Хүүхдийн амны эвгүй үнэрийн шалтгаан, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт
25-Aug-2016 1633 0.0 0

Насанд хүрэгчдийн дунд амны эвгүй үнэр нь дасал болсон нэлээд элбэг тохиолддог эмгэг бөгөөд хоол хүнс ба шүд, буйлны өвчний шалтгаантай байх нь элбэг. Гэвч харамсалтай нь амны эвгүй үнэр нь хүүхдүүдийн дунд ч ховор бус тохиолдох боловч нэг талархууштай зүйл нь шалтгаан болж буй зүйлийг таслан зогсоох л юм бол  маш  амархан хэвийн болдог. Хүүхэд том хүн аль нь ч байсан амнаас эвгүй үнэр гарахад дургүйтэй адил үмхий  амтай хүнтэй харьцах дургүй нь туйлын үнэн юм. Хүүхдийн амны эвгүй үнэрийг арилгахын тулд заавал шүдний эмчид дагуулж очиж шалтгааныг нь тодруулах шаардлагатай.

Эвгүй үнэрийн шалтгаан

Хүүхдийн амны эвгүй үнэрийн шалтгаан болох зүйс нь том хүнийхээс төдийлөн ялгаатай бус. Калифорни муж улсын Хүүхдийн Эрүүл мэндийн төв хүүхдийн амны хөндийн эвгүй үнэрийн шалтгаан болох зүйлсэд дараах зүйлүүдийг хамруулсан байна.

  • Шүдний өвчин: цоорол, буйлны үрэвсэл, шүдний завсар хавчуулагдсан хоол хүнсний зүйлс
  • Халдварын голомт: Үүнд: хамар залгиурын, гүйлсэн булчирхайн, хамрын дайвар хөндийн үрэвсэлүүд
  • Хуурайшсан ам: Шалтгаан нь биеийн шингэн дутагдсан эсвэл амаар хэт их амьсгалсаны улмаас
  • Хоол хүнс: Хурц үнэр  ялгаруулдаг  хоол хүнс
  • Биеийн эрүүл мэндийн асуудал, өвчин: Тухайлбал хоолны шингэц муудах, ходоод ба элэгний өвчин эмгэг

 

Хэрхэн эмчлэх вэ?

Өдөр бүр тотмол цагт шүдээ угаах, шүдний засвраа завсарын утсаар цэвэрлэх нь амны хөндийд тогтсон элдэв эвгүй үнэрийг арилгах хялбар бөгөөд үр дүнтэй аргачлал юм. Хэрэв хүүхэд илтээр ямар нэгэн халдварын голомтот үрэвсэл агуулж байгаа нь халуурах, хамраас нус гойжих, өвдөх шинж тэмдэгээр илрэж байвал халдварын шалтгаан болж буй хүчин зүйлийг арилгаж, шүд, буйлыг цэвэрлэж  өгөх хэрэгтэй. Хүүхдийн шүдийг угаахдаа хүүхдэд зориулсан жижиг, зөөлөн үстэй сойз ашиглах хэрэгтэй. Америкийн Шүдний Эмч Нарын Холбоо хүүүхдийн шүдийг угаа өгөхийн зэрэгцээ хэлийг хамтад нь угаах нь амны эвгүй үнэртэй тэмцэх чухал аргачилал болохыг зөвлөдөг. Учир нь хүүхдийн хэлэн дээр төрөл бүрийн нян бактери  хуримтлагдаж байдаг. Хүүхдэд өдөр тутамд хангалттай хэмжээний ус уулгаж шингэн нөхөж байх нь биеийн шингэн дутасгдсаны улмаас ам хуурайших, шөнө амаа ангайж унтах эрсдлийг бууруулна. Хэрэв эдгээр энгийн аргуудыг хэрэглээд ч амны эвгүй үнэр арилахгүй бол хүүхдээ шүдний эмчид дагуулан очиж амны хөндийн үзлэг, шинжилгээ хийлгэж шүд ба буйлны өвчин байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Хэрэв хүүхдэд тань шүдний асуудлаас гадна биеийн эрүүл мэндийн өөр асуудал байвал шүдний эмч тухайн салбарын мэргэжилтэнрүү илгээж үзүүлэхийг зөвлөх болно.

 

Урьдчилан сэргийлэлт

Оройн унтахын  өмнө шүдээ маш сайн угаадаг дадал  хэвшлийг хүүхдэдээ суулгаж өгөх нь амны эвгүй үнэр дахихаас найдвартай сэргийлэлт болно. Америкийн Хүүхдийн Шүдний Эмч нарын Холбоо эцэг эхчүүдэд хүүхдээ 7 ба 8 нас хүртэл шүдээ угаахад нь хяналт тавьж туслаж байхыг зөвлөдөг. Хүүхдийн шүдийг өдөрт хамгийн багадаа хоёр удаа, өглөөний цайны дараа ба үдэш унтахын өмнө угааж өгч байх хэрэгтэй. Шүдний завсарыг завсрын утсаар цэвэрлэх ажилбарыг унтахын өмнө шүдээ угаахаасаа өмнө өдөрт ганц удаа хийхэд хангалттай. Мөн хүүхдээ 6 сар тутам  шүдний эмчид дагуулан очиж амны хөндийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийлгэж байх нь чухал.

Хүүхэд өөрөө амны хөндийн эрүүл мэндийн асуудлаа бие даан шийдвэрлэж амны эвгүй үнэрээ дарж чадахгүй тул хүүхдүүддээ бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс нь сэргийлж амны эрүүл ахуйгаа сайн сахин хамгаалахад туслах нь эцэг эх бүрийн үүрэг, хариуцлага гэдгийг санагтун. Таны л  тусламж, анхаарал  халамжийн үр дүнд хүүхэд тань элдэв муухай амны үнэргүй, эрүүл бат бөх шүдтэй болж өсөж томроно гэдгийг анхаараарай.   


Tag:хүүхдийн шүд, амны эвгүй үнэр, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:
avatar