Миний ажлын арга барил: Сайхан дент шүдний эмнэлгийн захирал Д.Батсайхан "Хөдөлмөр намайг энэ зэрэгт хүргэсэн, хөдөлмөр миний хөгжлийн зам"

Булангийн дараагийн зочиноор бид Сайхан дент шүдний эмнэлгийн захирал Д. Батсайхан эмчийг урилаа. Тэрээр шүдний техникч мэргэжилээрээ салбартаа 16 жил ажилласан туршлагатай, Шүдний техникчдийн холбооны дэд тэргүүн бөгөөд Ач анагаах ухааны сургуулийг шүдний эмч чиглэлээр суралцаж төгссөн хос мэргэжилтэн билээ. Анх ганц микромотортой ажлын гараагаа эхэлсэн ч одоо хоёр салбартай, салбар тус бүрдээ лабораторитой эмнэлгийн захирал хийгээд явж байгаа түүнтэй хэрхэн ярилцсанаа та бүхэнд толилуулая.


 

Өөрийн карьерийн түүхээс хуваалцаач?

Анх 2003 онд шүдний техникч мэргэжилээр Анагаах ухааны коллежийг төгссөн. Төгсөөд “Энэрэл дент " шүдний эмнэлэгт мэргэжлээрээ 7 жил ажилласан бөгөөд их хичээнгүйлэн ажилладаг байсан тул 2005 онд эмнэлгийн зүгээс мэргэжил дээшлүүлэх сургалтад Япон улсруу явуулсан. 3 сарын хугацаатай энэ сургалтаар "Wada dental center ", 700ажилтантай, 500 техникчтэй, маш олон салбартай хиймэл шүдний лабораторийн хэд хэдэн салбарт очиж  дадлага хийсэн. Япон техникч нарын ажлын арга барилыг харж, дамжлагат лабораторийн давуу тал гэх мэт их олон зүйл сурч мэдэх боломж олдсон.

2010 онд анх Их Зайсан эмнэлгийн 2 давхарт нэг өрөө түрээслэн BSN.D хиймэл шүдний лаборатори байгуулж ганц Микромотортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Орж ирсэн орлого бүрийг үр өгөөжтэй зарцуулж, лабораторидоо нэг нэг зүйлээр нэмж явсаар, 2011 онд Сайхан дент шүдний эмнэлгийг Баянмонгол хороололд нээсэн. Эхнэр маань шүдний эмч учир эмчилгээ талыг хариуцан, би шүдэлбэр хийж хоршин ажилласаар 2 жилийн дараа зайсанд эмнэлгээ нүүлгэсэн. Тухайн үед боломж бололцоо муу байсан ч байгаа бүхнээ шавхаад ажилладаг байсан. Нүүж ороод 2 жил болсны эцэст, за ер нь өөрсдийн гэсэн байртай болсон нь дээр юм байна гэж үзээд “Улаанбаатар сувилал”-ын хажууд байр худалдан авснаар одоогийн Сайхандент боссон түүхтэй. Тэгээд энэ оны 10-р сараас хоёрдох салбараа нээж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна.

Мөн Ач-анагаах ухааны сургуульд шүдний эмч мэргэжилээр суралцаж  төгслөө. Аав маань бас эмч. Хүн үзэж оношилгоо хийнэ,  эмчилгээ хийнэ,эх барина, эмийн тун туналана гээд тэр үеийн эмч хийдэггүй зүйл гэж байдаггүй байсандаа. Бүх л зүйлсийг хийдэг байсан. Багаасаа тэр бүгдийг харж өссөн болохоор адилхан эмч болохыг хүсдэг байсан. Тэр утгаараа өөрийнхөө мөрөөдлийг гүйцээж эмч болсон.

Энэ хугацаанд гарч байсан бэрхшээл юу вэ? Хэрхэн даван туулсан бэ?

Ажлын гараагаа эхэлснээс хойш маш олон зүйлс үзэж туулсан. Бодоод үзэхэд энэ хугацаанд эмнэлэг нээж, ажиллуулж эхлээд түрээсээ төлөх л их хэцүү санагддаг байсан. Яг өөрийн бодсоноор тэр болгон ашиг олно гэж байдаггүй. Хүн болгонд л үнэгүй үйлчилгээ үзүүлчихмээр санагдаж төлбөр тооцоогоо авах хэцүү, мөн хүний газар дээр, арга эвийг олж ажиллана гэдэг хүнд байсан.

Үүнийг даван туулахад тууштай байдал, аливаа зүйлийн ард гарах гэдэг зан маань их нөлөөлсөн болов уу. Мөн Энэрэл дент эмнэлэгт ажиллах хугацаанд нарийн дэг журамтай, хариуцлагатай, цагийн юмыг цагт нь хийж сурсан. Эмнэлэгийн шаардлага нь тийм байсан тэр зүйл нь надад сууж үлдсэн байх. Энэ дашрамд их зүйл зааж сургасан Энэрэл дент эмнэлгийн захирал Ичинхорлоо эмчдээ  үргэлж талархаж явдагаа илэрхийлье.

Ямар зарчим баримталж ажилладаг вэ?

Тууштай, хөдөлмөрч байдал миний гол зарчим. Ер нь л эхлүүлсэн зүйлийнхээ ард гарч байж санаа амардаг шүү. Мөн хандлага их чухал. Хамтран ажиллаж байгаа баг хамт олноо зөв хандлагатай хүмүүсээр бүрдүүлдэг.

Харин шүдэлбэр хийж байх үедээ тухайн шүдэлбэрийг өөрийн аманд байгаа мэтээр төсөөлж хийдэг. Мэдээж шүдэлбэрийг шүдний техникч болгон л хийж байна. Шүд тавиад хуванцар эсгээд, шахаад гаргачихдаг. Гол нь хийж буй шүдэлбэрээ мэдэрч өөртөө, аавдаа, ээждээ хийж байна гэж бодон сэтгэл гаргаж хийх хэрэгтэй гэж боддог.

Эмнэлгийн цаашдын зорилго, бусад эмнэлэгүүдээс ялгарах онцлог?

Жил өнгөрөх тусам дэлхийн хөгжил хурдасч техник, технологи бүгд дижитал болж хүний оролцоо багасаж байна. Үүнтэй хөл нийлүүлэн алхах үүднээс хүний ажлыг хөнгөвчилсөн эрүүл аюулгүй дижиталчлагдсан орчинг бий болгохын төлөө зорьж ажиллаж байна.

Гэр бүлийн хоёр нэг салбарт ажиллаж нэг зорилготой зүтгэнэ гэдэг их давуу тал.
Мөн эмнэлэг маань салбар болгондоо лабораторитой. Шүдэлбэрийг богино хугацаанд чанартай хийж өгдөг. Бид хиймэл шүдний лабораторийнхоо хүрээнд нилээн олон шүдний эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг.

Өөрийн хамгийн их ашиглах дуртай багаж хэрэгсэлийг танилцуулаач?

16 жилийн турш шүдэлбэр хийсэн, Бүх амьдрал маань шүдний техникч гэдэг мэргэжилтэй холбоотой. Залуу үеийн дурсамж, сайн сайхан бүх зүйлсийн эхлэлийг энэхүү мэргэжилийнхээ тусламжтай бий болгосон.

Шүдэлбэр хийх үедээ тухайн үйлчлүүлэгчийн инээмсэглэлийг мэдрээд, тэр таарамж, хоршилтыг бий болгосон гэж бодохоор сайхан энерги авдаг. Тэгээд тухайн үйлчлүүлэгч шүдэлбэрээ зүүгээд аз жаргалтай байгааг харах. Тэр нь миний хамгийн гоё мэдрэмж, тэр инээмсэглэлийг бүтээж буй гол багаж маань, миний хамгийн хайртай багаж болох нож шпатель юм. Бүхий л хугацаанд энэ л багажийнхаа тусламжтай хүний аманд таарсан, сайн чанартай шүдэлбэрүүдийг хийсэн.

Танай эмнэлгийн сүүлийн үед хэрэглэж буй багаж технологиуд?

Хамгийн чухал нь оношилгоо гэж боддог учир хоёр салбар дээрээ  Vatech-ийн рентген аппарат, хамгийн сүүлийн үеийн vatech portable sensor-той ашиглаж байна.

Мэдээж сайн бүтээгдэхүүн болоход сайн түүхий эд байх ёстой, сайн тоног төхөөрөмж байх хэрэгтэй, нэг үйлдвэрийх байх шаардлагатай. Үүнийг дагаад сүүлийн үеийн 5 хэмжээст CAD/CAM аппаратуудыг германаас оруулж ирлээ.

Олон нийтэд зориулж ямар ажлууд зохион байгуулдаг вэ?

Сургууль цэцэрлэгүүдээр үнэ төлбөргүй үзлэг байнга хийдэг. Хамгийн сүүлд 135-р цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийж зөвөлгөө өгсөн. Энэ тал дээр төлөвлөгөө гаргаж ажилладаг. Мөн VIP Residance компанитай хамтарч ажилчдыг нь үзлэг зөвлөгөөнд хамруулахаар бэлдэж байна. Үзлэг хийж байх үедээ шүд угаалт, амны хөндийн эрүүл ахуйн талаар зааж, эрүүл мэндийн боловсрол олгодог. Шүд эрүү нүүрний төв эмнэлэгийн хэрэгжүүлсэн "Дүүрэн инээмсэглэл " төсөлд хамтран оролцож "Өнөр бүл "төвийн дэргэдэх шүдний кабинетийн амин сүнс болсон ариутгалийн кабинетийг тохижуулсан. Дүүргийнхээ хэсэг ахмадуудад үнэ төлбөргүй эмчилгээ , хиймэл шүд хийж өгсөн . “Эрүүл шүд Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдаж 100 гаруй хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлжээ.

Таны ажлын өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

Их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээдэг. Манайх 5 хүүхэдтэй өнөр айл. Хүүхдүүд маань бага болохоор тэд нартайгаа тоглох, хооллох, салхилуулах, өглөө бүр сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, орой авахаас эхсүүлээд гэрийн ажлууд ч их бий. Энэ том ажлийг хань , аав ээжтэйгээ хамтраад давна шүү дээ.

Мөн эмнэлгийн хоёрдахь салбар нээгдсэнээс хойш гадаа гарч эр гэрт орж эм гэдэг шиг хоёр салбарын хооронд болохгүй байгаа бүхий л зүйлсийг засч, тордож явна даа. Сүүлдээ барилгачин, засварчин, цахилгаанчин болчихгээд жоохон асуудал гарсан ч тэдгээрийг өөрөө засаж янзалдаг болсон. Жижиг, том олон асуудал гарч ирдэг болохоор тэр бүхнийг амжуулах гэж цагтай уралдаж гүйсээр ажлын өдрүүд хурдан өнгөрдөг.

Эмч гэдэг байнга цагт баригдаж яарч байдаг. Таныхаар цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цаг төлөвлөлт их чухал. Өглөө бүр өнөөдөр ийм ажлуудыг амжуулна гэсэн төлөвлөгөөтэй гардаг. Мөн ажил, гэр сургууль цэцэрлэг бүх юм ойрхон байх хэрэгтэй. Хаяа хотын төврүү ороод буцаад явахад хайран цаг минь л гэж бодогддог. Яг ажлын урд 100 метр-т гэрээ нүүлгэсэн. Алхаад гэрлүүгээ явчихдаг, ажил руугаа орчихдог, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгээс нь авчихдаг байвал их амар.

Шүдний техникчийн, эмчээс ялгарах ялгаа, бэрхшээлтэй тал нь юу вэ?

Шүдний техникч мэргэжлийг одоо байгаагаас өндөрт өргөх ёстой гэж боддог. Эмч нь дизайнаа зөв гаргаад техникчтэйгээ сайн ярилцаж, ойлголцоод шүдэлбэр хийхэд эцсийн бүтээгдэхүүн сайн гарч ирдэг. Тэгээд тухайн үйлчлүүлэгчийн аманд таарсан, сайн бүтээл боллоо гэхэд шүдний техникч нь үйлчлүүлэгчээс баярлалаа гэдэг ч юм уу, ямар нэгэн сэтгэгдэл сонсох боломжгүй байдаг. Тэгэхээр техникчийг урмын үгээр тэтгэж, гоё болсон бол сайхан магтаад өгөх хэрэгтэй.

Мөн техник технологио дагаад лаборатори их хөгжиж байна. Гэвч яг улсаас албан ёсоор эрх гэж байхгүй байна, эмнэлгийн нэрэн дор үйл ажиллагаа явуулж байна. Хөгжихийн хэрээр эрх ашиг, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн олон асуудлууд хөндөгдөж байна. Хууль болон мэргэжлийн хяналтынхантай хамтран олон талаар нь хуульчилж, эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй мэт харагддаг. Энэ тал дээр хийж өөрчлөе гэж бодсон олон зүйлс бий. Бусдыг хааж боох гээд байгаа юм биш, бид цааш нэг алхам урагшлахын тулд энийг хийх ёстой. Цаашид үүнтэй тулж ажиллах нь миний туйлын зорилго болоод байна.

Та хэр их уншдаг вэ?

Хамт олноо зөв удирдаж, байгууллага, эмнэлгийн тогтвортой хөгжил бий болгохын тулд өөрөө байнга хөгжиж байх ёстой. Одоогоор Ласло Бокийн Ажлын дүрэм номыг харж тэмдэглэж байна.

Мөн ажил ихтэй болохоор машинд, түгжрэл дунд подкаст их сонсож байна. Хувийн манлайлал-Нэг минутын менежер номыг подкаст хэлбэрээр сонсож дуусгалаа.

Хамрагдаж буй сургалт…?

Хувийн манлайлал, удирдахуйн ухаан сэдвээр сургалтуудад байнга хамрагдаж байдаг. Жилийн өмнө Executive Coaching 6 сарын хугацаатай сургалтад суралцаж төгссөн. Мөн хамгийн сүүлд Osstem Mongolia-ийн Basic буюу имплантын суурь сургалтад суусан. Шинэ зүйлсийг сурч мэдэхэд цаг хугацааг харамгүй зарцуулдаг. Энэ сарын 12нд гурван сарын хугацаатай имплантын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хүлгийн жолоо залах гэж байна

Эмч хүн гэдэг их стресстдэг, стрессээ хэрхэн тайлдаг вэ?

Ер нь би л хувьдаа тэгэж боддог. Стресс гэдэг бодолтой холбоотой. Хүн ямар нэг зүйл бодоод бухимдаад байвал тэрийгээ дагаад өөртөө стресс үүсгэдэг. Тэгэхээр стресстсэн үедээ гүнзгий амьсгаа авч, жоохон хугацаанд бясалгаж, аливаа зүйлд эерэг бодлоор хандахыг хичээдэг.

Хүн амын дундах шүдний өвчлөл өндөр байгаад ямар байр суурьтай байдаг вэ?

Хамгийн түрүүнд эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй гэж боддог. Бүх нийтээр нь шүдний өвчлөлийг багасгая гэвэл улсаас нь бодлого гаргаад, түүнийхээ дүрэм журмыг өндөр түвшинд батлах хэрэгтэй.

Саяхан Орос 3-р сургууль анхны шүдний цооролгүй сургууль боллоо гэдгээ олон нийтэд зарласан. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй маш том ажил, маш том мессеж. Иймэрхүү эерэг мессежийг нийгэмд хүргэснээр аав ээжүүдийн боловсрол сайжирч хүүхэддээ анхаарна. Ганц шүдний эмнэлэг сайн ажиллаад, сургууль нь сайн шүдний эмч бэлдээд шүдний өвчлөл буурна гэж байхгүй. Уг суурьтай үндсээрээ өөрчлөгдөх шаардлагатай байх.

Шүдний эмч болж буй залуу мэргэжилтнүүдэд хандаж өгөх зөвлөгөө?

Нэг газар ороод тууштай ажиллаад, зорилго тавиад, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ бий болгох хэрэгтэй. Би 5 жилийн дараа ийм хүн болно, жилийн дотор энэ зүйлсийг хийнэ, сарын дараа, 7 хоногийн  дараа гэх мэтээр шаталсан зорилго тавьж байж илүү тууштай, хүсэл зорилгынхоо төлөө тэмцдэг байна. Тэгэхгүй хэн надад туслах бол, хэн намайг дуудах бол гээд дээшээ хараад суугаад байвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй шүү. Яагаад баян, хоосон гэж байгаан, яагаад амжилттай амжилтгүй гэж байгаан энэ бүхэн хөдөлмөртэй л холбоотой. Өөрийгөө хөгжүүлэх, сайжрах, хөгжих гол зам бол яалт ч үгүй хөдөлмөрлөх шүү.

Эртний зин буддизмын үг байдаг. Замдаа гарсан хүний зам нь тод гэрэлтдэг гэж. Би мэс засалч болно, сайн имплант хийдэг болно гэдэг ч юм уу эртнээс өөртөө зорилго тавиад явбал, тэрэнд хүрэхийн тулд замдаа гарж байна гэсэн үг. Замдаа гараагүй байж би мундаг нэр хүндтэй эмч болно гэж бодоо л яваад байвал зам нь гэрэлтэхгүй шүү дээ. Тэгэхээр бусад залуу эмч мэргэжилтнүүдээсээ асуумаар байна, Та замдаа гарсан уу?

Дараагийн ярилцлагад манай буланд хэнийг санал болгох вэ?

Шинэ залуу үеийн төлөөлөл эрч хүчтэй, дайчин,  Шүд эрүү нүүрний төвийн орлогч захирал Өнөрбилэг эмчийн ажлын арга барилтай танилцмаар байна. Тэгээд эцэст нь надад тусалж дэмждэг бүхий л хүмүүс, эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийлмээр байна. Мөн ярилцлагадаа урьж оруулсан Шүд мн-ийн хамт олонд баярлалаа.

Бусад мэдээ

Миний ажлын арга барил: 86 настай ахмад шүдний эмч С. Цагаан "Насаараа сурлаа, Насаараа ажиллалаа"
Олон хүний хүсэлтийн дагуу булангийнхаа энэ удаагийн дугаарт 86 настай шүдний эмч С. Цагаан гуайг урилаа. Тэрбээр 2019 оны зургаан сард сүүлийн эмчилгээгээ хийсэн бөгөөд төрөл бүрийн сургалт, семинаруудад үргэлж хамрагдаж, шинийг ирэлхийлж, шинээр нээгдсэн эмчилгээ бүрийг харж уншиж явдаг мэргэжил нэгт нөхдүүд нь түүнийг андахгүй биз ээ.
2020-01-20 17:11
Миний ажлын арга барил: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга Б. Өнөрбилэг "Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ"
НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулаад явж буй олон эмч, багш, мэргэжилтнүүд бий. Энэ удаагийн дугаарт бид тэдгээрийн нэг болох Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-ийн орлогч дарга Б. Өнөрбилэгийг урилаа. Тэрээр ном их уншидгаараа алдартай бөгөөд орлогч дарга болсноосоо хойш удирдлагын баг, хамт олонтойгоо хамтран 27 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
2020-01-13 18:52
Миний ажлын арга барил: Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч Денис Скуратов "Ямар ч ажил хийсэн бай гүйцэд, дуустал нь хий"
2020 оны эхний дугаараар бид Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч С. Денис-ийг урилаа. Тэрбээр хэдий нүүр амны эмч мэргэжилээр төгссөн ч толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нарийн мэргэшиж, одоогоор Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн гишүүн төдийгүй Монгол улсдаа энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэрийг оруулж байгаа нэгэн билээ.
2020-01-06 19:11