Sprite ундаа болон алимны жүүс нь Coca Cola light-тай харьцуулбал 5 дахин их шүдний пааланг элэгдүүлэх хүчин чадалтай
28-Авг-2015 0.0 0

Саяхан Zimmer болон бусад судлаачид туршилтын амьтаны шүдэн дээр шинэ төрлийн судалгааны аргачлал ашиглан алкоголь агуулаагүй ундаа жүүснүүд нь шүдний паалан болон тугалмайн элэгдэлд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийж 2015 оны 6-р сард хэвлүүлсэн байна.

Үхрийн үүдэн шүднээс 100 ширхэг паалан болон 100 ширхэг тугалмай эдийн дээжийг тус тусад нь ялган авч тэдгээрийг санаандгүй түүврийн аргаар 10 бүлэг болгон ангилсан байна. Судалгааны өмнө авсан дээж нэг бүрийг өндөр нарийвчилалтай жин хэмжүүр ашиглан жигнэж тус бүрийн жинг тэмдэглэн авсан бөгөөд дээжүүдийн жин болон түүврийн байдлаар ангилсан группуудын хооронд статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц ялгаа ажиглагдаагүй байна. Үүний дараа тухайн групп болгоны дээж бүрийг нэгэн зэрэг 200 мл савласан дараах шингэнүүдэд дүрсэн байна. Эдгээр шингэнүүдэд  Coca-Cola, Coca-Cola light, Sprite, apple juice, Red Bull, orange juice, Bonaqua Fruits (Mango-Acai), карантны ус, усан бассейний хлоржуулсан ус, нимбэгийн ундаа сонгон авсан гэнэ. Паалан болон тугалмайн дээжүүдийг уг сонгон авсан шингэнүүдэд 370C-ийн температурт 7 хоног байлгасан байна. Үүний дараа дээжүүдийг дахин жинлэж хэр их хэмжээний жингийн алдагдалтай байгааг харьцуулан судалсан байна.

Сонирхолтой нь Coca-Cola болон Coca-Cola light-д хийсэн паалан болон тугалмайн эдийн дээжис нэгэн адил хамгийн бага жингийн алдагдалтай байсан бол тугалмайн эдийн хувьд хамгийн их нөлөөлж байсан шингэн нь нимбэгийн жүүс байсан байна. Харин паалангийн хувьд Sprite ундаа болон алимны жүүс хамгийн ихээр нөлөөлсөн байна. Бусад шингэнүүдийн шүдний дээжид нөлөөлөх нөлөөллийн хооронд статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц ялгаа ажиглагдаагүй байна.

Энэхүү судалгаагаар алкоголь агуулаагүй ундаа жүүснүүдийн in vitro орчинд шүдний паалан болон тугалмайд нөлөөлөх нөлөөлөл маш их ялгаатай байгаа нь ажигладсан байна. Тухайлбал Sprite ундаа болон алимны жүүс, жүржийн шүүс зэрэг нь Coca-Cola light-тай харьцуулбал 5 дахин их шүдний эдийн алдагдалд нөлөөлж байгаа нь тогтоогдсон байна. Иймд энэхүү судалгааны үр дүн нь хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсний сонголт болон алкоголь агуулаагүй ямар ундааг сонгох нь зүйтэй талаар шүдний эмч нарын зөвлөгөөнд ач холбогдолтой чухал зүйл болсон байна. Гэвч хоололтын талаар зөвлөгөө өгөхөд звөхөн шүдэнд хэрхэн нөлөөлөх талаас нь авч үзэх нь бас учир дутагдалтай гэдгийг шүдний мэргэжилтнүүд харгалзан үзэх нь зүйтэй болохыг нахааруулсан байна. Тухайлбал жүржийн шүүс нь хэдийгээр шүдний элэгдэлд өндөр хэмжээгээр нөлөөлдөг нь тогтоогдоод байгаа ч түүний биеийн ерөнхий эрүүл мэндэд гүйцэтгэх хувь нэмэр нь өндөр болохын адилаар бусад төрлийн ундаа нь шүдний элэгдэлд бага нөлөөлж байгаагаар нь эрүүл мэндийн хувьд ач тустай гэж үзэх боломжгүй юм.

 


Tag:жүүс, шүд цоорох өвчин, ундаа, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar