Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдтай ажлын уулзалт хийлээ

Өнгөрсөн Пүрэв гариг буюу 10-р сарын 8 өдөр Монголын нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ажлын уулзалт хийлээ. Уг уулзалтаар Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдад тус салбарт тулгамдаад буй 5 асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт өргөн байрьсан бөгөөд уг асуудлуудад:

  • Салбарын хэмжээнд тулгамдаад буй хүний нөөцийн асуудал, шүдний эмчийн туслахын сургалт явуулахад тулгараад буй мэргэжлийн индекс болон ажлын байрны тодорхойлолтыг тодорхой болгох
  • Эрүүл мэндийн сайдын Халдвар хамгааллын 537-р тушаалд шүдний эмнэлгийн өнөөгийн байдалд нийцэхгүй байгаа зарим заалтуудыг эргэн харах, боловсронгуй болгох
  • Эрүүл Мэндийн Даатгалын сангаас хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тодорхой насны бүлгийн хүүхдүүдийн шүдний урьдчилан сэргийлэлтэд зориулан санхүүжилт олгох эрхийг нээж өгөх
  • АШУҮИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн бэлтгэн гаргаж буй Нүүр амны эрүүл ахуйч мэргэжилд хөдөө орон нутгаас гэрээгээр элсэлт авч ЭМЯ-ы баримталж буй төвлөрлийг сааруулах бодогод нийцүүлэн төвөөс алслагдсан сумдуудад амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр ашиглах бодлого боловсруулах
  • Шүдний эмчийн мэргэжлээр элсэлт аваад байгаа улсын болын хувийн хэвшлийн сургуулиудын төгсөлтийн шалгалтыг ЭМЯ-аас томилсон нэг комисс нэг стандарт шалгуураар авдаг болох

Нүүр ам судлалын салбар, хувийн хэвшийн эмнэлгүүдийн төлөөлөл дээрх тулгамдаад буй асуудлуудыг асуудал тус бүрээр нь бодит тохиолдолд тулгуурлан дэлгэрэнгүй тайлбар хийсний дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарын хүрээнд тулгамдаад буй эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд хамтарсан ажлын хэсэг гарган туслахаа амлаад нүүр ам судлалын хамт олон мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Эрүүл шүд эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хөдөө орон нутаг, төвөөс алслагдсан сумдуудад хэрэгжүүлэх асуудалд Эрүүл Мэндийн яамнаас хэрэгжүүлж буй бодлогыг дэмжин хамтран ажиллахыг уриаллаа.

Сайд тус хөтөлбөрийн хүрээнд хөдөөгийн сумдуудад шүдний эмнэлгийн тусламж хүргэхэд хувийн хэвшлийн шүдний эмнэлэг санаачилга гарган оролцвол үндэсний хөтөлбөрөөс урьдчилгаа болгон тоног төхөөрөмжийн санхүүжилтэнд хөрөнгө оруулах боломжтой талаар санал дэвшүүлж байгаагаа мөн тайлбарлалаа. Одоогоор Эрүүл шүд Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөр нь Улаанбаатар хот болон аймгийн төвүүд, төв суурин газар хэрэгжилт өндөр байгаа ч хөдөөгийн сумдуудад гүйцэтгэл тааруу байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийллээ.

Ийнхүү ажлын уулзалтаар талууд харилцан тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд бие биенээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлсэнээр хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.   

 

Уулзалтанд:

  • Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
  • Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөх АУ доктор, проф О.Чимэдсүрэн
  • Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ доктор Б.Батбаяр
  • Нүүр ам судлалын сургуулийн захирал асан АУ доктор Ж.Отгонболд
  • Нүүр ам судлалын сургуулийн профессор, АУ доктор Б.Амарсайхан
  • Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш АУ доктор Ч.Гантөмөр
  • Коралдент шүдний эмнэлгийн захирал АУ доктор М.Соёлмаа
  • Энэрэлдент шүдний эмнэлгийн захирал М.Ичинхорлоо
  • Басхүүимплант шүдний эмнэлгийн захирал И.Басхүү
  • Инээдбаясал шүдний эмнэлгийн захирал н.Баяраа
  • Туждент шүдний эмнэлгийн захирал н.Жийпаа
  • Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал асан Б.Өөнөрбилэг
  • Дентинн шүдний эмнэлгийн захирал АУ доктор Э.Халиунаа
  • Зонне шүдний эмнэлгийн захирал н.Бямбадорж
  • Импайр шүдний эмнэлгийн захирал Б.Энхбаатар
  • Нүүр амны туслах мэргэжилтний холбооны тэргүүн н.Ренчинтогтох нар оролцлоо.

 

Бусад мэдээ

"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
Өчигдөр 14 цаг 39 минутад
Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ.
2021-01-18 15:15
КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форум болно
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумын үйл ажиллагаанд Япон талаас КОВИД-19 хариу арга хэмжээний чиглэлээр Ази номхон далайн бүсийн орнуудад зөвлөх чиглэлээр ажилладаг олон улсад нэр хүнд бүхий профессорууд урилгаар оролцоно
2021-01-05 12:16