Хүүхдэд тусгайлан зориулсан шүдний оо, сойз, амны эрүүл ахуйн хэрэгслүүдийн тухай
18-Aug-2016 1397 0.0 0

Шүдний оо

Өнөөдөр зах зээл дээр маш олон төрлийн шүдний оо ба сойз, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, хэрэгслүүд худалдаалагдаж байна. Хэрэв хүүхдэдээ шүдний оо худалдан авах бол ооны фторын агууламж ба амтанд илүү анхаарлаа хандуулаарай. Зарим шүдний оо нь Шүдний Эмч нарын Холбооны зөвшөөрлийн дардастай байдаг. Шүдний Эмч нарын Холбооны зөвшөөрлийн дардас нь тухайн компаний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн аюулгүй бөгөөд үр дүн сайтай гэсэн баталгаа болно. Шүдний Эмч нарын Холбооны зөвшөөрлиийн дардасгүй л бол бас  муу гэсэн үг биш. Зөвшөөрлийн дардасгүй байна гэдэг нь эдгээр оо, эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүд нь Шүдний Эмч нарын Холбооны чанарын шалгалтанд ороогүй л гэсэн үг юм. Хүүхдийн шүдний оонд агуулагдах фторын хэмжээ 600 ppm-ээс ихгүй байх хэрэгтэй. 1000-1500 ppm фторын агууламж  бүхий шүдний оо нь цоорлын эсрэг үйлчилгээ сайтай боловч хүүхэд түүнийг залгисны улмаас шүдний паалангийн гадаргууд флюороз буюу шүд толботох эмгэг үүсэх шалтгаан болно.  

Хүүхдэд оо хэрэглүүлэхдээ сойзон дээр нь өчүүхэн бага хэмжээтэй тавьж өгөх хэрэгтэй. 3-аас доош насны хүүхдэд дөнгөж түрхлэг төдийн тавих бол 3-аас дээш настай хүүхдэд вандуй мэт байхад хангалттай. Хүүхдэдээ мөн шүдээ  угааж өгч байхдаа шүдний оо бол хоол хүнс биш гэдгийг сайтар ойлгуулж өгөх нь чухал. Иймд шүд угаасны дараа оог залгиулалгүйгээр амнаас нулимж гаргах дадал хэвшил суулгаж өгөх хэрэгтэй.

Шүдний сойз

Хүүхдэд шүдний сойз сонгохдоо зөв хэлбэр, хэмжээтэй сойз сонгож өгөх нь  чухал. Учир нь буруу хэлбэртэй сойз нь хүүхдийн буйл, зөөлөн эдийг урж гэмтээх шалтгаан болно. Хүүхдийн нас ба хүйс хамаарахгүйгээр шүдний сойз нь зөөлөн (soft) хэлбэрийн нейлон үстэй байх хэрэгтэй. Хатуу (hard) үстэй сойз нь буйлыг урж гэмтээнэ. Хэрэв хүүхэд тань 3 наснаас доош бол сойзны толгой жижиг хэмжээтэй байх нь зөв. 3-аас  дээш насанд сойзны толгойн хэмжээг ялимгүй томруулж өгч болно. Гэхдээ хүүхдийн аманд хийх, гаргах шүдийг угаахад эвтэйхэн байх хэрэгтэй. Шүдний сойз нь аманд оруулахад хамгийн арын араа шүдийг оролцуулаад бүх шүдний гадаргууд хүрэхүйц урттай байх хэрэгтэй.

Хүүхдийн шүдний сойзыг 4 сар тутамд нэг удаа сольж өгч байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд шүдээ  угаахдаа их дарж угаадаг бол сойз нь 3 сар ч хүрэхгүй хугацаанд элэгдэж болно. Тэгвэл  тэр үед нь заавал 4 сарыг хүлээлгүй сольж өгч болно. Мөн хүүхдийг ханиад томуу болон бусад өвчин туссаны дараа дахин халдвар авхуулахгүйн тулд сойзыг нь сольж өгч байх хэрэгтэй.

Цахилгаан сойз нь шүдний өнгөрийг энгийн сойзноос илүү авдаг болох нь батлагдсан байдаг. Гэхдээ  энэ нь хүүхэд бүрт заавал цахилгаан сойз ашиглах хэрэгтэй гэсэн үг биш юм. Ердийн сойз ч  хэрэв шүдээ зөв л угаах юм бол үр дүн нь цахилгаан сойзтой адил сайн байдаг. Гэвч цахилгаан сойзны бас нэг давуу тал нь хүүхэд шүдээ угаахад илүү  хялбар бөгөөд энгийн сойзтой адил түвэг чирэгдэлгүйгээр бүх шүдээ үр дүнтэй угаах боломжтой.

 

Шүдийг усаар зайлах төхөөрөмж

Ерөнхийдөө бол энэ төхөөрөмж заавал шаардлагатай бус. Гэвч гажиг заслын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдэд энэ төхөөрөмж нь илүү ач тустай бөгөөд гажиг заслын зэмсгийн завсар болон шүдний завсар орсон хоол хүнсний зүйлийг үр дүнтэй авахад туслана. Гэвч нэг сөрөг тал нь  энэ төхөөрөмж нь шүдний гадаргууд нягт наалдсан шүдний өнгөрийг цэвэрлэж чаддаггүй. Энэ өнгөрийг авахын тулд заавал шүдний сойз ашиглах хэрэгтэй болно.

Ам зайлах уусмал ба фтор агуулсан ам зайлагч

Ам зайлах уусмал ба фор агуулсан ам зайлагч гэдэг нь хоёр өөр төрлийн бүтээгдэхүүн юм. Ам зайлах уусмал нь амны үнэрийг дарах зориулалттай боловч шүдийг цэвэрлэдэггүй. Ихэнх ам зайлах уусмал нь найрлагандаа спирт агуулдаг тул 6-аас доош насны хүүхдэд ашиглах боломжгүй. Учир нь хүүхэд хэдий чинээ бага байна төдий чинээ ам зайлах уусмалыг залгих магадлал өндөр. Хэрэв хүүхдийн тань ам байнга өмхий, эвгүй үнэртэй байгаа бол ам зайлах уусмал ашиглахын оронд шүдний эмчид үзүүлэн эрүүл мэндийн зөвлөгөө авах нь зүйтэй.

Фтор агуулсан ам зайлагч нь шүдний гадаргууг фтороор бүрхэж шүдийг цооролд өртөхөөс хамгаална. Гэхдээ фтор агуулсан ам зайлагчийг дур мэдэн хэрэглэж болохгүй бөгөөд хэрэглэхийн өмнө заавал шүдний эмчийн зөвлөгөө авч шаардлагатай байгаа эсэхийг лавлана. Фторт зайлагчийг шүдний цооролд өртөмтгий хүүхдэд өдөрт зөвхөн 1-2 удаа амыг нь зайлуулах заалттай. 7-оос доош насны хүүхдэд фторт ам зайлагчийг тухайн хүүхэд шүдээ угаасны дараа оог нулимж хаядгийг мэддэг гэсэн тохиолдолд л хэрэглүүлэх хэрэгтэй. Учир нь фтор агуулсан ам зайлагчийг залгих нь хүүхдийн байнгын шүдний хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлж флюороз буюу шүд толботох эмгэг үүсгэж болзошгүй.      


Tag:шүдний оо, хүүхдийн шүд, шүдний сойз, ам зайлагч уусмал, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar