Шүдний эмчилгээний салбар дахь антибиотикийн зүй бус хэрэглээ эмийн бодист тэсвэртэй нян бактериудын хөгжилд нөлөөлөх нь
20-Dec-2016 922 3.0 0

Үндэслэл

Сүүлийн 80 гаран жилийн хугацаанд антибиотик нь нянгийн гаралтай халдварт өвчнүүдийн эмчилгээнд маш том үүрэг гүйцэтгэсэн нь баримтаар нотлогдсон зүйл юм. 1928 онд Fleming анх удаа пенциллинийг, 1934 онд Domagk сульфаниламидыг нээснээс хойш дэлхий нийтээрээ анагаах ухааны түүхэнд гарсан энэ гайхамшигтай ололтын үр шимийг хүртэцгээсэн. Аюулгүй, эрхтэн тогтолцооны үйлчлэлтэй анитбиотикуудын нээлт нь халдварт өвчнийг хяналтанд авах гол хүчин зүйл болж өгсөнөөр дэлхий даяар сая сая хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, амьдралын үргэлжлэх хугацаа, насжилтыг уртсахад нөлөөлсөн байна. 

АНУ-ын Өвчний тандалт судалгаа, Урьдчилан сэргийлэлтийн төвийн мэдээллээс харвал АНУ-ын хэмжээнд 1900-аад оны үед хүн амын дундаж наслалт дөнгөж 47 байсан бол 2005 оны байдлаар 78 болж өсөн нэмэгдсэн байна.1 20-р зууны эхэн үед АНУ-ын хэмжээнд 1 хүртэл настай хүүхдийн эндэгдэл 100/1000 байсан бол 2006 оны байдлаар 6.7/1000 болсон байна.2 Энэ том амжилтын гол тулгуур нь антибиотикийн тусламжтайгаар халдварт өвчнийг хязгаарлан тогтоож чадсанд оршино.3

 

Нянгийн эсрэг эмийн бодист тэсвэрт нөхцөл байдал бүрэлдэн бий болсон нь

Системийн шинж чанартай антибиотикуудын ашиг тус гайхамшигтай боловч өнөө үед зарим төрлийн нян бактериуд эдгээр төрлийн эмийн бодист тэсвэртэй болоод байна. Асуудлын гол нь зөвхөн антибиотик ч дан ганц биш юм. Антибиотик нь өнөөг хүртэл өвчний эсрэг хамгийн хүчтэй зэвсэг хэвээрээ л байгаа болно. Харин асуудал нь түүнийг ашиглах арга замтай холбоотой байна. Антибиотикийн зүй зохисгүй, хэт их хэрэглээ нь нөхцөл байдлыг маш хүнд төлөвт оруулж нянгийн мутац үүссэний улмаас эмийн бодит тэсвэртэй төрлүүд олшироод байна. Үүний улмаас Staphylococcus aureus төрлийн бактери нь дэлхий даяар нянгийн эсрэг үйлчилэлтэй ихэнх эмийн бодис, ванкомицин, метицилин ч үйлчилж чаддаггүй нянгийн төрөл болоод байгаа ба эмнэлгийн гаралтай халдварын гол шалтгаан болоод байна. Эдгээр нян бактериудын антибиотикийг тэсвэрлэх чадвар аюулын харанга дэлдэхүйц дээд хэмжээнд байгаа бөгөөд үзүүлж буй шинж чанараас нь харвал антибиотикоос өөр эмийн бодис бүтээх зайлшгүй шаардлага тулгараад байна. Нян бактериуд ийнхүү хурдтайгаар эмэнд тэсвэртэй болж байгаа нь халдварт өвчний өвчлөл ба үхлийн тоо хэмжээг нэмэгдүүлж байгаа төдийгүй ялангуяа халдварын эх үүсвэр нь өөрөө эмнэлгийн гаралтай байгаад асуудлын гол нь оршино. 4

Эмнэлгийн гаралтай халдвар гэдэгт өвчтөн эмнэлэгт хэвтсэний дараа тусдаг өвчнүүд хамаарна. Энэ төрлийн өвчнүүдэд эмнэлэгт хэвтсэнээс хамгийн багадаа 48-72 цагийн дараа илэрсэн өвчнүүдийг хамруулах ба хэдийгээр өвчин нууцлагдмал байдалтай байсан байж болох ч эмнэлэгт хэвтэх үед тухайн өвчний талаар ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэггүй байсан байдаг. Эмнэлгийн гаралтай халвдарт төлөх төлбөр өндөр бөгөөд энэ нь өвчтөний нас баралтын тоо хэмжээг ихэсгэх төдийгүй өвчтөн удаан хугацаанд эмнэлэгт хэвтэх шаардлагатай тул бусад өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтэхэд орны тоог хязгаарлах замаар саад болдог. АНУ-ын хэмжээнд гэхэд энэлгийн гаралтай халвдарт өвчнүүдийн эмчилгээний өртөг жилийн 4.5 тэрбум америк долларт хүрээд байна. Эмчилгээнд нянгийн эсрэг эмийн бодис хэрэглэх, эмнэлгийн нөхцөлд нян бактериас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь эмийн бодист бүр илүү их тэсвэртэй бичил биетнүүдийг үүсгэх аюултай болоод байна. Нянгийн эсрэг эмийн бодист тэсвэртэй халдвар бүхий өвчтөн нь эмнэлгийн ажилтнуудад өвчин халдаах эх сурвалж болох бөгөөд улмаар бусад өвчтөнүүдрүү дамжин халдварлах замаар хүн амын дунд өдөр тутам хүрээгээ тэлж газар авсаар байна. 5

British Society for Antimicrobial Chemotherapy байгууллагын зүгээс Их Британи улсын хэмжээнд ерөнхий мэргэжлийн шүдний эмч нарын жор бичилт амны хөндийн нянгуудын антибиотикт тэсвэрт чанарт хэрхэн нөлөөлж байгааг судалсан тойм судалгааны тайланг Journal of Antimicrobial Chemotherapy сэтгүүлд хэвлүүлсэн байна. 6   Судалгааны дүгнэлтэнд шүдний эмч нарын зүй шаардлагад нийцээгүй антибиотикийн хэт их жор бичилт нь антибиотикт тэсвэртэй бичил биетнүүдийн үүсэлтэнд томоохон хувь нэмэр оруулж байгаа болохыг цохон тэмдэглэсэн байна. 

2000 оны 11-р сарын Journal of the American Dental Association сэтгүүлийн дугаар дээр American Dental Association шүдний салбар дахь антибиотоикийн хэрэглээний тандалт судалгааны тайланг хэвлүүлсэн байна. 7 Судлаачид судалгаанд Канад улсын эмчлэх эрхийн зөвшөөрөл бүхий бүх эмч нарыг хамруулсан ба судалгааны явцад антибиотикийн жор бичилтийн алдаа, жорыг буруу ашиглах явдал шүдний салбарт их байгааг баримт нотолгоотой харуулсан бөгөөд эдгээр нь буруу хугацаагаар, буруу тунгаар антибиотикийн зүй бусын хэрэглээг бий болгож энэ нь эмийн бодист тэсвэртэй нян бактерийн хөгжилтөнд томоохон хувь нэмэр оруулж байгааг дурдсан байдаг… 

 

Өгүүллийн дэлгэрэнгүйг ирэх долоо хоногийн Shud Magazine {Digital} сэтгүүлийн 8 дахь дугаараас уншаарай

Сэтгүүлийг захиалах бол дараах линкэн дээр дарж бүртгүүлнэ үү. http://www.shud.mn/index/0-102

 

 


Tag:эмнэлзүйн практик, менежемент, антибиотик

Бусад мэдээлэл:






avatar