Миний ажлын арга барил: 86 настай ахмад шүдний эмч С. Цагаан "Насаараа сурлаа, Насаараа ажиллалаа"

Олон хүний хүсэлтийн дагуу булангийнхаа энэ удаагийн дугаарт 86 настай шүдний эмч С. Цагаан гуайг урилаа. Тэрбээр 2019 оны зургаан сард сүүлийн эмчилгээгээ хийсэн бөгөөд нүүр ам судлалын салбар дахь төрөл бүрийн сургалт, семинаруудад үргэлж хамрагдаж, шинийг эрэлхийлж, шинээр нээгдсэн эмчилгээ бүрийг харж уншиж, судлаж явдаг түүнийг мэргэжил нэгт нөхдүүд нь андахгүй биз ээ.


Та өөрийн ажил, амьдралын түүхээсээ хуваалцаач?

Анх 1952 онд Дорнод аймагт байгуулагдсан сувилагчийн нэг жилийн курст суралцаж төгсөөд ажил амьдралын гараа маань эхэлсэн. Төгсөөд Дорноговь аймгийн эмнэлэгт анхны мэргэжилийн сувилагчаар хоёр жил ажиллаж 1954 онд эргэж Дорнод аймаг руугаа шилжиж, аймгийнхаа эмнэлэгт түргэн тусламжийн сувилагч хийж эхэлсэн. Тэгээд ажиллаж байтал мэргэжилээрээ 5 жил ажилласан, онц дүнтэй төгссөн сувилагч хамрагдах боломжтой, нэг жилийн бага эмчийн сургууль нээгдсэн. Би тэр болзлыг хангаж байсан бөгөөд шинэ зүйл сурч өөрийгөө хөгжүүлэхийн тулд тэр сургуульд суралцаж бага эмчийн мэргэжил эзэмшсэн. Энэ мэргэжилээрээ аймагтаа ажиллаж байгаад дараагаар нь Улаанбаатар хот руу шилжиж ирээд Толгойтын нэгдсэн эмнэлэгт 6 жил ажилласан.

1960 онд анагаахын дээд сургуульд бага эмчийг гурван жилийн хугацаанд шүдний эмчээр сургах анги нээгдсэн. Ингээд тухайн шүдний ангид 1963 онд элсэж ороод бүрэн бус дээд мэргэжилтэй болж төгссөн. Төгсөх үед Анагаахын дунд сургуульд шүдний техникчийн анги нээгдэж тэнд очиж багшаар ажилла гэсэн томилолт ирсэн тул багшаар 5 жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хоёр анги төгсгөсөн. Тэр үеийн оюутнууд мундаг мэрийлттэй сайн оюутнууд байсан учир одоо бүгд сайн эмч, техникч нар болсон. 

Тэрний дараа 1971 онд эргэж мэргэжил дээшлүүлэх зорилгоор Анагаахын их сургуулийг 5 жилийн сургалттай нүүр ам судлалын ангитай болоход нь хоёрдох элсэлт болж орсон. 1973 онд шүдний эмч мэргэжил эзэмшиж төгсөөд төмөр замын эмнэлэгт хувиарлагдаж дөнгөж байгуулагдаад байсан вагон амбулаторид шүдний эмч шаардлагатай байсан учир тэнд мэргэжилээрээ ажиллаж эхэлсэн. Энэ маань хойд урд шугам замд явж үйлчилгээ үзүүлдэг соёлын вагон гэж нэрлэгддэг жилдээ 2 удаа бүтэн явдаг зохион байгуулалттай вагон байсан. Хойд замд 40 хоног, урд замд 40 хоног гээд 3 сар гаруй явдаг байлаа. Тоочик буюу вагоны буудлууд дамжин эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг байсан. Өдөр нь ажиллаад орой унтахад, өглөө өөр нэг тоочик дээр оччихсон байх жишээтэй. Тоочикууд дээр очиж үйлчилдэг байсан гэсэн үг л дээ. 

Тэгээд 1985 онд буюу 50 настайдаа олон хүүхэдтэйгээрээ тэтгэвэр тогтоолгосон. Социализмын үед тэтгэвэрт гарсан хүн 300 төгрөгнөөс дээш цалинтай ажиллаж болохгүй гэсэн журамтай байсан тул 23-р сургуульд сувилагчаар 4 жил ажилласан. Эмэгтэй хүний хувьд зах зээлийн шуурганы үед оёдол хийх, юм хум зарах гэх мэт ажил хийж үзсэн ч нэг л болдоггүй байлаа. Энэ хооронд Ч. Цэрэндулам багш “Сувд” эмнэлэгт ажиллаж байсан. Тэгээд намайг ирж ажиллаач гэж санал тавьж очиж ажилласан. Мэргэжилээсээ хичнээн хөндийрсөн ч эргээд хамгийн сайхан өөрийн гарт орж ирсэн, өөрийн юм шиг мэдрэгдсэн. 

Дулмаа гэж төмөр замын эмнэлгийн шүдний эмч байсан түүнтэй 1996 онд “Сувдан соёо” эмнэлгийг нийлж байгуулсан. Байр олдохгүй хэцүү байсан тул төмөр замаа бараадаж төмөр замын улаан загалмай дээр байр түрээсэлж 10 шахуу жил ажилласан. Дундуур нь Цэрэндулам багш ирж хамт ажиллаж эхэлсэн. Тэгж хамт ажиллаж байх хугацаанд багш маань энэ мэргэжилийг гарт оруулж, мэдрүүлж, зааж сургаж өгсөн. Багшдаа үнэхээр их баярладаг. Биднийг тэнгэрээс харж байдаг болов уу гэж боддог.

Дараагаар нь төмөр замын ахмадын өргөө дээр эмнэлэгээ нүүлгэж голцуу ахмад настнууддаа хиймэл шүд хийж үйлчилж эхэлсэн. Үргэлж дэмжиж, тусалж, ахмадуудаа харж ханддаг улаан загалмайн хамт олон, ахмадын өргөөгийн хамт олон, хорооны Батдэлгэр болон Жанчив дарга нартаа баярлаж, талархаж явдаг. 

Мөн 2000 оны эхэн үеэс НАС-ын салбар хөгжиж сургууль маань төгсөгчидөө эргэж хардаг, давтан сургалтууд их зохиодог, эмч нараа хамруулдаг болсон. Энэ сургалтуудад хамрагдсанаараа би өдий хүртэл ажилласан байх. Салбарыг ийм болтол хөгжихөд хамгийн их нөлөөлсөн хүнийг Б. Амарсайхан захирал гэж боддог. Эмч нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэхийн төлөө үргэлж ажилладаг, гадаадын мэргэжилтнүүдийг урьж бидэнд хичээл оруулдаг, сургалт явуулдаг. Ганцхан өөрөө мэдээд явна гэлгүй дотоодын эмч нараа гадагш явуулж мэргэжил дээшлүүлэхэд нь анхаарч, олон улсын жишигт нийцсэн эмч нар бэлдэх гэх мэт ажлыг маш сайн хийж олон эрдэмтэд докторууд бэлдсэн эмнэлгийн мэргэжилтэн гэж үздэг. Түүний талаар эргэн санахуй нэг сургалтад сууж байтал цонх ч үгүй, хаалга ч үгүй байшингийн рам зураг барьчихсан манай сургууль байртай болно гээд баярлаж явахыг харсан. Тухайн үед тэрийг нь хараад яана даа, энэ одоо хэзээ бүтэх бол гэж сэтгэл зовж байсан. Гэтэл залуу хүний эрч хүчээр 6, 7 сарын дотор сургуулиа байгуулаад байрныхаа засварыг бүрэн хийгээд, сургуулийнхаа 50 жилийн ойг тэр байрандаа тэмдэглэсэн. Тэр ойн баярын үеэр очиж үзэхэд ямар газар ирчихэв гэж гайхаж байсан. Тэр үеийн оюутан, багш, эмч нар маш их бүтээн байгуулалт хийсэн юм билээ. Мөн олон ном, хэвлэлүүд гаргаж зөндөө боломжуудыг нээж, бий болгосон. Гол зорилго хэлдэг үг нь “Би улсын хөрөнгөөр юм сурсан хүн улсдаа юм бүтээнэ” гэдэг. Тэр утгаар нь мундаг бүтээн байгуулалт хийсэн хүн гэж бодон бахархаж явдаг.

Эмнэлгийнхээ товч түүхээс хуваалцаач?

“Сувдан Соёо” эмнэлэг маань нээгдээд 20 гаруй жил болж байна. Сая 2019 онд Дүнжингаравын эсрэг талын байранд нүүж ирлээ. Залуу сайн эмчтэй болж, ажлаа шинэ эмчдээ даалгаад арын бүхий л ажлыг энэ эмчийнхээ тусламжтай хийж байна. Мөн нүүж ирэхдээ эмчилгээ үйлчилгээгээ улам сайжруулж орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг болсон гэж үзэж байна. Манай эмнэлгийн нэг онцлог нь бохирлогдсон багажнуудаа нэгдсэн ариутгалд өгдөг. Өөрөөр хэлбэл ариутгалын компанитай хамтарч ажилладаг. Тэгснээр эмнэлгээр халдвар тархахаас бүрэн сэргийлж байгаа гэж үздэг. 

Та ямар зарчим баримталж ажилладаг вэ?

Хийж байгаа зүйл минь чанартай байх ёстой. Энэ бол миний баримтладаг зарчим. Эмчилсэн шүд минь өвдөхгүй, ломбо нь унахгүй, хийсэн хиймэл шүд минь тухайн хүндээ таарч, өөрийн шүд мэт мэдрэмж төрүүлдэг, эдэлгээ сайтай, эрүүл ахуйн чанар, шаардлагыг хангаж, үйлчлүүлж буй хүндээ сэтгэл ханамжийг өгдөг тийм л чанар мэдрэгддэг байх ёстой гэж үздэг. Мөн хувь хүн өөрөө их эерэг байх хэрэгтэй. Миний хувьд муу муухай кино огт үздэггүй, сөрөг мэдээлэл, энергитэй зүйлээс хол байхыг эрмэлзэж үргэлж сайн сайхан юм бодож, сайн зүйлсийг эрэлхийлж явдаг даа.

Ажиллаж байх цагийн сайхан, дурсамжтай үеэс хуваалцаач?

Мэргэжлийн сайхан үе гэвэл анагаах ухааны дунд сургуульд багшилж байхад, олон оюутан, залуучуудтай  ажиллах сайхан байсан. Их мундаг оюутнууд байсан даа. Тэр утгаар нь нэг илүү юм заагаад өгчих юмсан гэсэн хүслээр багшилдаг байлаа. Тэгээд тэднийг онц сайн дүнтэй төгсөхөд баярладаг. Мөн төгсөөд мэргэшсэн мундаг эмч болчихсон явж байгааг нь харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг шүү. 

Одоо бодоход вагоноор шугам замд явж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх сайхан байсан юм байна. Тэр үед мэргэжлийн эмч нар ховор учир хөдөөгүүр явж замаараа үйлчилгээ үзүүлдэг байсан,

Дараагаар нь, эргээд мэргэжлийн сургалтад хамрагдаж уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзаж, шинэ мэдээлэл сонсож, өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ сайжруулж байсан. Энэ бас их сайхан санагддаг юм билээ. 20, 30, 40 жил уулзаагүй байж байгаад эргээд уулзах гоё байсан.

Социалист нийгэм болон одоо үе таньд юугаараа онцлог санагддаг вэ?

Үнэ төлбөргүй мэргэжил эзэмшсэнийхээ хувиар ажиллах л ёстой юм байна гэж бодож ажилладаг байлаа. Хувийн эд зүйл нэг ч байхгүй. Бүгд л улсын өмч байсан. Тэр үед ер нь бол хязгаарлагдмал байсан. Ямар сайндаа л 300 төгрөгнөөс дээш цалинтай ажил тэтгэврийн хүн хийж болохгүй байхав дээ. Ардчилалын үед хэн нь юу чаддаг тэрийгээ хийдэг, ажиллах боломж нөхцөлөөр хангаж өгсөн гэж боддог.

Социалист нийгмийн сайхан тал нь бүх юманд үнэ төлбөргүй сургадаг байсан. Ажилласан жилийг харж үздэг, хүний ажил хөдөлмөрийг бас л үнэлдэг байсан. Мөн ажлын цагийг яс баримталж ажилладаг байлаа. Өглөө хүүхдээ цэцэрлэг яслид хүргэж өгөөд яг 08:00 цаг гэхэд ажлын хувцасаа өмсөөд ажил дээрээ бэлэн байж байх ёстой байдаг. Өдөртөө нэг цагийн амралттай. Тэр цагтаа ийш тийшээ явж амжвал амжина, амжихгүй бол хоол ундаа идээд ажлаа л хийнэ. Ажлын цаг маш хатуу, тэрийгээ л баримтлана. Сайхан тал нь цалингаа тогтмол хугацаанд нь өгдөг, амралт сувилалд явуулдаг, сургалт семинарт хамруулдаг. Улсынхаа төлөө үйлчлүүлэгчдийнхээ төлөө л явдаг байсан. Оройг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй тараад лекцэнд сууна эсвэл спорт, дугуйланд хичээллэнэ. Эмнэлгийн улсууд эмнэлгийн суртал, ухуулгын ажил гээд айлуудаар явж сурталчилгаа хийнэ. Тэр үед ажилгүй хүн гэж ерөөсөө байдаггүй байсан. Баян хоосны ялгаа маш бага. Бүгд л ажилтай, ажилтай хүн чинь хэдийдээ хулгай хийж явах вэ? Хэдийдээ залилан хийж явах вэ дээ, ажлаасаа илүүг бодохгүй.

Ардчилалын сайхан тал нь хүн юу чаддаг тэрийгээ хийдэг буюу дуртай мэргэжилээ сонгож хийдэг болсон. Тийм учраас өөрийн мэргэжил шиг хэрэгтэй юм байдаггүй тул мэргэжилээсээ битгий хөндийрөөсэй л гэж залуучууддаа захиж хэлмээр байдаг. 

Социалист нийгмийн үеийн шүдний өвчлөл ямар түвшинд байсан бэ?

Тэр үед бол шүд өвддөг хүн ч гэж байхгүй. Шүдний эмч гэж мэддэг ч үгүй байсан. Тийм мэргэжилтэн ч байгаагүй. 1957 онд 5 мэргэжилтэн Зөвлөлт Холбоот Улсад төгсөж ирсэн. Цэрэн багш, Цэрэндулам багш, Дашцэгвэ эмч, Уртнасан эмч, Маая эмч гээд 5 хүн төгсөж ирсэн. Энэнээс л салбар маань хөгжиж эхэлсэн. Цэрэн багш хүүхдийн поликлиникт ажиллаж байсан. Цэрэндулам багш 1-р эмнэлгийн согог заслын тасгийг нээж ажиллуулсан гэж санаж байна. 

Тэр үед эмчилгээ хэрхэн хийгддэг, үнэ төлбөр нь ямар байсан бэ?

Тэр үед эмчилгээний материал, тоног төхөөрөмж тун хангалтгүй байсан. Ер нь хүрэлцээ их муутай байсан. Бидний үеийн ломбоны материал гэвэл ихэнх нь цемент байсан. 1960 онд хамгийн сайн материал нь норикирил байлаа. Хиймэл шүдний материалд хуванцаруудыг хэрэглэдэг байсан. Хиймэл шүдний хуванцар материалуудаа тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсаас захиалгаар авдаг байлаа. Манай салбар 90-ээд оноос л сайн хөгжиж ирсэн. Энэ нь Кубд төгсөж ирсэн эмч, мэргэжилтнүүдтэй их холбоотой болов уу. Зөвхөн Орос улсыг харж суулгүй олон улсын харилцаатай болж өөр Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудаас өөр сайн материалууд захиалдаг болсон.

Социалист нийгмийн үед ганцхан хиймэл шүд үнэ төлбөртэй, бусад эмчилгээ үнэ төлбөргүй байсан. Тагнай, эрүүний авагддаг бүрэн шүдэлбэрыг хамтад нь 170 төгрөгөөр хийдэг байсан. Тагнай наахад 15 төгрөг байсан. 

Мөн ариутгал маш муу байсан. Шприц, зүү, бахьнуудаа зөвхөн багаж буцалгагчид чанаж ариутгадаг байсан. Тухайн үедээ 100 градусаас дээш чанаад сайн ариутгаж байна л гэж үздэг байсан.

 

Шүдний эмч мэргэжлийн хамгийн сайхан тал юу вэ? 

Эзэмшсэн мэргэжилээ их сайхан мэргэжил гэж боддог. Өвдөж байсан хүн ирээд эмчилгээ хийлгээд шүднийхээ мэдрэлийг авхуулаад гарахдаа өвдөлт нь алга болдог. Хиймэл шүд хийлгэсэн хүний нүүр ам, зүс царай, нүүрний хэлбэр өөрчлөгдөөд сайхан болоод гардаг. Тэр хүн ч баярладаг, бид ч баярладаг. Өдий хүртэл ажиллахад тэр сайхан талууд надад бас нөлөөлсөн болов уу гэж боддог.

Шүдний холбооны хамт олонд их баярлаж явдаг, биднийг үргэлж дээшлүүлж байсан, бидний ажлыг үнэлж дүгнэдэг, уулзуулж учруулдаг, нэгтгэдэг, нэгэндээ байхгүй зүйлсээ өгч авалцдаг. Энэ холбоог анх үүсгэн байгуулсан Н. Пүрэвжав багш болон сайн үйл ажиллагаа явуулж ирсэн Б. Амарсайхан багш нарт их баярлаж явдаг. 

Таны авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Бага байхад аав ээж минь надад “хүний нүд хуурсан юм битгий хийж байгаарай” гэж захидаг байлаа. Энэ үг одоо ч миний сэтгэлд хоногшсон хэвээр. Аливаа зүйлийг хийх болгондоо үргэлж чанартай хийхийг хичээж, хамгийн сайнаараа л байлгахыг хүсдэг. Ганцаараа үлдээд муу юм хийж суудаг хүн болохгүй гэж л энэ олон жил хичээж ирсэн дээ. 

Хэр их уншиж байна?

Уран зохиолын ном уншиж суух дуртай. Хараа минь муудаж байгаа ч өөрийнхөө хэр хэмжээнд уншнаа. Ану хатан, Сорхагтун хатан зэрэг номнуудыг уншсан. Монголын төрийг байгуулалцахад оролцсон их мундаг эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг. Одооны охидыг ч ийм дайчин байгаасай гэж боддог. Ногоон нүдэн лам, тэрний үргэлжлэл болох Жаран цагаан хонийг сүүлд уншиж дуусгалаа. 

Сүүлийн үед хамрагдсан сургалт?

Сүүлийн үед янз бүрийн шалтгаанаар сууж чадахаа болиод байна. Өнгөрсөн зургаадугаар сард сүүлийн үйлчлүүлэгчдээ эмчилгээ хийж дуусгалаа. Аливаа сургалтанд юм мэдэхийн төлөө, яавал гайгүй эмчилгээ хийх бол гэсэн үүднээс хамрагддаг. Ер нь зүгээр сууж чаддаггүй болохоор заваараа шүрэн сүлжээ хийж байна. Түлхүүрийн оосор, бугуйвч, хүзүүний зүүлт зэргийг хийнээ. Ахмадын өргөө их мундаг үйл ажиллагаа явуулдаг. Шүрэн сүлжээг тэнд л хийж сурсан, тусгай заадаг багш бий. 

Өвчин тусаад л хэвтэнэ үү гэхээс зүгээр л суугаад байдаггүй. Өдөржингөө л ямар нэг зүйл хийсээр нэг мэдэхэд шөнө болчихсон байдаг. Иймэрхүү байдлаар цаг хугацаа эргэлтгүйгээр урсан одож нэгэнтээ өндөр насыг зоогложээ. Эмнэлгийн мэргэжил эзэмшээд 60, шүдний мэргэжилийг эзэмшээд 50 гаруй жил болжээ. Ажил хийж байхад зөвхөн тэр ажилдаа л анхаарлаа хандуулна. Өөр ар гэрийн ажил огт боддоггүй байлаа. Социализмын үед орой ажлаа тараад юу авах ёстой билээ, гэрт юу байгаа билээ, мах авах бил үү гэж боддог. Тийм л байлаа.

Залуу эмч нарт хандаж хэлэх таны үг?

Залуу эмч нарт үйлчлүүж буй хүнийхээ төлөө үнэн сэтгэлээсээ хандаасай, хийсэн эмчилгээ, үйлчилгээ нь сайн байлгаасай л гэж хэлмээр байна. Орчин үед олон ололт амжилтууд гарч дэлхий ертөнц маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас мэргэжилийнхээ сургалтад үргэлж идэвхтэй оролцож, үргэлж шинэ зүйлсийг эрэлхийлж мэдлэгээс битгий хоцроосой гэж хэлмээр байна. Хийж буй эмчилгээндээ итгэл төгс, хүнийг эрүүл болгож сайн сайхан, эрүүл энх ертөнцийг бүтээхийн төлөө ажиллаарай гэж хүсэн ерөөе. 

Ярилцлагын төгсгөл хэсэгт бидэнд юу хэлмээр байна вэ? 

Монгол түмэн маань эрүүл энх байж, ажил амжилтаар дүүрэн, амьдрал нь аз жаргалаар дүүрэн сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй гэж хэлье. 

Эмч болон мэргэжил нэгтнүүддээ хандаж хийж буй эмчилгээ нь чанартай сайн байж, олон хүн эмчилж, мэргэжилдээ азтай одтой сайн сайхан явахыг хүсье.

Манай дараа дараагийн буланд хэнийг санал болгох вэ?

АШУҮИС-н профессор Н. Пүрэвжав багшийн арга барилтай танилцвал зүгээр болов уу.
 

Бусад мэдээ

Миний ажлын арга барил: 86 настай ахмад шүдний эмч С. Цагаан "Насаараа сурлаа, Насаараа ажиллалаа"
Олон хүний хүсэлтийн дагуу булангийнхаа энэ удаагийн дугаарт 86 настай шүдний эмч С. Цагаан гуайг урилаа. Тэрбээр 2019 оны зургаан сард сүүлийн эмчилгээгээ хийсэн бөгөөд төрөл бүрийн сургалт, семинаруудад үргэлж хамрагдаж, шинийг ирэлхийлж, шинээр нээгдсэн эмчилгээ бүрийг харж уншиж явдаг мэргэжил нэгт нөхдүүд нь түүнийг андахгүй биз ээ.
2020-01-20 17:11
Миний ажлын арга барил: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга Б. Өнөрбилэг "Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ"
НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулаад явж буй олон эмч, багш, мэргэжилтнүүд бий. Энэ удаагийн дугаарт бид тэдгээрийн нэг болох Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-ийн орлогч дарга Б. Өнөрбилэгийг урилаа. Тэрээр ном их уншидгаараа алдартай бөгөөд орлогч дарга болсноосоо хойш удирдлагын баг, хамт олонтойгоо хамтран 27 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
2020-01-13 18:52
Миний ажлын арга барил: Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч Денис Скуратов "Ямар ч ажил хийсэн бай гүйцэд, дуустал нь хий"
2020 оны эхний дугаараар бид Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч С. Денис-ийг урилаа. Тэрбээр хэдий нүүр амны эмч мэргэжилээр төгссөн ч толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нарийн мэргэшиж, одоогоор Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн гишүүн төдийгүй Монгол улсдаа энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэрийг оруулж байгаа нэгэн билээ.
2020-01-06 19:11