Шүд цайруулах материалуудын тухай Cochrane review-ээс
10-Nov-2014 0.0 0

1980-аад оны дунд үеэс АНУ-ы хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр шүд цайруулагчийн сурталчилгаа явж эхэлсэн байдаг. Шүд цайруулах бодисууд нь амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн бөгөөд хүн амын дундах цагаан шүдтэй болох гэсэн хүсэл эрмэлзэл жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. 1990-ээд оны хүртэл шүдний мэргэжилтнүүдийн хүрээнд шүд цайруулалт нь зөвхөн тетрациклин хэрэглэсэн шүд болон сувгийн эмчилгээний дараа харалсан шүдийг хэрхэн өнгийг нь сэргээх вэ гэдэг асуудал дээр л төвлөрч байсан бол гэрийн нөхцөлд шүд цайруулах боломжтой эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж эхэлсэнээр энэ салбарын чиг хандлага үндсэндээ өөрчлөгдсөн юм (Haywood 1989).


Шүдний эмнэлэгт зөвхөн ашиглаж шүд цайруулдаг байсан бодисууд 1990-ээд оны дунд үеэс гэрийн нөхцөлд цайруулах боломжтой болж эхэлсэн бөгөөд гель, ам зайлагч шингэн, бохь, шүдний оо, буддаг лак, наадаг тууз гэх мэтчилэн маш олон янзаар худалдаалагдаж эхэлжээ.  Эдгээр бүх бүтээгдэхүүнүүд нь шүд цайруулах үйлчилэлтэй ердөө 2 төрлийн бүтээгдэхүүнүүд буюу карбамид хэт исэл эсвэл устөрөгчийн хэт исэл агуулдаг байна. Устөрөгчийн хэт исэл агуулсан бүтээгдэхүүнүүд нь хоруу чанар багатай болох нь судалгаагаар тогтоогдсон байна. (Haywood 1989; Haywood 1994; Nathanson 1987) Хэдийгээр карбамид хэт исэл нь устөрөгчийн хэт ислээсээ цайруулах эффект илүү боловч зарим нэг сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байна (Darnell 1990; Haywood 1994; Nathanson 1987).


Америкийн Шүдний Холбоо (The American Dental Association)  Colgate Oral Pharmaceuticals Inc-ийн Colgate Platinum Daytime Professional Whitening System Discus Dental Inc компаний Nite White Classic Whitening Gel, Ultradent Products Inc-ийн Opalescence Whitening Gel зэрэг бүтээгдэхүүнүүдэд л одоогийн байдлаар албан ёсны зөвшөөрөл олгоод байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгд 10%-ийн карбамид хэт исэл агуулсан бөгөөд зөвхөн шүдний эмчийн зааврын дагуу шүдний эмнэлгээр дамжуулан худалдан авч гэрийн нөхцөлд хэрэглэж болохоор журмалсан байна. Бусад шүд цайруулах бүтээгдэхүүнүүд нь Америкийн Шүдний Холбооны зөвшөөрөлгүй боловч эмийн сан супермаркетуудаар дамжуулан худалдаалагдсаар байна. Ийм зөвшөөрөлгүй бүтээгдэхүүний жишээ нь Procter and Gamble-ийн Whitening Strips юм.


Шүдний салбарт өөр нэг нөлөө бүхий холбоо болох Британийн Шүдний Холбоо тус улсад шүд цайруулахад зөвхөн өнгөлгөөний зориулалттай шүдний оо (Macleans Whitening Toothpaste) ашиглахыг л зөвшөөрдөг бөгөөд карбамид болон устөрөгчийн хэт исэл агуулсан бүтээгдэхүүнүүдийг гэрийн нөхцөлд ашиглахыг хориглодог байна.


Ихэнх эрүүл мэндийн бүтээгдэхүүний зөвшөөрөл олгодог байгууллагууд тухайн бүтээгдэхүүний шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоог харгалзан үзэж зөвшөөрөх эсэхээ шийддэг бол шүд цайруулах бүтээгдэхүүний талаар өнөөг хүртэл тулгуур болгон авч үзэж болохуйц шинжлэх ухааны системтэй тойм мэдээлэл (systematic reviews) байхгүй байсаар байна.


АНУ-ын хувьд Америкийн Шүдний холбоо шүдний эмчийн хяналтан дор гэрийн нөхцөлд хэрэглэдэг болон эмийн сан супермаркетуудаар худалдаалагддаг шүд цайруулах бүтээгдэхүүний шинэчилсэн удирдамж боловсруулж байгаа бол Европын комисс (The European Commission) 2005 оны 12-р сарын 21 өдрийн хуралдаанаар 0,1-6% устөрөгчийн хэт исэл агуулсан шүд цайруулах бүтээгдэхүүнүүдийг аюулгүй байдлын үүднээс шүдний эмчийн зөвлөгөө авсаны дараа хэрэглэж байх зөвлөмж гаргасан байна(EC 2005).


Энэ бүгдээс харахад улс орнуудын хувьд хэт исэл агуулсан шүд цайруулах бүтээгдэхүүнийг  гэрийн нөхцөлд хэрэглэх тогтсон зааварчилгаа байхгүй байсаар байна.

Мэдээллийн эх сурвалж: The Cochrane library

 


Tag:шүд цайруулах

Бусад мэдээлэл:
avatar