Эрүү нүүр орчимын abscess буюу буглаа гэж юу вэ?
12-Aug-2016 0.0 0

Буглаа гэдэг нь нянгийн гаралтай халдварын улмаас хязгаарлагдмал орон зайд үүссэн идээ бээрийг хэлнэ. Хүний биед нянгийн гаралтай халдвар нэвтрэх үед биеийн дархлалын систем халдварыг зайлуулахын тулд тухайн хэсэгт цусны цагаан эсийг илгээдэг. Иймд идээт үрэвсэлийн дотор амьд ба үхсэн цусны цагаан эс, ферментүүд, үхэжсэн эд ба эсийн үлдэгдлүүд оршдог. Хэрэв энэхүү идээ бээр нь биеэс гадагшлах ямар нэгэн цорго байхгүй бол тэр хэсэгтээ хуримтлагдан буглаа болдог.

Буглаа нь хүний биеийн аль ч хэсэгт үүсэж болно. Амны хөндийд бол буйлан дээр эсвэл сурвалжийн ёзоор орчим ба түүний орчины эдэд үүсдэг. Амны хөндийн буглаа нь гэмтэл (хоол хүнсний зүйл ба гадны биет буйлны гүнд шигдэн орох), шүдний цоорлын хөндийгөөс зөөлцрүү нэвтэрсэн эсвэл буйлны гүн ховилоос нэвтэрсэн нян бактериас шалтгаалан үүснэ. Хүний биеийн дархлалын ситемийн үйл ажиллагаа буурсан хүмүүст буглаа үүсэх магадлал өндөр болно. Буглаа эхний үе шатандаа шүдний өвдөлт болон бусад  хүндрэлүүдийг дагуулдаг. Шүдний зөөлц нянгийн халдварт бүрэн автаж, нян бактери түшин ясыг нэвтлэн буйлан дээр үл мэдэг цоолон гарч ирнэ. Ийнхүү халдвар буйлыг цоолж амны хөндийд гарч ирмэгц өвдөлт мэдэгдэхүйц намжих боловч энэ нь шүдний эмчилгээ шаардлагагүй болсон гэсэн үг биш юм. Хэрэв буглаа амны хөндийн орчинд цорго үүсгэн нээгдэж чадахгүй бол толгой хүзүүний аль нэг хэсэгрүү тархан даамжирах бөгөөд хүний амь насанд аюултай хүндрэл үүсгэж болзошгүй.

Шинж тэмдэг

Буглааны гол шинж тэмдэг нь өвдөлт юм. Буглааны эхний үе шатанд шүд халуун зүйлээс эсвэл юм хазах үед хэт мэдрэг болж өвдөнө. Үүний зэрэгцээгээр үл мэдэг халуурч болох юм. Эрүүн доорх тунгалгийн булчирхайнууд цочирж томрон, хамрын дайвар хөндий орчимоор өвдөлт мэдрэгдэнэ. Хэрэв буглаа амны хөндийрүү цоорч гарч ирсэн бол өмхий үнэртэй, муухай амттай шигэн зүйл аманд мэдрэгдэнэ.

Оношилгоо

Шүдний эмч амны хөндийн үзлэгээр буглаа үүссэн эсэхийг олж илрүүлнэ. Эмч буйлны орчим хавдсан хэсгийг тэмтэрч үзэж, зөөлцийг шалгах сорил хийнэ.

Зөөлцийг шалгах сорилд:

  • Шүдэн дээр зөөлөн тогших
  • Дулааны сорил
  • Шүдний цахилгаан мэдрэг чанарыг шалгах сорил зэргийг хийнэ.

Явц

Хэрэв буглааг мэс заслын аргаар нээж гадагшлуулвал хэдхэн өдрийн дотор ямарч шинж тэмдэгггүй болж бүрэн эдгэрнэ. Харин шалтгаан болж буй хүчин зүйлийг арилгахгүй бол буглаа өөрөө эдгэрэхгүй байж болно.

Урьдчилан сэргийлэлт

Амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сахих нь буглаа үүсэхгүй байх үндсэн нөхцөл болно. Шүдний эмчийн үзлэгт цаг тухай бүрт нь хамрагдаж байх нь бас чухал. Хэрэв та ямар нэгэн эмчилгээ болон бусад шалтгааны улмаас дархлалын системийн үйл ажиллагаа суларсан бол энэ талаараа шүдний эмчдээ хэлж байгаарай. Тэгвэл шүдний эмч тань шүдний эмчилгээний өмнө танд антибиоток эмчилгээ хийх бөгөөд  энэ нь бусад хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлж өгнө.

Эмчилгээ

Буглааны үндсэн эмчилгээ нь зүслэг хийн идээ бээрийг гадагшлуулах юм. Мөн шалтгаан болсон шүдэнд сувгийн эмчилгээ хийх хэрэгтэй.

Хэрэв буйлан дээр буглаа үүссэн бол гэрийн нөхцөлд давстай усаар өдөрт хэдэн удаа зайлах нь нэмэртэй. Түүнчилэн халдварын шалтгаан болж буй нян бактерийг устгахын тулд  эмч тань антибиотик уухаар бичиж өгнө. Буглааг эмчилсэний 6 сарын дараа рентген зураг авхуулж яс ба орчмын эдийг хянуулах нь зүйтэй. Хэрэв ясны эд эмчилгээний дараа нөхөн төлжөөгүй байвал тулгуур эдийн эмчид хандаж мэс заслын аргаар нөхөн сэргээх ажилбар хийлгэх хэрэгтэй.

Тавилан

Хэрэв шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй зүй зохистой хийж гүйцэтгэсэн бол буглаа болсон хэсэг бүрэн нөхөн төлжиж цаашдын хүндрэл үүсэхгүй.  

  


Tag:буглаа, нүүр амны мэс засал, шүдний өвчин

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar