Жирэмсний явцад шүдээ авхуулах нь аюултай юу?
14-Sep-2016 2947 3.0 0

Хэрэв танд жирэмсний явцад шүдээ авхуулах зайлшгүй шаардлага тулгарсан бол энэхүү мэдээлэл туслана гэж найдаж байна.

Жирэмсэний явцад би шүдээ заавал авхуулах шаардлагатай юу?

Шүд авхуулах нь ерөнхийдөө  бол төрсөний дараа хийгдэх шаардлагатай шүдний  эмчилгээний сонголтот ажилбаруудад хамаардаг боловч шүдний цоорлын улмаас шүд  маш хүчтэй өвдөж байгаа, шүдний орчимд халдварын улмаас идээлж хавдсан зэрэг нөхцөл байдлын үед яаралтай заалтаар шүдийг заавал авах шаардлагатай болдог. Энэ тохиолдолд шүд авах нь аюултай гээд шүдийг авахгүй бол шүдний орчимын халдвар нь харин жирэмсэн эхийн амь насанд жинхэнэ аюултай хүндрэл болж болзошгүй.  Үүний зэрэгцээгээр шүдний өвдөлт нь эхийн амгалан тайван байдлыг алдагдуулж стрессийн шалтгаан болж өгсөнөөр эх бар ураг хоёуланд нь сөрөг үр дагавартай.

Жирэмсэний явцад шүд авхуулахад тохиромжтой хугацаа хэзээ вэ?

  • Жирэмсэний 1-р мөчлөгийн үе буюу 1-3 сарын хооронд шүд авах ажилбарыг аль болох  гүйцэтгэхгүй байх нь чухал. Учир нь энэ үе шатанд  ургийн эд эрхтнүүд эх сууриа тавьдаг. Хамгийн аюултай хугацаа нь жирэмсэний 3-8 дахь долоо хоног бөгөөд энэ үед эрхтэн системийн ялгаран хөгжил явагдаж байдаг. Энэ үе шатанд шүд авахгүй байх нь эхийг амны хөндийн халдвараас сэргийлэх төдийгүй шүд авсаны дараа хэрэглэх эмийн бодис урагт нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Ихэнхдээ эмэгтэйчүүд жирэмслэлтийн эхний 1-2 сард өөрийн жирэмсэн эсэхээ анзаардаггүй тул ерөнхийдөө нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд элдэв төрлийн эмийн бодис бичиж өгөхөөс болгоомжилох нь зүйтэй.
  • Жирэмсэний хоёр ба гуравдугаар мөчлөгийн үед буюу эхийн хэвлийд ураг өсөж томрон бойжих бөгөөд 3-р мөчлөгийн үед (7-9 сар) шүд авах нь дутуу төрөлтөнд хүргэж болзошгүй эрсдэлтэй. Мөн жирэмсэний хожуу үе шатанд жирэмсэн эх шүдний сандал дээр суух хөдлөхөд ч бэрхшээлтэй болдог нь шүд авхуулахаас татгалзах шалтгаан болно.
  • Шүдний эмч нар шүд авхуулахад хамгийн тохиромжтой хугацааг жирэмсний хоёрдугаар мөчлөгийн үе буюу 4-6 сар гэж үздэг. Хэрэв нэн яаралтай л биш бол шүд авхуулахыг аль болох яаралгүй төрсөний дараа гүйцэтгэх нь хамгийн зөв хувилбар болохыг санах нь чухал.

Шүд авхуулах үедээ би юунаас болгоомжилох хэрэгтэй вэ?

1.Мэдээ алдуулах тариа

Шүдээ авхуулах шаардлагатай бол эмчдээ жирэмсэн гэдгээ заавал хэлэх хэрэгтэй. Шүдний эмч танд ашиглах мэдээ алдуулах бодисоо өөрчилж адреналин агуулаагүй лидокайн төрлийн мэдээ алдуулагч тариаг хэрэглэх болно. Жирэмсэн хүнд  Prilocaine төрлийн мэдээ алдуудагч хэрэглэх нь төрөх хүүхдэд цусны эмгэг үүсгэх аюултай тул ашиглаж болохгүй гэдгийг анхаар. Жирэмсэн хүнд тайвшруулах ба ерөнхий мэдээ алдуулалт хийхээс аль болох зайлсхийх нь зөв. Тайвшруулах эмчилгээний явцад diazepam ба midazolam хэрэглэх нь аюултай. Nitrous oxide бодис хэрэглэх нь эхийн витамин В12 ба фолийн хүчлийн бодисын солилцоог хямралд оруулна.

2.Антибиотик

Хүүхдийн шүдний өнгийг өөрчилдөг тул жирэмсэн эхэд тетрациклин төрлийн антибиотик огт хэрэглэж болохгүй.

3.Бусад эмийн бодис

Жирэмсэн эхэд дур мэдэн төрөл бүрийн эм бичиж өгч болохгүй. Эмийн бодис нь урагт нөлөөлж амьгүй төрөлт, уруул тагнайн сэтэрхий зэрэг сөрөг үр нөлөө учруулж болзошгүй. Аспирин болон бусад үрэвслийн эсрэг стеройд  агуулаагүй эмийн бодис (NSAIDS)-ыг жирэмсэний 3-р мөчлөгийн үед хэрэглэж болохгүй.


Tag:шүд авхуулах, хүүхдийн шүд, жирэмслэлт ба шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:
avatar