• Эмчилгээ
    Мэдээ алдуулалт

    Мэдээ алдуулалт гэдэг нь өвдөлтийг намдаах болон айсан, түгшсэн өвчтөнийг тайвшруулах зорилгоор хийгддэг ажилбар юм. Шүдний эмчилгээний салбарт ерөнхий мэдээ алдуулалтаас илүү хэсгийн мэдээ алдуулалтыг ашигладаг. Хэсгийн мэдээ алдуулалт гэдэг нь шүдний эмчилгээний үед амны хөндийн тодорхой хэсгүүдийг мэдээ алдуулах зорилгоор хийгддэг бөгөөд хэсгийн мэдээ алдуулалтын үед өвчтөн бүрэн унталтын байдалд ордоггүй, ажилбараас хойш 2-3 цагийн дараа өөрөө аяндаа гардаг. 

    Ломбо

    Шүд ломбодох гэдэг нь шүд цоорох өвчний улмаас цоорч гэмтсэн шүдний хэлбэр дүрс, үйл ажиллагааг нөхөн сэргээх ажилбар юм. Ломбоны материалын төрлүүд нь олон янз байх тул яг ямар төрлийн ломбо хийхээ шүдний эмч хийгдэх ажилбарын хугацаа, тухайн материалд харшилтай эсэх, үнэ өртөг зэргийг бодолцон сонголт хийдэг. 

     

    Сувгийн эмчилгээ

    Шүдний сувгийн эмчилгээ гэдэг нь шүд цоорох өвчинд өртөн хүндэрсэн шүдийг авахын оронд эмчилж, нөхөн сэргээх арга юм. Энэ эмчилгээ нь халдварлагдсан эдүүдийг авах, шүдний хөндий, сурвалжийн сувгийг цэвэрлэж халдваргүйжүүлэх дараа нь ломбодох гэсэн ажилбаруудаас бүрдэнэ.

    Сийлант

    Сийлант гэдэг нь бага араа, араа шүднүүдийн зажлах гадаргууд тавьж шүдний ховил хонхорыг нь битүүмжлэх зорилгоор хэрэглэдэг хуванцар материал юм. Шүдний ховил хонхорыг ийнхүү битүүмжилсэнээр тэнд нян үржих боломжгүй болж шүдийг цоорлоос урьдчилан сэргийлнэ. 

    Шүд авах

    Шүд цоорлын улмаас шүд бүтцээ алдаж гэмтсэн  ч түүнийг ломбоны материал, бүрээс болон бусад эмчилгээний аргачлалуудаар нөхөн сэргээж болно. Харин шүдийг ямар ч аргаар нөхөн сэргээхээс нэгэнт өнгөрсөн бол шүдийг авна. Шүд авах гэдэг нь шүдийг эрүүний ясан дахь оромноос нь сугалж гаргах явдал юм. 

    Рентген

    Рентген шинжилгээ гэдэг нь шүдний эмчилгээний салшгүй нэгэн чухал хэсэг юм. Рентген шинжилгээ нь угтаа бол оношлогооны зорилгоор хийгддэг ч мөн урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Учир нь ирээдүйд томоохон асуудал үүсгэж болох нөхцөл байдлыг рентген зургийн тусламжтайгаар олж илрүүлж болдог. Рентген цацраг гэдэг нь энергийн нэг төрөл бөгөөд эдийн дундуур нэвтрэхдээ нягт эдэд шингэж үлддэг. Шүд нь маш хатуу нягт бүтэцтэй тул рентген цацрагийг өөртөө маш сайн шингээн авч үлдэнэ.