Хүүхдийн шүдийг хамгаалахад юуг анхаарах вэ?
26-Sep-2014 1975 0.0 0

1. Хамгийн чухал нь хоолыг нь зөв сонгох, хэрэглүүлэх.
Бид хүүхдүүдээ баярлуулахын тулд төрөл бүрийн чихэр, шоколад, ундаа, шүүс зэргүүдийг л авч өгдөг билээ. Харин энэ сонголтоо алим жимс, сүү, тараг, бохь зэргээр яагаад орлуулж болдоггүй билээ?! 1 чихэр 1 алимны үнэ, 500 мл ундаа 1 л таргийн үнэ ханш нь ойролцоо боловч эрүүл мэндэд тустайгаараа эрс өөр юм! Нярай хүүхдэд хамгийн сайн хоол бол хөхний сүү юм.

Хүүхдийг 4-5 сартайгаас нь хөхнөөс гадна өдөрт 2 удаа нэмэлт хоол өгөх хэрэгтэй. Жишээ нь: Хөхний сүүгээр шингэлсэн бага зэрэг луувантай төмсний нухаш анхны шимтэй нэмэлт хоол болдог. Хүүхэд өсөхийн хэрээр янз бүрийн нэмэлт хоол өгнө. Жишээ нь: 6-8 сартайд нь өдөрт 1 удаа мах, ногоотой хоол, 1 удаа төмс, эсвэл будаатай хоол, 1 удаа сүүтэй каш, 1 удаа жимсний нухаш зэргээр өгвөл сайн. Харин хүүхдээ өдөрт нь хүссэн үед нь хөхүүлэх хэрэгтэй. Хүүхдэд нэмэлт хоол дэндүү бага өгвөл хүүхдийн өсөлт удаарширдагаас гадна өлссөний улмаас ойр ойрхон хөхөх болдог бөгөөд ялангуяа шөнийн цагаар хөхөө байнга хөхдөг хүүхдийн сүүн шүд их цоордог (манай эхчүүдэд элбэг тохиолддог буруу зуршил юм). Нэмэлт хоол нь тэжээллэг байхад хүүхэд тийм ч амар өлсөхгүй. Харин үнэхээр шөнийн цагаар хөхүүлэх шаардлагатай бол цэвэр устай угжаар сэлгэн хөхүүлж байгаарай.

Харин анхны сүүн шүд цухуйж эхлэх үеэс зориулалтын хуруундаа углаж хийдэг зөөлөн үстэй сойз эсвэл ариутгаж цэвэрлэсэн самбай буюу зөөлөн материалтай даавуугаар буцалсан ус шингээн шүднийх нь өнгөрийг зөөлнөөр арчиж цэвэрлэх нь сайн. (Чихрийг хүлхэж бус зажлаж идвэл, ундааг балгаж бус соруулаар сорж уух нь шүдэнд арай хор багатай байдаг)

2. Хүүхдийн ам, шүдийг тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой.

Хүүхдийнхээ шүдийг зөв угаах нь сойзоо зөв сонгохоос эхлэнэ. Хүүхдийн сойз нь насанд нь тохирсон янз бүрийн хэмжээтэй, сойзны үс нь ширүүн биш зөөлөн, зөөлөвтөр байх ба үсний хэмжээ нь үүдэн 2 шүднийх нь өргөнөөс бага байвал зохино. Зөөлөн үстэй, жижиг сойз олдоход хэцүү бол үсийг нь буцламтгай халуун усаар зөөлрүүлж, сойзных нь үсийг өргөөшөө 2-3 эгнээ, уртаашаа 3-4 эгнээг үлдээн багц багцаар нь хумсны хутгаар сугалж авч болно.Харин хүүхдийнхээ шүдийг 6-8 нас хүртэл нь эцэг эх нь өөрсдөө угааж өгч байх хэрэгтэй. Угаахдаа зурагт үзүүлсэн байдлаар өвөр дээрээ толгойг нь тавьж дээш харуулан хэвтүүлж угаана. Уг байдлаар угаахад хүүхдэд , эхэд ч эвтэйхэн байх бөгөөд гол нь хүүхдийн тань шүднүүд сайн харагдах ба угаахад таны гарны хөдөлгөөн чөлөөтэй байх болно. Хүүхэд тань эхэндээ төвөгшөөх, зөрүүдлэх байдал ажиглагдах боловч та бүү шантраарай.

3. Нян халдахаас зайлсхийх.

Шүдний цоорол нь халдварт өвчин юм. Бага насны хүүхдийн амны хөндийд эх нь (аав, эмээ, эгч гэх мэт) шүлсээрээ дамжуулан шүдний цоорол үүсгэгч нянг халдаадаг. Хүүхэд нэгэнт халдвар авсан бол хэзээ ч үүнээс ангижрахгүй. (Харин сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндий тийм амархан өвчин үүсгэгч нянгаар халдварлахгүй) Иймд та бүхэн:
- Хүүхдийн хоолыг зажлаж өгөх болон хүүхдийн халбагаар хоолыг амсахаас зайлхий.
- Хөхөлтийг нь амандаа хийж цэвэрлэхгүй байх.
- Таны шүд эрүүл бол хүүхдэд бактери тийм ч амархан халдахгүй тул та ч шүдээ сайн хамгаалаарай.

4. Шүдний эмчид хандах хүүхдийн хандлагыг сайжруулах.

Хүүхдээ олон шүд цоорсон үед нь нэг доор эмчлүүлэх сонирхол эцэг, эхчүүдэд байдаг. Энэ нь тухайн үедээ цаг зав хэмнэж буй боловч хойшдоо хүүхдийг залхааж, шүдний эмчид очих сонирхолыг бууруулах, айх сэтгэхүйтэй болгодог. Иймд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхдээ эхний удаад нь өвдөөгүй шүдийг нь эмчлүүлэх эсвэл зүгээр л угаалгаж гаргах зэргээр айдсыг нь дарах, сонирхол бий болгох замаар эмчтэйгээ ярилцаж эмчилгээг нь хийлгэж байгаарай. Мөн эмчид очихын ач холбогдолыг хүүхдэдээ сайтар тайлбарлан ойлгуулж, тайвшруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр урьдчилан сэргийлж, эрт үед нь өвдөлтгүй эмчлэх боломжыг бүрдүүлнэ.


Tag:хүүхдийн шүд

Бусад мэдээлэл:
avatar