Миний шүд уначихлаа одоо яах вэ?

Миний шүд уначихлаа одоо яах вэ?

          Шүдний оромноос шүд бүрэн гарахыг эсвэл хэсэгхэн зөөлөн эдэд наалдсан байхыг шүдний бүрэн мултрал гэдэг. Бага насны хүүхдэд шүд унаж байнгын шүдээр солигдох нь хэвийн үзэгдэл ч насанд хүрэгсдэд байнгын шүд унах нь гадаад төрхөд нөлөөлөхөөс гадна хэл яриа, хоол боловсруулалтад нөлөөлдөг. 

        Таны шүд унасан ч гэсэн та шүдээ хадгалан үлдэх боломжтой. Гэхдээ богино хугацаанд, ухаалаг алхмуудыг хийх хэрэгтэй. Та “Шүд унахаар яах ёстой вэ?”, “Шүд яагаад унадаг вэ?” гэж гайхаж магадгүй. Тэгвэл яагаад унадаг, ямар арга хэмжээ авах талаар энэхүү нийтлэлээр хүргүүлж байна.

Шүд унах түгээмэл шалтгаанууд:

Амны хөндийн арчилгаа муу байх

          Насанд хүрэгсдийн шүд унах нь ихэнхдээ амны хөндийн арчилгаа муу байхаас болон шүдний тулгуур эдийн өвчнөөс үүдэлтэй байдаг. Мөн хэрэгцээт кальци, витамин С, кали, фосфор, витамин D зэрэг амин дэм болон эрдсийн дутагдлаас шүд цоорох өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Их хэмжээний хүчиллэг болон чихэрлэг хоол хүнс хэрэглэснээр шүдэнд өнгөр үүсэх таатай орчныг бүрдүүлэн энэ нь цаашлаад шүд цоорох өвчин болоод байнгын шүдийг сулруулах эрсдэл болдог. 

Механик хүчин зүйлийн нөлөөгөөр /Гэмтэл/

            Спортын гэмтэл, зодоон, автомашины осол эсвэл амны орчим гэмтэл авсан тохиолдолд шүд унах боломжтой.

Их хэмжээний цооролтой шүд 

         Амны хөндийн арчилгаа муу байхаас бактери хуримтлагдан цоорлыг улам дордуулдаг. Хэрвээ эмчлүүлэхгүй орхивол цоорол хүндрэн судас мэдрэлийн багц бүхий зөөлцийг гэмтээдэг. Энэ нь сувгийн эмчилгээнд орох цаашлаад хүндэрсэн тохиолдолд шүдийг авах хүртэлх эрсдэлийг бий болгодог байна. 

Шүд унахаар яах ёстой вэ?

          Хүмүүс шүд унасан тохиолдолд хадгалан үлдэх боломжгүй гэж боддог гэхдээ огтхон ч тийм биш юм. Хэрвээ та хурдан арга хэмжээ авч, унаснаас 20 минутын дотор шүдний эмнэлэгт хандаж чадвал шүдний эмч таны шүдийг буцаан хийх боломжтой байдаг. 

1. Тайван байж унасан шүдийг цөгцөн хэсгээс барих

         Унасан шүдээ олсны дараа сурвалж хэсгээс барилгүй цөгц буюу цагаан хэсгээс бариарай.  Учир нь сурвалж хэсгээс барихад сурвалжийн орчмын холбоос эдийг гэмтээх аюултай байдаг. 

2. Шүдийг сүүгээр эсвэл өөрийн шүлсээр зайлах 

         Элдэв саван, угаагч зэргийг хэрэглэлгүй сүүгээр эсвэл өөрийн шүлсээр үрэхгүйгээр угаагаарай.

3. Шүдийг буцаан шүдний ормонд байрлуулах 

          Болгоомжтойгоор шүдийг ормонд буцаан байрлуулж марль, алчуурыг зөөлөн хазан шүдний хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй.

4. Шүдийг нойтон, чийглэг байлгах

          Хэрвээ шүдийг буцаан ормонд суулгаж чадахгүй байвал шүдээ чийглэг орчинд байлгаарай. Шүдний эмнэлэгт очих хүртлээ аягатай сүүнд хийж чийглэг байлгах боломжтой. Яагаад сүү вэ гэж үү? Таны унасан шүдний сурвалж хэсгийг хатахаас сэргийлэхээс гадна уураг, бактерийн эсрэг элементүүдийг агуулдаг учраас унасан шүдийг хадгалах хамгийн зөв арга болдог. 

 

Эх сурвалж: https://www.pearlshinedentalclinic.com/my-tooth-fell-out-what-do-i-do/

                     https://dentaltraumaguide.org/

Нийтлэлч: Б. Билгүүнзаяа

Бусад мэдээ

Миний шүд уначихлаа одоо яах вэ?
Таны шүд унасан ч гэсэн та шүдээ хадгалан үлдэх боломжтой. Гэхдээ богино хугацаанд, ухаалаг алхмуудыг хийх хэрэгтэй. Та “Шүд унахаар яах ёстой вэ?”, “Шүд яагаад унадаг вэ?” гэж гайхаж магадгүй. Тэгвэл яагаад унадаг, ямар арга хэмжээ авах талаар энэхүү нийтлэлээр хүргүүлж байна.
2022-02-17
Compound odontoma: Case report
Odontomas are the most common odontogenic benign tumor originating from an alteration of differential mesenchymal and epithelial odontogenic cells; it is the capacity of forming enamel, dentin, cement, and pulp { Susana Amado Cuesta }. Classified as a 2 category Complex and Compound types.
2021-09-07
Зажуурын хөндийн ясны хоргүй хавдар - Остеома : Эмнэл зүйн тохиолдол болон Судалгааны тойм
Остеома нь гүйцэд хөгжсөн ясны эдийн хоргүй хавдар юм. Хамрын дайвар хөндийнүүдэд цөөн тохиолдох ба нийт тохиолдлын 5% орчим нь зажуурын хөндийд тохиолдоно. Зажуурын хөндий буюу гайморын хөндийд тохиолдсон үед хэмжээний хувьд томортлоо ихэвчлэн ямар нэг зовиур, өвдөлтгүй байдаг учраас шүд, эрүү нүүрний бусад эмчилгээний үед санамсаргүй байдлаар оношлогдох нь элбэг. Энд өгүүлж буй эмнэл зүйн тохиолдол нь 44-настай эмэгтэйн зүүн гайморын хөндийд ургасан остеома,түүний эмнэл зүй, гистологийн шинж чанарыг тодорхойлох болно.
2020-04-17