Шүдний хэт мэдрэгшилт яагаад үүсдэг вэ? Хэрхэн эмчилэх вэ?
21-Nov-2014 5.0 0

Заримдаа зайрмаг идэх үед эсвэл өглөөгүүр кофе жоохон балгах үед шүд хагаташих эсвэл ягинах мэдрэмж төрдөг үү? Шүдээ угаах үед эсвэл чигчлэх үед хөндүүрлэдэг үү? Энэ бүх шинж тэмдэг танд илэрдэг бол таны шүд хэт мэдрэгшээд байгаа юм байна.
Шүдний хэт мэдрэгших шалтгаануудад дараах орно.

 

  • Шүдний цоорол
  • Паалан эмтэрэх
  • Ломбо элэгдэх
  • Буйлны үрэвсэл
  • Шүдний паалан элэгдэх
  • Шүдний сурвалж ил гарах


Эрүүл шүдийг шүдний гадуур хучсан хэтуу эд болох шүдний паалан нь хамгаалдаг. Шүдний паалан нь шүдний буйлнаас дээш нүдэнд харагдах хэсгийг хучдаг бол буйлнаас доошхи хэсгийг ясжмаг эд хучиж хамгаалдаг. Энэхүү паалан болон ясжмаг эдүүдийн доор шүдний дентин буюу тугалмай эд байрлаж шүдний бүтцийг үүсгэдэг. Тугалмай эд нь олон тооны сувганцаруудаас бүрдэнэ.


Хэрэв шүдний гадаргууд ямар нэгэн гэмтэл үүсч шүдийг хамгаалдаг паалан болон ясжмаг эдүүдийн бүтэц эвдэрсэн үед тугалмайн сувгууд ил гарах бөгөөд энэхүү суваг нь шүдний дотор байрлах мэдрэлийн эдүүдэд гадна орчины халуун, хүйтэн, хүчиллэг, чихэрлэг цочруулуудыг дамжуулсаны улмаас шүд мэдрэгшиж өвдөлт өгдөг. Түүнчилэн буйлны үрэвслийн үед буйл шамрах үед шүдний тугалмай ил гарч ирдэг. Энэ бүгдийн дүнд шүд хэт мэдрэгших шалтгаан болдог.


Шүдний хэт мэдрэгшилийг эмчилж болно. Эмчилгээний аргачлал нь тухайн шүдний хэт мэдрэгших болсон шалтгаанаас хамаарах бөгөөд шүдний эмч дараах эмчилгээнүүдээс сонгон эмчилгээ хийх болно.


Мэдрэгшилийг бууруулах шүдний оо. Энэхүү ооны найрлаганд агуулагдах бодис нь шүдний гадаргуугаас тугалмайн сувгаар дамжих гадны цочруулуудын нөлөөг саармагжуулна.
Фторт гель. Шүдний эмнэлгийн нөхцөлд хэрэглэх бөгөөд шүдний доторх мэдрэлийн эдэд очих цочруулуудын хүчийг саармагжуулна.
Бүрээс, зоомол, бонд. Энэхүү аргыг шүдэнд цоорол үүссэнээс болон шүд мэдрэгшиж байгаа үед хэрэглэнэ.
Буйл нөхөн суулгах мэс засал. Хэрэв буйл шамарсаны улмаас хэт мэдрэгшил өгч байгаа бол энэ арга үр дүнтэй.
Сувгийн эмчилгээ. Хэрэв бусад ямар нэг аргуудад шүдний мэдрэгшил дарагдахгүй бол энэ аргыг хэрэглэж үндсэн шалтгааныг арилгана.


Амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиснаар шүдний хэт мэдрэгших өвчинөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой тул та бүхэн тодорхой хугацааны давтамжтайгаар шүдний эмчид үзүүлж эрүүл ахуйн зөвлөгөө, үйлчилгээ авч байх нь чухал.  

Дараах линкэн дээр дарж видео үзнэ үү

http://www.shud.mn/video/vip/20/sh_dnij_vd_lt/what_is_teeth_sensitivity


Tag:шүдний өвдөлт, шүд хэт мэдрэгших

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar