Одонтофобиа буюу Шүдний эмчээс айх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ? 

Одонтофобиа буюу Шүдний эмчээс айх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ? 

     Одонтофобиа буюу “Дентофобиа” нь шүдний эмчид үзүүлэхээс айдас бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үүнийг өвчний ангилалд багтаан тодорхойлжээ.

  • Ойролцоогоор насанд хүрэгчдийн 30%, хүүхдүүдийн 43%-д тохиолддог. (ДЭМБ, 2017 он)
  • Нийт хүн амын 15-20% одонтофобитой хэмээн тооцоологдсон. (ДЭМБ, 2019 он)

Уг айдсыг илрэлээр:

  1. Хөнгөн- Сандрал (Dental Anxiety); нийт хүн амд элбэг тохиолддог хэлбэр
  2. Дунд- Шүдний эмчээс түгших (Dental Fear); 
  3. Хүнд- Шүдний эмчээс айх өвчин (Dentophobia); ховор тохиолддог, зохицуулж удирдахад маш төвөгтэй гэж 3 ангилдаг.

Илрэх шинж тэмдэг:

  • Зүрхний цохилт олширч, хүчтэй дэлсэх
  • Хөлрөх
  • Гар, хөл, бие чичрэх
  • Амьсгал түргэсэж, богиносох
  • Дотор муухайрах
  • Уйлах
  • Хөших
  • Шүдний эмнэлгээс зайлсхийх гэх мэт

     Дээрх шинж тэмдгүүдээс нэг эсвэл хоёр нь илрэх үед өвчтөн шүдний эмнэлэгээс зугтах, үзлэг товлохгүй байх, үзлэгээ хойшлуулах гэх мэтээр хариу үйлдэл үзүүлдэг хэдий ч, хүн өөрийн сэтгэл зүйгээ хянан залснаар мөн шүдний эмч, эмнэлгийн ажилтны тусламжтайгаар даван туулах бүрэн боломжтой. 

     Хэрэв та шүдний эмчээс айх айдсаас хамааран шүдний тогтмол үзлэг, эмчилгээнээс зайлсхийдэг бол энэ нь таны амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд шинж тэмдэггүй өвчлөл даамжран хүндэрч улмаар танд илүү хүчтэй өвдөлт үүсэх мөн эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй эмчилгээ шаардагдах тул айдастайгаа нүүр тулан өөрийн эрүүл мэндийн төлөө зөв алхам хийгээрэй.

Хэрхэн уг айдсаа дийлэх вэ?

1. Ярилцаж, ойлголцох

    Энэ нь тун энгийн зүйл бөгөөд хэрэв та шүдний эмчтэйгээ өөрийн мэдрэмжийг хуваалцаж, урьдчилан ойлгуулснаар эмчилгээний төлөвлөгөөнд тань нэмэлт өөрчлөлт оруулж, танд айдас төрүүлэхээс зайлсхийх боломж бүрдэнэ. 

2. Эмчээ сонгох

     Эмчийн мэргэжлийн ур чадвараас гадна, түүний харилцаа хандлага, гарын “хатуу”, “зөөлөн” байдал нь таны мэдрэмж, мэдрэхүйд чухал нөлөөтэй тул үйлчлүүлэх эмнэлэг, эмчээ бусдаас зөвлөгөө авч, судалж, харьцуулан эргэцүүлсний дүнд сонгоорой. Ингэснээр та өөрт тав тухтай орчинд үзлэг  эмчилгээ хийлгэх боломжтой

3. Тогтмол үзлэг товлох

     Амны хөндийн эрүүл ахуйгаа тогтмол эмчид үзүүлж хянуулах нь хүчтэй өвдөлт үүсгэх өвчлөл, гарч болох хүндрэлээс сэргийлэхийн сацуу та тухайн эмч, шүдний эмнэлгийн орчинд дасаж аажмаар таны айдас буурах давуу талтай.

4. Тайван байх

     Тодруулбал, үзлэгийн өмнөх орой дутуу нойртой хонох нь мэдрэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж айх мэдрэмж төрөх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд тайван унтаж амрах, үзлэгийн өмнө дуртай дуугаа сонсох, тайван алхах байдлаар сэтгэлзүйгээ урьдчилан бэлдэх нь ач тустай.

5. Өвдөлтийн менежмент

    Орчин үед шүдний эмнэлгүүдэд өвдөлтгүйгээр эмчилгээ хийх арга барил түгээмэл хэрэглэгдэж байгаа тул хэрэв та өвдөлтөөс айдаг, хэт мэдрэг бол эмчлэгч эмчдээ мэдээгүйжүүлэгч тариа, гель, цацлага хэрэглэх хүсэлт тавих, мөн үзлэгт орохоос 1 цагийн өмнө хоол идсэний дараагаар өвдөлт намдаагч  эм уух эсэх талаар зөвлөлдөн өвдөлтөөс зайлсхийх боломжтой. 

6. Ойр дотны хүнтэйгээ хамт үзлэгт ирэх

    Та гэр бүлийн гишүүн, найз нөхөд гэх мэт дотны хүнтэйгээ хамт үзлэгт ирж, сэтгэлийн дэмжлэг авах; бага насны хүүхдийн хувьд асран хамгаалагч нь хамт үзлэгийн сандалд суух, гараас нь атгах зэрэг нь үр дүн сайтай шалгарсан арга юм.

Эх сурвалж:

  1. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6843210/
  2. https://www.sunstargum.com/gb-en/blog/odontophobia.html
  3. https://www.healthline.com/health/mental-health/fear-of-dentist#tips-to-stay-calm
  4. https://chewchew.net/fear-of-dentist-dental-phobia-odontophobia-treatment-and-cure/

Бусад мэдээ

Уруулын хавдар: Үүний талаар юуг мэдэх хэрэгтэй вэ?
Уруулын хавдрын дунджаар 1/3 нь нарны цацрагийн нөлөө хэт их байсантай холбоотой. Хавдрын эрсдэл нь цацрагаас хамгаалах озоны давхарга, дэлхийн дулаарал, агаарын бохирдол зэрэг цаг уурын өөрчлөлтөөс болж ихэссээр байна.
2022-04-05
Амны хөндийн эрүүл ахуй ба жирэмслэлт
Судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн буйлны хүнд хэлбэрийн өвчин болон жин багатай дутуу төрөлт хоёрын хооронд холбоо байгааг тогтоожээ. Дутуу төрсөн хүүхэд тархиндаа гэмтэлтэй, хараа, сонсголын бэрхшээлтэй байх магадлал өндөр байдаг. 100 дутуу төрөлт тутмын 18 хүртэлх нь буйлны хүнд хэлбэрийн халдвартай (холбоос эдийн өвчин) холбоотой байдаг гэж үздэг.
2022-02-15
Одонтофобиа буюу Шүдний эмчээс айх айдас, түүнийг хэрхэн даван туулах вэ? 
     Хэрэв та шүдний эмчээс айх айдсаас хамааран шүдний тогтмол үзлэг, эмчилгээнээс зайлсхийдэг бол энэ нь таны амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд шинж тэмдэггүй өвчлөл даамжран хүндэрч улмаар танд илүү хүчтэй өвдөлт үүсэх мөн эдийн засгийн хувьд өндөр өртөгтэй эмчилгээ шаардагдах тул айдастайгаа нүүр тулан өөрийн эрүүл мэндийн төлөө зөв алхам хийгээрэй.
2022-01-25