Амны хөндийн өвчин эмгэг, гэмтлийн үед гэрийн нөхцөлд яаж анхан шатны тусламж үзүүлэх вэ?
19-Aug-2016 1809 0.0 0

Ихэнх айл өрхийн хувьд ахуйн нөхцлөөс шалтгаалсан жижиг хэмжээний бэртэл, гэмтэл хуруу гар шалбарсан үед хэрэглэх анхан шатны тусламжийн зүйлс боолт, шархны лент зэрэг байгаа байх. Гэвч та шүд, амны хөндийн гэнэтийн асуудал үүссэн үед үзүүлэх яаралтай тусламжийн хэрэгсэлээ бэлтгэсэн үү?

Питсбург Их Сургуулийн Нүүр Ам Судлалын салбарын профессор Dr. Susan Calderbank-ын үзэж байгаагаар айл өрх бүр Oral First Aid Kit буюу шүдний анхан шатны тусламж үзүүлэх багаж, хэрэгсэлийн багцтай байх ёстой гэнэ.

“Шүдний гаралтай  гэмтэл ба яаралтай тусламж үзүүлэхүйц асуудлууд бага насны хүүхэдтэй айлуудад  маш элбэг тохиолддог” гэж Dr. Susan Calderbank хэлж байна. “Эмийн сангаас хэдхэн зүйл авч нэг дор хайрцагт хийснээр та амны хөндийн гэнэтийн асуудлын үед яаралтай тусламж үзүүлэх боломжтой Oral First Aid Kit -тэй болно” гэж тэрээр зөвлөж байна.

Гэхдээ ийнхүү шүдний анхан шатны тусламжийн багаж хэрэгсэлтэй болсноороо энэ нь шүдний эмчийг орлочихно гэсэн үг биш юм. Энэ нь зөвхөн амны хөндийн бэртэл, гэмтэл, гэнэтийн асуудлуудын үед шүдний эмч ба ерөнхий эмчид очихоос өмнө таны асуудлыг хэсэг хугацаанд хөнгөвчилөх, хяналтан байлгахад л зориулагдна.

Dr. Susan Calderbank дараах зүйлсийг Анхан шатны тусламжийн багаж хэрэгсэлийн багцдаа бэлэн байлгахыг зөвлөж байна.

  • Шүдний үзлэгийн толь
  • Шүдний завсар цэвэрлэх утас
  • Хөвөн бөмбөлөг
  • Хуйлсан хөвөн
  • Ариутгасан марль
  • Битүүмжилэлтэй хуванцар уут (бохирдсон хөвөн ба марлийг хаях)
  • Шүдний сойз
  • Хямсаа
  • Аспирин болон бусад төрлийн өвчин намдаах эм
  • Colgate Orabase Soothe-N-Seal өвчин намдаагч уусмал
  • Мөстэй хүйтэн жин
  • Савласан цэвэр ус
  • Давс
  • Шүдний зориулалтын лавай
  • Үзлэгийн бээлий
  • Colgate Peroxyl Antiseptic төрлийн ам ариутгагч

Dr. Susan Calderbank мөн ихээхэн тохиолддог амны хөндийн асуудлуудын үед дараах байдлаар анхны тусламж үзүүлэхийг зөвлөж байна.

  • Шүд өвдөх – Амыг бүлээн усаар зайлуул. Шүдний завсрын утас ашиглан шүдэн завсар байгаа хоол хүнсний зүйлсийг сайтар цэвэрлээд амыг дахин усаар зайлуул. Хэрэв хацар хэсгээр хавдартай байгаа бол тэр хэсэгт мөстэй хүйтэн жин тавь (20 мин тавиад 20 мин завсарлах) Өвчтэй шүдний орчмыг халуун гараар дарж болохгүй. Өвчин намдаах зорилгоор өвчин намдаах төрлийн эм хэрэглэх. Өвчтэй шүдний буйл орчимд өвчин намжаагч зуух байдлаар шууд хүрэлцэж болохгүй. Ингээд хэсэг зуур өвчин намдсан бол аль болох яаралтай шүдний эмчид хандах хэрэгтэй.
  • Шүд хооронд ямар нэг зүйл шаантаглан тээглэх – Шүдний завсар орсон зүйлийг завсарын утас ашиглан болгоомжтой гаргах. Үүний дараа амыг усаар зайлуулж тээглэсэн зүйлсийн үйрмэгийг амнаас гаргах. Шүд хоорондын завсар орсон зүйлийг хурц үзүүртэй зүйлээр  гаргах гэж оролдож  огт болохгүй. Өөрсдөө гаргаж чадахгүй бол шүдний эмчид хандах хэрэгтэй.
  • Амны шархлаа – Энэ нь аман дотор хацар, буйл хэлэн дээр жижиг хэмжээтэй цагаан шарх үүссэн байна. Шалтгаан нь юм зажлаж байх үедээ хацраа хазах, шүд угааж байхдаа  урах, халуун хоол хүнсээр  түлэх, шүдний гажиг заслын зэмсэг ба шүдэлбэрээр нухаж холгох зэрэг юм. Хөөсрөмтгий ам цэвэрлэгчээр арчиж гадаргуу дээрх хоол хүнсний  наалдсан зүйлсийг арилгана. Colgate Orabase Soothe-N-Seal төрлийн шингэнээр зайлах нь удаан хугацаанд өвдөлтийг намжааж өгнө. Ингэснээр өвчин эмзэглэлгүйгээр юм идэх, уух боломжтой болно.
  • Шүд булгарах – Боломжтой бол шүдийг яаралтай буцаан ормонд нь суулгах хэрэгтэй. Хэрэв булгараад уначихсан бол энэ нь сүүн шүд бол түүнийг сүү эсвэл давстай ус, хүүхдийн өөрийнх нь шүлс бүхий саванд хийж битүүмжилж таглаад шүдний эмчид аваачиж өгөх хэрэгтэй. Цэвэр усаар угаах, усанд хийх хэрэггүй. Хэрэв байнгын шүд бол шүдийг ямар нэг  аргаар ормонд нь буцааж суулгаад шүдний эмчид яаралтай очих хэрэгтэй. Булгарсан шүдний эмчилгээний удирдамжид dry time (DT) ба “хуурай” үе ба total extra alveolar time (EAT) “шүдний ормоноос гадна байсан нийт хугацаа” гэсэн үзүүлэлтийг авч үздэг. Dry time (DT) 30 минутаас доош total extra alveolar time (EAT) 90 минутаас доош, шүдийг хангалттай чийгтэй орчинд хадгалсан тохиолдолд тулгуур эдийг нэмэлтээр цочроолгүйгээр шүдийг буцаан суулгаад 7-14 хоногийн хугацаанд чиг барьж бэхлэхийг зөвлөдөг.
  • Шүдний гэмтэл – Эхлээд ариутгалын уусмалаар шүдний гэмтсэн хэсгийг сайтар арчиж, бохир ба гэмтлийн улмаас үүссэн үйрмэгүүдийг цэвэрлэнэ. Гэмтсэн хэсгийн хавдарыг намжаах зорилгоор мөстэй хүйтэн жин тавина. Хэрэв шүд гэмтлийн улмаас хурц ирмэг үүссэн бол хацар, буйлыг гэмтээхгүйн тулд тэр хэсэгт лавай түрхэж шавж өгнө. Аль болох түргэн шүдний эмчид очих хэрэгтэй.
  • Уруул ба хэлний хэгзэрсэн гэмтэл – Цус гарч буй хэсгийг ариун марлиар 15-20 минут дарж цусыг тогтооно. Ам зайлагчаар амыг зайлуулж, шархалсан хэсгийг цэвэрлэнэ. Хэрэв уруул хавдартай бол мөстэй хүйтэн жин тавина. Хэрэв цус тогтохгүй бол яаралтай түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргүүлнэ.  

Tag:шүдний гэмтэл, шүд булгарах, яаралтай тусламж, шүдний өвчин

Бусад мэдээлэл:
avatar