруулах бөгөөд тогтмол цахилгаан гүйдлийн орчинд эерэгээр цэнэглэгдсэн nanoparticles-ууд нь сөрөг цэнэгтэй нянгийн эсийн бүрхүүлтэй харилцан үйлчилж үүний үр дүнд маш их хэмжээний nanoparticles-ууд эсийн мембран дээр бөөгнөрч идэвхжүүлсэн хүчилтөрөгчөөр эсийг исэлдүүлж бактериоцид үйлчилэл үзүүлэн устгадаг. Мөн мөнгө, зэсийн оксид, цайрын оксидын нянгийн эсрэг үйлчилэлийг нь ашиглан нанобичил биет болгон ашиглаж байна. Нэмж хэлэхэд нано бичил биетүүд нь тугалмайн эдийн химийн болон физик шинжүүдийг өөрчилсөнөөр нян бактеритай үүсгэх холбооны чанар суларч нянгийн колони үүсэх биофильм хэлбэржих нь багасна. Эцсийн дүндээ нано бичил биетүүд нь сувгийн эмчилгээнд хэрхэн амжилт үзүүлэх нь түүнийг сувгийн анатомын хүндрэл бэрхшээлтэй хэсгүүдэд яаж хүргэж түгээж өгөхөөс шууд хамаардаг.

Bioactive glass

Сүүлийн үед bioactive glass ба bioactive glass-ceramics-ыг тэдгээрийн нянгийн эсрэг шинж чанараас нь болж эндодонтын эмчилгээний халдваргүйжүүлэлтэнд ашиглах сонирхол өндөр болж байгаа ч түүний нян бактеритай харилцан үйлчилэл нь эргэлзээтэй асуудал олныг дагуулсаар байна.

Ургамалын гаралтай ханд

Өнөө үед ургамалын гаралтай хандыг ашиглах нь трэнд болоод байгаа бөгөөд энэ нь түүний polyphenolic molecules-ын нянгийн эсрэг үйлчилэлтэй холбоотой. Хэдийгээр энэхүү ургамлын гаралтай нэгдэл нь нянгийн эсрэг шинж чанараараа тийм ч хангалттай биш ч олон судалгаагаар биофильм үүсэлтийг хангалттай бууруулдаг болох нь тогтоогдсон. Гэвч ямар замаар биофильмын үүсэлтэнд сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой бус байсаар байна. 5

 

Багаж ашиглалгүйгээр сурвалжийн суваг цэвэрлэх аргачлалууд

Хамгийн анх сурвалжийн сувгийг хэлбэржүүлэлгүйгээр цэвэрлэх noninstrumentation technique аргачлалын эмнэлзүйн туршилт судалгааг Lussi et al. нар гүйцэтгэсэн. 40 Энэ аргачилал нь сувгийн ханыг өргөсгөхөд зориулсан механик зэмсгүүд ашигладаггүй тул сувгийн орон зайг өргөсгөлгүйгээр тэр чигээр нь цэвэрлэхэд зориулагдсан. Сувгийг цэвэрлэхдээ бага концентрацитай NaOCl ашиглах бөгөөд суваг угаасан уусмалыг сувгаас гаргахдаа вакум соруул болон сувгийн дотор талаас шингэнд даралт учруулах цахилгаан поршень ашиглана. Энэ нь сувгийн дотор хөөсөн бөмбөлгийн хагаралын улмаас үүсэх дотоод даралт, гидродинамик шингэний хуйлралт үүсгэж NaOCl-ыг сувгийн нэмэлт салаануудруу нэвтрэх боломж олгоно. Суваг цэвэрлэх ажилбарын дараа сувгийг цементээр ломбодох бөгөөд ингэхдээ дээрхтэй төстэй вакуум конвер ашиглаж цементийг сувгийн хөндийрүү оруулна. Гэвч энэхүү аргачилал нь тогтвортой сайн үр дүн хэзээ ч үзүүлж байгаагүй тул туршилтын ширээнээс хальж зах зээлд хэзээ ч нэвтэрч байгаагүй.

Ойрын үед энэ аргачлалыг илүү боловсронгуй болгож хөгжүүлсэн бөгөөд сувгийн хөндийг нэлэнхүйд нь цэвэрлэхийн тулд өргөн зурвасын дууны долгион ашиглаж суваг угаах уусмалын хамт зөөлц, шүдний үйрмэг хог хаягдал, нян бактерийг нэгэн зэрэг сувгийн хөндийгөөс сугалж гарган авах болсон юм. Энэ талаар хийгдсэн нэгэн судалгаагаар энэхүү аргачилалын эдийг уусгах чадвар уламжилалт суваг угаах аргачилалаас хэд дахин өндөр байгаа нь тогтоогдсон байна. 4 Гэвч сувгийг засаж хэлбэржүүлэлгүйгээр суваг цэвэрлэх уг аргачилалын үйл ажиллагааны үр ашгийг үнэн зөвөөр тогтоохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна.

Дүгнэлт

Орчин үеийн мэдлэг мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийх юм  бол шүдний  сувгийн дотоод эмгэгүүд нь ихэнхдээ нянгийн гаралтай биофильм дотор агуулагдах нян бактерийн халдвараас болж үүсдэг. Биологийн үүднээс авч үзвэл шүдний сувгийн эмчилгээ нь сувагт байгаа бичил биетнүүдийг устгаж  арилгах, эдгээр бичил биетнүүүдээр дахин халдвар авах арга замыг таслан зогсооход чиглэгдэнэ. Гэвч харамсалтай нь сувгийн дотоод анатомын бүтцийн түвэгтэй байдлаас болж сувгийн хананд наалдсан нян бактерийг бүрэн авч цэвэрлэх нь хэн бүхэнд биелүүлэхэд түвэгтэй нэлээд хүнд сорилт юм. Chemomechanical preparation буюу механик багаж зэмсгийн аргачилалыг химийн гаралтай цэвэрлэгээний бодистой хавсран ашиглах аргачилал нь сувгийн дотоод орон зайг халдваргүйжүүлэх хамгийн чухал арга зам юм. Багаж зэмсгийн технологид дэвшил гарж байгаатай холбоотойгоор сурвалжийн сувгийн хэлбэржүүлэлт ч мөн  томоохон ахиц дэвшилд хүрээд байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааны гаралтай алдаа хүндрэл ч бага тохиолдох болсон. Халдварлагдсан сурвалжийн сувгийн эмчилгээнд төрөл бүрийн нянгийн эсрэг бодисууд ашиглаж  байна.

Энэ бүхэнтэй холбоотойгоор сурвалжийн орой хэсгийн хэлбэржүүлэлтийн чанарт ахиц дэвшил гарч, суваг угаах уусмалыг идэвхижүүлэх илүү сайн системүүд нэвтэрсэнээс сурвалжийн сувгийн нэвтрэхэд хэцүү бэрхшээлтэй хэсгүүдийн нян бактерийг ч өмнөхөөс илүү үр дүнтэй устгаж, цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийдэг болоод байна.  


Tag:shud magazine, эмнэлзүйн практик, сувгийн эмчилгээ, сувгийн халдваргүйжүүлэлт

Бусад мэдээлэл:






avatar