Миний ажлын арга барил: Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч Денис Скуратов "Ямар ч ажил хийсэн бай гүйцэд, дуустал нь хий"

 

2020 оны эхний дугаараар бид Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч С. Денис-ийг урилаа. Тэрбээр хэдий нүүр амны эмч мэргэжилээр төгссөн ч толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нарийн мэргэшиж, одоогоор Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн гишүүн төдийгүй Монгол улсдаа энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэрийг оруулж байгаа нэгэн билээ.

 


Өөрийн ажил амьдралын түүхээс хуваалцаач?

2000 онд орос 14-р сургуулийг төгсөж, ЭМШУИС-ийн НАС-ын сургуульд оюутан болж орсон. Тэгээд 2-р курсээс нүүр ам судлалын нарийн мэргэжилийн хичээлүүд орж эхлэх үед тухайн жилийн эхний хичээл буюу нүүр амны мэс заслын хичээлийг Л. Хэнтий багш орсон. Тухайн багш хагалгаанд орчихсон байсан тул бид нар нилээн удаан хүлээж суусан. Тэгээд хагалгаа дуусаад, багш орж ирээд хичээл заах үед гоё харагдсан. Яг л мэс заслын эмч ийм л байдаг юм байна гэсэн бодол төрсөн. Тэр үеэс л мэс заслын эмч болох хүсэл төрсөн.

Тэрний дараагаар 3-р курсийн өвлийн амралтаар шинэ юм сурч, мэднэ гэсэн зорилгоор Н. Оюун багштай танилцаж эмнэлэг дээр нь дадлага хийх зөвшөөрөл авсан. Тэгээд сургуулиа төгстөл амралтуудаар очиж дадлага хийсэн. Багш маань бас их тусалж, дэмждэг. Шинэ юм унших даалгавар их өгдөг байлаа.
2005 онд ЭМШУИС-ийн НАС-ын сургуулийг нүүр амны их эмч мэргжилээр төгсөж мэргэжил дээшлүүлэх институтэд нүүр амны мэс заслын резидентийн шалгалт өгж тэнцсэн. Мөн Оюун багшийн хажууд сурч, ажиллах хүсэлтэй байсан тул дахин шалгалт өгөөд тэнцэж 2005 оноос 2007 оны хооронд резидентэд суралцсан. 7 хоногийн 6 өдөр ажилладаг. Өглөө бүр боолт хийнэ. Дараагаар нь шууд хагалгаанд багшид assistance буюу туслах хийж орно, хагалгаа дуусаад бүх зүйлсийг өөрсдөө цэвэрлэж, угаадаг. Орой 9 цагаас бууж хариад даалгавруудаа хийнэ. Шөнө л юм унших цаг гарна. 7 хоног болгоны сүүлээр асуугдана. Тухайн үед 4 резидент л байсан. Өдөр 1 цагаас орой 6 цаг хүртэл асуухаар хүн тус бүртэй маш сайн тулж ярилцдаг байсан. Асуугдаад, юм уншаагүй байвал дараагийн 7 хоногт хагалгаанд орохгүй ном уншаад л байдаг байсан. Энэ мөчүүдэд жинхэнэ мэс засал гэж юу вэ гэдгийг ойлгож дуралсан. 

Резидентээ төгсөөд 2007 оны 5 сард Хавдар судлалын үндэсний төвийн толгой хүзүүний мэс заслын тасагт эмчээр орсон. Тэр үед нөхөн сэргээх мэс засалч эмчийн орон тоон дээр надад тушаал гарсан. Яагаад гэвэл Оюун багш дээр суралцахдаа эрүү нүүрний бас нөхөн сэргээх мэс заслын эмчийн резидентур төгссөн. Дөнгөж төгссөн эмч байсан ч хамт олон маань намайг маш сайхан угтаж авсан. Тэр үед намайг дэмжиж, сайн эмч болоход түшиж, тулсан хамт олондоо үргэлж талархдаг. 
Оюун багш дээр суралцаж байхдаа нөхөн сэргээх чиглэлээр А үсэг буюу суурийг нь сурч ойлгосон байсан. ХСҮТ-д эмч болсны дараагаар тасгийн эрхлэгч Г. Пүрэвдорж багш надад чи нөхөн сэргээх мэс заслыг хийж болно гэхдээ эхлээд дефект яаж үүсч бий болж байгаа анатоми, физиологийг сайн ойлгох хэрэгтэй гээд намайг бүх хагалгаанд дагуулж ордог байсан. Жижиг мэнгэ авсан ч, хоншоор тайрах хагалгаа байсан ч бүгдэд нь дагаж орсон. Тэгээд 2009 онд надад Солонгосын Сөүлийн их сургуулийн мэс заслын тасагт дадлага хийх завшаан гарч, тийшээ явсан. Тэнд очихдоо чөлөөт далбан шилжүүлэн суулгах, микро мэс засал, микро судсыг хэрхэн залгаж байгааг харж мэдлэгээ улам гүнзгийрүүлсэн. Монголд энийг л хийх юмсан гэсэн зорилго өөртөө тавьсан. Сая хэлсэнчлэн хоншоор тайрах мэс ажилбарын үед өөр газраас арьс, арьсны доорх өөхлөг эд, булчин шаардлагатай тохиолдолд ястай хамт авж шилжүүлэн суулгадаг. Мэдээж нийлмэл эд байгаа болохоор өөрийн гэсэн цусан хангамжийг бий болгохын тулд артер, венийн судсыг хүзүүний судастай залгадаг. Үүний тулд маш нарийн багаж хэрэгтэй. Нэгдүгээрт хагалгааны микроскоп, хоёрдугаарт судсыг залгадаг багаж, гуравдугаарт жижиг оёдлын утас, зүү байх хэрэгтэй. Хавдарт тэр багаж тоног төхөөрөмж хэрэгтэй байсан. 
2010 онд Төгс ялгуун эмнэлгийн захирал Ц. Гантөмөр эмч уулзаж ярилцаад ийм зүйл хийх бодолтой байгаагаа хэлтэл чи энэ микроскопыг аваад дасгал хий гээд оптик нь маш сайн хагалгааны микроскоп болон микро мэс заслын багажын хамт анх өгч байсан. Тэгээд орой болгон бээлий зүсээд, оёдол тавих дасгал хийж эхэлсэн. Эхлээд учраа олохгүй хийж байгаа зүйл маань хоёр, гурав болж харагддаг байсан. Дотор муухай оргих, бөөлжих хүртэл дасгал хийсэн шүү. Дасгал хийгээд сурч эхэлж байгааг анзаарсан Г.Пүрэвдорж багш намайг дэмжиж, хагалгаанд анх удаа микроскопоо ашиглаж шууны чөлөөт далбан шилжүүлэн  суулгах мэс ажилбар хийж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Нэг жилийн турш нөгөө микроскопоо ашиглан нилээн олон хагалгаа хийсэн. Тэгээд 2011 онд эдийн засаг сайжран, янз бүрийн төсөл хэрэгжиж орчин үеийн сайн микроскопыг, мэс заслын сэтийн хамт авч өгсөн. Тэгэж нөхөн сэргээх мэс засал утгаараа явагдаж, толгой хүзүүний хавдар авсны дараах бүх төрлийн согогийг эмчилж эхэлсэн. Энэ урт замд манай тасгийн эмч, сувилагч, туслах нар маш их тус болсон. 

2012 онд Б. Батцэнгэл, 2014 онд Б. Ган-Эрдэнэ гэх шинэ эмч нар орж манай баг гишүүдын тоо нэмэгдсэн. 2013 онд Тайваны анагаахын их сургуулийн эмнэлэг рүү явах завшаан тохиож багаараа очиж яг нөхөн сэргээх мэс заслын тасагт нэг сар олон юм хараад, сураад ирсэн. Мөн 2015 онд Швейцар улсад, 2019 онд тайван улсын Чан Ганг, Тайландын Махидолын Их сургуулийн эмнэлэг гээд нөхөн сэргээх чиглэлээр ажиглалт хийх боломж гарж бүгдээрээ яваад ирсэн. 2011 оноос хойш гадаадын эмч нартай, сантай хамтарч ажиллаж байна. Жил болгоны 5 сард Израиль-аас, 9 сард Канад-аас эмч нар ирдэг. Тэр болгонд ажлын байранд тасралтгүй сургалт явагддаг. 

2014 оноос бид цээжний нөхөн сэргээх мэс засал руу орж эхэлсэн. Яагаад гэвэл цээжний хөндийн буюу улаан хоолой, бронхын, хөхний хорт хавдрыг авсны дараагаар тэр хэсэгт маш том согог үүсч, нөхөн сэргээх шаардлагатай болдог. 2019 оноос ХСҮТ-д нөхөн сэргээх мэс заслын алба гэж бий болсон. Одоо бид зөвхөн толгой хүзүүний мэс заслаар хязгаарлагдалгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Гэхдээ энэ бүх хугацаанд үргэлж багаараа л байсан. Тэр олон цаг үргэлжилж буй хагалгаанд оролцож буй унтуулгын баг, хагалгаанаас гарч ирсэний дараах байдлыг хянадаг эрчимтийн эмч нар, 10 цагийн турш борив бохис хийлгүй ажилладаг хагалгааны болон тасгийн сувилагч нар, чадварлаг баг хамт олондоо үргэлж талархаж баярлаж явдаг. Мөн нөхөн сэргээх ажлыг бид нутагшуулаад хийгээд явж байгаа ч, миний бахархал бол манай өмнөх үеийн эмч нар, Н. Оюун багш, Ц. Гантөмөр эмч, Г. Пүрэвдорж эмч, Л. Хэнтий багш. Тэд байгаагүй бол бид ийм зүйл хийх боломжтой гэдгийг мэдэх ч үгүй яваа. Бидний энэ хөгжил дэвшилд маш сайн суурь болсон.

Таны ажлын арга барил юу вэ? 

Аав ээжийн минь хэлдэг “чи жолооч, сан техникч, эмч, цэвэрлэгч гээд ямар ч ажил хийсэн урд байгаа зүйлээ л гүйцэд, дуустал нь хий” гэх үг ой тоонд минь хоногшиж үлдсэн. Тэр утгаараа одоо ч аливаа зүйлийг хийхдээ дуустал нь өөрөө хийхгүй л бол санаа амардаггүй.

Хамгийн их хэрэглэх дуртай багаж юу вэ?

Үс шиг нарийхан 8.0, 9.0-той утсыг барьдаг микро мэс заслын багаж. Манай тасгийн аль ч эмчээс асуусан тэгэж хариулах байх. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын микро багаж, толгой хүзүүний өдөр тутам хэрэглэгддэг багаж, мөн яаралтай тохиолдолд хэрэглэгддэг багаж гэсэн 3 комтой. Ерөнхий мэс заслын эмч нар хараад маникюрийн багаж юм уу гэдэг. Гэхдээ тэр багаж бидний үнэхээр их хайрладаг, үнэ цэнэтэй зүйл маань. Хагалгааны дараа сувилагч нар угаагаад ариутгалд өгөх ёстой байдаг ч өөрсдөө угааж, ариутгадаг. Угаахдаа хүртэл зөөлөн ханддаг, ширүүн угаачвал хайч мохно, пинцепт зөрнө, юун унагаах тэр бол хэзээ ч байж болохгүй зүйл.

Таны ажлын өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

Бүх зүйл тогтсон цагтай, яг төлөвлөгөөний дагуу өнгөрдөг. Өглөө ирж өчигдөр хагалгаанд орсон хүмүүсээ үзээд, шаардлагатай тохиолдолд боолтын сувилагчтай хамт шарх ямар байгааг харна. Тэгээд хагалгаанд орно. Хавдар тайрах хагалгаа бусад төрлийн хагалгаанаас нэг зүйлээрээ онцлог. Хагалгааны хүрээ өргөн учир нэг хүнд удаан хугацаагаар хийгддэг. Жишээ нь: эхэлж хүзүү өвчих хагалгаа хийгээд, анхдагч хавдрыг авж, үүссэн дефектэд нөхөн сэргээх мэс ажилбар хийнэ, мөн зарим үед амьсгалын замыг чөлөөлөх зорилгоор түр зуурын трахистомын гуурс тавьдаг. Дөрвөн хагалгаа зэрэг нэг хүн дээр зэрэг хийгддэг. 

Хагалгаанаас гарч ирээд хагалгааны явц, эмчилгээг бичнэ. Эмчлүүлж буй хүний хагалгааны дараах байдлыг хянана. Дараагийн өдрүүдэд хагалгаанд орох хүмүүсээ үзэж өвчтөний түүх нээнэ, тэгээд ажлаас бууна. Ажлын өдрүүдээс гадна амралтын өдрүүдэд эмч нар өөрсдөө боолт хийдэг. Хэн ч чи ирээд хий гэж хэлдэггүй, бидний хувьд уламжлал болсон зүйл. Мөн баасан гарагт эмч нарын зөвлөгөөн хийдэг. Хорт хавдараар оношлогдсон эсвэл сэжиглэж байгаа мэс ажилбарт орох бүх хүмүүсийг цуглуулаад хагалгааны төлөвлөгөө гаргадаг. Тэрнээс гадна эмч нар яаралтай дуудагдах тохиолдолд бэлэн байх зорилгоор ээлжил утсаа сонсож байдаг. Өмнө хэлсэнчлэн толгой хүзүүний тасаг гэхээр зөвхөн эрүү нүүрний мэс заслаар хязгаарлагдахгүй. Төвөнхийн хавдрын үед тухайн хүн гэнэт бачуурдаг тул хүлээж авсан эмч яаралтай хагалгаа гээд эмчийг дууддаг. Мөн хавдар оношлогдож, эмчилгээ хийлгэсэн ч дахисан үед эсвэл эхнээс нь үзүүлээгүй удсан хавдарын үед зарим тохиолдолд цус алддаг, энэ тохиолдолд цус тогтоох зорилгоор эмч нар яаралтай дуудагддаг. Бүх салбарын мэс заслын эмч нарын ажил, амьдралын хэв маяг ер нь адилхан байдаг.

Мэс заслын эмчээр ажиллахын сайхан тал нь юу вэ?

Хавдар тайрах мэс ажилбарын үед хоншоорын яс, эд тэр чигтээ авагдах тохиолдол байна. Нөхөн сэргээх мэс ажилбар хийж тэр хэсгийг бүрэн битүүлдэг. Тэгээд хагалгааны дараа нөгөө хүний ярих, зажиллах, залгих үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг харахад үнэхээр их баярлаж, маш гоё мэдрэмж төрдөг. Гуурсаар биш амаараа хоол идээд, нүдэн дээр өнгө ороод, жин нэмээд байгааг харах сайхан шүү. Энэ л ажлын минь сайхан тал юм даа.

Таны авж байсан хамгийн сайн зөвлөгөө?

Намайг резидентэд сурч байхад Оюун багш “Урд байгаа юм аа л хий, номоо сайн унш” гэж хэлсэн. Суръя, мэдье гээд явж буй надад энэ үг их түлхэц болж, сайн эмч болоход нөлөөлсөн гэж боддог. Ер нь хүн аливаа хийж байгаа зүйлээ тултал нь сайн хийхэд үр дүн гардаг нь амьдрал дээр ч гэсэн харагддаг шүү дээ.

Сүүлийн үед уншиж буй ном, судалгааны өгүүлэл?

Резидентэд сурч байхад Н.Оюун багш Textbook гээд анатоми, гистологи, физиологи гэх мэт суурь зүйлсийг их уншуулдаг байсан. Тэр утгаараа одоо ч гэсэн судалгааны өгүүлэл маш их уншдаг.

Уран зохиолын ном ерөөсөө уншдаггүй. Хөл бөмбөгийн фанат гэдэг бид энэ мэргэжилийнхээ фэнүүд учраас дандаа мэрэгжилтэйгээ холбоотой номнууд уншдаг. “Raising of microvascular flaps” гэх энэ ном бол миний ширээний ном.

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж юунаас стрессээ тайлдаг вэ?

Ажилдаа дуртай учир тэр болгон стрессдэггүй ч өндөр ачаалалтай үед их бага хэмжээгээр стрессдэлгүй яахав. Гэхдээ гэртээ хариад гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, хамт байхад өөрийн эрхгүй стресс тайлагддаг. Хүүхдүүдийнхээ хичээлд туслаж, хамт тоглон, амралтын өдрүүдээр гэр бүлээрээ агаарт гарах үед стресс гэдэг зүйл ор мөргүй алга болж өөрийгөө бүрэн цэнэглэж чаддаг.

Хамгийн олон тохиолдож буй толгой, хүзүүний хавдар юу вэ? Ямар шалтгаанаас болж байна вэ?

Манай улсын статистик бусад улс орнуудтай адил амны хөндийн хортой хавдарууд нь хамгийн элбэг тохиолддог. Эдгээрт гүйлсэн булчирхайн, буйлны, уруулын, хэлний хортой хавдрууд ордог. Хортой хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл олон байдаг. Жишээлбэл: тамхи, архины хэтрүүлсэн хэрэглээ, таарамж муутай хиймэл шүдэлбэр, аманд дотор буй хурц ирмэг бүхий цоорлын хөндийтэй шүд зэрэг шалтгаанаас болдог. Сүүлийн үед Вирусийн гаралтай буюу Human pappiloma virus-ийн халдвар авсны улмаас хавдар үүсч байж гэсэн судалгаанууд гарч байна.

Өндөр хөгжилтэй орнуудад залуучуудын архи тамхины хэрэглээ багассан ч амны хөндийн хавдар буурахгүй байгаа. Тэгээд судалгаа хийж үзтэл HPV илэрсэн байдаг. Нөгөө талаас энэ вирус нь эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын шалтгаан болдог бөгөөд тэр нь батлагдсан зүйл. Гэтэл эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар болон гүйлсэн булчирхайн хавдраас яг адилхан зүйлийн вирус илрээд байгаа юм. Тэгэхээр энэ нь бэлгийн замын халдварт өвчинтэй холбоотой байж болох юм гэсэн таамаг гараад байгаа.

Одоо юун дээр тулж ажиллаж байна вэ?

Монголд одоогоор нөхөн сэргээх мэс заслын тэнхим гэж байхгүй боловч 2016 оноос Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэг гэж бий болж идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. 2019 оны 9 сард III дахь нөхөн сэргээх мэс засал чиглэлийн олон улсын хурал зохион байгуулсан. Нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц. Гантөмөр эмч, нарийн бичиг Г. Билгүтэй, нийгэмлэгийн хамт олон болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан том хурал болж өнгөрлөө. Нэгдүгээрт олон улсын хэмжээнд болж гадаадын олон эмч төлөөлөгч нар ирсэн. Хоёрдугаарт монгол эмч нар өөрсдөө илтгэлээ англиар тавьсан. Тэгээд цаашдын хурлууд дээр илтгэлээ дандаа англиар тавина гэсэн жишиг тогтоосон. Манай нийгэмлэг одоогийн байдлаар нөхөн сэргээх мэс заслын тэнхимийг бий болгох, хөтөлбөртэй, дипломтой болгох тал дээр тулж ажиллаж байна. Нөхөн сэргээх мэс заслын резидентийн хөтөлбөр бичээд энэ тал дээр хөгжлийн төв, ЭМЯ-тай ярилцаж байгаа. Тэр дотроос манай баг хамт олон нөхөн сэргээх мэс заслын удирдамж бичиж байгаа. Монголд шинэ салбар учраас үүнд тохирсон бичиг баримт, хууль эрх зүйн орчин зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж байна.

Шүдний эмч болж буй залуу мэргэжилтнүүдэд хандаж өгөх зөвлөгөө?

Хийх зүйл маш их байна. Сонирхолтой салбарууд зөндөө байна. Манай эрүүл мэндийн салбар хөгжиж байгаа учраас олон улсын түвшинд хийх, хүргэх маш олон ажлууд байна. Ямар ч ажлыг авсан тэр салбарт хийх зүйл зөндөө байгаа. Жишээлбэл бид энд 3D-ийн талаар яриад, хэрэгжүүлэх гээд оролдож байхад гадны улс орнууд 4D-ийн тухай ярьж байна. Мөн аливаа хийж байгаа зүйлдээ мэргэжлийн фен болох хэрэгтэй. Тэр зүйлээрээ өвчлөвөл өөрийн ажил ч сонирхолтой болно. Эмч болж буйн утга учир бий болно.

Үргэлж хэлмээр санагддаг бас нэг зүйл байдаг эмч бүр өөрийн гэсэн чадвартай, потенциалтай байдаг. Тэр эмч хэзээ ч албаар энийг ингээд буруу хийе гэж эмчилгээ хийдэггүй. Тийм байхад бид үргэлж эмчийн алдаа гэж хэлж байна. Оронд нь эмчилгээний хүндрэл, ажилбарын эрсдэл үүссэнээс болж гэж ярьж заншсан нь зүгээр болов уу.

Дараагийн ярилцлагад манай буланд хэнийг санал болгох вэ?

Нүүр амны салбарт оруулсан хувь нэмэр өндөр. Мөн олон сайн эмч нарыг бэлдсэн, Perfect эмнэлгийн захирал Н. Оюун багшийг санал болгомоор байна. Ярих зүйл нь ч их сонрихолтой байх болов уу.
 

Бусад мэдээ

Миний ажлын арга барил: 86 настай ахмад шүдний эмч С. Цагаан "Насаараа сурлаа, Насаараа ажиллалаа"
Олон хүний хүсэлтийн дагуу булангийнхаа энэ удаагийн дугаарт 86 настай шүдний эмч С. Цагаан гуайг урилаа. Тэрбээр 2019 оны зургаан сард сүүлийн эмчилгээгээ хийсэн бөгөөд төрөл бүрийн сургалт, семинаруудад үргэлж хамрагдаж, шинийг ирэлхийлж, шинээр нээгдсэн эмчилгээ бүрийг харж уншиж явдаг мэргэжил нэгт нөхдүүд нь түүнийг андахгүй биз ээ.
2020-01-20 17:11
Миний ажлын арга барил: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга Б. Өнөрбилэг "Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ"
НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулаад явж буй олон эмч, багш, мэргэжилтнүүд бий. Энэ удаагийн дугаарт бид тэдгээрийн нэг болох Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-ийн орлогч дарга Б. Өнөрбилэгийг урилаа. Тэрээр ном их уншидгаараа алдартай бөгөөд орлогч дарга болсноосоо хойш удирдлагын баг, хамт олонтойгоо хамтран 27 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
2020-01-13 18:52
Миний ажлын арга барил: Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч Денис Скуратов "Ямар ч ажил хийсэн бай гүйцэд, дуустал нь хий"
2020 оны эхний дугаараар бид Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч С. Денис-ийг урилаа. Тэрбээр хэдий нүүр амны эмч мэргэжилээр төгссөн ч толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нарийн мэргэшиж, одоогоор Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн гишүүн төдийгүй Монгол улсдаа энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэрийг оруулж байгаа нэгэн билээ.
2020-01-06 19:11