Металл бүрээс (Single Crown, Metal)
09-Oct-2014 0.0 0

Металл бүрээс гэдэг нь шүдний цөгцөнд үүссэн согогийг нөхөн сэргээх авагддаггүй шүдэлбэр юм. Металл бүрээсийг хийхдээ шүдний гадаргуугийн пааланг алмазан бороор зорж авдаг. Учир нь шүдийг зоролгүйгээр гадуур нь бүрээс углавал шүдний эгнээ хоорондын хэвийн хошихуйг алдагдуулахаас гадна бүрээсний дотор талд зай гарах, бүрээсний ирмэг илүүдэх зэрэг сөрөг талуудтай бөгөөд үүнээс шалтгаалсан бусад төрлийн хүндрэлүүд үүсэх тул шүдний гадаргууг зорж авдаг. Шүдний пааланг авсан ч шүдний гадуур паалангийн оронд бүрээс хийж бүрж өгөх тул шүдэндээ санаа зовохгүй байж болно. Зорсон шүд нь энгийн шүднийг масштабаар нь багасгачихсан мэт харагдана.


Шүдийг ийнхүү зорж бэлтгэсний дараа түүнээс зориулалтын хэвний материалаар хэв авна. Авсан хэвэндээ шүдний лабораторид гиспээр загвар цутгана. Түүний дараа загвар дээр лавай материалаар хийх шүднийхээ хэлбэрийг гаргаж бүрээсийг загваржуулна. Энэхүү лавай загвараа шүдний загвар дээр бүх талаар нь шалгаж үзээд эмчийн хяналтанд оруулж зөвшөөрсөн тохиолдолд түүнийг гипс төст галд тэсвэртэй материалд суулгаад лавайг хайлуулж бүрээсний дүрст  хэв гаргана. Уг галд тэсвэртэй хэвээ шатаах зууханд шатааж бэхжүүлээд түүнрүүгээ шүдний зориулалтын металлыг өндөр градусын дор зориулалтын аппаратанд хайлуулаад цутгана. Цутгагдсан бүрээс нь лавайгаар загваржуулсан бүрээсний загварыг яг давтаж гарна. Энэхүү ажилбарыг металл цутгах гэх бөгөөд гоёл чимэглэлийн үйлдвэрт мөн адил ашиглагддаг. Шүдний эмч нар оюутан байхдаа энэхүү ажилбартай танилцаж гардан хийж үзсэн байдаг боловч яг шүдэлбэр хийх ажилбарыг шүдний техникч гэх мэргэжлийн хүн гардан хийдэг. Шүдэлбэр хийх ажилбар нь нэг талаас эмчийн хийх ажил буюу эмнэлзүйн нөгөө талаас шүдний техникчийн хийх ажил буюу технологийн ажилбараас бүрддэг. Ерөнхийдөө эмнэлэгт төлж буй бүрээсний төлбөрт түүний эмнэлзүйн болон технологийн ажилбарын өртөг шингэсэн байдаг. Жинхэнэ бүрээс бэлэн болтол 2-4 долоо хоногиийн хугацаанд өвчтөн хуванцараар хийсэн түр бүрээс шүднийхээ гадуур зүүж явна. Бүрээс бэлэн болсоны дараа тэрхүү түр бүрээсийг аваад жинхэнэ бүрээсийг шүдэнд тааруулж шалгаад засах шаардлагагүй бол шүдэнд зориулалтын цементэн цавуугаар нааж өгнө. Бүрээсний суулт, ирмэг, хоршихуйд зарим нэг алдаатай зүйл гарсан байвал бүрээсийг лабораторилуу дахин буцааж засвар хийлгэнэ.

Араа шүдэнд хийгдсэн алтан бүрээснүүд

Зураг дээр дарж томруулж харна уу

 

1.    Давуу тал
Металл бүрээс нь маш олон жилийн өмнөөс шүдний салбарт ашиглагдаж ирсэн уламжлалт ажилбар тул эмнэлзүйд маш сайн шалгагдсан бөгөөд эмчилгээний үр дүн сайн,бат бэх учир удаан хугацаанд зүүх боломжтой. Зажлалтын ачааллыг даах чадвар нь өөрийн шүдтэй адил.
2.    Сул тал
Металл бүрээсний нэг илт сул тал нь шүднээс ялгардаг металлын өнгө бөгөөд аманд металл харагдах явдал юм. Гэхдээ энэ нь цаг хугацаа, хувь хүний хандлагаас хамаарч янз бүр бөгөөд тодорхой цаг хугацаанд алтан бүрээс нь хувь хүний гоёл, бусдаас ялгарах онцлог байсан бол өнөө цагт ч түүгээр гангарах дуртай хүмүүс мөн байсаар байна. Гэхдээ л орчин үед хүмүүс өөрийн шүдтэй адил өнгө үзэмжтэй шүд хийлгэхийг чухалчилдаг болсон учир металл бүрээсийг зөвхөн нүдэнд харагдахгүй арын эгнээний шүднүүдэд л хийх нь элбэг болсон.
3.    Эрсдэл
Эрсдэлт хүчин зүйл бараг байхгүй. Ховор тохиолдолд шүдний дотор сувагт байрлах шүдний судас мэдрэлийн багц шүдийг зорох явцад цочрох бөгөөд түүнээсээ болж өвдөлт өгвөл шүдэнд сувгийн эмчилгээ хийх шаардлага гарна. Гэвч энэ нь маш ховор тохиолддог.
Зарим хүмүүс металлын харшилтай байдаг тул та хэрэв ямар нэг харшилтай бол металл бүрээс хийлгэхийн өмнө үүнийгээ эмчдээ хэлж заавал металл бүрээс хийлгэх эсэх эсвэл өөр төрлийн бүрээс сонгох боломжтой эсэх талаар зөвлөлдөх хэрэгтэй. Үнэхээр металлд харшил өгч байгаа нь илэрвэл эмчилгээний бусад хувилбаруудаас сонгон хэрэглэх боломжтой.
4.    Эмчилгээний хувилбарууд
Хэрэв металл бүрээс хийлгэх боломжгүй бол дараах эмчилгээний хувилбаруудаас сонгон хэрэглэж болно.
1.    Металл шаазан бүрээс. Металлын гадна талаар шаазангаар бүрсэн байх тул металл харагдахгүй. Шүдний өнгө үзэмжийг тохируулж өөрийн шүдтэйгээ адилхан болгож болно.
2.    Металл хуванцар хосолмол бүрээс. Мөн металлын гадуур хуванцараар бүрсэн байх тул металл харагдахгүй. Металл нь энэ бүрээсэнд зөвхөн тулгуурын үүрэг гүйцэтгэнэ.
3.    Дан шаазан бүрээс. Ямар ч металл байхгүй цэвэр шаазангаар хийгднэ.
4.    Дан хуванцар бүрээс. Металлгүй хуванцар гибрид материалаар хийгднэ.
5.    Тодорхой хугацаанд шүдийг ломбоны материалаар сэргээж өгч болно. Гэхдээ богино хугацаанд л ашиглах бөгөөд эдэлгээ даалгүй эвдэрэх боломжтой.
 
5.Өртөг
Металл бүрээс хийх эмнэлзүйн ажилбар нь ердийн шүд ломбодох эмчилгээтэй харьцуулбал бараг 3-8 дахин өндөр өртөгтэй байна. Энэ нь эмнэлзүйн болон технологийн шат дамжсан олон ажилбар гүйцэтгэж маш их материалын зардал гардагтай холбоотой. Ялангуяа үнэт металл, алтан бүрээс зэрэг нь илүү их үнэтэй байдаг.
6.Эмчилгээг сонгохгүй бол яах вэ
Нэгэнт эмч тань бүрээс хийлгэх хэрэгтэй гэж зөвлөсөн бол таны шүд цоорол даамжирсан, тодорхой хэсгүүдэд хагарч цуурсан заавал нөхөн сэргээх шаардлагатай л гэсэн үг. Та шүдэндээ анхааралгүйгээр тэр чигт нь орхивол хэсэг хугацааны дараа шүдээ авхуулахаас өөр аргагүй болно.

 

 

 


Tag:хиймэл шүд, авагддаггүй шүдэлбэр, алтан бүрээс, металл бүрээс

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar