Тусгайлан мэргэшлийн зөвшөөрөл шаарддаггүй шүдний эмчилгээний салбарууд (АНУ-аар жишээ авав)
14-May-2015 1082 0.0 0

Энэ өгүүллийн өмнө шүдний эмчилгээний салбарын заавал мэргэшүүлэх сургалт шаардагддаг тусгай зөвшөөрөл авдаг мэргэшлийн салбаруудын тухай тус тусд нь бичсэн. Тэгвэл энэ бүлэгт шүдний эмчилгээний салбарын заавал тусгай зөвшөөрөл авалгүйгээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдаад ажиллаж болох салбаруудын тухай тайлбар өгч байна. Гэхдээ эдгээр мэргэжлийн салбарууд нь зөвхөн Америкийн нэгдсэн улсын хэмжээнд л хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд бусад улс орнуудын хувьд харилцан адилгүй ялгаатай байдаг.

Шүдний гоо сайхны эмчилгээ (Esthetic or Cosmetic Dentistry)

Сүүлийн 25 жилтйн турш олон олон шүдний эмч нар өөрийн өвчтөний шүдийг боломжтой бол аль болох гоё харагдуулах талаар хичээж ирсэн. Энэхүү шүдний гоо сайхны эмчилгээ нь шүдний эмчилгээний олон салбарт хамаатай ч голдуу шүд нөхөн сэргээх ресторатив болон шүдний согог заслын салбар голлон шүд цайруулах, шүд пааландах, шүдний нүүрэвч хийх, шүдний өнгө засах, араа шүдэнд бүрээс хийх, шүдний хэлбэр засах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.   

Уг нь бол шүдний салбарын олон мэргэжлийн байгууллагууд энэ салбарыг өөртөө нэгтгэн үйл ажиллагааг нь зангидахыг хүсдэг ч энэхүү салбар нь мэргэжилтнээс ердийн шүдний эмчээс илүү их мэдлэг, ур чадвар шаарддаг.

 

Өрхийн эмч (Family Practice)

Анагаах ухааны ерөнхий эмчилгээний салбарт өрхийн эмч гэдэг нь эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг маш чухал анхан шатны нэгжид тооцогддог бол шүдний салбарт энэ тийм ч чухалд тооцогддоггүй. Иймд шүдний салбарын ямар ч байгууллага албан ёсоор өрхийн шүдний эмч гэж хүлээн зөвшөөрч сертификат олгодоггүй. Гэсэн хэдий ч шүдний салбарт өрхийн эмч гэсэн нэр томьёо оршин байсаар байгаа нь зарим нэг ерөнхий мэргэжлийн шүдний эмч тухайн өрх гэрийг иж бүрнээр нь өөрийн үзлэгт хамруулах гэсэн сонирхолтой хамаатай маркетингийн үйл ажиллагааны нэршил юм.

 

Имплантын эмч (Implantology)

Сүүлийн 35 жилийн турш шүдний имплант эмчилгээний цар хүрээ далайцтайгаар өндөр хэмжээнд хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хэмжээнд шүдний салбарын олон байгууллагууд өөрийн харьяанд ямар нэг хэмжээгээр имплантын салбарыг байлгах асар их сонирхолтой байдаг.

Шүдний эмч нарыг тус салбарт байх эсэхийг имплантын салбарын тусгай шалгуураар тодорхойлдог.

Имплант эмчилгээг нэг шүд байхгүй үед, нэлээд олон шүд байхгүй үед эсвэл бүр шүд огт байхгүй үед ч ашиглаж болно. Имплантан дээр хийгдэх хиймэл шүд нь авагддаггүй бүрээс, гүүрэлсэн шүдэлбэр эсвэл авагддаг шүдэлбэр байж болно.

Олон улсын болон бүс нутгийн шиж чанартай олон байгууллагууд имплантын салбарт ажиллаж өрсөлдөөн их байдгийн ачаар энэ салбарт хөгжил дэвшил маш хурдтай явагдаж байна. Хэрэв олон улсын хүрээнд болон улс орнуудын мэргэжлийн байгууллагуудын зүгээс ямар нэг салбарыг албан ёсоор хүлээн зөвшөөрч тусгай лиценжүүлэх бол имплантын салбар хамгийн түрүүнд өрсөлдөх хүчтэй өрсөлдөгч салбар юм.

Өнөө үед АНУ-ын хэмжээнд тусгай шалгуураар дараах шүдний салбарын мэргэжилтнүүдэд дараах үйл ажиллагааг явуулах эрх олгож байна.

Өвчтөний эрүүний ясанд имплант суулгах мэс ажилбарыг тулгуур эдийн эмгэг судлаач эмч нар (periodontists), амны хөндийн мэс засалчид (oral surgeons), нүүр амны согог засалчид (prosthodontists) болон ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч нар (general dentists)-т олгодог бол имплантан дээр хиймэл шүдэлбэр хийх технологийн ажилбарыг нүүр амны согог засалч эмч нар (prosthodontists) болон ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч (general dentists) нарт олгож байна.

Гэсэн хэдий ч маш олон өндөр ур чадвар эзэмшсэн нүүр амны согог засалч эмч нар болон ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч нар имплантын мэс ажилбар болон шүдэлбэрийн технологийн ажилбарыг аль алиныг нь зэрэг гүйцэтгэж байгаа тохиолдол олон бий.

 

Хоршихуй, Эрүү Чамархайн үений үйл ажиллагааны эмгэг (Temporomandibular Dysfunction) судлаач эмч

Энэ төрлийн мэргэжилтэн нь ямар нэгэн хүчин зүйлээс болж шүдний хоршихуй аллагдсан, эрүү чамархайн үенд өөрчлөлт гарч эмгэг үүссэн хүмүүсийг эмчилдэг маш чухал мэргэжилтэн юм.  Гэхдээ шүдний эмчилгээний энэ салбар нь эргэлзэх зүйл ихтэй бэрх салбарт тооцогддог.  Иймд ихэнх бүс нутгийн болон олон улсын шинж чанартай шүдний салбарын мэргэжлийн байгууллагууд энэ салбарт онцгой анхаарал хандуулан мэргэжилтний мэдлэг чадварт ердийн эмч нараас өндөр шалгуур тавьдаг.

Шүдний хоршихуй, эрүүний үений эмгэгийг хамарсан энэ салбарт амны хөндийн мэс засалчид, нүүр амны согог засалч эмч нар зарим тохиолдолд гажиг заслын эмч нар болон тулгуур эдийн эмгэг судлаач эмч нар ажиллах нь бий.

 

Шүд нөхөн сэргээх эмчилгээний салбар (Restorative Dentistry)

Энэ салбарын мэргэжилтнүүд нь нүүр амны эмчилгээний салбарын мэргэжилтнүүдтэй адил төстэй үйл ажиллагаа гүйцэтгэх боловч эмчээс илүү нарийн ур чадвар шаардсан өнөдөр түвшний гэж болох ажилбаруудыг дагнан гүйцэтгэдгээрээ ялгардаг. Уг мэргэжилтнүүд нь ердийн эмч нарын гүйцэтгэдэг энгийн ломбос авхуулаад цутгамал металл, алтан, шаазан зоомол зэрэг шүдний хэлбэр дүрсийг төрөлхийн мэт сэргээх ажилбаруудыг гүйцэтгэдэг.

Зарим эмч нар нь шүдний эмчилгээний 2 жилийн тусгай сургалтыг дүүргээд цаашаа нарийсан ресторатив эмчилгээний чиглэлээр ажилладаг бол зарим нь тусгай сургалтууд дүүргэн энэ чиглэлээр ажиллах нь ч бий.

АНУ-ын хэмжээнд энэхүү рестоартив эмчилгээний салбар нь үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй шүдний салбарт тооцогддог бөгөөд энэ салбарт ажилладаг шүдний эмч нар тус салбарыг хамарсан мэргэжлийн байгууллагуудаас тус тусдаа өөр өөр батламж гардан авах нь бий.

 


Tag:Шүдний эмчилгээ, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
avatar