Фолийн хүчлийг хэт их тунгаар хэрэглэх нь Аутизмтай хүүхэд төрөх шалтгаан болдог уу?
12-May-2016 1.0 0

NEW YORK: Сүүлийн 20 гаран жилийн хугацаанд жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлэхээр төлөвлөж буй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг ургийн гажигаас сэргийлэх үүднээс фолийн хүчил уухыг зөвлөдөг болсон билээ.

Гэвч саяхан хийгдсэн нэгэн судалгаагаар фолийн хүчилд маш олон сайн тал байгаа ч хүүхэд төрөх үед эхийн цусан дахь фолийн хүчлийн тун хэт өндөр байх нь хүүхэд аутизмтай төрөх өндөр эрсдэл дагуулж байж магадгүй гэсэн сэжиг илэрсэн байна.

Гэвч үүнтэй зэрэгцээ өөр нэг судалгаанд фолийн хүчил болон аутизмын хорондын хамаарал сөрөг гарсан ба фолийн хүчлийг тохиромжтой тунгаар заасан хугацаанд хэрэглэх нь аутизмд өртөх эрсдлийг харин ч бууруулж өгдөг гэсэн байна.

Энэ асуудлаар яг одоо мэргэжилтнүүдийн дунд олон асуултууд урган гарч эхлээд байгаа ба тэд юуны өмнө уг судалгааг зөвхөн ганцхан эмнэлэг дээр хийгдсэн судалгааны урьдчилсан үзүүлэлт болохыг цохон тэмдэглэж байна.  Уг судалгааны баримт нь эхийг төрөх үед цусан дахь фолийн хүчлийн тунд үндэслэн дүн шинжилгээ хийсэн боловч, ингэснээр хүүхдийн уураг тархи хөгжих үе шатанд эхийн биед яг юу болсон бэ гэдгийг мэдэх боломжгүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Энэхүү маргааны хариулт болгож судлаачид энэхүү судалгааны үр дүн дээрээ үндэслэн нэгэнт тогтсон эрүүл мэндийн зөвлөмжийг өөрчилөх зорилго тавиагүй болохоо илэрхийлсэн төдийгүй тэдний төлөөлөл болох судалгааны багийн гишүүн Johns Hopkins University-ын Нийгмийн эрүүл мэндийн салбарын судлаач M. Daniele Fallin энэ санаагаа “Бид одоо хэрэгжиж буй фолийн хүчлийн хөтөлбөрийг зогсоох талаар зөвлөмж хэнд ч өгөөгүй шүү” гэж мэдэгдлээ.

Гэвч энэхүү асуудал нь олон хүмүүсийн сонирхолыг татаж, дуулиан дэгдээж байгаа тул бусад судлаачдыг энэ чиглэлд анхаарлаа хандуулж асуудлыг мөшгөж үзэх нь зүйтэй гэж M. Daniele Fallin үзэж байна. Түүний саналтай хөндлөнгийн өөр хоёр мэргэжилтэн ч санал нэгтэй байлаа.

“Энэхүү судалгааны эрэл хайгуул үнэмшилтэй мэт санагдаж байна шүү” гэж Columbia University-ын тархвар судлалын профессор Dr. Ezra Susser хэллээ. Бусад судлаачид фолийн хүчлийг хэт ихээр хэрэглэх нь ямар нэг асуудал заавал дагуулна гэдэг мэдээллийг их цочирдож хүлээн авсан гэж тэрээр хэллээ.

Энэхүү маргаан дагуулж буй шинжлэх ухааны шинэхэн мэдээллийг энэ долоо хоногийн Лхагва гаригт АНУ-ын Балтимори хотод болсон Аутизмын талаарх судлаачдын их хурал дээр анх удаа танилцуулсан юм.

Фолийн хүчлийн давс фолат нь хоол хүнсэнд агуулагддаг хүний биеийн мэдрэлийн эсийн өсөлт, хөгжилтөнд чухал үр нөлөөтэй витамин юм. Тэгвэл түүний нийлэг хувилбар болох фолийн хүчлийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэдэг.

20 гаран жилийн өмнө судлаачид фолийн хүчлийг тодорхой тунгаар хэрэглэх нь хүүхдийн тархи болон нуруу нугасны  гаралтай томоохон хэмжээний хөгжлийн гажигуудаас сэргийлдэг болохыг олж илрүүлсэн юм.  Иймд 1990-ээд оны эхээр АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд ирээдүйд хүүхэд төрүүлэх нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүдийг өдөрт 400 мг фолийн хүчил хэрэглэхийг зөвлөх болсон байна. 1990 оны сүүлээс холбооны улсын хууль тогтоомжийн дагуу фолийн хүчлийг бүх төрлийн гурил, талх, гурилан бүтээгдэхүүнүүдэд хүнсний нэмэлт байдлаар нэмж байх шийдвэр гаргажээ.

Энэ үйл явдлыг сүүлийн 50 жилд нийгмийн эрүүл мэндийн салбарын хүрээнд хүрсэн хамгийн том амжилт ч гэж үзэх нь бий.

Хүнсний бүтээгдэхүүнд фолийн хүчил хэрэглэх болсоноор жил тутам ургийн гажигийн 1000 тохиолдлоос урьдчилан сэргийлж байгаа болохыг эрүүл мэндийн албаны эх сурвалж дурдаж байна.

Тэгвэл шуугиан тариад байгаа энэхүү судалгааг хийсэн судлаачид Бостон Их Сургуулийн Анагаах Ухааны төвд 1998-2013 онд төрсөн нийт 1391 хүүхдийг хамруулан уг судалгааг гүйцэтгэсэн ба тэдгээрийн 100 орчим хүүхэд нь хожим Аутизмтай гэж оношлогдсон байна.

Судлаачид хүүхэд төрөх үеийн эхийн цусан дахь фолийн хүчил болон В12 витамины тунг өвчтөний түүхээс нарийвчлан шалгаж үзэхэд 16 эхийн цусанд фолийн хүчлийн тун хэт өндөр, 15 эхийн цусанд витамин В12-ын тун туйлын өндөр хэмжээнд байсныг олж илрүүлжээ. Эдгээр эхчүүд нь бусад эхчүүдээсээ Аутизмтай хүүхэд төрүүлэх эрсдэл 17 дахин их байсан гэж судлаачид хэллээ.

Аутизмын талаар хийгдсэн олон судалгаа энэ өвчин нь ихэнхдээ цагаан арьст хүүхдүүдэд, дундаж болон дунджаас дээш орлогтой гэр бүлүүдэд тохиолддог болохыг батлан харуулдаг. Бага орлоготой гэр бүл, үндэсний цөөнх болсон цагаачидын дунд энэ өвчин маш ховор гэж судлаачид цохон тэмдэглэлээ.

ASSOCIATED PRESS


Tag:амны хөндийн эмгэг, эмгэг согог, фолийн хүчил, аутизм

Бусад мэдээлэл:
avatar