Digital impression systems: Шүдэлбэрийн технологийн салбарт ашиглагдаж буй дижитал хэв авалтын технологи
27-Sep-2016 611 5.0 0

Өмнөтгөл

Аливаа шүдэлбэрийг шууд бус дам аргаар амжилттай хийж гүйцэтгэх нь маш олон хүчин зүйлсээс шалтгаална. Эмч нар ихэнхдээ шүд засах дизайн, хэвний материал, нөхөн сэргээх материал, наах цементүүд болон мэдээж эдгээрт шаардагдах өртөг зардал дээр ихэвчилэн анхаарлаа хандуулдаг. Эдгээр хүчин зүйл болгон нь тус тусдаа эцсийн шатанд шүдэлбэр амжилттай болох уу, алдаатай болох уу  гэдэгт өөрийн хувь нэмрийг оруулдаг бол өвчтөний хувьд шүдний тусламж үйлчилгээнээс авсан бас нэгэн хувийн туршлага болж ой санамжид үлддэг. Өвчтөн шүдэлбэр бэлтгэхэд шаардлагатай тэр бүх материал технологиудын тухай мэдэхгүй ч ганцхан зүйлийг маш тод санадаг нь хэв авалт юм. Хэв авах материалаас авхуулаад хэв хэрхэн авч  байсан техник хүртэл өвчтөнд шүдний салбарын тухай хамгийн сайн санах, ой санамжуудын нэг юм. Иймд хэв авалт гэдэг нь шүдэлбэр бэлтгэх үе шатанд шүдэлбэрийн чанар төдийгүй өвчтөний ой санамжид нөлөөлөх хамгийн чухал үе шат юм.  

Шүдний салбарын CAD/CAM системийн товч түүх

CAD/CAM технологийг шүдний салбарт бараг 30 гаран жил ашиглаж байна. Duret хэмээх судлаач анх 1971 онд технологийн салбарт digital revolution-ы үүдийг нээсэн. 1 Шүдний салбарт анх удаа Mörmann дижитал концепцийг нэвтрүүлж 1987 онд CEREC I системийг бүтээсэн. Нэгдүгээр үеийн энэхүү CEREC систем нь ашиглахад тийм ч хялбар биш байсан тул зөвхөн Inlay болон Onlay бэлтгэхэд ашигладаг байлаа. Үүний дараа CEREC системийг Sirona фирм өөр дээрээ авч хөгжүүлэлтийг улам сайжруулсан бөгөөд түүний ачаар CEREC өнөөг хүртэл зах зээл дээр оршин тогтнож шүдний салбарын дижитал төхөөрөмжүүдийн эцэг хэмээн нэрлэгдэх болжээ. CEREC систем нь 2007 онд зах зээлд E4D Technologies нэвтрэхээс өмнө өрсөлдөгчгүй цорын ганц chairside CAD/CAM system-д тооцогддог байлаа. 3 Гэвч сүүлийн жилүүдэд энэ салбарт өрсөлдөгчид гарч ирж зах зээлд төрөл бүрийн дижитал төхөөрөмжүүдээ таницуулсаар байна. Иймд өнөө үед шүдний салбарын дижитал ертөнцөд нэвтэрэхэд сонголт өргөн болсон бөгөөд эмч нар өөрийн хүсэл сонирхол, боломжид тохируулан ямар ч  төхөөрөмж сонгох боломжтой болоод байна.

Анх CEREC систем зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн цагаас CAD/CAM ситемүүд нь шүдний салбарт томоохон өөрчлөлт шинэчилэлтийг авч ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд шүдний салбарын нүүр царайг бүхлээр нь өөрчлөөд байна. CAD/CAM dentistry хэмээх концепци нь өвчтөнд нэг удаагийн ирэлтээр scanning, designing, milling технологийн тусламжтайгаар газар дээр нь шүдэлбэр бэлтгэж өгөх үйл явц юм. Энэхүү концепц нь шүдэлбэр бэлтгэхэд шаардагдах лабораторийн бүх ажилбарыг виртуаль орчинд орлуулах боломж олгосон ч төгсгөлийн шатанд шаардлагатай материалын хувьд харьцангуй хязгаарлагдмал байдаг нь түүний сул тал болдог байсан байна. Гэвч сүүлийн жилүүдэд сканнерийн системүүд бүр илүү боловсронгуй болох чиглэлд хөгжиж байгаа нь CAD/CAM концепцийн хувьд дахин сэргэх шинэ нөхцөл боломжийг олгоод байна. Энэ хэрээр CAD/CAM технологид ашиглагдах материалуудын нэр төрөл хүрээгээ тэлж улам өргөн сонголттой болсоор байгааг та интернэтийн мэдээллээс хялбархан ажиглаж болно. Өнөө үед ашиглагдаж байгаа  CAD/CAM машинууд нь зөвхөн уламжлалт inlay, onlay ба бүрээс бэлтгэх төдийгүй өөрт ашиглагдаж буй  digital impressions хэв авалтын төхөөрөмжүүдийнхээ тусламжтайгаар уламжлалт хэв  авах аргын тусламжтай бэлтгэдэг бүх төрлийн шүдэлбэрийг бэлтгэх чадвартай болсон.

CAD/CAM технологийн салбарын шилдэг экспертүүдийн нэг Dr. Daniel Wismeijer орчин үеийн digital dentistry салбарыг “Хэдийгээр өвчтөний аманд очиж буй эцсийн бүтээгдэхүүн нь аналог боловч түнийг бэлтгэн нийлүүлж байгаа бүх үе шат нь дижитал чиг хандлагаруу шилжээд байна” гэж онцлон тодорхойлсон байна. 4

Орчин үеийн дижитал төхөөрөмжүүдийн нарийвчилал

Өнөө үеийн сканнерийн системүүд нь нүдэндээ итгэхийн аргагүй өндөр нарийвчлалтай болоод байгааг олон судалгааны баримтуудаас харж болно. Уламжлалт гөлтгөнөн загвараас сканнерийн тусламжтай гарган авсан stereolithography (.STL) загвар нь хамгийн бага дүрсний гажилттай болохыг олон судалгаагаар баталгаажуулсан байдаг. 6 Эдгээр загваруудыг хэт ягаан туяаны тусламжтайгаар хатууруулдаг хуванцараар бэлтгэдэг. Энэ нь сканнерийн тусламжтайгаар гарган авсан .STL өргөтгөлтэй файлыг ашиглан өндөр нарийвчлалтай загвар бэлтгэх нэмэлт аргачилал юм.7 Энэхүү аргаар бэлтгэсэн загварууд нь угааж арчих боломжтой, гарын ая даах тул удаан хугацаанд үргэлжилэх эмчилгээний явцад хяналтын загварын зорилгоор ашигладаг.

Шүдэлбэрийг бүтээх технологийн ажилбар ч мөн гайхамшигтай өндөр нарийвчилалтай болоод байна. Бэлэн болсон шүдэлбэрийн хувьд анатомын хэлбэр дүрс гэдэг зөвхөн нэг л асуудал нь бол зөвхөн энэ асуудал л гэхэд өнөөг хүртэл 30 гаран жилийн турш туршигдаж шалгагдсан байдаг. Анхны загваруудын үед анатомын хэлбэрийг  нарийвчилан гаргахын тулд  өрмийн handpiece ашигладаг байсан байна. 1 Тэр үед хоршихуйн анатомын асуудал бараг дурдагддаггүй байсан бол маржин хэсгийн болон бүрээсэн доторх таарамжийн асуудал бүрэн орхигдсон байлаа. Тэгвэл сүүлийн үед хийгдсэн судалгаагаар дижитал аргаар гарган авсан бүрээсний маржин хэсгийн таарамж уламжилалт  аргаар бэлтгэсэн бүрээснээс хамаагүй өндөр байгаа болох нь тогтоогдсон байна. Бүрээсний дотоод таарамжийн асуудал өнөөдөр боломжийн түвшинд хүрсэн ч үүнийг уламжилалт аргаар бэлтгэхээс давуу гэж үзэх аргагүй гэж тэмдэглэсэн байна. 8-10

Дижитал төхөөрөмжүүдийн бас нэг хүрсэн томоохон амжилт нь ажилбар бэлтгэх процессийн хурд юм. Дижитал сканнер ашиглан хэв авах нийт цаг хугацааг уламжилалт аргаар хэв авах аргачилалын хугацаатай харьцуулахад  дижитал хэв авалт хамаагүй хурдан байсан байна. Нэлээд олон дижитал хэв авах төхөөрөмжүүдийг туршиж үзэхэд дунджаар уламжилалт аргаас 23 минут хүртэл хугацаагаар илүү хурдан байсан байна. 11

Нээлттэй ба Хаалттай системүүд

Дижитал хэв авалтын төхөөрөмжүүд нь өөр хоорондоо ялгаатай хоёр үндсэн ангилал буюу Нээлттэй ба Хаалттай системүүдийн аль нэгэнд нь хамаардаг. Энэ хоёр системийн алийг нь хэрэглэж байгаагаас нь шалтгаалан аль дижитал хэв авалтын төхөөрөмжийг ямар лабораторийн төхөөрөмжтэй холбож болох эсхийг тодорхойлно.

Нээлттэй системүүд нь .STL өргөтгөл бүхий файлын систем ашигладаг. Энэхүү файлын ситемийг өнөө үеийн ихэнх CAD ситемүүд таньж унших чадвартай. Эдгээр файлыг мөн маш амархан share хийж түгээх боломжой. Эдгээр файлуудыг ямарч лабораториос маш хялбархан татаж авах боломжтой бөгөөд түүнийгээ төрөл бүрийн программ хангамжуудаар боловсруулан дизайн болвсруулдаг болон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг төхөөрөмжүүдэд нэгтгэж өгөх боломжтой. Мөн .STL өргөтгөл бүхий файлуудыг шүдний эмнэлгийн үзлэгийн өрөөний зориулалттай олон CAD/CAM төхөөрөмжүүдэд уншуулж болно. Нээлттэй систем ашиглахын давуу тал нь дизайн болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн маш олон боломжуудыг таньд олгох болно.

Хаалттай системүүд нь мөн .STL өргөтгөлтэй файл боловсруулах боловч түүнийг зөвхөн түүнд зориулсан тусгай зориулалтын хаалттай программ хангамжаар л нээж уншиж болохоороо ялгаатай. Хаалттай системийн файл дамжуулалт нь ихэвчлэн хувь хүний өмчлөлийн асуудалд тулгуурладаг. Хэдийгээр өнөөдөр шүдэлбэрийн болон гажиг заслын зориулалттай олон төрлийн хаалттай системүүдийг ашиглаж байгаа боловч тэдгээрийн өөр хоорондоо болон бусад төхөөрөмжүүдтэй холбогдох байдал нь нээлттэй системүүд  шиг тийм ч олон бус. CEREC бол хаалттай системийн томоохон төлөөлөгч юм. CEREC сканнер нь зөвхөн CEREC mills ба CEREC in lab төхөөрөмжүүдтэйгээ л зохицож ажиллахад зориулагдсан байдаг.

Өнөө үед ашиглагдаж буй дижитал системүүд

Өнөөгийн шүдний технологийн зах зээл нь үндсэндээ дижитал төхөөрөмжүүдээр бялхаж байна. Төхөөмөржүүдийн hardware ба software-ын байнгын хөгжүүлэлтийн үндсэн дээр шүдний эмнэлгийн үзлэгийн өрөөний зориулалттай сайн төхөөрөмжүүд нийлүүлэгдсээр байна. Өнөөдөр зах зээлд дээр худалдаалагдаж буй энэ олон системүүдийг өөр хооронд нь харьцуулах нь тийм ч хялбар ажил биш юм. Иймд энэхүү өгүүлэлд зөвхөн зах зээлд худалдаалагдаж буй шилдэг бүтээгдэхүүнүүдийг л өөр хооронд нь харьцуулах зорилго тавьсан болно. 13

3M™ True Definition Scanner

2007 онд 3М компани Brontes Technologies компаниас дижитал сканнерийн технологийг өөрийн болгосны дараа Lava™ брэнд нэрийн дор Chairside Oral Scanner C.O.S. төхөөрөмжийг худалдаанд гаргасан байна. Энэхүү систем нь өөрийн гэсэн маш олон давуу талтай  боловч бас зарим нэг сул талтай байлаа.

Гэвч 3М компани энэхүү төхөөрөмжийн хөгжүүлэлтийг тасралтгүй сайжруулсанаар 2012 онд  3M™ True Definition Scanner-ыг зах зээлд нэвтрүүлсэнээ зарласан юм. Шинэ бүтээгдэхүүн нь үнэ өртгийн хувьд боломжийн дээр нэлээд хэдэн шинж чанараар нь гайхамшигтай бүтээгдэхүүн гэж үзэх үндэслэлтэй болсон юм. Уг систем нь зураг авалтын үед 3D-in-motion video технологи ашиглахын дээр яг сканнер хийж байх явцдаа real time нөхцөлд дижитал датагаа  боловсруулдагаараа давуу талтай. Энэ систем нь бүхлээрээ нээлттэй систем ангилалд  хамаарах тул стандарт .STL файл унших чадвартай ямарч төхөөрөмжтэй холбогдох чадвартай. Төхөөрөмж нээлттэй системд ажиллахын давуу тал нь маш олон төхөөрөмжүүдтэй холбогдон төрөл бүрийн шүдэлбэр, тухайлбал: бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр, inlay, onlay, хэсгийн авагддаг шүдэлбэр, бүрэн шүдэлбэр, загвар, гажиг заслын зэмсгүүд бэлтгэх дэрэг маш олон боломжуудыг олгоно. Мөн энэхүү сканнер нь нэлээд олон төрлийн шүдний үзлэгийн өрөөний зориулалттай шууд бус (indirect) CAD/CAM төхөөрөмжүүдтэй холбогдож чадна. Сканнер ерөнхийдөө зөөврийн байдлаар ажиллахад зорулагдсан тул үзлэгийн өрөө хооронд, эмч нарын хооронд зөөхөд маш хялбархан. Энэ системийн сул тал мөн олон. Энэ сканнераар амны хөндийд скан хийхийн тул заавал зориулалтын нунтаг powder цацах шаардлагатай байдаг. Энэхүү нунтагийг маш нимгэн байдлаар скан хийх гадаргуу бүр дээр цацаж өгөх шаардлагатай. Судалгаагаар ийнхүү нунтаг цацаж скан хийх нь нунтаггүй шууд скан хийхээс илүү чанартай болох нь тогтоогдсон. 14

PlanScan

Финляндын Planmeca фирмийн бүтээгдэхүүн PlanScan дижитал сканнер нь мөн нээлттэй систем ашигладаг бөгөөд маш олон лабораторийн төхөөрөмжүүдтэй холбогдон ажиллах боломжтой. Энэ сканнер нь цэнхэр лазерийн технологи ашиглаж видео зураг авдаг.

Үндсэн зориулалтаараа бол PlanScan сканнер нь PlanMill40 зорох төхөөрөмжтэй хамтан CAD/CAM-ын иж бүрдэл болдог. Энэхүү сканнерийн систем нь амны хөндийн хэв авахдаа Lava™-ын сканнертай ижил нунтаг зүйл ашиглахгүй боловч зарим нэг гадаргуугийн дүрсийг илүү нарийвчлалтай гаргах шаардлагатай бол зориулалтын шингэн ашигладаг. Сканнерийн боловсруулж буй зураг нь өнгөт байдаг ч амны хөндийн дүрслэлийг бүрэн гаргахад бас зарим нэг учир дутагдалтай. Энэхүү дижитал сканнерийг маш олон төрлийн шүдэлбэр үйлдвэрлэхэд ашиглах боломжтой. Нэг дутагдалтай тал нь энэхүү сканнерийн иж бүрдэл нь шүдний гажиг заслын зэмсэг үйлдвэрлэхэд ашиглах боломжгүй. Сканнерийн маш том давуу тал нь сканнердсан дүрсээ баллуурдаж устагаад тэр хэсгээ дахин сканнердах боломжтой. Сканнерийн иж бүрдэл нь зөөврийн компьютер дээр тулгуурлан хийгдсэн тул зөөвөрлөхөд хялбар.

TRIOS®

Дараагийн гайхамшигтай өндөр нарийвчилал бүхий нээлттэй сканнер бол 3Shape фирмийн бүтээгдэхүүн TRIOS® сканнер юм. Энэхүү сканнерийг ашиглан олон тооны шүд нөхөн сэргээх болон имплантын ажилбарууд гүйцэтгэх боломжтой.

Одоогоор энэ сканнер нь шүдний гажиг заслын зэмсэгт хараахан ашиглах боломжгүй байна. Зургийг өндөр хурдны шугаман лазерийн технологиор буулган авах тул яг амны хөндийн бодит өнгийг үзүүлдэг. Сканнер хийхэд нунтаг цацах шаардлагагүй. Сканнерийн их бие ба гар зөөврийн төхөөрөмж дээр байрладаг ч түүнийг бас зөөврийн компьютертэй холбон ашиглах боломжтой. Үзлэгийн өрөөний зориулалттай сканнер нь Planmeca фирмийн PlanMill 40 төхөөрөмжтөй зохицон ажиллана. Энэ системийн хамгийн гол чухал үзүүлэлт нь өнгийг зөв гаргадаг асуудал юм. Энэ сканнерийн хамгийн гол дутагдал нь түүний өндөр үнэ. Одоогийн байдлаар энэ нь зах зээл дээр оршин буй хамгийн өндөр үнэтэй сканнерт тооцогдож байна.

iTero® and iTero® Element™

Align Technologies фирмийн хөгжүүлсэн iTero сканнер нь тус фирмийн нээлттэй систем бүхий сканнеруудын хамгийн эхнийх юм. iTero Element нь сүүлд шинэчилсэн хувилбар.

Энэхүү сканнерийг ашиглан төрөл бүрийн нөхөн сэргээх ажилбар, имплант, гажиг заслын зэмсэг үйлдвэрлэх боломжтой. Зургийн өндөр нарийвчлалыг laser confocal point, stitch method аргачлалаар гарган авах ба өнгийг бодитоор дүрсэлдэг. Энэхүү сканнерийн систем нь үзлэгийн өрөөний зориулалттай iOs TS150 зорогч машинтай холбогдно. Шинэчилсэн iTero Element сканнер нь тус фирмийн нэр дээр патентлагдсан dual-aperture lens system ашигладаг тул зургийн нарийвчилал, зураг авах хурд улам сайжирсан байна. iTero Element сканнер нь одоогоор зөвхөн гажиг заслын зориулалтаар ашиглагдаж байгаа бөгөөд бусад салбарт нэвтэрч хараахан амжаагүй байна.

Carestream CS3500

Carestream CS3500 сканнер нь дижитал хэв авалтын салбарт харьцангуй сүүлд нэвтэрсэн сканнер юм. Тус сканнер нь нээлттэй систем ашигладаг бөгөөд цэгэн лазер ба stitch technology ашиглан дүрсийг буулгаж авдаг.

Энэ сканнер нь хэсэг тус бүр дээр эмчийн зүгээс цэгчилсэн даралт өгөх байдлаар эдийн дүрсийг буулгаж авдаг. Өнгийг маш бодитоор дүрслэн харуулдаг. Нээлттэй систем тул шүд нөхөн сэргээх ба имплант, гажиг заслын зэрэг бүх салбарт ашиглах боломжтой. Гэхдээ одоохондоо уг сканнерийг гажиг заслын зэмсгийн эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад ашиглаж болох хэдий ч гажиг заслын зэмсэг үйлдвэрлэхэд зориулсан программ хангамж хараахан гараагүй байна.

CEREC Omnicam

CEREC систем нь хаалттай үйл ажиллагаа бүхий хэд хэдэн сканнерийн системийг өөртөө агуулна. Гэвч хаалттай гэхээрээ л сканнерийн хүчин чадал бас хаалттай гэж ойлгож болохгүй юм.

CEREC-ийн үзлэгийн өрөөний зориулалтын сканнерт нэлээд хэдэн янзын нөхөн сэргээх, шүдэлбэр үйлдвэрлэх зориулалтын хүчин чадал байх боловч лабораторийн ажилбар гүйцэтгэх шаардлагатай бол CEREC inLab сканнерийг ашигладаг. CEREC Omnicam сканнер нь нэлээд хэдэн төрлийн зорогч машинуудтай холбогдоно. Omnicam төрлийн сканнер нь CEREC-ийн хамгийн хүчирхэг сканнерууд юм. Дүрсийг гаргахдаа заавал нунтаг цацах шаардлагагүй. Өнгийг бодитоор дүрслэнэ. Дүрсийг өндөр хурдны confocal point-and-stitch method аргачилалаар буулгаж авна. Сканнер нь олон төрлийн нөхөн сэргээх ба имплантын ажилбаруудад ашиглагдна. Түүнчлэн зарим нэг гажиг заслын зэмсгийн зориулалтаар ч ашиглаж болно. Тус сканнерийн хамгийн гол сөрөг тал нь хаалттай систем бөгөөд түүн дээр нэмэгдээд өндөр үнэ өртөг нь орно. 

 

Дижитал сканнеруудын практик хэрэглээ

Өвчтөн

Дижитал сканнерийг ашиглах хамгийн гол шалтгаан нь өвчтөнд үзүүлэх нөлөө юм. Сканнердах явцад өвчтөн эмчийн анхаарлыг сарниулахгүй байх нь чухал. Эмчийн зүгээс өвдөлт дагуулсан таагүй мэдрэмж өвчтөнд төрүүлэх нь ажилбарыг өндөр нарийвчилалтай гүйцэтгэхэд саад болно. Сүүлийн үеийн судалгаагаар өвчтөнүүд дижитал хэв авах аргачилалыг уламжилалт  хэв авалтаас илүү тааламжтай хүлээж авч сонгох нь их байна. 15

Лаборатори

Дижитал сканннер ашигалчихаар л лабораторын бүх захиалггын хуудсыг ажилбарын жагсаалтнаас  хасчихна гэсэн үг биш юм. Нэлээд олон төрлийн шүдэлбэрийн ажилбаруудын үед лаборатори харин ч илүү их шаардлагатай болно. Гэвч дижитал сканнер ашигласнаараа лабораторийн захиалгыг нэлэнхүйд нь байхгүй болгохгүй ч хангалттай хэмжээнд бууруулах болно. Энэ утгаараа ч маш олон лабораториуд сүүлийн үед эмч нарыг дижитал хэв илгээхийг зөвлөдөг болсон. Энэ чиглэлд гардаг бас нэг үл ойлголцол нь шүдний лаборатори бүх бүтээгдэхүүнээ CAD машин ашиглаж хийх ёстой гэсэн асуудал. Хэрэв хэв ба загварыг нээлттэй систем ашиглаж бэлтгэсэн бол түүн дээр бараг бүх төрлийн шүдэлбэр, шүд нөхөн сэргээх ажилбар гүйцэтгэх боломжтой. Дижитал хэв авалт нь эмнэлэг ба лабораторийн үйл ажиллагааг улам нягт уялдаатай болгож өгнө. Дижитал хэв ашигласнаар лабораторийн хувьд гөлтгөнөн загварыг зөөвөрлөх үед гардаг алдаа байхгүй болсон нь чухал ач холбогдолтой зүйл болсон. Дээр дурдсан бусад төрлийн давуу талуудаас  болж шүдэлбэр тааруулах хугацаа ба шүдэлбэрийн таарамж эрс сайжирсан. 16 

Ажилтан

Технологийг нэвтрүүлэхэд юуны урьдаар ажилтан, ажиллагсад нөхцөл байдалд бүрэн бэлэн байх ёстой. Шинэ технологи нэвтрүүлэхэд гардаг томоохон алдаа нь ажилтнуудын шинэ зүйлийг хүлээн авах чадвар юм. Иймд ажилтнууддаа сканнерийн технологийн талаар эхнээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй сайтар тайлбарлан ойлгуулж, байнгын сургалтанд хамруулж байх нь зүйтэй.

Үнэ өртөг

Бас нэг томоохон бодолцох ёстой асуудал нь сканнерийн системийн үнэ өртөг юм.  Үнийн тухай бодолцохдоо зөвхөн анхлан худалдан авах үнэ бус сарын ашиглалтын зардал, программ хангамжийн upgrade хийх зардал, баталгаат засвар зэрэг бүх үнэ өртгийг хамтатган тооцож үзэх хэрэгтэй. Хамгийн хямд ба хамгийн үнэтэй сканнеруудын хооронд бүтээмжийн ялгааны зэрэгцээ төлбөр, ашиглалтын зардал, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн зардал тус  тусдаа өөр өөр байх нь зайлшгүй. Үнэ өртгийг бодолцож үзэх нь чухал ч энэ нь сканнер сонгоход хамгийн чухал хүчин зүйл биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Иж бүрдэл

Дижитал төхөөрөмжүүдийн хамгийн том давуу тал нь бүх зүйлийг цогцоор нэгэн систем дотор нэгтгэж  өгсөн асуудал юм. Гэсэн хэдий ч CAD/CAM систем худалдан авахдаа анхаарах зүйл нь ихэнх шүдний эмч нар үзлэгийн өрөөндөө зорогч төхөөрөмж суурилуулах дургүй байдаг гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Иймд зайлшгүй шаарлагагүй бол шүдний эмч нар CAD/CAM ситемийг иж бүрнээр нь биш эхлээд өөрт хэрэгцээтэй байгаа сканнераа худалдаж аваад дараа нь шаардлагатай бол зорогч төхөөрөмж худалдан авах боломж олгоно. Энэ нь эмчээс гарах анхдагч санхүүжилтийг багасгах хөшүүрэг болно.

Хүчин чадал

Хэн нэгэн эмч дижитал төхөөрөмж худалдан авахаар шийдсэн бол зах зээл дээр худалдаалагдаж буй төрөл бүрийн ситемүүдийн хүчин чадлыг өөр хоооронд нь харьцуулан үзэж сул талуудынх нь тухай бодолцож үзэх шаардлагатай болно. Үүний тулд өөрөө биечлэн сканнерийг шалгаж цус, эдийн гадаргуу, шүлс зэргийг скан хийж үзэх нь чухал. Үүний тулд шүдний гадаргуугийн засалтын төлөв байдал шүлснээс тусгаарласан, тусгаарлаагүй зэрэгт хэрхэн нөлөөлж байгааг шалгах хэрэгтэй.17 Хэв авах техник аргачилал нь уламжлалт хэв авах аргачлалтай хэр зэрэг адилхан байгаа эсэх. Эмч өөрийн биеэр сканнерийн хүчин чадлыг шалгаж үзэн өөрийнхөө өдөр тутмын практик үйл ажиллагаандаа хэрхэн ашиглавал зүйтэй талаар төсөөлөл авах нь зөв.

Дүгнэлт

Дижитал төхөөрөмж худалдан авахын өмнө шүдний эмч нар өөрөөсөө “Би яагаад заавал үүнийг худалдан авах шаардлагатай байгаа билээ?” гэсэн асуултыг асууж түүндээ тохирох сканнерийн бүх хүчин зүйлсийн талаар нухацтай бодож үзэх хэрэгтэй.    Digital dentistry ангилалд хамаарах ямар хүчин зүйл нь таны сонирхолыг тэгтлээ татаад байна вэ? Маш олон эмч нар уламжлалт аргаар шүдэлбэрээ амжилтай бэлтгэсээр л байгаа тул тэдний дийлэнхэд нь дижитал хэв авалт заавал шаардлагагүй зүйл байж болох юм.

Тэгвэл шүдний салбар  өнөөдөр аажим аажимаар тоон технологируу эргэлт буцалтгүй шилжиж дижитал төхөөрөмжүүд шүдний эмчийн өдөр тутмын үйл ажиллагааг өөрчилсөөр байна. Иймд өнөөдөр шүдний салбарт ажиллаж байгаа захын нэг эмч сүүлийн үеийн инноваци шингээсэн ядаж ганц төхөөрөмж өөрийн болгох хүсэлтэй байгаа. Өнөөгийн шүдний эмчилгээ үйлчилгээний салбарт оношлогоо, эмчилгээний төлөвлөгөөг зөв гаргах нь эмчилгээний амжилтанд шууд нөлөөлдөг хүчин зүйл болох нь тодорхой байна. Иймдээ ч оношлогоо, эмчилгээний үйл явцыг гайхамшигтай өндөр нарийвчлалтай боловсруулж буй дижитал төхөөрөмжүүд нь уламжлалт аргаар эмчилгээ хийхээс хамаагүй өндөр түвшний гүйцэтгэлтэй байгаа нь энэ чиглэлрүү хүн болгоны хошуурах шалтгаан болж байна.  Энэ нь ч өнөө үед гарцаагүй зүйл болоод байгаа тул шүдний эмч нар цаг үетэйгээ мөр зэрэгцэн өвчтөн үйлчлүүлэгчиддээ дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор дижитал эрин үерүү шилжиж байгаа нь технологийн эрин үеийн онцлог болоод байна.

 

References

1. Duret F, Preston JD. CAD/CAM imaging in dentistry. Curr Opin Dent.1991;1(2):150-154.

2. Mörmann WH, Brandestini M, Lutz F, Barbakow F. Chairside computer-aided direct ceramic inlays. Quintessence Int. 1989;20:329-339.

3. Couch B. The evolution of digital dentistry. CAD/ CAM. 2013;3(2):22-26.

4. Wismeijer D. First we replaced the root by an implant, now we need to replace an analogue dental world by a digital one. ACTA Amsterdam. In: Starget 2. 2010;10-16.

5. Patzelt SB, Bishti S, Stampf S, Att W. Accuracy of computer-aided design/computer-aided manufacturing- generated dental casts based on intraoral scannerdata. J Am Dent Assoc. 2014;145(11):1133-1140.

6. Ogledzki M, Wenzel K, Doherty E, et al. Accuracy of 3M-Brontes stereolithography models compared to plaster models. J Dent Res. 2010;89(special issue A). Abstract 1060.

7. Dunne P. Digital dentistry and SLA technology: the coming extinction of stone models. Lab management Today. November/December 2008. [Online]. Available: http://www.lmtmag.com/pdfs/LTT_3MdunneND08. pdf. Accessed January 4, 2016.

8. Ng J, Ruse D, Wyatt C. A comparison of the marginal fit of crowns fabricated with digital and conventional methods. J Prosthet Dent. 2014;112(3):555-560.

9. Vennerstrom M, Fakhary M, Von Steyern PV. The fit of crowns produced using digital impression systems. Swed Dent J. 2014;38(3):101-110.

10. Paradies G, Zarauz C, et al. Clinical evaluation comparing the fit of all-ceramic crowns obtained from silicone and digital intraoral impressions based on wavefront sampling technology. J Dent. 2015;43(2):201-208.

11. Patzett SB, Lamprinos C, Stampf S, Att W. The time efficiency of intraoral scanners: an in vitro comparative study. J Am Dent Assoc. 2014;145(6):542-551.

12. Bunek S, Brown C, Yakas M. The evolving impressions of digital dentistry. Inside Dentistry. 2014;10(1):30-39.

13. das Neves FD, do Prado CJ, Prudente MS, et al. Microcomputed tomography marginal fit evaluation of computer-aided design/computer-aided manufacturing crowns with different methods of virtual model acquisition. Gen Dent. 2015;63(3):39-42.

14. das Neves FD, do Prado CJ, Prudente MS, et al. Microcomputed tomography marginal fit evaluation of computer-aided design/computer-aided manufacturing crowns with different methods of virtual model acquisition. Gen Dent. 2015;63(3):39-42.

15. Yuzbasioglu E, Kurt H, Turunc R, Bilir H. Comparison of digital and conventional impression techniques: evaluation of patients’ perception, treatment comfort, effectiveness and clinical outcomes. BMC Oral Health. 2014 Jan 30;14:10. doi: 10.1186/1472-6831-14-10.

16. Stover J. Successfully integrating digital impressions into the practice. Inside Dental Assisting. Nov/Dec 2011 7(6) [Online]. Available at https://www.dentalaegis. com/ida/2011/12/successfully-integrating-digital-impressionsinto- the-practice. Accessed January 4, 2016.

17. Christensen GJ. Will digital impressions eliminate the current problems with conventional impressions? J Am Dent Assoc. 2008;139(6):761-763.


Tag:хэв авах аргачлал, shud magazine, эмнэлзүй, эмнэлзүйн практик, digital dentistry, дижитал хэв авалт

Бусад мэдээлэл:






avatar