CORONECTOMY: Эмнэлзүйн тохиолдлын тайлан өгүүлэл
23-Sep-2016 0.0 0

Өмнөтгөл

Coronectomy хэмээх шүдний цөгцөн хэсгийг дангаар нь тайрах аргачлалыг анх 1984 онд Ecuyer ба Debien нар уламжлалт аргаар агт арааг авах аргачлалын альтернатив хувилбар болгон гаргаж ирсэн байдаг. Саатсан ггт арааны хүндрэл өнөөгийн байдлаар шүдний ерөнхий эмчилгээний салбарт 35,9-58,7%-ийн тархалттай байгаа гэж үздэг. Ийнхүү агт арааны асуудал ихээхэн тохиолдох болсон нь хүний зажлах эрхтэн тогтолцоонд хатуу хоол хүнснээс зөөлөн хоол хүнсрүү шилжих шилжилт өөрчилөлтийн тусгал байж болох юм гэсэн таамаглал бий.

Coronectomy гэдэг нь дээр дурдсанчилан шүдний зөвхөн цөгцөн хэсгийг тайрч авах аргачлалыг хэлнэ. Энэ аргачлалыг шүд зөвхөн босоо, мезиаль, дисталь чиглэлд өнцөг үүсгэн налсан үед л хэрэглэнэ.

Энэ аргачлалын талаар нэлээд олон тайлан өгүүлүүд нийтлэгдсэн байдаг. 1 Зарим судлаачид энэ аргачлалыг хэрэв агт араа шүд авах үед доод түүшийн мэдрэл inferior dental nerve (IDN) гэмтээх аюултай бол уламжилалт агт араа авах аргачлалын оронд хэрэглэх нь үр дүнтэй гэж зөвлөдөг. Энэ нь саатсан агт араа доод түүшийн мэдрэлтэй маш ойр байрлаж байгаа тохиолдолд юм. Coronectomy аргачлалын үед шүдний цөгцийг тайрах нь шүдний ёзоорыг чөлөөтэй шилжин хөдлөж, ургах зай гаргаж өгч байгаа явдал бөгөөд хожим уг ёзоорыг мөн авна. Эрүүнд агт араа шүдний ёзоор нь өөрөө шилжих хөдөлгөөн хийх нь доод түүшийн мэдрэл гэмтэх эрсдлийг бууруулна.

Энэ чиглэлээр хийгдсэн нэлээд олон судалгаанд coronectomy нь доод түүшийн мэдрэлийн гадаад хүчин зүйлийн нөлөөн дорх гэмтлийг хангалттай хэмжээнд бууруулдаг 5,6 бол мөн өөр төрлийн судалгаанд хүндрэлийн зэрэг бага байдаг 7 талаар дурдсан байдаг.

Хагалгааны өмнө эмнэлзүйн нөхцөл байдлыг үнэлэх: Нэн чухал асуудлууд

Orthopantomogram (OPG) шинжилгээний аргыг агт арааны хүндрэл болсон өвчтөнүүдийн хагалгааны өмнөх нөхцөл байдлыг үнэлэх үндсэн арга болгож ашигладаг байсан. Гэвч 2D хэмжээст рентген зургийн аргачилал нь хагалгааны явцад доод түүшийн мэдрэл гэмтэхэд хүргэдэг зарим нэг анатомын бүтцүүдийг нарийн харуулж чаддагггүй.

Зарим нэг рентген зургийн алдаа нь доор дурдсан зүйлстэй хамт хагалгааг гүйцэтгэхэд хүндрэл учруулна. Үүнд:

  • Шүдний сурвалж хэт хар харагдах
  • Сурвалжийн оройг  хэт нарийн харагдуулах
  • Сурвалж хэмжээний гажилттай харагдах
  • Доод түүшийн мэдрэлийн сувгийн салаалалт нарийн харагдах
  • Доод түүшийн мэдрэлийн цагаан  зурвас тасалдаж харагдах

Өгөгдсөн нөхцөл байдалд  coronectomy нь доод түүшийн мэдрэлийг гэмтээхгүй байх хамгийн зөв аргачилал юм.

Computed tomography (CT) ашиглан шүд ба доод түүшийн хоорондын харьцааг 3 хэмжээст орчинд үнэлэх нь оношилгооны маш чухал хүчин зүйл болно. Гэвч энд хоёр томоохон сул тал байгаа нь өртөг өндөр байх болон цацраг туяанд илүү удаан хугацаанд байх асуудал юм.

Тохиолдол 1

29 настай эмэгтэй, 38-р шүд өвдсөн гэсэн үндсэн зовиуртай. Бодит үзлэгээр тухайн шүдний орчим перикоронарит үүссэн, улайлттай, өвчтөн өөрөө шүдээ авхуулах хүсэлтэй.

Рентген зургийн шинжилгээгээр агт араа шүдний сурвалжийн орой хэсэг доод түүшийн  мэдрэлтэй  ойр байгааг илрүүлэв. Агт арааг авах үед учруулах шахалтын хүч нь доод түүшийн мэдрэлийг дарсаны улмаас доод уруул  хэсэг хугацаанд мэдээгүйжих хүндрэл үүсч болзошгүй болохыг өвчтөнд тайлбарлаж өгөв. Агт араа авсаны дараа үүсч болзошгүй хүндрэлийн талаар өвчтөн мэдээлэлтэй болсоны үндсэн дээр агт арааг авхуулахаас татгалзав. Учир нь тэрээр доод түүүшийн мэдрэлийн гэмтлийн улмаас үүсэх ямар нэгэн эрсдэлд орохыг хүсэхгүй байлаа.

Иймд өвчтөнтэй зөвлөлдсөний дүнд coronectomy хувилбарыг санал болгож, гүйцэтгэхээр болов. Шүдний ёзоор доод түүшийн мэдрэлээс зайтай болж шилжсэний дараа хожуу ёзоорыг  авахаар төлөвлөв.

Өвчтөн өөр хоорондоо 6 сарын зайтай хоёр удаагийн хөнгөн хэлбэрийн мэс засалд орсон бөгөөд хагалгааны дараа ноцтой таагүй байдал ба хүндрэл үүсээгүй болохыг тэмдэглэсэн байна.

Зураг 1: Дисталь хэсэгтээ ясанд тулж саатсан агт араа. Рентген зурган дээр агт арааны сурвалжийн орой доод түүшийн мэдрэлийн сувгийн дээд ханатай маш ойр байгаа нь харагдаж байна.

Зураг 2: Хэсгийн мэдээ алдуулалтан дор цөгцний хэсгийг тайрсан байдал. Рентген зургаас харахад шүдний ёзоор 6 сарын дотор дээшээ 2мм хэмжээнд шилжсэн байна.

Зураг 3: Шүдний ёзоорыг luxatory mechanism ашиглан авсан байдал

 

Тохиолдол 2

23 настай эрэгтэй, эрүүний баруун талын хоёрдугаар их араа шүдний орчимд хүчтэй өвдөж байгаа зовиуртай. Рентген зургийн шинжилгээгээр 47-р шүд томоохон хэмжээний цооролтой, 48-р шүд мезиаль хэсгээрээ тулж саатсан байгааг илрүүлэв.

Эмчилгээний төлөвлөгөөнд 47-р шүд ба 15-р шүдний ёзоорын үлдэгдлийг авах, 48-р шүдэнд coronectomy ажилбарыг шүд авч байх явцад гүйцэтгэхээр тусгав. Өвчтөн эмчилгээний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн болно.

8 сарын дараа хоёр дахь удаагийн мэс заслаар агт арааны ёзоор доод түүшийн мэдрэлээс холдож нүүсэн байсан тул 48-р шүдний ёзоорыг аваад 47-р шүдний орон зайд имплант суулгаж өгөв.

Мэс ажилбарын дараа ямар нэгэн зовиур ба хүндрэл байхгүй болохыг өвчтөн илэрхийлсэн бөгөөд одоо 47-р шүдний имплантан дээр хийгдэх бүрээсээ хүлээж байгаа болно.

Зураг 4: 48-р шүдний сурвалж доод түүшийн мэдрэлтэй давхцсан байна.

Зураг 5: Эмчилгээний анхдагч төлөвлөгөө 47 ба 15-р шүдийг авах 48-р шүдэнд  coronectomy хийх. Мэс заслын дараа 15 ба 47-р шүдний оронд имплант суулгах

Зураг 6: 8 сарын дараа хоёр дахь мэс ажилбарыг гүйцэтгэв. 48-р шүдний ёзоор доод түүшин мэдрэлээс 6мм зайд шилжсэн байна. 47-р шүдний орон зайд имплант суулгав.

Зураг 7: 48-р шүдний сурвалжийг авсаны дараа тэр хэсэгт хиймэл яс суулгав. 47-р шүд бүрээс хийлгэхээр хүлээж буй байдал

 

Хэлцэмж

 Coronectomy-г агт араа шүдний сурвалж доод түүшийн мэдрэлтэй хэт ойр байрлаж байх үед  агт араа шүд авах уламжилалт аргын оронд хэрэглэдэг аюул багатай альтернатив хувилбар гэж үздэг. Энэхүү аргачилал нь шүдний салбарын олон хэвлэлд нийтлэгдэж баталгаажсан. Энэ аргачилал нь бага, залуу хүмүүст эсвэл агт араа авсаны дараах мэдрэлийн гаралтай таагүй байдлыг тэсвэрлэх тэвчээр муутай хүмүүст зохимжтой.

Доод түүшийн мэдрэлийг гэмтээх нь маш өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг сайтар ойлгох нь чухал. Агт араа авсаны дараа доод түүшийн мэдрэлийн гэмтэл 0,4-8,4% тохиолддог.

Coronectomy хийхэд өвчтөний сонголт хамгийн чухал хүчин зүйл юм. Шаардлагатай үед байнга хяналтанд байлгаж сурвалжийн байдлыг рентген зургаар хянаж байх нь маш чухал. Хагалгааны дараах хүндрэлээс сэргийлэх үндсэн хүчин зүйл нь өвчтөний зовиур ба эдгэрэлтийг байнгын хянаж ажиглах явдал юм.

Хэвлэлийн тойм

Matzen (2013) анх удаа CT-г эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа ашиглахыг зөвлөсөн. Тэрээр доод түүшийн мэдрэлийн нарийссан хэсэгтэй шууд харьцаж илрүүлэхийг санал болгосон. CT зургийн тусламжтайгаар сурвалжийн орой орчимд тахир муруйлт үүсгэсэн доод түүшийн мэдрэлийн сувгийг олж илрүүлэх нь coronectomy хийх эсэхийг шийдвэрлэх чухал хүчин зүйл болохыг дурдсан байна. 9

2004 онд Pogrel 41 өвчтөнд 50 coronectomy хийгээд энэхүү ажилбар нь доод түүшийн мэдрэлийг гэмтээх эрсдэлэс сэргийлж байгаа болохыг олж тогтоосон байна. 7                Renton (2005) агт арааны сурвалж нь доод түүшийн мэдрэлд ойр байралсан 128 өвчтөнийг санамсаргүй түүврийн байдлаар түүвэрлэн авч 102 өвчтөний шүдийг уламжлалт аргаар, 94 өвчтөний шүдийг coronectomy аргаар авсан байна. Үр дүнд шүд авсаны дараа 19 шүдэнд доод түүшийн мэдрэл гэмтсэн бол  coronectomy хийсний дараа хүндрэл гараагүй байна. 8

 Cheung ба Leung нар 231 өвчтөний 349 доод агт араа шүдийг авахад (171 coronectomy 178 хяналтын) хяналтын бүлгийн 9 өвчтөнд доод түүшийн мэдрэлийн гэмтэл үүссэн бол coronectomy бүлгээс зөвхөн нэг шүдэнд асуудал үүссэн байна (p = 0.023). Өвдөлт ба шүдний оромны хуурайшилт   coronectomy бүлэгт хангалттай хэмжээнд бага байлаа. Хоёр бүлгийн хооронд халдварын зэрэгээр статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц ялгаа байхгүй байлаа. 5,6

Sencimen (2010) 10 өвчтөний доод түүшийн мэдрэлд ойр 16 агт арааг судалсан байна. Судалгааны бүлэгт coronectomy ба сувгийн эмчилгээ хийсэн бол хяналтын бүлэгт сувгийн эмчилгээ хийлгүйгээр зөвхөн coronectomy хийсэн байна. Өвчтөнийг нэг жилийн хугацаанд хяналтанд байлгаж байнга үзэж байсан байна. Хэдийгээр coronectomy аргачилал нь доод түүшийн мэдрэл гэмтэхээс хангалттай хэмжээнд хамгаалах аргачилал болох нь тогтоогдсон ч сувгийн эмчилгээ түүний амжилтын үзүүлэлтэнд ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг илрүүлсэн байна. 4

Patel (2013) киста бүхий 21 өвчтөнд coronectomy-ын үр дүнг судалсан байна. Нэг өвчтөнд доод түүшийн мэдрэлийн гэмтэл илэрсэн боловч эрүүний хугарал ба киста дахин үүсэлт ажиглагдаагүй байна. Нэг өвчтөнд шүдний ёзоор саатсаны улмаас дахин мэс ажилбар хийсэн байна. Patel саатсан сурвалжийн чиглэлээр урт хугацааны мөшгилт судалгаа хийх шаардлагатай байгааг зөвлөсөн байна. 3

Coronectomy нь кистаны улмаас саатсан шүдэнд хийхэд хамгийн үр дүнтэй арга бөгөөд энэхүү саатлын үед ердийн аргаар шүд авах үед доод түүшийн мэдрэл гэмтэх, эрүү хугарах хүндрэлүүд үүсдэг.

 

Coronectomy хийх өвчтөн сонгох зааварчилгаа

Coronectomy ажилбарын амжилт нь тасдаж үлдээсэн сурвалжийн хэсгийн амьдрах чадвар буюу түүний эргэн тойронд osteocementum ба яс хэрхэн үүүсч байгаагаас шалтгаална.

Дараах нөхцөл байдлууд нь эсрэг заалт болно

  1. Шүд гүнзгий бөгөөд идэвхтэй явцтай цооролд өртсөн бол. Сурвалжийн оройн үрэвсэл ба шүдний оромны үрэвсэл үүссэн бол
  2. Хөндлөн хэлбэрээр саатсан шүд нь хавдар ба томоохон хэмжээний кистатай хавсарсан бол
  3. Эрхтэн тогтолцооны өвчин, дархлалын тогтолцоог ноцтой гэмтээгч өвчнүүд (ДОХ) химийн эмчилгээ, туяаны эмчилгээ хийлгэж байгаа бол. Дархлалын системийг дарангуйлагч эм хэрэглэж байгаа үед
  4. 30-аас дээш настай бол

 

Дүгнэлт

  1. Coronectomy нь доод түүшийн мэдрэлд гэмтэл учруулж болохуйц байршилтай агт арааг авахад ашиглаж болохуйц аргачлал юм
  2. Энэхүү аргачлал нь хагалгааны дараах хүндрэл бага байхад нөлөөлдөг боловч дараагийн удаа сурвалжийг авахын тулд заавал хоёрдахь удаа мэс ажилбар хийх  шаардлагатай. 2
  3. Агт араа шүдтэй холбоотой бусад төрлийн эмгэг бүхий хүмүүст coronectomy хийх боломжгүй
  4. Coronectomy мэс ажилбарын үед сувгийн эмчилгээ заавал хийх шаардлагагүй.
  5. Өвчтөн энэхүү ажилбарыг хийлгэсний дараа  хяналтын зорилгоор шүдний рентген зургийг авхуулах нь чухал гэдгийг ойлгосон байх хэрэгтэй.

 

Ном зүй:

1.Gady J, Mark C. Coronectomy indications, outcomes and description of technique. Atlas of Oral and Maxillofacial Surgery, 2013; 21(2):221-226.

2. O’Riordan B. Coronectomy (Intentional partial odontectomy of lower third molars). OS OM OP OR and Endo, 2004; 98(3):274-280.

3. Patel V, Sproat C, Samani M, Kwok J, McGurk M. Unerupted teeth associated with dentigerous cysts and treated with coronectomy: Mini case series. BJ of OMFS, 2013; 51(7):644-649.

4. Sencimen M, Aydin C, Aydintug Y, Ozyigit A, Ozen T, Gunaydin Y. Is endodontic treatment necessary during coronectomy procedure? Oral Maxfac Surg 2010.

5. Leung Y, Cheung LK. Safety of coronectomy versus excision of wisdom teeth: A randomised controlled trial. OM OS OR and Endo, 2009; 108(6):821-827.

6. Leung M, Cheung LK. Root Migration and morbidities after coronectomy of lower third molar: A five-year prospective study conference paper, Asian Congress in Oral and Maxfac Surg, 2014.

7. Pogrel MA, Lee J, Muff D. Coronectomy: A technique to protect the inferior alveolar nerve. J Oral Maxfac Surg, 2004; 62(12):1447-1452.

8. Renton T, Hankins M, Sproate C, McGurk M. A randomised controlled clinical trail to compare the incidence of injury to the inferior alveolar nerve as a result of coronectomy and removal of mandibular third molars. British J of Oral Maxillofacial Surgery, 2005; 43(1):7-12.

9.Matzen LH, Christensen J, Hintze H, Schou S, Wenzel A. Influence of cone-beam CT on treatment plan before surgical intervention of mandibular third molars and impact of radiographic factors on deciding on coronectomy versus surgical removal. Dento-Maxillo-Facial Radiology, 2013; 42(1):98870341.

 

 

 


Tag:мэс засал, агт араа, coronectomy, эмнэлзүйн практик, shud magazine

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar