Эмчилгээний өмнөх айдас, айдсын шалтгаан, айдсыг хэрхэн дарах тухай
26-Sep-2014 1590 0.0 2

Шүдний эмчид ямар ч айдсгүй тайван, юу чбодож санах юмгүй ирдэг хүн тийм ч олон биш. Ииэнх нь ялангуяа ахимаг насны хүмүүс эмчилгээ дууссаны дараа шүдний кресло дээр анх удаагаа л ийм өвдөлтгүй тайван сайхан байлаа гэж талархах нь бий.

Шүдний өвдөлт гэдэг бол маш онцгүй өвдөлт гэдгийг шүд нь өвдөж үзсэн хүн болгон мэднэ. Монголчууд ялангуяа яснаас шүд өвдөх хэцүү гэж ярилцдаг. Гэтэл шүдний өвдөлт тухайн хүндээ зөвхөн өвдөлтөөс гадна түүнээс шалтгаалсан олон таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Ялангуяа түүнийг дагаад яаж шүдний эмнэлэгт очиноо гэсэн айдас нэлээд олон хүмүүст төрдөг. Юм хөгжсөн орчин үеийн энэ ертөнцөд ч балар эртний үе шигээр шүдээ өөрөө эмчилчих гээд оролдоод байдаг хүмүүс ч бий.

Энэ ньзөвхөн монголчуудад л тохиолдоод байдаг зүл юм уу гэхээр тийм биш юм байнаа. Саяхан Канад улсад явагдсан социологийн судалгаанд байх “Ямар эмчээс хамгийн их айдаг вэ?” гэсэн асуултанд Шүдний эмчээс гэж бүгд хариулсан байх юм.

Яагаад хүмүүс шүдний эмнэлэгт ирэхээс, шүдээ эмчлүүлэхээс, шүдний эмчээс тэгтэлээ их айдаг юм болоо?

Олон баримтуудыг шүүж дүгнэж үзэхэд шүдний эмчилгээ шүдний эмчээс айх айдас нь дараах 3 төрөл болох нь ажиглагдаж байна.
Нэгдүгээрт шүдний эмчээс айдаг хүмүүсийн зууны 90 хувь нь өмнө нь хүүхэд байхдаа ч юмуу ямар нэг удаа шүдний эмч дээр очиж шүдээ өрөмдүүлж “ухуулж” хаширсан хүмүүс байх юм. Энэ хүмүүс ихэнхдээ л шүдний эмнэлэгт очихоос зайлхийдэг. Үгүйдээ л шүдээ эмчлүүлэх үедээ бөөн асуудал үүсгэдэг. Орчин үеийн шүдний эмчилгээний түвшин тухайн үеэс илүү өөр өндөр түвшинд очсон гэж ухуулаад ч нэг л итгэлгүй ханддаг. Ийм хүмүүсийг ингээд орхих уу?
АНУ-ын өмнөд Каролины Их Сургуулийн профессор Фридман өвчтөний энэхүү айдас түгшүүр, стрессийг арилгахад эмчийн өвчтөнтэй харьцах байдал, үйл хөдлөл их чухал болохыг илрүүлсэн байдаг. Хэрэв эмч өвчтөнөө ойлгож, харилцан итгэл төрүүлж, халамжтай хандвал тайвшруулах болон мэдээ алдуулах нөлөөтэй эмийн бодисын үйлчлэл нэмэгддэг болохыг тогтожээ. Хэрэв өвчтөн эмчдээ итгэсэн тохиолдод бга зэргийн тунгаар үйлчилсэн ч бүрэн тунгаар үйлчилсэнтэй адил үйлчилгээ үзүүлж болохыг тэмдэглэсэн байна. Энэ нь өвчтөний сэтгэлзүй ямар хүчтэй нөлөөтэй болохыг харуулж байна. Харин эсэргээр өвчтөн тухайн эмийн бодисыг хэрэглэхээс татгалзах, эсэргүүцэх зэргээр сөрөг сэтгэл хөдлөлтэй байвал ямар ч эмийн бодис хэрэглээд эсрэг үр дүн гарч тухайн өвчтөн улам тавгүй байдалд оруулдагийг түүний судалгаа нотлон харуулжээ.

Шүдээ ухуулж хаширсан хүмүүс тэгэхээр яахав?

Эмч мэдээж тийм хүмүүстэй сэтгэлзүйн хувьд ажиллахаас гадна тэр хүмүүс ч өөрсдөө шүдний эмчилгээнд сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Шүдээ өрөмдүүлэхээс айгад л яваад байвал шүдний хорхой бүгдийг нь өрөмдөж дуусгана гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Орчин үеийн эмчилгээ өндөр түвшинд хүрсэн тул та өөрөө эмнэлгээ сонгоод ядаж нэг удаа очоод үзүүлчих хэрэгтэй. Урьд нь ухаж хашраасан эмчийг бодоод байх хэрэггүй. Та тэр хүнтэй насан туршаа зууралдахгүй. Та түүн дээр очих ч шаардлагагүй. Өнөөдөр шүдний эмнэлэг хангалттай олон хангалттай өргөн сонголттой болсон. 90-ээд оны өмнөх үе буюу 20 гаран жилийн өмнөхтэй өнөөдөр шүдний салбарыг харьцуулах аргагүй болтлоо тасарсан.

Шүдний эмчилгээ үйлчилгээ, эмчээс айх болсон хоёрдахь шалтгаан нь цуу яриа. Таны шүд гэртээ ажил дээр хаана ч гэнэт өвдөж болно. Түүнчилэн танай ажлын хүний шүд нь ч өмнө нь ажил дээрээ өвдөж байсан тохиолдол олон байгаа. Шүд өвдсөн тухай сэдэл гармагц шүдний эмчилгээний тухай яриа өрнөнө. Мэдээж аль ч ажлын газар юм бүхнийг мэддэг их мэдэгч нөхөд байдаг. Хүмүүс аливаа зүйлийг сайнаар ярихаасаа муугаар ярих нь илүү гэдэг нь өнөөгийн бидний нэг онцлог. Их мэдэгчид өөрт хийгдсэн сайн эмчилгээг ярихаас илүү аймигтай муу зүйлийн талаар л тэр дашрамд яридаг. Та түүнийг сонсоод хайхраагүй юмшиг л сууж байдаг. Гэхдээ энэ яриа таны далд ухамсарын түвшинд айдас болон хуримтлагддаг. Та энэ асуудал яг өөрт чинь тохиолдох үед нөгөө яриаг санана. Үүний улмаас та эмчид очихоос эмээж эхэлнэ. 
Орчин үед энэхүү цуу яриаг хамгийн их дэврээгчид нь сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоодбайна. Эрүүл мэндийн салбарт болж буй сайн зүйлийг мэдээлэхгүй хэрнээ муу зүйлсийг нь соргогоор мэдэрч мэдээлж сенсаци дэгдээдэг. Энэ нь мэдээж таны далд ухамсарт сууж таныг эмнэлгээс айдаг болгож л байгаа.

Шүдний эмчээс айдаг гурав дахь зүйл нь хамгийн инээдтэй гэмээр зүйл. Зарим нэг эцэг эхчүүд хүүхдээ шүдний эмч дээр очиж өвдөж айсан айдсыг нь улам дэврээж Шүдний эмчийг түүний “Хадны мангаа” болгож хувиргадаг. Хүүхдээ ямар нэг юм хийхгүй үгэнд нь орохгүй бол Шүдний эмчид аваачиж өгнө шүү гэх мэтээр айлгадаг. Хүүхэд насандаа ингэж Шүдний эмчээс айж өссөн хүүхэд том болсон хойноо ч энэ айдсаа гээж чадна гэж үү. Үгүй энэ айдас нь дээрх цуу яриа элдэв шалдав зүйлсээр баяжиж түүнд шүдний эмнэлэг, шүдний эмч бол хамгийн аймаар зүйл гэсэн ойлголт улам батаждаг. Дээрх Канадад явуулсан судалгаа ч үүнийг баталж байна.

Тэгээд шүдний эмчээс айх энэ айдсаа хэрхэн дарах вэ?

Шүдээ эмчлүүлэх тухай бодмогц л айдас төрөөд байна уу? Юуны өмнө сэтгэлзүйгээ бэлд. Интернэтээс шүдийг хэрхэн эмчилдэг мэдээлэл олж унш. Орчин үеийн мэдээ алдуулалтын тухай ч өөрөө хайж олоод үзэж мэдэж болно. Эргэн тойрныхоо их мэдэгчид бус итгэлтэй хүмүүсээс шүдээ эмчлүүлэхэд ямар байсан тухай асууж мэд. Тэгээд өөрийгөө зоригжуул.

Шүдээ эмчлүүлэх гэж зориглож явж байснаа яг үүдэнд нь очоод л нэг л айдас төрөөд ормооргүй болоод байна уу?

30 орчим минут өөртөө “Би айгаагүй, зүгэр байна” гэж хэлээд эргэн тойрноор нь алхаад үз. Хэдийгээр сонсоход тэнэг санагдах ч үр дүнтэй арга юм.

Үзлэгийн кресло дээр суусан чинь улам айдас төрөөд явчихав уу?

Айж байгаагаа эмчдээ хэл. Өмнө яасан тухай яагаад айдаг болсон тухай санаа зоволтгүйгээр ярь. Ихэнх шүдний эмч нар зөвхөн шүдний эмч биш сэтгэлзүйчид болчихсон байгаа. Тэд тантай яаж харьцахаа таныг хаалгаар орж ирсэн хулмалзсан төрхөөс чинь хараад л мэдчихсэн байгаа гэдэгт та эргэлзэх хэрэггүй. Тэд таныг тэвчээртэй сонсоно. Таныг өвтгөхгүй байх бүх арга замыг тэр тайлбарлан хэлж үйлдэл бүхнээрээ харуулна. Эмчилгээ эхэлнэ. Тэгээл дуусчихсан байна.
Ийм хүмүүс л дээр өгүүлсэнчилэн шүдний кресло дээр хэзээ ч ийм сайхан байсангүй гэж талархал идэрхийлдэг. Эмчийн хувьд ч ийм хүмүүсийг эмчид итгэх итгэлийг нээж чадсанаараа таатай байдаг.

Эцэст нь хэлэхэд шүд эмчлүүлэх гэдэг өнөө цагт тийм аймаар зүйл биш болсон гэдэгт итгээрэй. 


Tag:шүдний өвдөлт

Бусад мэдээлэл:
avatar
Мэдээ алдуулах тариа таарахгүй байгаад байгаа юмаа лидкайнаас өөр тариа байдаг юм болвуу
avatar
0
Lodocain-д харшилаад байгаа бол Prilocain, Articaine, Mepivacaine зэрэг мэдээ алуулагч агуулсан тарианууд бий. Шүдний эмчээсээ дээрх тарианууд бий эсэхийг асуугаад үзээрэй
avatar