Нийтлэлүүдийг хэрхэн үр ашигтай унших талаар өгөх бяцхан зөвлөгөө
02-Oct-2016 0.0 0

Манай сайтын хувьд ердийн өдөр тутмын  үйл явдлын мэдээллээс шүдний мэргэжлийн ахисан түвшний нийтлэлүүд хүртэл төрөл бүрийн түвшний мэдээллүүд бэлтгэж оруулж байгааг та бүхэн харж байгаа. Миний хувьд уншигчдын мэдээлэлд хандаж байгаа хандлага, эрэлт хэрэгцээг байнга ажиглаж өөр өөр түвшний мэдээллийг оруулж туршиж үзсээр байна. Түүнчилэн мэдээллийг аль болох уншихад эвтэйхэн байлгах үүднээс төрөл бүрийн user interface-ийг туршиж үзээд байгааг та бүхэн сайтын хэсгүүд байнга өөрчилөгдөн шинэчилэгдэж байгаагаас мөн ажиглаж байгаа байх. Сайтын статистикаас харахад мэдээлэл авахаар хандаж байгаа хүмүүсиийн дийлэнх хэсэг нь гар утас болон зөөврийн төхөөрөмжүүдээр нэвтэрч байгаа нь тодорхой байна. Энэ нь ч орчин үеийн веб сайтад гарч буй трэнд өөрчилөлт тул Google зэрэг томоохон корпорациудын зүгээс веб сайтуудыг гар утас болон зөөврийн төхөрөмжүүдээр уншихад эвтэйхэн байлгах шаардлага тавьдаг болсон. Мэдээж үйл явдлын болон олон нийтэд зориулсан богино хэмжээний нийтлэлийг гар утсаараа уншихад манай сайтаас түвэггүй. Шаардлагатай бол өөрийн утасны Reader View функцыг ашиглан уншихад илүү эвтэйхэн болгож текстийг уншиж болно. Асуудал юундаа байна гэвэл хүмүүсийн дийлэнх хэсэг нь гар утас  ашиглан богино хэмжээний мэдээлэл, сошиал медиа ашиглаж болох ч урт тексттэй мэргэжлийн түвшний мэдээлэл гар утсаар унших нь хэрэглэгчидэд тохиромжгүй байгаа нь мэдээллийн хандалтаас харагдаж байна.

Иймд миний хувьд та бүхэнд мэргэжлийн түвшний мэдээллийг уншихдаа гар утаснаас өөр төрлийн төхөөрөмж ашиглан уншихыг зөвлөж байна. Сүүлийн үед оруулж байгаа сэтгүүлд зориулсан нийтлэлүүд мэргэжлийн хувьд нэлээд  боломжийн түвшний мэдээллүүд бөгөөд дунджаар MS Word форматаар 9-10 нүүр дамнан эзлэж байгаа тул гар утсаар уншихад их цаг шаардсан бэрхшээлтэй байх нь тодорхой. Мөн түүнчилэн өгүүлэлд мэргэжлийн нэлээд өндөр түвшний мэдээлэл, ишлэлүүд багтсан тул тухайн уншигчийн мэдлэг мэдээллээс шалтгаалаад эхлээд уншихад ойлгомжгүй мэт санагдаж болох юм. Учир нь миний бие яг өнөөдөр Америк зэрэг хөгжингүй орнуудад яригдаж буй сэдвүүдийг шууд орчуулан бэлтгэсэн тул өнөөгийн бидний мэдлэгийн түвшин болон хөгжингүй орнуудын мэдлэгийн түвшний хоорондын ялгаат байдлаас шалтгаалан  нөгөө талаар сэтгүүлийн форматаар олон тооны evidence based баримт нотолгоог иш татсан тул ойлгомжгүй байгаа гэж ойлгож болно. Иймд та энэ төрлийн мэдээллийг уншихдаа цаг гарган боломжтой бол PC төрлийн компьютер, iPad, хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэж унших нь тохиромжтой гэж зөвлөх байна. Түүнчилэн өгүүллийг дагалдуулан Reference буюу  хэвлэлийн тоймыг илгээж байгаа тул ойлгомжгүй хэсгүүдээ  тэмдэглэж авч илүү дэлгэрүүлэн унших боломжтой. Дашрамд дурдахад  сэтгүүлийн бичлэгийн хэв маяг олон тооны урт, хүнд өгүүлбэрээс бүрдэх баримт нотлогоо, ишлэлүүдийг ар араас нь угсруулан өгөгдсөн байдлаар бичигддэгээрээ сурах бичгийн бичлэгийн хэв маягаас эрс ялгаатай юм. Сэтгүүл нь сурах бичиг шиг бүх зүйлийг step by step байдлаар тайлбарлахад зориулагдаагүй тухайн мэргэжлийн салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн шинэ мэдлэгийг түгээхэд зориулагдсан байдгаараа тэс өөр зүйл юмаа гэдгийг ухамсарлах нь зүйтэй юм. Иймд сэтгүүлийн мэдээлэл унших гэдэг нь утга зохиолын мэдээлэл унших, тэр байтугай сурах бичиг уншихаас эрс ялгаатай гэдгийг анхаараарай.

Өнөөгийн дэлхий ертөнцөд хөгжингүй орнуудын мэргэжлийн салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэдээллийн түвшин биднээс хэдэн арван жилээр түрүүлж яваа тул бид болон тэдний хооронд үүссэн мэдлэгийн орон зайг нөхөхийн тулд хүссэн хүсээгүй бид аль болох их унших, хөдөлмөрлөх шаардлагатай нь хэн бүхэнд маань тодорхой. Иймд уншигч та бүхэн маань өгөгдөж буй мэдээ мэдээллийг  хэрхэн хүлээж авч түүнийг яаж боловсруулж амьдрал практиктаа ашиглахаа тус тусдаа тунгаан бодно бизээ гэж найдаж байна.

Энэ зөвлөгөө ойлгомжтой санагдсан бол бусаддаа Share хийж хуваалцаарай.   


Tag:зөвлөгөө, мэдээлэл, shud magazine

Бусад мэдээлэл:






avatar