Яагаад сайн эмчилгээ ч шүдийг аварч чадахгүй тохиолдол гардаг вэ? буюу сувгийн эмчилгээ амжилтгүй болох эмгэг жам
05-Oct-2016 5483 5.0 0

Сувгийн эмчилгээ амжилтгүй болох шалтгаан нь ихэвчлэн эмчилгээ тогтсон стандартад хүрээгүй үед тохиолддог. Маргаангүйгээр сувгийн эмчилгээ амжилтгүй болох хамгийн том  шалтгаан бол суваг дотор болон сурвалжийн оройд бактерийн халдвар оршсоор байх юм. Клиникийн эмч нар эмчилгээний явцад гарсан алдаа, хугарсан багаж, перфораци, илүү ломбодох, дутуу ломбодох зэргийг эмчилгээ амжилтгүй болох шалтгаан гэж андуурах нь их байдаг. Гэвч ихэнх тохиолдолд, сувгийн эмчилгээ-ажилбарын явц нь хавсарсан халдвар байхгүй байгаа тохиолдолд эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлөх нь бага байдаг. Учир нь ажилбарын явцад гарсан алдаа нь зохистой эмчилгээг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болгохоос гадна үрэвсэл буюу халдвартай шүдэнд эмчилгээ амжилтгүй болох магадлалыг нэмэгдүүлдэг. Харин зарим тохиолдолд эмчилгээний техникийн өндөр стандартуудыг баримталсан ч амжилтгүй болох тохиолдлууд бий. Судалгаануудаас үзэхэд үүнд нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа нь бактерийн хүчин зүйл, сурвалжийн гадна болон суваг доторх үрэвсэл, гадна болон дотоод бактерийн бус хүчин зүйлүүд байна.

Бактерийн хүчин зүйлүүд

Суваг доторх (intraradicular) халдвар

Сувгийн систем дотор микро-организмууд суурьших нь оройн үрэвсэл үүсэхэд гол оролцоотой юм. Моллерын (1981) сармагчны шүдэнд хийсэн судалгаагаар зөвхөн халдварлуулсан, үхэжсэн зөөлц нь сурвалжийн оройд үрэвсэл үүсгэж байсан бол нянгийн халдваргүй, үхэжсэн зөөлц нь сурвалжийн оройд патологи өөрчлөлт үзүүлээгүй байна. Сувгийн эмчилгээ амжилттай болох магадлал нь сувгийг ломбодохоос өмнө нянгийн халдварыг үр дүнтэй бууруулж чадсан тохиолдолд илүү өндөр байдаг. Харин суваг ломбодох үед сувагт микро-организмууд байх болон ломбодсоны дараа гаднаас нэвчиж орсон тохиолдолд эмчилгээ амжилтгүй болох магадлал нэмэгддэг байна. Цаашилбал, дахин халдварлагдах магадлал хэр өндөр вэ гэдэг нь сувгийн ломбоны материалын чанар болон цөгцийг хэр чанартай сэргээснээс хамаарна. Тиймээс сувагт амьд бактери үлдсэн тохиолдолд оройн үрэвсэл үүсгэх эрсдэл байсаар байдаг байна.  

Ихэнх тохиолдолд болон сайн эмчлэгдсэн шүдэнд ч сувгийн эмчилгээ амжилтгүй болох нь сувгийн оройн түвшинд микро-организмуудыг үлдээснээс шалтгаалдаг. Зарим судлаачдын бичсэнээр сувгийн тэр хэсэгт хими-механикийн цэвэрлэгээ хүрэхгүй байх нь элбэг байдаг байна. Түүнтэй адил, рентгенд маш сайн эмчлэгдсэн харагдах шүдэнд ч суваг болон түүний салаануудад цэвэрлэгээг бүрэн хийгдсэн эсэхийг хэлэхэд хэцүү юм.

Сувагт микро-организмууд тэсч үлдэхийн тулд суваг дотор халдваргүйжүүлэх ажиллагаануудыг давахаас гадна тэжээл багатай орчинд дасал болох шаардлагатай учир ийм чадвартай тодорхой зүйлийн бактерууд сувгийн эмчилгээ амжилтгүй болоход нөлөөлдөг байна. Бактери нь сувгийн истмус, салаанууд, дентиний сувганцруудад байрлаж байгаа тохиолдолд халдваргүйжүүлэх уусмалаар устгахад түвэгтэй байж мэдэх юм. Иймэрхүү анатомийн байрлалуудад бактери нь сувгийн ломботой хүрэлцсэн тохиолдолд устах, эсвэл сурвалжийн орой руу нүүдэллэхээс сэргийлэсан байдалтай оршино. Гэвч сувгийн ломбо нягт биш байгаа тохиолдолд эдийн шингэн нэвчсэнээр бактерын өсөлтийг дэмжих хүчин зүйл болдог.  

Сувагт үлдсэн микро-организмууд нь сувгийн системд тэжээлийн бодис байгаа эсэх болон амьдрах чадвараасаа хамааран амьд орших эсвэл устаж болно. Сувагт үлдсэн микро-организмтэй холбоотойгоор эмчилгээ амжилтгүй болох нь зөвхөн бактерууд эмгэг төрүүлэгч шинж чанартай байх, тодорхой тоо хүртэлээ өсөх, сурвалжийн орой хүртэл нүүдэллэж үрэвсэл үүсгэх эсэхээс л хамаарна.

Дахин халдварлагдсан сувгуудын 38%-д E.faecalis микро-организм олдсон байдаг ба энэ бичил биетэн нь хэд хэдэн эм болон кальцийн гидроксидын үйлчилгээнд тэсвэртэй байгааг зарим судалгаа бичсэн байна.

Сувгийн гаднах (extraradicular) халдвар

Сувгийн гадна үүссэн үрэвслийн голомт нь (lesion) бие махбодид микроорганизмыг цааш тархахгүй байх барьерыг үүсгэж өгдөг. Ясны эд шимэгдэж, хамгаалах тогтолцооны эс (фагоцит), молекул (эсрэг бие, хавсаргын молекул) бүхий мөхлөнгөр эдээр солигдоно. Маш цөөн тооны эндо-патогенууд эдгээр барьерыг нэвтлэх чадвартай байдаг боловч нянгийн ялгаруулсан хорт бодисууд энэ хамгаалах тогтолцоог нэвтэлж эмгэг үүсгэх чадвартай байдаг байна. Сүүлийн үед сурвалжийн гадна тэсвэртэй микроорганизмуудын сувгийн эмчилгээ амжилтгүй болоход нөлөөлөх нөлөөллийн талаар судлах нь ихэсч байна.

Патогенууд амьдрахад хэцүү орчинд амьд үлдэх механизмуудыг өөрт хөгжүүлсэн байдаг. Тэд хавсаргын тогтолцооноос өөрсдийгөө хамгаалж, фагоцитуудаас зайлсхийж, эсрэг-биеийг протеолиз явуулах зэргээр хариу урвал үзүүлдэг байна. Одоогоор Actinomyces,  Propionibacterium propionicum г.м организмуудыг сурвалжийн гаднах халдвар үүсгэдгийг тэмдэглэсэн байдаг.

Сувгийн халдваргүйжүүлэх уусмалууд болон системийн антибиотекууд нь сувгийн оройн гадна орших бактеруудад нөлөөлөхөд амаргүй байдгийг тэмдэглэсэн байдаг. Эдгээр сурвалжийн гаднах халдварыг клиникийн зүгээс оношлоход хэцүү байсаар байгаа бөгөөд сувагт хэрэглэдэг ихэнх эмийн бэлдмэлүүд нь сувгийн оройгоос гарсан даруйд бактерийн эсрэг үйлчлэл нь саармагжиж байдаг. Иймээс одоогоор уг халдварын үе дэх мэс заслын бус эмчилгээний аргуудыг улам хөгжүүлэхээс гадна халдвар байгаа үед сурвалжийн оройн мэс заслын эмчилгээг гүйцэтгэж байна.

Илүү ломбодох (overfilling)

Сувгийг илүү ломбодох үед эмчилгээний үр дүн буурдаг гэж судалгаанууд үзүүлсэн байдаг. Сувгийн ломбоны материалын хоруу чанар үүнд нөлөөлдөг гэж үздэг байсан (1966) боловч дараагаар нь эмчилгээний амжилттай сувгийн оройн ломбоны материал хамааралгүй болохыг (1992) тэмдэглэсэн байна. Учир нь суваг ломбодоход ашиглаж байгаа ихэнх материалууд нь эдэд нийцтэй буюу био-нийцэл сайтай байдаг ба параформальдегид агуулсан материалаас бусад ломбоны материалууд хатсаныхаа дараа эс хордуулах чанар нь буурдаг буюу огт үгүй болдог. Судалгаануудаас үзэхэд сувгийг илүү гаргаж ломбодсон ч сувгийн үрэвсэлгүй буюу халдваргүй тохиолдолд эмчилгээний амжилтын түвшин өндөр байна. Гэвч маргаангүйгээр сувгийг илүү ломбодохоос сэргийлэх хэрэгтэй бөгөөд энэ нь эмчилгээний дараах хүндрэлүүд болон их хэмжээний материал сувгийн оройгоор гарсанаас үүсэх үрэвслүүдээс (flare-up) сэргийлнэ. Иймээс илүү ломбодсонтой холбоотой гарах хүндрэлүүдийн шалтгаан нь хавсарсан халдвар байдаг учир  эмчилгээний явцад түүнийг хянах, урьдчилан сэргийлэх нь маш чухал. Сувгийн илүү ломботой хамт тохиолддог өөр нэг үзэгдэл бол багажийн хэт цэвэрлэгээ (overinstrumentation) юм. Учир нь сувгийн оройгоос илүү гаргаж ломбодох үндэс нь сувгийн оройгоос давж гарсан багажийн хэт цэвэрлэгээ юм. Зөөлц нь үхэжсэн буюу сувагт халдвартай шүдэнд хэт цэвэрлэгээ хийгдсэнээр халдвартай дентин, шүдний эдүүд сурвалжийн орой руу шилжиж гарах нөхцөл үүснэ.

Цөгц сэргээлт (coronal sealing)

Эндо эмчилгээ амжилтгүй болох маш чухал шалтгаан бол яалтчгүй цөгцнөөс бичил нэвчилт (microleakage) явагдах гэдэг нь тогтоогдсон байдаг. Ломбодогдсон суваг амны хөндийгөөс халдварлагдах хэд хэдэн нөхцлүүд байж болно, үүнд, түр болон байнгын ломбоны завсраар нэвчилт явагдах, түр болон байнгын ломбо хугарах буюу бүтцийн хэсгээ алдах, шүд бүтцээ алдах буюу хугарах, хоёрдогч цоорол сувгийн ломбонд хүрэх, цөгцийг байнгын байдлаар сэргээхэд удах буюу хугацаа алдах зэрэг тохиолдлууд байна. Энэ тохиолдлуудад шүлсний бичил нэвчилтийн улмаас микро-организмууд сувгийн системд байрших нөхцөл үүсдэг. Хэрэв бичил биетнүүд болон тэдгээрийн ялгаруулах хорт бүтээгдэхүүнүүд сурвалжийн сувгийн оройд хүрсэн тохиолдолд сувгийн оройн үрэвсэл үүсэх нөхцөл үүснэ. Сувгийн систем ингэж шүлснээс дахиж халдварлагдахдаа сувгийн ломбо шүлсэнд уусах; сувгийн ломбо болон сувгийн хана хоорондын завсраар шүлс нэвчих; ломбоны материал болон гутта-перчийн завсраар нэвчих замаар явагддаг байна. Түүнчлэн рентгенд харагддаггүй, суваг ломбодох үед гарсан бичил хоосон орчин буюу завсрууд ч суваг дахин халдварлагдахад нөлөөлж болно. Судалгаануудын үр дүнг нэгтгэн үзвэл, суваг ломбодохдоо хэрэглэсэн материал болон техникээс үл хамааран сувагт микро-организмын нэвчилт явагдсан л бол сувгийн систем дахин халдварлагддаг гэжээ. Цөгц буюу цөгцний сэргээлт /ломбо/ алдагдсан даруйд бичил биетэн болон түүний бүтээгдэхүүнүүд сувгийн оройд хүрэх нөхцөл үүсч эмчилгээний үр дүнг бууруулдаг. Клиникийн зүгээс харахад сурвалжийн суваг бүхэлдээ шүлснээс дахин халдварлагдсан эсэхийг мэдэх боломжгүй юм. Гэвч суваг дахин халдварлагдсан гэж үзэж байгаа тохиолдолд шүдний цөгцийг сэргээх нь ач холбогдолгүй бөгөөд клиникийн зүгээс сувгийн ломбо нь шүлснээс харьцангуй богино хугацаанд халдварлагдсан байсан ч (30 хоног ба түүнээс дээш) дахин сувгийн эмчилгээ хийх нь дээр гэж үзэх нь бий. Сувгийн ломбоны дараагаар шүдийг байнгын ломбоор сэргээх хүртэл түр ломбыг хэрэглэж болно. Гэвч цемент түр ломбонууд нь усанд уусахаас гадна даралт даах чадвар сул тул түр ломбыг аль болох хурдан байнгын цөгц сэргээх эмчилгээгээр солих шаардлагатай.

Бактерийн бус хүчин зүйлүүд

Амжилтгүй болсон сувгийн эмчилгээний менежмент

Дээрх бичигдсэн хүчин зүйлүүдээс зөвхөн сувгийн доторх халдварыг сувгийн дахин эмчилгээгээр шийдэж болно. Хэдийгээр сувгийн эмчилгээ амжилтгүй болсон шалтгааныг мэдэж зохистой эмчилгээг сонгох нь чухал боловч одоогоор энэ оношлогоог зөвхөн мэс заслын аргын дараа мэдэх боломжтой байна. Иймээс эмчилгээ амжилтгүй болох хамгийн түгээмэл шалтгааныг сувгийн халдвар гэж үзэж шүдийг дахин эмчлэх нь мэс заслын эмчилгээнээс сэргийлэх ач холбогдолтой. Сувгийн эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд баримтлах зарчим нь маргаангүй микро-организмын халдвараас сэргийлэх, хянах бөгөөд үүнд асептикийг чанд баримтлах, бактерийн эсрэг уусмалуудыг ашиглан сувагт бүрэн хими-механик цэвэрлэгээ хийх, сувагт үлдээх эм, зохистой сувгийн ломбо болон зохистой цөгц-сэргээлт орно. Цөгцийг байнгын аргаар аль болох хурдан сэргээх нь чухал. Сувгийг дахин эмчилсэн үр дүнгийн талаар судалгаанууд кэйсүүдийн гуравны хоёр нь амжилттай байсныг тэмдэглэжээ. Иймээс өмнөх сувгийн эмчилгээ амжилтгүй болсон, зөвшөөрөгдөх стандартад хүрээгүй тохиолдолд дахин эмчлэхийг оролдох нь зүйтэй. Мэс заслын эмчилгээнүүдийг дараах тохиолдолд санал болгож болно: дахин эмчилгээ хийх боломжгүй /хугарсан багаж, суваг бөглөрөх буюу блок болсон, буцааж гарган авах боломжгүй ломбоны материал гм/, дахин эмчилгээ амжилтгүй болсон, мэс заслын бус эмчилгээний прогноз муу, биопси авах шаардлагатай үе зэргийг өмнөх судалгаанууд дурдсан байна.

 


Tag:endodontic failure, Endodontic insight, endodontics, эмнэлзүй, эмнэлзүйн практик, shud magazine

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar