Н.Оюун: Пластик мэс зас­лын суурь мэдлэггүйгээр косметик хагалгаа хийнэ гэж хэзээ ч байхгүй
26-Sep-2014 1406 0.0 0

 -Манайд гоо сайхны мэс засал хийдэг эмнэлгүүд цөөнгүй бий болсон. Ер нь косметик мэс засал гэдгийг юу гэж ойлгох хэрэгтэй вэ? 

 -Косметик мэс засалч гэдэг нарийн мэргэшил бай­даггүй. Харин пластик мэс засалч гэж байдаг. Хүний биеийн эд эрхтнүүдийн тө­рөл­хийн болон олдмол гажиг согогийг мэс заслын аргаар нөхөн сэргээх аргуудыг су­далдаг шинжлэх ухааныг нөхөн сэргээх буюу пластик мэс засал гэдэг. Хүн эхээс төрөхдөө эд эрхтний гажиг согогтой төрснийг нь “тө­рөлхийн”, түлэгдэл гэмтлээс улбаатай, мэс заслын дараа үүссэн эд эрхтний гажиг согогийг “олдмол” гэдэг. Хувь хүний өөрийнх нь хүсэлтээр бие эрхтний хэлбэр дүрс, гоо үзэмжийг дээшлүүлэх, бас үйл ажиллагааг нь өөрчлөх зорилгоор хийгддэг мэс зас­луудыг гоо сайхны буюу косметик мэс засал гэдэг бөгөөд энэ нь пластик мэс заслын суурь мэдлэгт тул­гуур­лан хийгддэг, салшгүй нэгэн хэсэг нь юм.  Пластик мэс засал нь урлаг, шинжлэх ухаан хоёрын хослол. Жишээ нь, давхраа гаргах нэг аргыг арван өөр эмчид зааж өгөхөд үр дүн нь арван өөр байна. Үүнд тухайн эмчийн гоо сайхны төрөлхийн мэдрэмж болон авьяас чад­вар их нөлөөтэй. Мэс заслаар засах боломжтой бас бо­ломжгүй согог гажиг гэж бий. Энэ салбарын мэс зас­луу­дын төрөл, тэдгээрийг хийх аргачлал техник нь бусад мэс заслын салбаруудынхаас хавьгүй их. Пластик мэс зас­лын суурь мэдлэггүйгээр косметик мэс заслыг заал­тынх нь дагуу арга техникээр хийнэ гэж хэзээ ч байхгүй. Мөн англиар энэ мэргэжлийн мэдээллийг авч чадахгүй бол энэ салбарт төгс мэдлэгтэй байхыг мөрөөдөөд ч хэрэггүй.

  -Монголын өнөөгийн косметик мэс засал ямар түвшинд байна вэ?  

-Энэ талаарх улсын хэм­жээний түвшинг би тодор­хойлмооргүй байна. Сайнтай муутай ч урагш ахиж л байгаа. Манай эмнэлгийн пластик мэс заслын тоног төхөөрөмж, арга техник, мэдлэг чадвар, авч буй мэдээлэл бусад ул­сын мэс засалчидтай эн зэ­рэгцэж чадаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнгөрсөн арван жилд бид Монголын нөхөн сэргээх мэс заслын салбарт тодорхой хувь нэмэр оруулж, нарийн түвэгтэй мэс заслуудыг өндөр хөгжсөн улсуудаас огт дутахгүйгээр микроскоп, дуран ашиглан амжилттай хийдэг болсон. Монголд нөхөн сэргээх мэс заслын өвчтөн маш олон янз боловч харьцангуй цөөн. Харин косметик мэс засал хийлгэх сонирхолтой хүмүүс олон байдаг. Манай эмнэлэг 2003 оноос эхлэн урьд өмнө нь огт мэс засал хийлгэж байгаагүй төрөлхийн сэтэр­хий уруул, тагнайтай хүүх­дүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийж, одоогоор 150 орчим хүүхдийг хяналтдаа аваад байна.   1994 оноос өнөөг хүртэл АНУ-ын пластикийн мэс за­сал­чидтай холбоотой ажил­лан жилд 1-2 удаа мэргэжил дээшлүүлсээр АНУ-ын плас­тик мэс засалчдын нийгэм­лэгийн гишүүн болсон. Үүний ачаар урилгаар буурай хөг­жилтэй улс орон руу явж тө­рөлхийн сэтэрхий уруул таг­най­тай хүүхдүүдэд мэс засал хийдэг болсон. Дэлхийн плас­тик мэс засалчдын нэрсийн жагсаалтад монгол эмчийн нэрийн анх би­чүүл­сэндээ бахархдаг. Энэ оны хоёрду­гаар сард Миамид болсон биеийн галбир засах сургал­тад явж их олзтой ирсэн.  

-Та яагаад энэ мэр­гэж­лийг сонгох болсон бэ. Манай улсад пластик мэс засалч мэргэжлийг эзэмших боломжтой юу?  

-Бага байхдаа аав шигээ эдийн засагч, эсвэл нисгэгч, электроникийн инженер болно гэж мөрөөддөг байлаа. Дунд сургуулиа төгсөх үеэр эмээ маань нас барж би бодлоо өөрчлөн мэс засалч болохоор шийдсэн. Тэгээд АУИС-д элсэлтийн шалгалт өгч, тавд бичигдэж, Орост суралцах хуваарьт багтаж чадахгүй эрүү нүүрний мэс засалч болохоор Куба улсыг зорьсон. Тухайн үед өөр тивд очиж испани хэлээр анагаахын их сургууль төгсч мэс засалч болно гэдэг их л сайхан са­нагд­сан. 1982 онд сургуулиа төгсөөд орос хэлний оройн дээд сургуулийг мөн Кубад дүүргэсэн. Кубаас ирээд АУИС-д багшлахын зэрэгцээ хоёр жил мэргэжлийнхээ холбогдолтой 200 орчим ном товхимолыг уншиж тэмдэглэн аль болох олон өвчтөн үзэж юуны өмнө оношилж сурахыг хичээсэн. Дараагийн хоёр жилд нь Оросын зөвлөх багш К.К.Замятин гэдэг мэдлэг чадвартай багшийг дагалдан мэс заслын нэлээд олон арга техник эзэмшсэн. Дараа нь дахин Куба руу явж рези­дентурын дөрвөн жилийн хө­төл­бөрийг нэг жилийн хуга­цаанд төгсгөсөн.   Манай улсад пластик мэс засалчдыг ЭМШУИС-ийн ре­зи­дентураар сургадаг, дөрвөн жилийн хөтөлбөртэй. Резин­дентур нь анагаахын аль ч салбарт нарийн мэргэжил эзэмшиж урт хугацааны нэ­лээд шахуу хүнд хөтөлбөртэй сургалт. Бусад улс оронд ийм сургалт 4-6 жилийн хуга­цаатай, бүх цагаа эмнэлгийн орчинд өнгөрөөж, сурч бо­ловсрохдоо зарцуулдаг. Гэтэл манайд резидент эмчийг 1-2 жил зөнгөөр нь явуулж бай­гаад дипломыг нь гардуул­чихдаг. Нарийн мэргэжлийн сайн бэлтгэгдсэн эмч ховор­доод байхад орчин үеийн сайн тоног төхөөрөмж хэрэгтэй байна гээд байдгийг би ойлго­доггүй. Сайн аппарат, тоног төхөөрөмжөөр өвчтөнийг оно­шилчихлоо гэхэд хэн тэднийг эмчлэх вэ. Нарийн мэргэж­лийн сайн эмч нарыг бэлт­гэхгүй юм бол олон тэрбум төгрөгийн үнэтэй тоног төхөө­рөмж суурилуулсан ч өвчтө­ний тоо цөөрөхгүй. Гадагшаа нүүдэллэх өвчтөнүүдээс ядаж өөрийн чадах үйлчил­гээгээ Монголд дэлхийн түв­шинд явуулж чаддаг мэс засалчид бэлтгэхийг зорьдог.

"Өдрийн сонин"


Tag:Гоо сайхны мэс засал

Бусад мэдээлэл:
avatar