Бага насны хүүхдийн шүдийг угааж өгөх
24-Apr-2015 1597 1.0 0

Хүүхдийг 4 юмуу 5 наснаас нь эхлэж шүдийг хэрхэн зөв угаах талаар зааж сургах нь тохиромжтой. Гэхдээ хүүхдүүд 8 нас хүртлээ өөрсдөө шүдээ угаах хэдий ч шүд угаах аргачлалыг бүрэн эзэмшиж зөв угааж чаддаггүй. Иймд энэ нас хүртэл нь хүүхдийнхээ шүдийг угаахад нь байнга хяналт тавьж хүүхдэдээ шүдээ угаахад нь туслаж байх хэрэгтэй.

Хүүхдэдээ шүд хэрхэн угаах талаар зааж өгөхдөө эхлээд түүнийг зөв байрлалд суулгах хэрэгтэй. Тухайн байрлалаас хүүхдийн шүднүүд чөлөөтэй харагддаг байх нь чухал. Хүүхдээ өвдгөн дээрээ суулгах юмуу эсвэл ард нь зогсоод толгойг нь арагш нь налуулах нь шүд угаахад эвтэйхэн байдаг. Шүд хэрхэн угааж байгаагаа хүүхдэдээ толь бариулан харуулж байх хэрэгтэй.

Сойзоо алгуурхан бага тойргоор хөдөлгөж хүүхдийн шүднүүдийн үүдэвч талын гадаргуунуудыг цэвэрлэж өгнө. Дотор гадаргуунуудруу шилжихдээ сойзоо ялимгүй налуулж өгнө. Сойзыг хэт дарж зүлгэж угаахаас сэргийлэх хэрэгтэй бөгөөд энэ нь хүүхдийн шүд болон буйлыг гэмтээх аюултай гэдгийг санаж байх нь чухал. Араа бүлгийн шүдний гадаргууг ялимгүй даралтаар зүлгэж угааж болно. Энэ мэтчилэн шүдний бүх гадаргууг болгоомжтой цэвэрлэнэ.

Шүд угаахдаа ердөө 2 минутын хугацаа л зарцуулах хэрэгтэй. Энэ хугацааг хүүхэд тэвчин өнгөрүүлэх боломжтой бөгөөд илүү удаан угаавал эсэргүүцэж яваандаа шүдээ угаалгах дургүй болох сөрөг талтай. Хүүхдийн шүдийг өдөрт болж өгвөл 2 удаа угааж өгч байх хэрэгтэй. Харин шүд угаах хугацааг жаахан томромогц аажим уртасгаж болно.

Хүүхдийн шүдний сойзыг сойзны үс нь элэгдмэгц буюу 3 сар тутамд сольж байх нь чухал. Сойзны үс элэгдэж сармайсан үед шүд цэвэрлэх чадвараа алддаг.

Та мэдэх үү?

Шүдний эмнэлэг болон эмийн санд шүдний өнгөрийг илрүүлэгч будагч бодис байдаг. Тэдгээр нь шүдэнд өнгөр байгаа хэсэгт ягаан юмуу улаан өнгөтэй болж харагддаг. Энэхүү өнгөр илрүүлэгчийг хүүхдийн шүдийг цэвэрлэж өгч байхдаа ашиглах нь шүд угаах ажиллагааг илүү хөгжилтэй, таатай болгох бөгөөд хүүхэд өөрийн шүднээс өнгөр болон бохир зүйлс хэрхэн арилж байгааг харах урамтай байдаг.  


Tag:хүүхдийн шүд, шүд угаах

Бусад мэдээлэл:
avatar