Хэдийгээр яг одоо хүүхдийн тань шүд шүдлэж эхлээгүй байгаа ч гэсэн шүдний ормыг нойтон хөвөнгөөр өдөрт нэг удаа арчиж өгч байх хэрэгтэй. Хүүхдийн сүүн шүд дөнгөж цухуйж эхэлмэгц хүүхдэд зориулсан дизайнтай, зөөлөн үстэй сойзоор угааж, шүдийг угаахын хамтаар буйланд массаж хийж өгч байх нь чухал. Хүүхэд тань 1 ой 6 сартай болмогц шүдийг нь оройн цагаар хоолны дараа энгийн ус ашиглан угааж өгөөрэй. Оо ашиглах хэрэггүй шүү.
Шүд угаахдаа хүүхдээ орон дээр нь хэвтүүлээд угааж өгөх нь илүү хялбар байдаг. Шүд угаах хугацааны хувьд эхлээд маш түргэн угаагаад аажим аажимдаа хугацааг нь сунгаж дасгах замаар 2 минут хүртэл сунгах хэрэгтэй.
Хүүхэд тань шүд угаах ажиллагаанд хэдий нь дасч өдөр тутамдаа гүйцэтгэж чаддаг болмогц (3 нас хүрэхээр нь) шүдийг өглөөний цайны дараа, үдэш унтахын өмнө өдөрт хоёр удаа угааж өгдөг болох.
Ингэхдээ хүүхдэд зориулсан фторын агууламж багатай оог хэрэглэх ёстой. Эдгээр оонууд нь ихэвчлэн нэг ой 6 сартайгаас эхлэн хэрэглэхээр заасан байдаг тул оон дээрх зааврыг уншиж үзэж хүүхдэдээ таарах оог сонгоорой.
Оог шүдний сойзонд маш бага зөвхөн түрхэх төдий л тавьж өгөх бөгөөд илүүдэл оог яаж шүлстэйгээ хамт нулимж гаргахыг зааж өг. Хэрэв илүүдэл оог нулимж гаргаж чадахгүй залгичихвал айх зүйлгүй бөгөөд хүүдийн оо фторын агууламж багатай тул амыг нь усаар зайлах аль эсвэл нойтон сальфеткаар арчиж өгөхөд л болно.
Насанд хүрэгчдэд зориулсан шүдний оогоор хүүхдийн шүдийг угаах нь шүдэнд шүд толботох эмгэг буюу флюроз өвчин үүсгэж болзошгүй тул аав, ээж, ах эгчийн хэрэглэдэг оог аль болох хүүхэд хүрэхгүй газар тусад нь хадгалж байх нь чухал.