• Шүдний Өвчин
    Амны эвгүй үнэр

    Мэргэжлийн хэллэгээр халитоз буюу амны эвгүй үнэр нь ихэнхдээ амны эрүүл ахуй хангалтгүй байх, амны хөндий дэх нянгийн халдвар ба хувь хүний хорт зуршил буюу тамхи татах, архи уух, ходоод гэдэсний замын эмгэгтэй холбоотой байдаг. Амнаас эвгүй үнэр гарах бас өөр төрлийн шалтгаануудад ам хуурайших эмгэг, амьсгалын замын халдвар, чихрийн шижин зэрэг системийн өвчнүүд, элэг, бөөр, уушигны эмгэгүүд, сөөргөө өвчний шалтгаан болсон хоол боловсруулах замын эмгэгүүд мөн хамаарна. 

    Шүд хавирах эмгэг

    Шүдээ хавирах эмгэг буюу бруксизм гэдэг нь өдрийн цагаар өөрийн мэдэлгүй шүдээ чанга зуух, нойрон дунд шүдээ хавирах хорт зуршил юм. Шүдээ хавирах эмгэг нь маш түгээмэл эмгэгт хамаарах бөгөөд АНУ-д хийгдсэн судалгаагаар 30 сая гаран хүүхэд энэ эмгэгт өртсөн бол насанд хүрэгчдийн эзлэх хувь 40 сая гаран болсон байна. 

    Шүд цоорох өвчин

    Шүдний гадаргууд үүссэн төрөл бүрийн хэмжээтэй цоорлууд нь шүд цоорох өвчин гэсэн ангилалд хамаарах бөгөөд энэ эмгэг өвчин нь зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүснэ. 

    Яаралтай тусламж

    Ямар ч төрлийн гэмтэл байсан амны хөндийд цус гарах, бул салст урагдаж зулгарах, шүд гэмтэх, хугарах зэрэг нөхцөл байдлыг үүсгэдэг. Энэ тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай

    Ам хуурайших эмгэг

    Анагаах ухааны нэр томьёоны тольд ксеростомиа гэж орсон ам хуурайших эмгэг гэдэг нь амыг чийгтэй байхад хангалттай хэмжээний шүлс ялгарахгүйн улмаас амны хөндий байнга хуурайших эмгэг төлөв байдал юм.

    Буйлны үрэвсэл

    Буйлны үрэвсэл гэдэг нь буйлны эмгэг боловч цаг тухайд нь эмчлүүлэхгүй хүндрүүлбэл шүдний орчны тулгуур эд болон ясны эдийг хамран хүндэрдэг. Буйлны үрэвсэлийг хүндрэлээр нь гурав ангилдаг ба үүнд: буйлны үрэвсэл буюу гингивит, шүдний холбоосын үрэвсэлт өвчин ба шүдний тулгуур эдийн үрэвсэл хамаарна. 

    Амны шархлаа ба халдвар

    Аман дотор маш олон төрлийн шархлаа үүсэх боломжтой. Зарим нэг нь өвчин эмзэглэлтэй бол зарим нэг нь бараг анзаарагдахгүй, зарим нэг нь илүү ноцтой зүйлийн шинж тэмдэг байдлаар илрэх нь бий. Хэрэв аманд гарсан зүйл 10 хоногийн дотор өөрөө алга болохгүй хэвээр байвал шүдний эмчид хандаж үзүүлэх нь зүйтэй. Ааманд гарсан зүйл дээр халдварын голомт үүссэн идээ бээр татсан байгаа нь тодорхой бол хүндрэлээс нь сэргийлэхийн тулд шүдний эмчийн зөвлөгөө авах нь зөв. 

    Шүдний өнгөр ба чулуу

    Шүдний өнгөр гэдэг нь нян бактерийн үүсгэж байдаг өнгөгүй, наалдамхай нимгэн хальс бөгөөд шүд ба буйлны зааг хэсгээр угааж цэвэрлэж арилгахгүй л бол шүдэн дээр байнга үүсэж байдаг зүйл юм. Өнгөр нь өөртөө шүд цоорох өвчин ба буйлны үрэвсэл үүсгэх нянгуудыг агуулж байдаг. Шүдэнд үүссэн өнгөрийг шүд угаах ба шүдний завсар цэвэрлэх аргаар угаж цэвэрлэхгүй л бол энэ нь аажимдаа хатууран шүдний чулуу болдог. Чулуу болно гэдэг нь шүдний өнгөр өөртөө кальци болон эрдэс бодисууд хуримтлуулан хатуурна гэсэн үг юм. 

    Шүд хэт мэдрэгших

    Шүдний хэт мэдрэгшилт гэдэг нь шүд болон шүдний ил гарсан сурвалжид үүсдэг. Шүд яагаад хэт мэдрэгшдэг вэ гэвэл шүдийг хамгаалах паалангийн давхарга нимгэрсэн үед, буйл шамарч шүдний сурвалж ил гарсан үед шүдний паалангийн доорх бүтэц болох тугалмайн сувгууд гадаад орчинтой харьцаж цочирсоноос болно. Шүдний хэт мэдрэгшилт нь хүн амын 57%-д тохиолддог. 

    Эрүү чамархайн үений эмгэг

    Эрүү чамархайн үе гэдэг нь эрүүг гавлын ястай холбодог үе юм. Эрүү чамархайн үений эмгэг (Temporomandibular joint disorder) гэдэг нь эрүүний үе ба булчин шөрмөсийг хамарсан эмгэгийг хэлнэ.

    Агт араа

    Агт араа гэдэг нь хоншоор ба эрүүний шүдний эгнээний хамгийн ар талд ургадаг гуравдугаар их араа шүд юм. Агт араа шүд нь хүний хамгийн сүүлд ургадаг шүд бөгөөд шилжилтийн насны үеээс хориод насны үед урган гарч ирдэг. Агт араа шүд нь ургах үедээ ихэнхдээ өвчин эмзэглэл дагуулсан асуудал үүсгэдэг. Иймд агт араа шүдний сурвалж хэлбэржиж гүйцэхээс нь өмнө түүнийг мэс заслын аргаар авхуулах нь хожуу грах хүндрэлээс сэргийлэх сайн талтай.