Тусгал ярилцлага: Бүрэн дент шүдний эмнэлгийн захирал Д. Бат-Өлзий "Тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасд"

Манай сайт аль болох шинэлэг хэрэгтэй зүйлсийг уншигчиддаа хүргэж ажиллахын тулд олон талаар хичээж байгаа билээ. Үүний дагуу ярилцлагын буландаа бага зэрэг шинэчлэл хийж өөрчлөхөөр боллоо. Та бүхэн таалан соёрхоно уу.
Энэ дугаартаа бид Бүрэн Дент эмнэлгийн захирал, ахлах эмч Д. Бат-Өлзийг урилаа. Тэрбээр сургуулиа төгсөөд хоёр жилийн дараа л эмнэлэг байгуулан олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн эмнэлэг болгож хөгжүүлсэн салбарын нэртэй эмч нарын нэг билээ. 


Та өөрийн мэргэшсэн чиглэлийн талаар танилцуулаач.

1999 онд Анагаах ухааны их сургуулийг нүүр амны их эмч мэргэжилээр төгссөн. Ахлах зэрэгтэй. 2000-2001 онд Нүүр амны согог заслын эмчээр суралцаж мэргэжил дээшлүүлсэн. 2017 онд Тайваньд шүдний тулгуур эд, имплантийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж ирээд 2 жилийн хугацаанд нүүр амны мэс заслын резидентэд суралцан мэс заслын эмч болсон. 

Ажиллах хугацаандаа АНУ-руу хоёр удаа явж TWIN CITY, RAINBOW эмнэлгүүдэд дадлага хийсэн. Индонез улсад “Ультра Дент” компанийн сургалтад, Германд гоо заслын чиглэлээр сургалтад хамрагдсан. Мөн дотоодын сургалтуудад ч байнга хамрагддаг. 

 

 

 

Таны ажил дээрээ баримталдаг зарчим юу вэ? 

Ажил, мэргэжилийн хувьд халдвар хамгаалал, аюулгүй байдал гэсэн хоёр гол зарчимтай. Ямар нэг хэлэх зүйл харагдвал аль болох тэр дор нь хэлэхийг боддог. Үзлэг хийж буй хүндээ аль болох зөөлөн хандаж өвдөлтгүй эмчилгээ хийхийг зорьдог. Аливаа зүйлст заавал гарц байгаа гэж боддог болохоор тайлах боломжтой оосрыг хэзээ ч бүү тасд гэдэг үгтэй санал нийлдэг. 

 

 

Таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

Өглөө эртхэн босож цайгаа уугаад 8 цагт ажил руугаа ордог. Ажлын бэлтгэлээ хангаж, хийх эмчилгээ, үзлэгээ харж, хянаад 9 цагаас эхний үйлчлүүлэгчээ үзнэ, тэгээд л бараг тэр чигээрээ дээ. Өдөр цайгаа уухдаа утасны дуудлага, ресепшн дээрх ажил гэх мэт бусад ажлуудад бага зэрэг анхаарал хандуулаад буцаад л үзлэг рүүгээ ордог. Ингээд оройны 19 цаг хүртэл дарга, эмч хоёрынхоо ажлыг зэрэг хийнэ. 

Байгууллага удирдаад дээрээс нь үзлэг, эмчилгээ хийдэг надтай ижил мэргэжилтнүүд маань ойлгож байгаа байх. Нэлээд хурдтай ажиллахыг шаарддаг болохоор түүнийгээ дагаад олон ажил амжуулах гээд заримдаа нэг өрөөнд орж ирчихээд “яах гэж орж ирлээ” гэдгээ санах гэж инээдтэй юм болно. Манай эмнэлгийн хүмүүс намайг “Сая л энд байсан даа” гээд эрээд байдаг гэсэн.

 

 

Та өөрийн ашиглах дуртай багажаа танилцуулаач?

Би АНУ-ын “Ультра Дент” компанийн зөөлөн эдийн лазер, гэрлийн аппарат, Ivoclar-ийн ломбо паалан хэлбэржүүлэгч, рентген аппарат, шүдний урт өргөнийг тодорхойлж өгдөг Chu s gauge багажнуудыг түлхүү ашигладаг. Энэ дундаас нэг багаж онцолвол Сhu s gauge багаж нь өнгөөр тэмдэглэсэн тодорхой хэмжээсүүдийг ашиглан шүдний өргөн ийм байгаа бол өндөр нь тийм байх ёстой гэсэн зөв харьцааг хэлж өгдөгөөрөө маш их давуу талтай юм.

Мөн миний хажуугийн болон 6 дахь гарын туслах нар нэмэгдэх юм байна./инээв/

 

 

Танай эмнэлгийн онцлог юу бол?

Халдвар хамгааллын тал дээр нэлээд сайн гэж бардам хэлнээ. “Өөр дээрээ л индикатор наах нь холгүй юм болдог” Нэг удаагийн хэрэгслийг их хэрэглэдэг. Алдаа дутагдалгүй зүйл гэж байхгүй болохоор хурлын маань ихэнх цаг дээр энэ яриа болдог.  

Аль болохоор 6 гараар ажилладаг. Ресепшн камераар хараад сул сувилагчийг 6 дахь туслагчаар шууд явуулдаг.

Хүүхдийн тусдаа эмнэлэгтэй, хүүхдэд зориулсан багаж хэрэгсэлтэй

Амны хөндийн бүх үйлчилгээ нэг дор хийдэг. СТ зураг авдаг. Мөн энэ дунд ажилсаг, гар нийлсэн хамт олонтой гэдгээ дурьдах нь зүйтэй.

 

 

Шүдний эмч гэдэг байнга цагт баригдаж явдаг. Таны хувьд цаг хэмнэх хамгийн сайн арга юу вэ?

Үйлчлүүлэгчээсээ эхлээд  юу хийлгэхийг нь сайн асууж эхний ирэлтээр эмчилгээ, төлбөрийн талаар сайн ярилцвал дараа ирэх бүрт энэ талаар ярьж цаг алдахгүй амар байдаг. Мөн эрт босож ажлынхаа бэлтгэлийг сайн хангаж, өмнөх үйлчлүүлэгчийн эмчилгээ дуусахааргүй бол эртхэн дараагийн хүнийхээ цагийг хойшлуулдаг.

Үйлчлүүлэгч цаг авахаар ярихад нь юу хийлгэхийг нь сайн асууж цагийг тааруулж өгөхийн тулд бүх дугаар руу чөлөөтэй ярихаар утсаа шийдсэн. Үзэж байгаа үйлчлүүлэгчийн эмчилгээ дуусахаас өмнө зөвлөгөө, бусад зүйлсээ хэлж өгдөг. Тэгвэл хүлээлгийн хэсэгт бага цаг зарцуулна. Хамгийн сүүлд хэлэхэд цагийг түр зогсоож явуулахгүй байх. /инээв/

 

 

Та хэр уншдаг вэ?  Сүүлийн үед уншсан ном

Тийм ч их зав байхгүй болохоор цөөхөн. Хамгийн сүүлд Вэрнэ Харнишийн “Бизнесээ томруулах” нь, Барбара Коркораны “Бүсгүйн код”. Энэ ном бол ширээний ном л доо. Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийн талаар гардаг, бүгд мэдэх байх. Бас шүдний эмчийн талаарх “Яаж онцгой эмч болох вэ” номонд гардаг... Юу гэхээр шүдний эмч нар ойролцоогоор 50 наснаас эхлэн дахин өөрийгөө нээж эхлэдэг тухай. Надад ч бас энэ үнэн санагдсан. 50 хүрэх арай болоогүй ч, удахгүй +_45  эмэгтэйчүүдийн сошиал хуудас нээж ажиллуулна гэж бодож байгаа. 

 

 

Эмэгтэй хүмүүс бид амьдралын төлөө тэмцээд л байдаг гэхдээ өөрийгөө хаяж, гундмааргүй байна. Өөрийгөө сайхан, дажгүй харагдаж байна гэдэг итгэлтэй болсноороо бид олон зүйлийг өөрчлөх боломжтой байдаг. Мэргэжил нэгтнүүдийн маань урласан сайхан шүдээрээ эмэгтэйчүүд маань инээмсэглээд л байя гэж бодохоос уурлаад байя гэж бодохгүй байх. Бид ч хичээе. Та нар минь ч нийгэмдээ эерэг гэрэл гэгээ цацруулж яваарай. Тэр утгаараа миний уриа бол “Тэмц, гэхдээ бүү гунд.” Энэ хуудсаараа мэргэжлийн үүднээсээ ч бас хүмүүст туслана. 

 

 

Стрессээ хэрхэн тайлдаг вэ?  Юунаас урам зориг авдаг вэ?

Стресс үүсгэсэн зүйлээ хуримтлуулахгүй стресстэйгээ нүүр тулж уулзаад уучлалт гуйвал гуйгаад, уучилвал уучлаад, шийдвэл шийдээд л аль болох хурдан нэг тийш болгосон нь дээр. Гэхдээ бүх зүйлс хялбар биш л дээ. Заримдаа өөрөө өөртөөгөө ч нүүр тулна шүү дээ.

Орой тараад гарахдаа эмнэлгээ “баяртай” гээд өглөө ирэхдээ “Сайн уу сайхан эмнэлэг минь” гэдэг. Би бүр энэ эмнэлгийн тавилга шиг болсон болoхоор би л эрч хүчтэй, урам зоригтой байвал хамт олон, үйлчлүүлэгч нарт маань эерэгээр нөлөөлнө гэж бодоод өөрөө өөрийгөө цэнэглээд явдаг. Урам зориг өгөх зүйлс амьдралд олон шүү. Цагийн минь дэвтэр дүүрэн байвал, хамт олныхоо надад итгэж байгаа итгэлээс, ханийхаа хайр халамжаас, үр хүүхдийнхээ цангинасан дуунаас гээд...

 

 

Мөн өөрийнхөө хэмжээнд шүлэг бичдэг. Саяхан Анагаах төгссөний 20-н жил маань болсон. Энэ ойгоор мэргэжил нэгтнүүддээ бас уншигч та бүхэндээ бичсэн шүлгээ зориулъя. 

Гарын тань арван хуруунд увдис байдаг уу эмчээ  
Ганган цагаан өмсгөлд тань итгэл шингэсэн үү эмчээ
Ганцхан шидэт үгэнд тань амьдрал багтсан уу эмчээ  
Гайхалтай сайхан инээмсэглэлд тань урам орлоо эмчээ
Уянгат сайхан хоолойг тань сонсон сонсон тайвширдаг  
Уу гэж өгсөн үрлийг тань шившин шившин хүртдэг
Учрал ерөөлөөр танилцсан эрхэм эмч нартаа   
Урт наслахын ерөөлийг эрүүл энхтэй нь талбия
Гүрэм номынхоо оронд бидний нэрийг цээжилсэн  
Гүнгэрваатай шүтээнийхээ хажууд бараг хамт залсан
Хүний сайхан тавилангийн хүмүүн биеэ даатгасан  
Хүнлэг сэтгэлтэй түмэндээ талархаж явдгаа айлтгая
Бурхны элч болон бид илгээгдсэн  
Бусдын төлөө гэж амьдрал минь зориулагдсан
Ай энэ хорвоод би ийм хувьтай  
Аяа энэ орчлонд бид ийм хайртай
Алтан амь дээсэн дөрөөн дээр байхад   
Аврал минь та л дэргэд нь
Ариун хэвлийгээс хүүхдийн дуу цуурайтахад  
Ачтан минь та л хажууд нь
Асаалттай танк шиг зүтгээгүй өдөр хоног хуруу дарам  
Ар гэрээс залгасан утасны дуудлага тэнгэрийн од мэт
Ай энэ орчлонд бид ийм л заяатай  
Аяа энэ хорвоод бид ийм л ажилтай
Дарга даамал болсон ч Уугуул мэргэжил минь эмч  
Далай тэнгисыг гатлавч Суугуул нутаг минь Монгол
Даварч зайсанд залравч Үндсэн гэр минь эмнэлэг   
Дассан сэтгэлийн үзүүрт 
Дандаа та нар минь уяатай
Ариун журамт нөхөрлөлөө гагная  
Ачит сайхан багш нартайгаа уулзая
Алтан номын ордноо эргэе   
Алдрайхан гэгээн насаа дурсая

*              *               *

Сувдан цагаан гоёлыг Суулгаж өгдөг ачтан
Хаш цагаан илдийг Хайрлаж хамгаалдаг шидтэн
Бөөр бөөрөөрөө түшилцсэн Бөндгөр цагаануудын аврагч
Гар гараасаа барилцсан Ганган найзуудын туслагч
Харийн дайсан хорхойтой Хайр найргүй тэмцэгчид 
Оргүй хоосон байсныг Онцгой болгодог урлаачид
Энд тэндгүй тархсаныг Эмх цэгцэнд нь оруулаачид
Нандин сайхан  32 ын тань 
Нэг нь байхгүй бол эмзэглэдэг
Нэлээн нь байхгүй бол харамсдаг
Нийтдээ байхгүй бол халагладаг шүү
Эргэх хорвоогийн амьдрал Эрээнтэй бараантай байдаг
Энэ бүхнийг бид даваад туулаад ирсээн
Хийх юм их байна шүү манайхаан
ХЭЗЭЭ Ч ХЭЗЭЭ Ч ХЭЗЭЭ Ч битгий бууж өг
Хацрыг чинь дагаад нулимстай байвал
Хамт л байдаг шүү Миний хамт олон
Зүрх чинь эмзэглээд Хөндүүртэй байвал
Зөнгөөрөө л мэдэрдэг шүү Миний хамт олон
Зорилгоо тавиад Үүргээ ухамсарлаад
Зогсолтгүй бид урагшилна
Зорьсон хэргээ бүтээнэ
Хүссэн амжилтандаа хүрнээ
Урмын сайхан үгэнд бялхаж явах болтугай
Уучлал гэгээрлийн хорвоод нялхарч явах болтугай
Уянга яруу найргаар хөглөгдөж явах болтугай
Учралын халуун болзоонд Урин дуудуулах болтугай
Итгэлийн гараа барилцсан  БИД НЭГ АНГИЙНХАН
Сэтгэлийн утсаараа гагнагдсан  БИД НЭГ ГЭР БҮЛИЙНХЭН

 

 

Хүн амын дунд шүдний өвчлөл их байгаад ямар байр суурьтай байна?

Мэдээж санаа зовж байгаа. Дахиад нэг шүдний төвтэй болох ёстой юу гээд л... Хүмүүс шүд яагаад цоороод байгааг мэддэг ч сайн арчилдаггүй, дэглэм барьдаггүй, хэвшлээ өөрчилдөггүй. Дээр үед чихэр олж иднэ гэдэг эр зоригийн асуудал байсан бол өнөөдөр нөгөөх чихэр маань чи намайг идсэн бол би ч шүд чамайг иднэ гээд л лангуу дүүрэн өрөөстэй байна. Ёстой нөгөө хүүхдийн дуунд:

Нүдээ аньсан чинь чихэр 
Нүүрээ дарсан чинь чихэр л байна даа гэдэг шиг.

 

 

Эмч бидний чанартай үйлчилгээ бол мэдээж чухлын чухал. Олон эмнэлэг байгаагийн хэрэг юу билээ эмч эрүүл ахуйч нар маань хүндээ зөвлөгөөгөө сайн өгөөд байнга хянаад энэ хугацаанд цооролгүй ирвэл урьдчилан сэргийлэх үйлчилгээндээ хямдралтай эсвэл гэр бүлийнх нь хүний шүдийг хямдруулж үздэг байвал бас нэг мотиваци болох болов уу. Үүнийг  эмнэлэг дээрээ хэрэгжүүлнэ гэж бодож байна. 10-н жилийн хүүхдүүдийн хувьд хичээлийнх нь дундуур нь тодорхой шүдээ угаадаг жаахан цаг төлөвлөж гаргаж өгдөг бол.. гэж боддог. Хүүхдүүд уудаг усныхаа саванд  жаахан ус хийгээд шүдээ угаагаад сурчвал шүдээ ч угаана, усаа  ч хэмнэнэ, бохир гараараа амандаа ус балгах шаардлагагүй. Энэ магадгүй бүтэхгүй зүйл гэж бодож болох ч ” Эрүүл хүүхэд Эрүүл шүд хөтөлбөр” гэж ийм их зардлыг байнга гаргаж чадахгүйгээс хойш хийж болгоё гэвэл хичээлийн эрүүл мэндийн хөтөлбөрт нь оруулаад өгмөөр санагдаж байна.

Аль нэг сургууль дээр туршилтийн журмаар хийж үзвэл гэж 2 уулаа мөрөөдвөл яаж байна?  

 

 

Шүдний эмнэлэг олширч байгаад шүүмжлэлтэй хандаж байна уу? 

Би энэ асуулт дээр нэг бөөрөнхийдүү л хариулт өгөх байх. Өөрөө хувийн эмнэлэг ажиллуулж байгаа хүний хувьд бусдыгаа болохгүй гэж болохгүй болов уу. Харин санаа зовж байгаа, өөрөө ч тэвдэж сандардаг зүйлийн нэг бол хүмүүсийн ерөнхий ЭРҮҮЛ МЭНД СУЛ БОЛСОН ОДОО ЦАГТ артерийн даралт ихсэх, багасах, зүрх дэлсэх айх сандрах гэх мэт эрсдэл нэмэгдсэн нь эмнэлэг нээсэн залуу эмч нарт хүндрэлтэй зүйлийн нэг байх болохоор. Энэ тал дээр яаралтай тусламжийн багаж хэрэгсэл, мэдлэгээ сайжруулж бэлтгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. 

Шаардлага хангасан эмнэлэг нээж ажиллуулах нь хууль журмынхаа дагуу явах зүйл байх. Гэхдээ эмнэлэг дотор минь л эмнэлэг нээчихгүй бол шүү дээ./инээв/ Харин халдвар хамгааллаа л сайн бариарай. 

 

 

 

Шүдний эмчийн бусад салбарын эмч нараас ялгарах онцлог юу вэ?

Илүү эрсдэлтэй нөхцөлд минут секунд тутам ажилладаг. Ялангуяа амьсгалын замаар халдварладаг өвчнүүд тэр дундаа энэ СОVID-19 ийн үед бид маск зүүгээгүй үйлчлүүлэгчтэй байнга харилцаж байгаагаас тодорхой юм. Гар, хөл, нүд, ам, чих гээд олон туслахын хүчээр ажил явна. Нэг нэртэй олон ижил шүд гэдэг эрхтэнд үйлчлэх болдог. Инээмсэглэл гэж амархан мөртлөө хэцүү зүйлийн хувь заяаг бараг л шийддэг. Үйлчлүүлэгч нартайгаа ойр ойрхон болзох болдог.

Заримдаа эмч гэж хэлүүлэхээсээ эмээдэг. Яагаад гэвэл эмч гэдэг маш том ойлголт.  Гэтэл бид бусад салбараасаа нэлээн хөндийрсөн байдаг нь үнэн. Харин хүмүүс сандарсан үедээ Энд эмч байна уу гэдэг...

 

 

Шүдний эмч болж буй залууст хандан юу гэж хэлэх вэ?

Архи тамхи гэх мэт зуршлаа хаявал зүгээр. Хэрэв чиний хийсэн ажлаас чинь болж асуудал гарч үйлчлүүлэгч сэтгэл дундуур гарвал тэр чигт нь битгий орхиорой. Заавал эргэн холбогдож ярилцаарай.
Зөвхөн шүд биш лаборатори, эм,  яаралтай тусламжийн мэдлэгээ сайжруулаарай. Ажилдаа ирээд чамд цагийн хүн байхгүй бол сувилагч хийх, бусад эмч нарын алдаа онооноос суралцах хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээтэй байж, өөрсдийгөө үзлэгийн үед халдвараас маш сайн хамгаалаарай. Ажлын онцлогоос болж давхар эрүү, үрчгэр зовхи, муруй хүзүүтэй, биетэй болохгүйн тулд гоо сайхан эрүүл мэнддээ анхаараарай. Зөв хараарай. Цэх суугаарай. UNIQUE DENTIST болохын тулд, Юу байдгаараа хохирч болохгүй шүү.
Эцэст нь хэлэхэд бид шүдийг биш хүнийг үзэж байгаа юм байна лээ шүү залуусаа!

 

 

Дараа дараагийн ярилцлагад хэнийг санал болгох вэ?

Дараагийн ярилцлагад Дижитал Дентал шүдний эмнэлгийн захирал, ерөнхий эмч Ж. Билгээ эмчийгээ санал болгож байна. Салбар дотроо хамгийн их мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг, шилдэг эмч нарын нэг болохоор бидэнд хэрэг болох зүйлсийг их хэлэх байхаа. 

Мөн ярилцлагад урьж оруулсан Шүд.мн-ий хамт олонд талархсанаа илэрхийлье. Үнэндээ амар мэргэжил биш ч 20 жил ажиллажээ. Энэ хооронд манай  эмнэлгээр үйлчлүүлсэн эрхэм хүндэт үйлчлүүлэгч нартаа маш том баярлалаа гэдгийг дамжуулан хэлье. Ийм сайн сайхан мэргэжлийг эзэмшүүлж, зааж сургаж, хамт суралцаж байсан хайртай аав ээж, эрдэмтэн багш, ангийн хамт олондоо баярлалаа.Та бүхний ажил үйлс өөдрөг алсын зам тань үргэлж гэрэлтэй дардан  байхын ерөөл өргөе. 

Үүнээс гадна манай эмнэлгийн хамт олноос бидний төлөө COVID-19 өвчинтэй цаг наргүй тэмцэж байгаа эмнэлгийн ажилтнууддаа бага ч гэсэн нэмэр болоё гээд 500мянган төгрөгийн хандив өргөлөө. Та бүхэн ч бас өөрсдийгөө сайн хамгаалаарай. Тулалдаан дуусах болоогүй л юм шиг байна. Дахин баярлалаа.

Бусад мэдээ

АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо
АШУҮИС-ийн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм батлагдсантай холбоотойгоор Эмнэлгийн удирдлагын багийн анхдугаар хурал боллоо. Хуралд АШУҮИС-ийн Захирал Н.Хүрэлбаатар, Эмнэлэг хариуцсан дэд захирал Л.Баттөр, Их сургуулийн эмнэлгийн хөгжлийн газрын дарга Ц.Сарнай, бүрэлдэхүүн сургуулийн болон эмнэлгийн захирлууд оролцлоо. 
2021-02-25 21:31
Монголын Эрүү нүүрний мэс засалчдын баг анх удаа багаараа Монгол Улсын Төрийн соёрхол хүртлээ
ЭХЭМҮТ-ийн ЭНМЗ-ын тасгийн эрхлэгч ЭМЯ-ны НАС-ын салбар зөвлөлийн гишүүн, МЭНМЗН-ийн дэд ерөнхийлөгч Г.Аянга ахлагчтай баг “УТТС-ийн оношлогоо, эмчилгээ”-ний техник агачлал, бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхолт хүртлээ. Энэ бол Монголын ЭНМЗ-аас анх удаа багаараа авч буй шагнал юм. Салбарын хамт олноо манлайлан Монгол улсад нүүр амны эмч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 60 жилийн ойн босгон дээр Төрийн шагнал хүртсэн Г.Аянга ахлагчтай багийнхандаа ажлын амжилт, эрч хүч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2021-02-08 10:55
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
2021-01-25 14:39