Ажил бол бизнес биш
07-Dec-2016 0.0 0

Уулзалт, лекц дээр бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ, зөвлөөч гэж надаас олонтаа асуудаг. Тэд голцуу өөртөө итгэлтэй, ямар нэгэн шинэ санаа олоод харчихсан, заримдаа бүр бүтээгдэхүүнээ бодоод төлөвлөчихсөн, оролдоод эхэлчихсэн залуус байдаг.

Ярианы явцад харин нэг зүйл их мэдрэгдэнэ. Тэдний ихэнх нь ажил, бизнес хоёрыг сайн ялгадаггүй. Түүгээр үл барам, өөрийн нэг сайн бүтээгдэхүүнтэй болчихвол компани нь цэцэглэчихнэ, асуудалгүй гэж хардаг.

Тэгээд ажиллаж эхэлнэ дээ ...

Хэсэг хугацааны дараа уулзахад тэднээс амжилттай яваа нь 5-аас 1. Магадгүй, түүнээс ч цөөн.

Бизнес санаачлагч маань хэсэг хүн ажилд аваад, өрөө тасалгаа олж, өөрөө манлайлаад өдөржин шөнөжин ажилласан байдаг. Товчоор, тэд сайн ажилласан, зүтгэсэн байдаг. Гэсэн ч эргэн тааралдах үед “Одоо яах вээ ... Мөнгөгүй болчихсон. Түрээс, цалин хэцүү болсон учир хүнээ цөөлж байна. Ер нь ...” гэх нь элбэг. Дараа дахин уулзахад буцаад ганцаараа болчихсон, зорилгоо өөрчилчихсөн, эсвэл хаа нэгэн газар ажилд орчихсон явж байх.

Мэдээж энэ бүхэнд манайд байдаг түмэн төрлийн хүндрэл, зовлон нөлөөлж байгаа. Гэхдээ тэд бол гадаад орчин, гадаад учир шалтгаанууд. Харин хүний амжилтад хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол гадаад бус, дотоод учир шалтгаан нь байдаг. Түүний нэг нь тухайн хүн зорилгоо хэр зөв олж харж бгаа явдал.

Хүмүүсийн ихэнх нь ажил, бизнес хоёрын ялгааг олж хардаггүй. Сайн программ зохиогч бие дааж гараад илүү мөнгө олох замыг байнга хайна. Авьяастай, сэргэлэн маркетерүүд өөрийн агентлаг байгуулан өөрийн хэрэглэгчидтэй болохыг хүснэ.

Товчоор, ямар нэгэн хүн ажил мэргэжилдээ сайн бөгөөд зориглоод хөдөлбөл ... сайн жолооч өөрийн авто баазыг, сайн тогооч өөрийн рестораныг асуудалгүй аваад явчихна гэж итгэдэг.

Мэдээж тэдгээр нь сайхан итгэл. Тэгээд зориглосон нь бизнесээ эхэлнэ. Харин дээр хэлсэн, 5-аас 1 нь л бизнес болж чадна.

Бизнесээ зориглон эхэлсэн ч хүндхэн яваа олон хүний нийтлэг алдаа нь шинэ бизнесээ сайн чаддаг хуучин ажлаа улам сайн хийх явдал гэж харах эндүүрэл. Ажлаа сайн хийх ... Ажлаа манлайлан хийх ... Харин БИЗНЕСЭЭ БАЙГУУЛАХ шинэ зорилгоо олж харахгүй явах!

Бизнес бол ажил биш СИСТЕМ. Бизнес эрхэлнэ гэдэг нь ажил хийх гэсэн үг бус, харин ажил хийдэг, цаашдаа таньгүйгээр, өөрөө ажилладаг систем байгуулах тухай ойлголт.

Хэрэв бизнес санаачлагч шинэ зорилгоо олж харахгүй, зүгээр л өмнө хийдэг байсан ажилдаа манлайлан зүтгээд эхэлбэл, авто баазын дарга өөрөө машинаа бариад, бусдаас их ачаа зөөгөөд гадуур давхиад байхтай, рестораны эзэн хоол хийгээд гал тогооноосоо гарахгүй байхтай адил. Хэрэв тэд тийм байдлаар хэд хоног явбал “арын” бүх ажил нь нурж таараа. Санаачлагч маань бизнес эрхлэгч биш, харин муу бизнесийнхээ сайн ажилтан л болж үлдэх болно.

Бизнес гэдэг бол Систем. Энэ бол Баг, Стратеги, Процесс, Төлөвлөлт, Судалгаа ...

Бизнес эрхлэгчийн зорилго бол ажил өөрөө биш. Сайн ярьвал мөнгө олох ч биш. Харин бусдад үнэ цэнэ өгдөг, бүтээдэг, тэгээд мөнгө олдог сайн систем байгуулах явдал. Нэгэн сайн бизнесмэн зорилгоо “Сайн компани байгуулчихаад өөрөө загасанд байнга явдаг болох” гэж томьёолсон байдаг. Санаа нь яг тэр.

Баг, Стратеги, Процесс, Технологи ... энэ бүхнийг тэгээд яаж бодож олж, мэдэж, хийх вэ?

Түүний тулд тасралтгүй суралцаж, ном уншиж, уулзалт, зөвлөгөөнд оролцож, туршлага судалж, ажиглаж явах хэрэгтэй болно. Товчоор, бизнес санаачлагч урьдахынхаасаа өөр, их бодох ажилтай болно гэсэн үг.

Агуу Хэнри Фордоос “Таны хамгийн гол ажил тань юу вэ?” гэж асуухад “Бодох” гэж товчхон хариулсан гэдэг.

Бизнес бол Систем. Энэ бол Маркетингийн систем. Борлуулатын систем. Инновацийн систем. Хүний нөөцийн систем...

Харин энэ бүхэн нэг хүнээс, түүний бодлоос, түүний нэг алхмаас л эхэлдэг.

 

Эх сурвалж: enkhbat.mn

Нийтлэлч: Дангаасүрэнгийн Энхбат


Tag:менежемент

Бусад мэдээлэл:






avatar