A systematic review: Цоорлын улмаас зөөлц ил гарсан байнгын шүдэнд хийгдэх зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээ
02-Oct-2016 0.0 0

Өмнөх судалгаануудад дурдсанаар эндодонтын эмчилгээ хийлгэсэн шүдний прогноз амьд шүдтэй харьцуулахад муу байна. Иймээс боломжтой бол зөөлцийг амьдаар хадгалах шаардлагатай юм. Өмнө дурдсанаар зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээг (зөөлцөд эмчилгээний жийргэвч шууд тавих буюу direct pulp capping, хөндийн зөөлцийг хэсэгчлэн тайрах буюу partial pulpotomy, хөндийн зөөлцийг бүтэн тайрах буюу full pulpotomy) зөвхөн сурвалжийн оройд патологи өөрчлөлтгүй эргэх пульпит, эсвэл механикаар зөөлц ил гарсан, гэмтлийн улмаас зөөлц ил гарсан шүднүүдэд хийх заалттай. Гэвч эмчилгээнд тулгардаг асуудал бол зөөлцийн статусыг хэрхэн оновчтойгоор эргэх болон үл эргэх өөрчлөлтөд орсоныг үнэлэх явдал юм. Иймээс клиникийн асуудлыг шийдвэрлэхдээ одоогоор мэдэгдэж байгаа нотолгоонуудад суурилах нь хамгийн оновчтой юм. Энэ судалгааны зорилго нь цоорлын улмаас зөөлц ил гарсан байнгын шүдэнд эмчилгээний жийргэвч тавих (direct pulp capping), зөөлцийг хэсэгчилж тайрах (partial pulpotomy), зөөлцийг бүтэн тайрах (full pulpotomy) эмчилгээнүүдийн амжилтыг клиник болон рентген дэх үзүүлэлтүүдэд systematic review хийх юм.

Уг сэдэвтэй холбоотой судалгааны ажлуудыг шүүхдээ тавьсан шаардлагууд нь: цоорлын улмаас зөөлц ил гарсан байнгын шүдэнд хийсэн клиник судалгаа байх, кальцийн гидроксид болон МТА-г зөөлцөд шууд тавих, зөөлцийг тайрах эмчилгээнд ашигласан байх, эмчилгээний амжилтыг клиник болон рентген аргаар дүгнэсэн байх, дор хаяж 6-н сарын турш хянасан байх, Англи хэл дээр хийгдсэн байх гэсэн байжээ. Эцэст нь гар аргаар нийт 7-н эндодонтын сурах бичиг, электроникийн аргаар MEDLINE via Ovid, PubMed, Cochrane-с хайлт хийж олсон нийт 23 судалгааны ажилд анализ хийсэн байна.

Үр дүн: Анализд нийт 1385 шүд хамрагдсанаас 996 нь зөөлцөд шууд эмчилгээний жийргэвч тавих, 199 нь зөөлцийг хэсэгчилж тайрах, 190 зөөлцийг бүтэн тайрах эмчилгээг хийсэн байжээ. Нийт эмчилгээний амжилтын хувь нь 72,9-99,4% хооронд байв. Зөөлцөд тавих эмчилгээний жийргэвчийн материал кальцийн гидроксид ба МТА-ийн хооронд хийсэн шууд харьцуулалтаар 2 материалын эмчилгэний амжилтын ялгаа статистик ач холбогдолгүй байв. Харин шууд бус харьцуулалтаар МТА нь зөөлцөд шууд тавих эмчилгээнд кальцийн гидроксидоос өндөр амжилтын хувь үзүүлсэн боловч зөөлцийг хэсэгчилж тайрах эмчилгээнд кальцийн гидроксидийн клиник үр дүн илүү өндөр байжээ.  Зөөлцийг бүтэн тайрах эмчилгээнд уг 2 эмийн материалын ялгаа статистик ач холбогдолгүй байв. Зөөлцөд шууд жийргэвч тавих эмчилгээ нь сурвалжийн орой хаалттай шүдтэй харьцуулахад сурвалжийн орой нээлттэй шүдэнд амжилтын хувь өндөр (94.5%:69.2%), харин зөөлцийг хэсэгчилж тайрах (94.6%:90.6%), бүтэн тайрах эмчилгээнүүдэд ялгаа бага байв (91.4%:85.9%). Хяналтын хугацааг авч үзвэл, зөөлцөд шууд эмчилгээний жийргэвч тавих амжилтын хувь нь (>6 сар–1 жил, 87.5%; >1–2 жил, 95.4%; >2–3 жил, 87.7%; ба >3 жил, 72.9%). Зөөлцийг хэсэгчилж болон бүтэн тайрах эмчилгээ нь 3-с дээш жилд амжилтын хувиа хадгалсаар байсан байна. (хэсэгчилж тайрах: >6 сар–1 жил, 97.6%; >1–2 жил, 97.5%; >2–3 жил, 97.6%; ба >3 жил, 99.4%; бүтэн тайрах: >6 сар–1 жил, 94%; >1–2 жил, 94.9%; >2–3 жил, 96.9%; ба >3 жил,99.3%).

Дүгнэлт: Зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээ болгоны амжилтын хувь нь 72.9%–99.4% байгаа нь цоорлын улмаас зөөлц ил гарсан, амьд байнгын шүдийг зөөлцийг амьд хадгалсанаар амжилттай эмчлэх боломжийг нотолж байна. Зөөлцийг амьдаар хадгалах эмчилгээний амжилтад нөлөөлөх хүчин зүйлүүд нь зөв кэйс сонголт, эмчилгээний зохистой протокол юм. Кальцийн гидроксид болон МТА нь хоёул амьд зөөлцийн эмчилгээнд хангалттай үр дүн үзүүлж байгаа бөгөөд эдгээр материалуудын алийн үр дүн илүү сайн гэдэг дүгнэлтийг эдгээр судалгаануудаас гаргахад дутагдалтай байв.


Tag:Research, судалгааны тойм, A Systematic Review, shud magazine

Бусад мэдээлэл:






avatar