Флюороз буюу шүд толботох эмгэг гэж юу вэ?
16-Aug-2016 0.0 0

Хүүхдийн байнгын шүд нь буйлан доор эрүүний ясан дотор хэлбэрждэг. Агт араа шүдийг үл тооцон бүх байнгын шүдний цөгцөн хэсэг хүүхдийг 8  настай байхад бүрэн хэлбэржиж дуусдаг. Хэрэв ийнхүү шүдний цөгц хэлбэржиж байх үе шатанд фторын хэрэглээний хэт их илүүдэл болох юм бол шүдний паалангийн гадна давхаргын хэлбэржилтэнд сөргөөр нөлөөлж шүдний паалангийн өнгө хувирч толботдог. Гэвч энэ үед фторын илүүдэл шүдний бусад хэгүүдэд нөлөөлдөггүй. Хэрэв шүд амны хөндийд нэгэнт шүдэлсэн бол флюорозид өртөх эрсдэл байхгүй болно.

Флюороз бол шүдний гоо сайханд сөргөөр нөлөөлдөг эмгэг болохоос өвчин биш юм. Энэ нь зарим үед шүдний гадаргууд үл ялиг хөнгөн хэлбэрээр илрэх тул зөвхөн шүдний эмч мэргэжлтнүүд л илрүүлэх боломжтой байх нь бий. Шүдэнд флюороз үүсэх ихэнх шалтгаан нь бага насандаа фторын агууламж бүхий эмийн бодис хэрэглэж байсан, шүдээ угааж байхлаа фтортой оог залгиж байсан, өндөр тунгаар фторжуулсан ундны усны хэрэглээ зэрэгтэй холбоотой байдаг.

Шинж тэмдэг

Хөнгөн хэлбэрийн флюорозын үед шүдний гадаргуу дээр маш бага шинж тэмдэг илрэх бөгөөд түүнийг зөвхөн шүдний мэргэжилтнүүд л олж илрүүлэх боломжтой байдаг. Дунд зэргийн хүндрэлтэй флюорозын үед шүдэн дээр цагаан зураас ба толбо илрэнэ. Хүнд хэлбэрийн флюорозын үед шүд бараан өнгөтэй болж нүхших, саарал ба бараан толбо үүссэн, паалангийн хэлбэр алдагдсан байдаг.

Оношилгоо

Флюорозын оношийг тодруулахын тулд эмч юуны урдаар танаас асуумж асууна. Үүнд бага насандаа фторын агууламж бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эмийн бодис хэрэглэж байсан эсэх, фтортой оо хэрэглэж байсан эсэх, төрсний дараагаас эхлэн фторжуулсан ундны ус хэрэглэж байсан эсэх, усан дахь фторын агууламж өндөр бүс нутагт амьдарч байсан эсэх зэрэг асуултуудыг хамруулна. Түүнчилэн өнгөрсөн ба одоогийн биеийн эрүүл мэндийн ерөнхий төлөв байдал, хүүхэд насанд шүдний өсөлт хөгжилтөнд нөлөөлөхөөр гэмтэл бэртэл авч байсан эсэх талаар тодруулна. Үүний дараа эмч амны хөндийд бодит үзлэг хийж шүд ба буйлны орчимыг шинжилж үзээд шүдэнд өөр бусад гэмтэл үүссэн эсэхийг тодруулах зорилгоор рентген зураг авч харна.

Амны хөндийн ба гавал тархины бусад төрлийн дутуу хөгжилүүд нь шүдний паалан ба тугалмайн өсөлт хөгжилтөнд нөлөөлөх нь бий. Нярай ба балчир насандаа өндөр хэмжээнд халуурч байсан, амны хөндийн гэмтэл авч байсны улмаас шүдний өнгө хувирсан байж болзошгүй. Хэрэв балчир насны хүүхдийн шүдэн дээр ямар нэгэн хөндий үүсч  өнгө нь хувирсан бол заавал шүдний эмчид очиж үзүүлэх нь зөв.

Урьдчилан сэргийлэлт

Хэрэв хүүхэд тань 6-аас доош настай бол шүдийг нь угаах үедээ оог маш бага хэмжээгээр түрхэх төдий эсвэл буурцагний хэмжээгээр түрхэж өгөөд шүдийг угаалгасны дараа залгихаас нь сэргийлж оогоо буцаан нулмиж гаргахыг зааж өгч үүнийг хэвшил болтол нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хүүхдэд аль болох гоё амттай шүдний оо хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь хүүхдүүд гоё амттай оог залгих нь их байдаг.  Фтор агуулсан бүтээгдэхүүнийг (шүдний оо, ам зайлагч) хүүхэд хялбархан хүрэх боломжгүй газар хадгалж байх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд 20-р зууны турш ундны усыг фторжуулах явдал нь шүдний өвчинөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн томоохон арга  хэмжээнд тооцогдож байсан. Иймд хүүхдэд фторт нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлэх шаардлагатай бол ундны усан дахь фторын агууламжийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв хүүхэд фторжуулсан ус хэрэглэдэг бол ус хангамжийн мэргэжилтнээс усны фторжуулалтын тунг лавлаж болно. Үүний дараа хүүхдэд фторт бэлдмэл хэрэглэх шаардлагатай эсэх талаар зөвшилцөх нь зөв.

Ихэнх хүнсний зүйл ба ундаа нь фтор агуулдаг болохыг санах хэрэгтэй. Тухайлбал худалдаанд буй ихэнх жимсний жүүсүүд нь фторжуулсан ундны устай ижил түвшний фтор агуулдаг. Мөн зарим төрлийн савласан усанд мөн фтор нэмж өгсөн байдаг. Иймд балчир насны хүүхдэд өгөх ундааны агууламжид анхаарлаа хандуулж байх хэрэгтэй.

Эмчилгээ

Флюорозын ихэнх тохиолдлууд нь заавал эмчилгээ хийх шаардлагатай түвшинд байх нь ховор бөгөөд араа бүлэг шүдэнд үүсэн тохиолдолд хэнд ч анзаарагдахгүй байх нь бий. Харин үүдэн бүлэг шүдэнд үүссэн хүндэвтэр хэлбэрийн флюорозын үед шүдний паалангийн гадаргуугийн өнгийг өөрчилсөн хэсгийг авах, шүд цайруулах болон бусад төрлийн гоо сайхны эмчилгээ хийнэ. Хүнд хэлбэрийн флюорозын үед шүдний гадаргууг пааландах ба бүрээс, нүүрэвч эмчилгээ хийнэ.

Тавилан

Шүдэнд үүссэн флюороз нь өвчин биш  болохыг дээр дурдсан. Хэрэв энэхүү нөхцөл байдал нь таны гоо сайханд сөрөг нөлөө учруулж байгаа бол шүдний гоо сайхны төрөл  бүрийн эмчилгээний аргуудаас өөрт тохирохыг нь сонгож эмчлүүлэх боломжтой.         


Tag:шүд толботох эмгэг, эмгэг согог, флюороз, шүдний өвчин

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:
avatar