Зажуурын хөндийн ясны хоргүй хавдар - Остеома : Эмнэл зүйн тохиолдол болон Судалгааны тойм

Товчлол 

Остеома нь гүйцэд хөгжсөн ясны эдийн хоргүй хавдар юм. Хамрын дайвар хөндийнүүдэд  цөөн тохиолдох ба нийт тохиолдлын 5% орчим нь зажуурын хөндийд тохиолдоно. Зажуурын хөндий буюу гайморын хөндийд тохиолдсон үед хэмжээний хувьд томортлоо  ихэвчлэн ямар нэг зовиур, өвдөлтгүй байдаг учраас шүд, эрүү нүүрний бусад эмчилгээний үед санамсаргүй байдлаар оношлогдох нь элбэг. Энд өгүүлж буй эмнэл зүйн тохиолдол нь 44-настай эмэгтэйн зүүн гайморын хөндийд ургасан остеома,түүний эмнэл зүй, гистологийн шинж чанарыг тодорхойлох болно. Өвчтөний панорам зурагт өөрчлөлт байхгүй, компютер томограф (СТ) зураг дээр зүүн хоншоорын хөндийн латерал талын хананаас дотогш ясан ургалт ажиглагдсан. Хавдарыг Caldwell-luc нэвтрэх замаар, мэс заслын аргаар авсан. Гистологийн шинжилгээнд эдийг бүрдүүлж буй ихэнх хэсэг нь нягт, хавтгай хэлбэрийн яснаас тогтсон ба ширхэглэгийн зай хооронд нь холбогч өөхөн эд байсан. Уг шинжилгээнд тулгуурлан зажуурын хөндийн остеома гэх онош тавигдсан. Судалгааны тойм хэсэгт англи хэл дээрх гайморын хөндийн остеомагын бүх эмнэл зүйн нийтлэлийг нэгтгэн тоймлов. Нийт 81 тохиолдол бүхий тойм дээр тулгуурлан эмнэл зүйн шинж чанар, эмчилгээний төлөвлөгөө зэргийг харьцуулан дүгнэлт хийсэн. Дүгнэлтээс үзэхэд остеома нь дахидаггүй, удаан ургалттай хавдар болох нь харагдаж байна.

 

 

Танилцуулга

Остеома нь нягт болон хэмт ясны эсийн эмгэг хөгжлөөс гаралтай хоргүй хавдар бөгөөд голдуу гавал, эрүү, самалдаг ясанд тохиолдоно. Хавдрын ургалт нь удаан хугацаанд ч шинж тэмдэг илрэхгүй явагддаг учраас эрүү нүүрний эмч нар гажиг заслын, шүдний эмчилгээний үеэр рентген зурагт анхлан оношлох нь элбэг. Зүүн гайморын хөндийн ясны хоргүй хавдарын тохиолдлыг эмнэл зүйн шинж, гистологи шинж, эмчилгээний арга стратеги зэргийг судалгааны тойм дээр үндэслэн тайлбарлав. 

Дэлгэрэнгүй

44-настай эмэгтэй сүүлийн 2 сарын турш эрүүний зүүн талын их араа шүднүүдийн хэсгээр зовиурлан,хазах үед хөндүүрлэж байна гэсэн гол зовиуртай эмнэлэгт хандсан. Түүнчлэн эрүүгээ хөдөлгөх үед эрүүний үе дугардаг гэсэн зовиуртай. Эрүү нүүрний гадна үзлэгээр нүүрний тэгш хэм алдагдан баруун тийш бага зэрэг хазайсан. CT зурагт хоёр талын эрүүний үенд өөрчлөлт орсон байв. Цаашлаад зүүн гайморын хөндийн латерал хананд энгийн хавтгай ястай адил нягттай цагаан сүүдэржилт ажиглагдсан. Аман доторх үзлэгээр эрүүний зүүн хойд араа орчмын буйл салст хавантай, их араа шүднүүд эмзэглэлтэй байв. Панорам зурагт 37, 46 шүднүүдийн сурвалжийн оройг тойрсон бараан сүүдэр ажиглагдсан. Эрүүний үений остеоартроз, гайморын хөндийн остеома, сурвалжын оройн үрэвсэл гэсэн эмнэл зүйн анхдагч онош тавигдсан. Ерөнхий мэдээ алдуулалтын доор эрүүний үеийг засах болон ясан ургалтыг мэс заслын аргаар авах ажилбарууд хийгдсэн. Авагдсан ясан хавдарт хэмжилт хийж үзэхэд 1.1×1.0×0.7 см байсан бөгөөд гистологийн шинжилгээнд явуулсан. Өвчтөний биеийн байдал сайн ба одоог хүртэлх давтан үзлэгээр остеома дахиагүй. Мэс ажилбарын өмнө сурвалжийн оройн үрэвсэлүүд сувгийнэмчилгээгээр бүрэн эмчлэгдсэн. 

Гистологийн онцлог

Ясан ургалтыг онош батлахзорилгоор эдийн нарийвчилсан шинжилгээнд өгсөн. Эдийн ихэнх хэсэг нь хатуу нягт, кортикол яснаас бүрдсэн ба завсрын бодист холбогч өөхөн эд болон ясны хэм ажиглагдсан. Ясны хөндийнцөр нь остеоцит эсээр дүүрэн байсан ба ямар нэг эмгэг өөрчлөлт харагдаагүй. Эдгээр шинжүүд дээр тулгуурлан остеома гэсэн оношийг бататгав. 

Судалгааны үр дүн

Остеома нь хэмт эсвэл хавтгай ясны эсийн эмгэг өсөлтөөс үүдсэн удаан ургалттай хоргүй хавдар. Энэ нь хамрын дайвар хөндийнүүд дундаа, зажуурын ба суурийн хөндийд тохиолдох нь элхэгийн болон духны хөндийхтэй харьцуулахад арай бага байна. Ясны аль хэсэгт холбогдож ургаж байгаагаас хамааран голын, захын болон гавлын гадуур гэж ангилна. Голын остеома нь эндост давхаргаас ургасан байдаг бол захын остеома нь периост давхаргаас ургасан байна. Гавлын гадуурх остеома нь булчин хоорондын зайд зөөлөн эд, мөгөөрс хэлбэрээр ургахыгхэлнэ. Энд өгүүлж буй тохиолдол нь захын остеома юм. Эмгэг шалтгаан нь одоогоор тодорхойгүй боловч үндсэн 3 боломжит таамаг бий. Үүнд: гэмтлийн, халдварын, ургын хөгжлийн үеийн гажуудал зэрэг багтана. Ясны хөнгөн гэмтэл буюу цохигдох, доргих нь остеоцитүүдийн хуваагдан үржих үйл явцыг эргэн сэдрээснээр остеома үүсэхийг гэмтлийн шалтгаант гэнэ. Харин халдварын шалтгаан нь удаан хугацааны архаг үрэвсэл нь тойрон эдийнхээ ясыг эргэх өөрчлөлтөд оруулснаар эмгэг ясны хөгжил үүсэхийг хэлнэ. Ургын хөгжлийн үеийн гажуудал нь ургын хөгжлийн аль нэг үе шатанд хөгжил нь зогсонги үлдсэн хэсэг эд, эсийн сэдрэлээр тодорхойлогдоно. Мөн эдгээр шалтгаан нөхцөлүүд нь хамтдаа ясны эсийн эмгэг хөгжлийг үүсгэж болно. Тухайлбал, гайморын хөндий нь харгалзах араа шүдний сурвалжтай ойр байдаг анатомын онцлогоос шалтгаалан халдвар дамжих болон хөнгөн гэмтэлд өртөх магадлал ихтэй. Өвчтөний түүхэнд гайморит болон ямар нэгэн гэмтэлийн тухай дурьдагдаагүй учир шалтгаан нь ургын хөгжлийн үеийн гажуудал байх магадлалтай.Гавлын болон эрүү нүүр орчмын ясанд олон тооны остеома ургах нь Гарднерийн синдромийн үед илэрдэг шинж тэмдэг тул эрүү нүүрний эмч нарт эрт үед зөв оношлох шаардлага тулгарна. Энэхүү бичвэрт Англи хэл дээр хэвлүүлсэн бүх нийтлэлийг шүүн тоймлож Гайморын хөндийн остеома болох нийт 81 эмнэл зүйн тохиолдол нийтлэгдсэн байгааг хүснэгтлэв. Тоймоос үзэхэд остеома аль ч насанд тохиолдож болох бөгөөд 9-74 хүртэлх насны өвчтөнүүд бүртгэгдсэн, дундаж нас нь 34.7 байна. Өртөмтгий насны үечлэл нь 3 дахь арван жил буюу 20-30 нас байна. Зарим нэг судалгаа нь залуу хүмүүст эрүү нүүр хэсгийн остеома нь илүү их тохиолдож байгааг дурьдсан байна. Остеомад хүйсийн өртөмтгий байдлын хэд хэдэн судалгааний үр дүн нь онцын ялгаа гараагүй, эр эм аль аль нь өртөмтгий гэсэн зөрүү хариунууд гарсан байна. Харин бидний тойм судалгааны үр дүн нь хүйсийн харьцаа эрэгтэй, эмэгтэй нь 1.47 : 1 байна. Түүнчлэн 29 тохиолдол нь аль талын гайморын хөндийд остеома үүссэн тухай өгөгдөлтэй бөгөөд үүнээс 17 нь зүүн, 11 нь баруун талын, 1 тохиолдол хоёр талын гайморын хөндийд байрласан байна. Ихэнх зажуурын хөндийн остеома нь эхэн үедээ шинж тэмдэггүй байдаг ба өгүүлж буй тохиолдол ч мөн зовиургүй байсан юм. Рентген зураг дээр оношлохдоо пароист остеосаркома, остео хондрома, ясны хальсны ясжсан липомагаас ялган оношлох шаардлагатай. Рентген зурагт ялгахад хамгийн төвөгтэй нь пароист остеосаркома юм. Учир нь цагаан сүүдэржилт өгч байгаа нягт нь, ясны гадарга дээр холбогдож ургасан байдал нь маш адилхан. Гэсэн хэдий ч зураг дээр нарийн харвал остеома нь зах ирмэг хэсгээрээ өөр өөрийн жигд тодрол бүхий цагаан хүрээнүүдтэй ба хил зааг нь тодорхой харагдана. Харин остеосаркома нь зах ирмэг хэсгийн нягт нь жигд биш буюу бараан сүүдэр мэр сэр ажиглагдах ба ургалтын нийт зураглал нь жигд биш нягттай харагдана. Энд өгүүлж буй зүүн зажуурын хөндийн латерал хананаас ургасан хавдар нь гогцоо хэлбэрийн, жигд нягттай цагаан сүүдэр өгч остеомагын шинж чанартай илүү тохирсон. Байршилаас хамаарч ховор тохиолдолд зовиур өгөх ба голдуу толгой өвдөх, нүүрээр өвдөх, синусит болох, нүүрний тэгш хэм алдагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Остеома нь гайморын хөндийн дээд ханаруу байрласан тохиолдолд нүдны алиманд нөлөөлөх буюу проптоз- нүд бүлтийх буюу нүдний алимны байршил өөрчлөгдөх, эпипора- нүд усжих, диплопиа- юм хоёрлож харах шинж тэмдэг үүсч болох ба энэ нь маш ховор тохиолдоно. Тоймоос 38 тохиолдолд нь эмнэл зүйн шинж тэмдэгийн өгөгдөл байсан ба 29 тохиолдол нь ихэвчлэн хавдсан, эмзэглэлтэй шинж тэмдэг илэрсэн байна. Хавдарын хэмжээний хувьд 0.5 - 4.0 см хүртэлх тэмдэглэгдсэн. Төгс эмчилгээ нь мэс заслын аргаар хавдарыг авах ба онцлогоос хамааран ямар замаар хөндийг нээх, ашиглах арга техник нь өөр өөр байна. Гистологийн байдал нь нягт хавтгай ясны эдээс тогтсон бөгөөд Хаверсын тогтолцоо харагдахгүй, ясны эмгэг бүтэц ажиглагдана. Энэ бүтцийн ялгаатай байдлаар нь ivory- ясан бүтэц, mature- бүрэн хөгжсөн бүтэц, mixed- холимог бүтэц гэж ангилдаг. Ясан бүтэц- хатуу нягт ялтаслаг эдэн хавтгай хэлбэр, багахан хэмжээний холбогч эдүүд харагдана. Бүрэн хөгжсөн бүтэц- хэмт ясны зураглал бүхий сийрэг бүтэц, бүрэн хөгжсөн ясны ширхэглэгүүд, дунд нь холбогч эд ихтэй, остеобласт эс бүхий ирмэг хүрээ харагдана. Холимог бүтэц- хавтгай болон хэмт аль алины шинж чанарыг агуулна. Остеома нь хортой байдалд шилжсэн тохиолдол одоогоор тэмдэглэгдээгүй. Зарим судалгаанд остеобластома төст бүтэцтэй остеома нь бусад остеома-г бодвол илүү хурдан ургалттай буюу аггресив шинжтэй байгааг дурьдсан байна. Энд өгүүлж буй тохиолдол нь хавтгай хэлбэрийн эмгэг ясны эд ихтэй, ялтаслаг ширхэгтэй, бага хэмжээний хөндийтэй тэнд нь холбогч өөхөн эд болон капелляр судаснууд ажиглагдсан учир бүрэн хөгжсөн бүтэцтэй остеома гэж тодорхойлов. Нэн тэргүүний эмчилгээ нь мэс заслын аргаар эмгэг ургалтыг холбогдож буй ясны эдтэй нь хамт авах юм. Ялангуяа шинж тэмдэг үзүүлж буй, зовиуртай үед ургалт нь даамжирч нүүрний хэлбэрийг өөрчлөх, физиологийн үйл ажиллагааг хязгаарлах болон алдагдуулж болох учир мэс заслын эмчилгээг нэн даруй санал болгоно. Үүдэвчийн хөндийгөөр гайморын хөндийд нэвтрэх Caldwell-luc аргыг мэс засалд ихэвчлэн хэрэглэнэ. Хавдарын хэмжээнээс хамаарч сүүлийн үед дурангийн мэс ажилбараар жижиг остеомаг авах болсон. Шинж тэмдэг илрээгүй байгаа тохиолдолд мэс засал хийх эсэх дээр олон санал байдаг боловч, ихэнхдээ зажуурын хөндийн эзэлхүүний 50%-г нь остеома дүүргэсэн бол мэс заслаар эдийг авах заалтыг мөрддөг. Энд өгүүлж буй тохиолдол нь хэдий шинж тэмдэггүй боловч мэс заслын эрсдэлийг бууруулахын тулд эрүүний үеийг засах Ле форт 1 мэс ажилбартай хамт ерөнхий мэдээ алдуулалт дор Caldwell-luc аргаар бүрэн авагдсан. Давтан үзлэгээр хавдар дахиагүй, мөн энэхүү судалгааны тоймд гайморын хөндийн остеома дахисан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. 

Дүгнэлт 

Энэхүү бичвэрт эмнэл зүйд бага тохиолдох зажуурын хөндийн остеома болон түүний шинж тэмдэг, гистологийн холбоо хамаарал бүхий тохиолдлуудын тоймыг хавсарган тайлбарлав. 

 

 

 

 

Ишлэлүүд

Atallah N & Jay MM. Osteomas of the paranasal sinuses. J Laryngol Otol 95: 291–304, 1981.

Al-Sebeih K & Desrosiers M. Bifrontal endoscopic resection of frontal sinus osteoma. Laryngoscope 108: 295–298, 1998.

Bodner L, Gatot A, Sion-Vardy N & Fliss DM. Peripheral osteoma of the mandibular ascending ramus. J Oral Maxillofac Surg 56: 1446–1449, 1998.

Boffano P, Roccia F, Campisi P & Gallesio C. Review of 43 osteomas of the craniomaxillofacial region. J Oral Maxillofac Surg 70: 1093–1095, 2012.

Dalambiras S, Boutsioukis C & Tilaveridis I. Peripheral osteoma of the maxilla: Report of an unusual case.Oral Surg Oral Med Oral Pathol Oral Radiol Endod 100: e19–e24, 2005.

Eller R & Sillers M. Common fibro-osseous lesions of the paranasal sinuses.Otolaryngol Clin North Am 39: 585–600, 2006.

Fu YS & Perzin KH. Non-epithelial tumors of the nasal cavity, paranasal sinuses, and nasopharynx: A clinicopathologic study. II. Osseous and fibroosseous lesions, including osteoma, fibrous dysplasia, ossifying fibroma, osteoblastoma, giant cell tumor, and osteosarcoma. Cancer 33: 1289–1305, 1974.

Gardner EJ & Plenk HP. Hereditary pattern for multiple osteomas in a family group. Am J Hum Genet 4: 31–36, 1952.

Greenspan A. Benign bone-forming lesions: osteoma, osteoid osteoma, and osteoblastoma. Clinical, imaging, pathologic, and differential considerations. Skeletal Radiol 22: 485-500, 1993.

Kashima K, Rahman OIF, Sakoda S & Shiba R. Unusual peripheral osteoma of the mandible: report of 2 cases. J Oral Maxillofac Surg58: 911–913, 2000. 

Koivunen P, Löppönen H, Fors AP & Jokinen K. The growth rate of osteomas of the paranasal sinuses.Clin Otolaryngol 22: 111–114, 1997.

Larrea-Oyarbide N, Valmaseda-Castellón E, Berini-Aytés L & Gay-Escoda C. Osteomas of the craniofacial region. Review of 106 cases.J Oral Pathol Med 37: 38–42, 2008.

Longo F, Califano L, De Maria G & Ciccarelli R. Solitary osteoma of the mandibular ramus: report of a case. J Oral Maxillofac Surg 59: 698–700, 2001.

McHugh J B, Mukherji SK & Lucas DR. Sino-orbital osteoma: a clinicopathologic study of 45 surgically treated cases with emphasis on tumors with osteoblastoma-like features. 
Arch Pathol Lab Med 133: 1587–1593, 2009.

Moretti A, Croce A, Leone O & D’Agostino L. Osteoma of maxillary sinus: case report.Acta Otorhinolaryngol Ital 24: 219–222, 2004.

Nielsen GP & Rosenberg AE. Update on bone forming tumors of the head and neck. Head Neck Pathol 1: 87–93, 2007.

Saratziotis A & Emanuelli E. Osteoma of the medial wall of the maxillary sinus: a primary cause of nasolacrimal duct obstruction and review of the literature. Case Rep. Otolaryngol. Article ID 348459, 2014.

Sayan NB, Üçok C, Karasu HA & Günhan Ö. Peripheral osteoma of the oral and maxillofacial region: a study of 35 new cases. J Oral Maxillofac Surg 60: 1299–1301, 2002.

Swanson KS, Guttu RL & Miller ME. Gigantic osteoma of the mandible: report of a case. J Oral Maxillofac Surg 50: 635–638, 1992.

Verma RK, Kalsotra G, Vaiphei K & Panda NK. Large central osteoma of maxillary sinus: a case report.EJENTAS 13: 65–69, 2012.

Viswanatha B. Maxillary sinus osteoma: two cases and review of the literature. Acta Otorhinolaryngol Ital 32: 202–205, 2012.

 

 

 

 

 

Судалгааны тойм өгүүллийг бэлтгэсэн

Докторант Х. Ариунцэцэг (Япон улсын Хоккайдо Их Сургуулийн Oral Pathology салбарын судлаач)

 

 

 

 

 

 

 

Бусад мэдээ

Амны хөндийн өвчин эмгэг, гэмтлийн үед гэрийн нөхцөлд яаж анхан шатны тусламж үзүүлэх вэ?
Ихэнх айл өрхийн хувьд ахуйн нөхцлөөс шалтгаалсан жижиг хэмжээний бэртэл, гэмтэл хуруу гар шалбарсан үед хэрэглэх анхан шатны тусламжийн зүйлс боолт, шархны лент зэрэг байгаа байх. Гэвч та шүд, амны хөндийн гэнэтийн асуудал үүссэн үед үзүүлэх яаралтай тусламжийн хэрэгсэлээ бэлтгэсэн үү?
2020-07-25 14:55
Жижигхэн, гэвч аюултай зүйл
Та урьд нь хаа нэгтээгээс шүдний өвчин нь зүрх судасны өвчин, хэрлэг, бөөрний өвчин үүсгэдэг гэж сонсож байсан байх. Энэ бол үнэн. Шүдний сурвалжийн доор үүссэн жижигхэн мөхлөнгөр эд нь тийм аюултай үр дагаварыг үүсгэдэг.
2020-07-23 20:13
Шүдний өвчин ба бие эрхтэн тогтолцооны ноцтой өвчлөлүүд
Амны хөндийн өвчин, шүдний өвчин нь бие эрхтэн тогтолцооны өвчлөлийн шалтгаан болдог талаар шинжлэх ухааны мэдээ мэдээлэл сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр, хүрээгээ тэлсээр байна. Иймд эдгээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь амны эрүүл ахуй, эрүүл мэнд юм.
2020-07-21 18:56